LOADING

Type to search

Uncategorized

Сайн, муу, аюултай тосны тухай

Share

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтийг транс өөх, тосноос татгалзах уриалгыг 2009 онд гаргасан байдаг ч одоог хүртэл тус уриалга хэрэгжихгүй байгаа билээ. Тиймээс үүнтэй холбогдуулан өнгөрөгч долоо хоногт манай улсын эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тус өөх тосны талаарх уриалгыг дахин олон нийтэд мэдээлж, татгалзахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан сайн, муу, аюултай өөх тосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Өөх тос хүний биед ямар хэрэгтэй вэ?

•Бие махбодыг илчлэгээр хангана

•Биед илүүдсэн илчлэгийг өөх хэлбэрээр нөөцөлнө

•Хэрэгцээтэй тосны хүчлээр хангана

•Арьс үсний эрүүл байдлыг тэнцвэржүүлнэ

•А, Д, Е, К амин дэмийг биед шингээх, зөөвөрлөхөд тусална

•Хоолны амт сайжруулна

•Өлсөх мэдрэмжийг удаашруулна

 

Тэгвэл эрүүл мэндэд тустай өөх тос гэж чухам ямар өөх тос болохыг тодорхойлж үзье.

Өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж гурав ангилдаг.

Сайн тосыг хамгийн энгийнээр тайлбарлавал тасалгааны хэмд шингэн төлөвтэй байдаг ургамлын гаралтай бүх төрлийн тос гэж ойлгож болно. Үүнийг өөрөөр ханаагүй тос гэж нэрлэдэг. Ургамлын тосонд хүний биед зайлшгүй хэрэгцээтэй эрүүл мэндэд чухал нөлөөтэй линолын болон линолейны хүчил байх бөгөөд энэ тосгүйгээр хүн амьдрах боломжгүй юм. Үүнийг байнга хоол хүнсэндээ хэрэглэх нь таныг эрүүл байлгаж, урт наслахад чухал үүргийг гүйцэтгэдэг.

Муу тос нь тасалгааны хэмд хатуу төлөвтэй байдаг бүх төрлийн амьтны гаралтай өөх тос орно. Үүнийг ханасан тос гэж нэрлэдэг. Үхэр, хонь зэрэг улаан махтай амьтад болон гамбургер, зайдас, бяслаг, цөцгий, масло зэрэг нь нэлээд өндөр ханасан өөх тос агуулдаг. Мөн сүүнээс гаргаж авсан өрөм, шар тос, зөөхий зэрэг багтана. Цаашилбал төрөл бүрийн түргэн хоол, бүхий л цаг хэмнэсэн хоол хүнсний ихэнх нь ханасан өөх тос агуулдаг.  Энэ төрлийн өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Аюултай тос нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тосыг хэлэх ба үүнийг транс өөх тос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл транс өөх тос гэдэг нь тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмснээр ханасан буюу илүү хатуу хэлбэрт оруулсан тос гэсэн үг. Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учраас бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй.

 

Муу болон аюултай тос нь хүний биед ямар ч хэрэгцээгүй боловч амьдрал дээр маш ихээр хэрэглэгдэж байна. Тиймээс ханасан болон транс тосны хэрэглээг аль болох багасгах шаардлагатай. Эдгээр нь эрүүл мэндэд цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг ихэсгэж, судасны хатуурлаас сэргийлдэг бодисын хэмжээг бууруулдаг. Энэ нь зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.

Харин ханаагүй тос нь эрүүл мэндэд тустай бөгөөд дээрх муу тосны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ханаагүй тос нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, эрүүл мэндэд тустай судасны хатуурлаас сэргийлдэг бодисын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй, артерын судсыг цэвэрлэж, ямар нэг эрсдлээс сэргийлж байдаг. Тэгвэл эрүүл мэндэд сайн нөлөөтэй тосонд холестерингүй, нэг ханаагүй тос, олон ханаагүй тос, омега-3 тосны хүчил, альфа-линолейны хүчил мөн ургамлын гаралтай тоснууд орно.

 

Бид хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй хасах ёстой гэж зааж байсныг олонтаа сонссон. Гэвч тосонд өөрийн гэсэн ашигтай зүйл байдаг учраас бүх тосыг хасах нь тийм ч ухаалаг үйлдэл биш юм. Харин түүний оронд эхлээд бид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй өөх тосны хэрэглээг багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ханасан тос болон транс тосыг багасгаж эрүүл мэндэд тустай тосыг сонгох нь чухал гэсэн үг. Бүх тосыг хассанаараа та тосноос авч байдаг зарим нэг ач тустай зүйлийг ч бас хасаж байна гэсэн үг. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй.


 
-Тэгвэл яагаад эдгээр, эрүүл мэндэд муу нөлөөтэй өөх тосыг бид хэрэглээд л байдаг юм бол?

