LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Л.Бямбасүрэн: Байнга стресстэх, чимээтэй орчинд байх нь сонсголд нөлөөлдөг

Share

Сонсголоо хамгаалах дэлхий нийтийн өдрийг Монгол Улс 2006 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Дэлхийд одоогоор 1.6 тэрбум хүн сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй байдгаас 460 сая орчим нь таг дүлий гэж оношлогдсон байна. Тэдгээрийн 43 саяыг 0-18 насны хүүхэд эзэлдэг. 1960 оны мэдээгээр дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь хот газар амьдарч байсан бол 2018 онд 50 хувь болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор бага буурай оронд тохиолддог дунд чихний архаг үрэвслээр үүсдэг өвчнүүд, дотор чихний дуу шуугианаас үүдсэн сонсгол алдагдал ихэссэн. Мөн эдгээр өвчлөлийн 60 орчим хувийг эрт үед нь илрүүлж, эмчилж болно гэж ДЭМБ-аас тогтоосон байна. Тус өдрийг тохиолдуулан сонсголын бэрхшээл гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч АУ-ы доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 -Сонсголоо хамгаалах дэлхий нийтийн өдрийг монголчууд тэмдэглэх болсон. Энэ өдрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилийн сонсгол хамгаалах өдрийг “Удаан амьдрахын тулд сонсголоо хайрлая” гэсэн уриан дор зохион байгуулж байна. ДЭМБ-аас 60/60-ын харьцаа гэх зөвлөмжийг гаргасан. Зөвлөмжийг дагахын тулд тухайн хэрэглэж буй гар утас, төхөөрөмжийнхөө дууны чанга сулын хэмжээг 60 гэсэн тооноос хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

Түүнчлэн өдөрт нэг цаг сонсож байвал сонсголоо гэмтээхгүй байх боломжтой. Харин өдөрт 60 минутаас дээш хугацаанд сонсвол сонсгол гэмтэнэ гэсэн үг. Сүүлийн жилүүдэд улс орон хөгжиж, аудио төхөөрөмжийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор сонсгол буурах үзэгдэл нэмэгдсэн.

Дэлхий нийтэд 12-35 насны залуус сонсгол буурах эмгэгт өртөх нь элбэг болсон. Энэ хүмүүсийн тоо 490 сая хүрсэн гэх тоо бий. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнуудад 12-35 насны сонсголын бууралттай гэж оношлогдсон хүмүүсийн 50 гаруй хувь нь аудио төхөөрөмж, чихэвчний хөгжимнөөс шалтгаалсан сонсголын бууралт байна гэж дүгнэсэн. Тиймээс бидний энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго бол хэрхэн сонсголоо хамгаалах вэ, өөрийгөө хамгаалснаар ямар үр дүн гарах вэ гэдгийг мэдээлэх, таниулах юм.

Гэхдээ үүгээр хүмүүсийг чихэвчний хөгжим сонсож болохгүй гэж хэлэхгүй. ДЭМБ-аас гаргасан горим бий. Үүнд насанд хүрэгчид өдөрт найман цагийн турш 80 дБ хүртэлх дуу чимээг чихэвчээр сонсох нь аюулгүй гэж үздэг. Харин хүүхэд найман цагийн турш 70 дБ хүртэлх чимээг чихэвчээр сонсох нь аюулгүй гэж үзэж байгаа. Мөн энэ заасан цаг өдөр бүр нэгээс хоёр цагаар ихэсээд байх юм бол цаашлаад сонсголын эрхтэн буюу дотор чих, дотор чихэнд орших сормослог эс эргэшгүй өөрчлөлтөд орон насан туршын сонсгол бууралттай болно гэсэн үг.

-Сонсгол бууралт нь дотроо олон хэлбэр гэсэн. Дүлийрэх гэдэг ойлголтыг тайлбарлаач?

