LOADING

Type to search

Uncategorized

Д.Болормаа: Бөөрний дутагдлын үед амьтан, ургамлын гаралтай зүйл хэрэглэж огт болохгүй

Share

Бөөрний өвчний талаар П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Их эмч, анагаах ухааны магистр Д.Болормаатай ярилцлаа. 

-Бөөрний өвчлөл ихсэхийн зэрэгцээ залуужиж байна гэдэг. Энэ өвчний талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Бөөрний өвчний талаар ярихын тулд эхлээд бөөр гэж ямар эрхтэн юм бэ, яагаад өвчин үүсээд байдаг юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Юун түрүүнд бөөр нь цусны эзлэхүүн буюу эсийн гаднах шингэнийг зохицуулахад оролцдог. Мөн эсийн гаднах шингэнийг зохицуулж өгдөг. Эсийн гаднах шингэний зохицуулалт алдагдах юм бол хавагнах зовиур илрэх жишээтэй. 

Хоёрдугаарт, бөөр нь хүний биед байгаа эрдэс бодисуудын тэнцвэрт байдлыг зохицуулж өгч байдаг. Жишээ нь, кали, калци, фосфор хэд байх вэ гэдэг балансыг бөөр зохицуулдаг. Мөн хүчил, суурийн зохицуулагад оролцоно. Хүчил, суурь гэдэг нь хүний цус хүчиллэг тал руугаа байх нь уу, шүлтлэг тал руугаа байх уу гэдгийг мөн зохицуулдаг гэсэн үг. 

Бөөр өөрөөсөө судас агшааж, сулладаг даавруудыг ялгаруулдаг. Энэ дааврууд нь судасны хананы тонусыг зохицуулснаар артерийн даралтыг зохицуулдаг үүрэгтэй. 

Хамгийн зөв эмчилгээ бол шинжилгээ, оношилгоо хийлгээд эмчид хандах юм.

Мөн бөөр нь өөрөө глюкоз нөөцөлдөг. Энэ нөөцөлсөн глюкозоо шаардлагатай үед бие организмд ялгаруулаад хүнийг сахарын дутагдалд орохоос сэргийлдэг. Жишээ нь, юм идэхгүй удахаар өлсөөд, хүйтэн хөлс гарлаа гэдэг шүү дээ. Энэ үед биеийн байдал хүндэрвэл бөөр нөөцөнд байгаа сахараа ялгаруулж өгч байх үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. 

Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж өгч байгаа нь бөөрний хамгийн чухал үүрэг юм. Бидний ууж идэж байгаа хоол хүнсний хэрэгцээ, бодисын солилцооны дүнд үүссэн зүйл, хэрэглэж байгаа эм, тариа бүгд бөөрөөр ялгардаг. 

-Бөөрний өвчний үед ямар зовиур илэрдэг юм бэ? 

-Бөөрний өвчний хамгийн түгээмэл шинж бол ууц нуруугаар хөшиж өвдөх шинж тэмдэг юм. Шээсний гарц, хэмжээ, өнгө өөрчлөгдөн хавагнана, бие сульдаж ядарна, халуурах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. 

Бөөрний өвчний хүндрэл бөөрний дутагдлаар илэрдэг. Ингэж өвчин хүндэрсэн үед арай өөр зовиурууд илэрнэ. Жишээ нь, шөнө олон шээнэ, яваандаа хүндэрвэл шээсний гарц багасах зовиурууд илэрдэг. 

Мөн калци, фосфорын солилцоо алдагдсанаас арьс загатнах, хуурайших, дотор муухайрч, огиж бөөлжих шинж тэмдгүүд илрэх нь бий. Энэ нь уургийн бодисуудыг бөөр задалж, шимэгдүүлж чадалгүй цусанд алдсанаас бөөрний хордлого үүсч байна гэсэн үг. 

Тэгэхээр арьс хуурайшиж, дотор муухайрах нь бөөрний өвчний шинж тэмдэг байж бас болох нь тийм үү? 

-Тэгэлгүй яахав. Энэ нь бөөрний өвчний нэлээн хүндэрсэн үед илэрдэг зовиурууд юм. Бөөрний өвдөлтийг нурууны өвдөлтөөс ялгах хэрэгтэй. Гадны ямар нэгэн хүчтэй нөлөөнөөс тухайлбал, бөөрний чулуу, шээсний сүв дарагдсан гэх мэт шалтгаанаас болж бөөрөнд хүчтэй өвдөлт өгдөг.  

Түүнээс биш хөдөлгөөн хязгаарлаад, ёолуулаад байх хэмжээнд өвддөггүй. Бөөрний архаг өвчний үед харьцангуй бага зовиур явагддаг өвчин юм. 