-Яагаад гэвэл ханасан өөх тос нь исэлдэж муудах нь бага байдаг. Тиймээс энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хадгалж болдог. Тэднийг жил сараар хадгалсан ч яах ч үгүй. Харин үүний оронд сайн тос хэрэглээд бүтээгдэхүүнийг жил хүртэл хугацаагаар хадгалчихвал хуршиж муудан зарж борлуулах боломжгүй болдог. Эндээс үзэхэд хоол хүнсний хадгалалт бидний эрүүл мэндийн төлөө биш, ашгийн төлөө байдаг.

 

Харамсалтай нь ханасан тос зүрх судасны өвчнийг үүсгэх маш өндөр магадлалыг харуулдаг боловч транс тосыг байнга хэрэглэх нь бүр илүү эрсдлийг дагуулдаг болохыг олон судалгаагаар тогтоожээ. Бидний ихэнх нь энэ талаар тийм ч сайн мэддэггүй, зарим нэгийг нь мэдээгээр эсвэл хаа нэгтээ сонссон байж болох юм. Харин энэ бол эрүүл мэндэд үнэхээр сөрөг нөлөөтэй бөгөөд бидний бодож байснаас илүү болохыг мэдэх хэрэгтэй.

-Транс тосоор баялаг хоол хүнс хаана байдаг вэ?

-Төрөл бүрийн түргэн хоол, тосонд чанаж болгосон хоол зэрэг нь их хэмжээний транс тос агуулдаг. Жигнэмэг болон гоё цаастай, аманд ормогцоо хайлдаг пичень үүнд багтана. Учир нь жигнэмгийг хийх явцад нягтаршсан өөх тос /маргарин/ ихээр хэрэглэдэг ингэснээр хадгалалтын хугацаа урт болдог.

Дэлгүүр гуанзанд зарагддаг чанаж боловсруулан, ууталж багласан хоол хүнсний бэлэн бүтээгдэхүүнүүд нь мөн хадгалалтын хугацааг уртасгахын тулд чанаж болгохдоо ихэвчлэн транс тос хэрэглэдэг. Хэрэв та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн транс тос агуулсан эсэхийг мэдэхийг хүсвэл хайрцаг, сав баглаан дээрх шошгыг харах хэрэгтэй. Дээр нь хагас устөрөгчжүүлсэн /trans fat эсвэл hydrogenic/ гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцэгийн, шар буурцагийн гэх мэт ургамлын тосыг үйлдвэрийн аргаар нягтартал ихтэй хатуу болгож тус бүтээгдэхүүнд хэрэглэсэн байна гэсэн үг.

 

-Тэгвэл хүний эрүүл мэндэд хэрэгтэй ханаагүй тосыг хаанаас, ямар төрлийн хоол хүнснээс олж болох вэ?

-Өвчлөх эрсдлийг бууруулхын тулд өдөрт 3-4 грамм сайн тосыг бид авах хэрэгтэй юм. Төрөл бүрийн самараас /хушга, бүйлс, газрын самар гэх мэт/ өдөрт 1 атгыг хэрэглэхэд мөн канолын болон, шар буурцаг, оливын тосноос өдөрт амны нэг халбагыг хэрэглэхэд л тэрхүү өөрт хэрэгтэй тосыг авч чадна. Мөн эдгээр тосыг агуулсан бүтээгдэхүүн нь сайн тосны эх сурвалж юм.


 
-Тэгвэл танд хэр их хэмжээний өөх тос хэрэгтэй вэ?

-Хэрэглэж байгаа нийт өөх тосны хэмжээ нь авч байгаа нийт илчлэгийн 20 хувиас илүүгүй байх ёстой. Гэвч Монголчуудын хувьд 40 хувь болон түүнээс дээш байдаг ба дийлэнхийг нь муу тосноос авдаг.

Хэрэв та өдөрт 2000 ккал буюу дундаж илчлэгтэй хоол хэрэглэдэг гэж үзвэл, үүний 20 хувь буюу 400 ккал-ийг тосноос авна гэж үзвэл:

•1 грамм өөх тосны илчлэг 9 бол 400-г 9-д хуваагаад 44 г тос хэрэглэнэ гэсэн үг.

•1 ширхэг чанасан өндөг – 9 г

•Шарсан өндөг – 12 г

•1 цайны халбага ургамлын тос – 5г

•1 ц.халбага майонез – 7 г

•10 ш газрын самар – 5 г

•1 ш хуушуур – 15 г

•1 порц цуйванд – 10 г

•1 ц.халбага масло – 5 г

•1 аяга сүү – 6 г

•1 зүсэм бялуу – 17 г

Жагсаалтаас харахад бид 3 ширхэг хуушуур идэхэд л 45 г тос,  2 зүсэм бялуу идэхэд л 34 г тос, 4 ш маслотай талх идэхэд л 20 г тосыг авдаг байх нь. Үүнээс гадна хоолоо хийхдээ ногоогоо тосонд хуурдаг, өөхтэй мах хэрэглэдэг гээд бидний нүдэнд харагдахгүйгээр маш их хэмжээний тосыг бид өдөр тутамдаа авч байна.

Гол нь бид өөх тосны төрлөөс сайныг сонгож, хэмжээг хэтрүүлэлгүй, зөв зохистой хэрэглэх юм бол урт удаан, эрүүл чийрэг амьдрах болно.

Эх сурвалж: mnb.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!