LOADING

Type to search

Uncategorized

Бөөр “ИДЭГЧ”

Share

“Бөөр зарна”, “Донор болно” гэсэн зар цахим ертөнцөөр цөөнгүй үзэгдэх боллоо. Энэхүү зарын цаана бөөр хэмээх эрхтний эрэлт ямар байгаа нь харагдах биз.

Манай улсад хамгийн өргөн тархалттай таван өвчний гуравдугаарт бөөрний эмгэг бичигдэж байна. Бөөрний эмгэг нь хүндрэхээр шууд дутагдалд оруулдаг хэцүү өвчин. 

Судалгаанаас харахад жилд 150 хүн бөөрний дутагдалд орж, гемодиализын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна. Ялангуяа хөдөөгийн залуусын дунд бөөрний эмгэг өндөр тархалттай байгааг тогтоожээ. 

Тэрчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 64 хувь нь бөөрний сувганцрын үрэвсэлтэй гэсэн оноштой байдгийг статистикаас харж болно. Монголд бөөрний эмгэг ийн хавгайрч, дутагдалд орж буй шалтгаан юу вэ? Японы эмч нар үүнийг судлаад амны хөндийн өвчлөлөөс үүдэлтэй хэмээн үзсэн байна.

Ялангуяа хөдөөгийн залуусын дунд бөөрний эмгэг өндөр тархалттай байгааг тогтоожээ. 

Тодорхой хэлбэл, хорхойтой араа бол бөөр идэгч хамгийн том дайсан юм. Багадаа шүд нь өвддөг байсан, хоолойны ангинатай хүмүүс бөөрний дутагдалд орох магадлал 90 хувьтай байдгийг дэлхий дахинд нотолчихоод байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэний 90 орчим хувь нь шүд цоорох эмгэгтэй гэсэн судалгаа ч гарчээ.

Манайхан нэгэн үе шүдний эмч хэрэггүй гэж үзэж байв. Сумын эмнэлгийг шүдний эмчийн орон тоогүй болгож байсны уршгаар амны хөндийн өвчлөл хяналтаас гарсан хэрэг. Одоо ч сумын эмнэлэгт шүдний эмчийн орон тоо байдаггүй. Шүд нь өвдөж арга ядсан хүмүүс багадаа зуун километр явж, аймгийн төвийн эмнэлэгт үзүүлнэ.

Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэг олон. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарт шүдний 250 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр эмнэлэг өдөр бүр цаг тутам өвчтөнөөр тасардаггүй аж. Шүд эрүү нүүрний төв эмнэлэг л гэхэд өдөрт 400-500 хүнд үйлчилдэг гэсэн статистик бий. Хувийн эмнэлгүүд ч ачаалалтай байна. “Богд ар” хороололд байрлах нэгэн хувийн эмнэлэг цаг авч үйлчлүүлэхийг санууллаа.

Урьдчилж цаг захиалахгүй бол эмч байнга үйлчлүүлэгчтэй байдаг хэмээн тайлбарласан. Тэгэхээр шүд, амны хөндийн өвчлөл манайд хэрхэн газар авсныг дээрх жишээ илтгэнэ. Иймд хүүхдүүдийг багаас нь шүд цоорох өвчнөөс хамгаалах шаардлага тулгарч байгаа биз. 

ШҮДНЭЭС БОЛЖ АМИА АЛДДАГ ТОХИОЛДОЛ ЗӨВХӨН МОНГОЛД БҮРТГЭГДДЭГ

Шүд эрүү нүүрний төвийн захирал Л.Хэнтийн хэлж буйгаар шүдний эмгэгээс болж жилд найман хүн амиа алддаг аж. Шүдний идээт үрэвслээс болж хүн нас бардаг тохиолдол ганцхан Монгол Улсад л бүртгэгддэг гээд бод доо.

Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц эмнэлэг, сургалт судалгааны бааз, Шүд эрүү нүүрний төв сүүлийн дөрвөн жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирлээ.

Багадаа шүд нь өвддөг байсан, хоолойны ангинатай хүмүүс бөөрний дутагдалд орох магадлал 90 хувьтай байдгийг дэлхий дахинд нотолчихоод байна.

Зай талбай багатайгаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг талаар Л.Хэнтий эмч учирласан. 21 аймгийн иргэдийг хүлээн авч, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг ганц эмнэлгийг өөрийн гэсэн байртай болгоход үе үеийн хотын удирдлагуудын сэтгэл дутжээ.

Хотын удирдлагуудад хэмээн тодотгосны учир нь тус төвийн байрлаж байсан хоёр давхар байр нийслэлийн өмчийнх байв. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд манай өмч хэмээн түрэмгийлж, газрыг нь дуудлага худалдаагаар оруулчихаж. Бүр дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр зарчихсан байх юм.

Ингээд Шүд эрүү нүүрний төвийнхөн гудамжинд хаягдаж, бусдын гэрт Хүний юм хүчгүй гэдгийг энэ эмнэлгийн эмч нар яс махандаа шингэтэл ухаарч явна. Сард 22 сая төгрөгийн түрээс төлөхөөс эхлээд дэлхий дахинд ашиглаж буй оношилгоо, эмчилгээний дэвшлийг нэвтрүүлэх бололцоогүй болжээ.

Уг нь тус эмнэлэг 21 аймгийн иргэдэд үйлчилдэг гэдэг утгаараа Эрүүл мэндийн яаманд хамаарах учиртай. Гэвч газрын асуудлаас болоод Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдэлд оччихож.

Харин хариуцах ёстой газар нь байртай болгоно гэж амлаад дөрвөн жилийг үджээ. Хэрэв газартай байсан бол өнгөрсөн дөрвөн жил түрээсийн төлбөрт өгсөн тэрбум гаруй төгрөгөөр байр барьчих байлаа гэж тус эмнэлгийн захирал хэлж байв.

Эх сурвалж. Засгийн газрын мэдээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!