-Сонсгол бууралт дотроо хөнгөн, дунд, хүнд, хүндэвтэр, маш муу гэсэн олон хэлбэртэй. Дүлий гэдэг нь сонсгол бууралтаас арай өөр ойлголт бөгөөд огт сонсохгүй байхыг хэлнэ. Энэ нь маш хүнд зэргийн сонсголын бууралт юм. Үүнээс хамааран ямар арга хэмжээ авах болон, хийх эмчилгээ өөр байдаг. Мөн орчны чимээ, машины дуут дохио зэрэг чанга дууг өдөр тутамдаа сонсох нь чихний дотор байх хамгаалалтын булчингууд ядрах шалтгаан болдог. Ингэснээр эргэшгүй сонсголын бууралт үүснэ. Тиймээс аль болох хэт чанга чимээнээс зайлсхийх хэрэгтэй. Мөн чанга чимээтэй орчинд ажилладаг бол зориулалтын хамгаалах төхөөрөмжийг тогтмол хэрэглэх нь зүйтэй. Амрах хугацаандаа хангалттай нойр авч өөрийгөө амраах нь бас чухал юм.

-Чихэвчний хөгжим сонссоноос үүдэн сонсгол буурахаас гадна мэдрэлийн ядаргаанд орох, эцэх, туйлдах гэх мэт шинж тэмдэг илрэх үү?

-Мэдрэлийн гаралтай сонсголын бууралтын хэдэн төрөл бий. Дотор чихэнд байх сормослог эсийн үйл ажиллагааны эргэшгүй сөнөрөл гэх ойлголт байдаг. Үүнээс болж мэдрэлийн гаралтай сонсголын бууралт үүсдэг. Мөн байнгын стресстэх, чанга дуу чимээнд удаан байх нь ядаргаа үүсгэж хоёрдогч хэлбэрээр сонсголын бууралт үүсгэдэг. Жишээлбэл, сахарын өвчтэй, тархинд нь цус харвасан хүнд хоёрдогч хэлбэрээр сонсголын бууралт үүсч болно. Энгийн ядаргаанаас биш удаан хугацаанд хуримтлагдсан ядаргаа сонсгол бууралтад нөлөөлдөг.

-Чимээ ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн сонсгол буурах хандлагатай байдаг. Энэ цаашлаад ямар үр дагавартай вэ?

-Сонсгол бууралтын нэгэн том шалтгаан нь ажил мэргэжилтэй холбоотой байдаг. Үүнд том оврын машины жолооч, үйлдвэрийн ажилтан, багш гэх мэт ажлууд багтана. Дээрх хүмүүс ажлын байран дээрээ олон цагийн турш өндөр давтамжтай чанга дуу чимээн дунд ажилладаг. Энэ байдал удаан үргэлжилж, мэдрэлийн ядаргаанд орсон ч сонсгол шууд буурахгүй байж болно. Харин цаашид удаан хугацаандаа сонсгол буурах өндөр эрсдэлтэй хүмүүсийн тоонд ордог.

-Бага насны хүүхдийн чихний эмгэг хүндрэх юм бол сонсголд нөлөөлдөг үү. Ийм хандлага хэр их гардаг вэ?

-Зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй сонсгол бууралтын үндсэн шалтгаан нь дунд болон гадна чихний эмгэг аль аль нь ордог. Дунд чихний үрэвсэл буюу булаг гоожих үзэгдэл нь хүндэрвэл тархинд орох, ойрхон байрлах мэдрэлийн судсыг гэмтээх гэх мэт үр дагавартай. Мөн чихнээс булаг гоожсон бол чихний хэнгэрэг цоорсон гэж үзэх бөгөөд ийм шинж тэмдэг илэрсэн хүн хөнгөн, дунд, хүнд хэмжээний сонсголын бууралттай байгаа гэсэн үг юм. Оношиндоо тохирсон мэс заслыг аль болох эрт хийлгэх юм бол сонсгол хэвийн хэмжээнд очно.

-Сонсгол бууралт үүсэх шалтгаанд юу, юу нөлөөлдөг вэ?

-Дунд чихний үрэвсэл, тархины гэмтэл, сонсголд нөлөөлдөг эм уух гэх мэтээс шалтгаалж болно. Мөн сүүлийн үед коронавирусний дараах хам шинжээс шалтгаалж сонсгол буурах үзэгдэл ажиглагдах болсон. Түүнчлэн удамшил болон насжилт, шалтгаан нь тодорхойгүй байдлаас үүдэж сонсгол буурч болно.