-Бөөрний өвчнийг харьцангуй хөнгөн байхад нь эмчид ханддаг хүн хэр олон байна вэ? 

-Бөөрний өвчний анхан шатанд эмнэлэгт хандаж байгаа хүмүүс байлгүй яахав. Гэхдээ төгсгөлийн шат буюу архаг дутагдлын шатанд оношлогддог хүмүүс ч байна. Энэ бол үнэхээр харамсалтай.

Бөөрний архаг дутагдал гэдэг өвчин үүсэхийн өмнө түүнийг үүсгэж байгаа үндсэн өвчин явагддаг. Энэ бол архаг өвчин. Архаг өвчин учраас тодорхой хэмжээний цаг хугацаатай явж ирсэн байж таарна. Тухайн хүн дор хаяж 8-10 жилийн өмнө бөөр нь өвдөөд, шээсээр уураг алддаг ч юм уу, толгой, хүзүү хөших, даралт ихсэх гээд бага хэмжээний зовиурууд илрээд явж байсан байх нь. Тэр зовиуруудыг тоохгүй явсаар хүндрэл болж эмнэлэгт ирдэг. 

Практик дээр бөөрний архаг дутагдалд орчихоод эмнэлэгт хандаж байгаа залуучууд их байна. Бөөрний архаг дутагдал нь нэг, хоёр, гуравдугаар шатуудар явагддаг. Яваандаа гуравдугаар шат нь бөөр орлуулах эмчилгээнд орно. Энэ бол төгс эмчлэгдэх боломжгүй өвчин юм. 

-Эрт оношлуулж, эмчлүүлэх нь бөөрний өвчний хүндрэл, архаг дутагдлаас сэргийлж чадах уу?

-Яагаад эрт үзүүлээгүй юм, яагаад эрт оношлуулаагүй юм бэ гээд байдгийн гол зорилго нь энэ шүү дээ. Эрт оношлуулснаар тухайн өвчний амьдралын чанарыг л уртасгах гээд байгаа юм. 24 настай залуу оношлогдоод 34 нас хүртлээ хянаад явах боломжтой.

Эмч хүн энэ өвчнийг төгс эмчлэгдэхгүй гэж хэлэхэд таагүй сонсогдох байх л даа. Гэхдээ бөөрний архаг дутагдалд нэгэнт орчихсон бол гүйцэд илааршина гэдэг төвөгтэй асуудал. 

Тэгвэл бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хүндрүүлж, ямар нэгэн зовиур илрэхээс нь өмнө тухайн хүн өөрөө урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ? 

-Юун түрүүнд шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээгээр таны бөөр үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэж байна уу үгүй юу гэдэг нь харагдана. Дээр дурьдсан бөөрний үүргүүд алдагдаагүй л бол энэ эрхтэн хэвийн байна гэсэн үг.

Дараагийн шинжилгээ бол ЭХО шинжилгээ. Эхо-гоор бөөр бүтцийн өөрчлөлтөд орж уу үгүй юу гэдгийг тодорхойлдог.  

-Бөөрний өвчнийг гэрийн, бор аргаар эмчлэх нь бий. Жишээ нь, ан амьтны эд эрхтэн залгих, элдэв төрлийн өвс ургамал хандалж уух гэхчлэн. Ийм эмчилгээнүүд хэр үр дүнтэй байдаг юм бэ? 

-Эхлээд бөөрний өвчин яг ямар үедээ явж байгааг мэдэх нь маш чухал. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан, дутагдалд орсон үед тэр ч сайн энэ ч сайн гэсэн элдэв ургамал, ан амьтны элэг, бөөр хэрэглэж болохгүй.

Яагаад гэвэл тухайн хэрэглэж байгаа байгалийн бүтээгдэхүүнийг бөөр задлаж, нийлэгжүүлэх чадваргүй болчихсон байгаа. Тийм зүйлүүд идэж, ууснаар эмчилгээ болох биш харин ч хордлогыг нь нэмнэ. Бөөрний ялгаруулж чадахгүй хортой бодисын хэмжээг нэмж байна гэсэн үг.

Тиймээс амьтан, ургамлын гаралтай зүйл хэрэглэж огт болохгүй. 

Харин бөөрний үйл ажиллагаа алдагдаагүй, багахан хэмжээний үрэвсэлтэй үед ургамлын гаралтай зүйл хэрэглэж болох юм. 

Ер нь хамгийн зөв эмчилгээ бол шинжилгээ, оношилгоо хийлгээд эмчид хандах юм.

Эх сурвалж: ikon.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!