-Хүмүүс хотоос гарахаар чих амарч байна гэж ярьдаг, тэгэхээр чихэнд амралт хэрэгтэй гэж ойлгож болох уу?

-Байнга чимээ шуугиан ихтэй газар амьдардаг хүмүүс хөдөө газар очиход мэдээж амарна. Тэгэхээр чимээ ихтэй газар ажилладаг хүмүүс ажлын бус цагаараа аль болох чихээ амраах хэрэгтэй. Ингэж байж аюулгүй сонсох байдлын дүрмийг мөрдөж чадна. Мөн ажлын бус цагаараа ч гэсэн байнгын чанга чимээ шуугианд байвал сонсгол бууралтад өртөх магадлалтай. Чихээ амраахгүй удвал чихэнд шуугиан үүсч эхэлнэ.

-Чих байнга шуугихыг хүмүүс мэдрэлийн ядаргаатай холбон тайлбарладаг. Үнэхээр тийм холбоотой юу?

-Энэ нь ганцхан чихтэй холбоотой биш. Дотор чих, түүн доторх мэдрэлийн судлуудтай холбоотой байдаг. Мөн тархины гэмтэл, цус харвалт зэрэг нөлөөлж болно. Чих шуугилт ямар ч шалтгаантай байсан удаан хугацаанд үргэлжилбэл мэдрэлийн гаралтай сонсгол бууралт үүсдэг.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс эдгэх боломжтой юу?

-Төрөлхийн дүлий хүнд дунгийн суулгац буюу дотор чихийг орлох мэс засал хийж байж хэл яриа нь хөгжих боломж үүснэ. Хэрэв бага насны хүүхэд сонсгол бууралттай, дүлий гэж оношлогдсон бол аль болох эрт дунгийн суулгац суулгаж байж тухайн хүүхдийг нийгэмшүүлэх боломжтой. Дундаас хүнд хэлбэрийн сонсголын бууралттай олон жил явбал цаашид хүндэрч хэл яриа түгдрэх, гацах шинж илэрдэг. Хүн дутуу сонсохоороо дутуу ярьж буй нь тэр юм. Яагаад гэвэл хүн чихээрээ мэдээлэл сонсоод түүнийг нь тархи боловсруулан хариулдаг. Тэгэхээр тархинд нэг ч мэдээлэл очихгүй байна гэдэг нь хэл яриа хөгжихгүй байх нэг шалтгаан юм.

-Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхэд хэд орчим насандаа хагалгаанд орж байж хэвийн сонсголтой болох вэ?

-Хүүхдийг хоёр хүртэлх насанд нь сонсголын бэрхшээлийг нь илрүүлэх юм бол дунгийн суулгацын мэс заслыг хийж зургаан настайдаа ердийн сургуульд сурч, үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэх боломжтой. Одоогийн туршлагаар хүүхдийн сонсголыг оношилсон бол хоёр нас гэлтгүй түүнээс бага насанд нь дунгийн суулгацын мэс заслыг хийхийг хичээх болсон. Энгийн сонсголтой хүүхэд төрсөн цагаасаа орчны дуу чимээг хүлээж авч нэгээс хоёр жил болсны дараа хэлд ордог.

Тиймээс төрөлхийн сонсголгүй төрсөн хүүхэд эрт үедээ хагалгаанд орвол нэгээс хоёр жилийн дараа хэлд орох боломжтой. Ингэснээр сургуульд орохдоо үе тэнгийнхнээ сонсгол болон хэл ярианы хөгжлөөрөө гүйцэх юм. Мөн 2016 онд манай хамт олон нярайн сонсголын бэрхшээлийг илрүүлэх Америк төслийг Монголд нутагшуулсан. Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд гурван төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ, УНТЭ-т нярайн сонсголын бэрхшээлийг илрүүлэх тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ төсөл одоог хүртэл амжилттай хэрэгжиж байгаа.

-Дуу чимээ ихтэй орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс бусдыг бодвол амархан стресстэж, айдас түгшүүртэй байдаг гэсэн. Үүнийг тайлбарлаач?

-Тухайн хүн гадна орчны дуу чимээтэй нөхцөлд ажиллахад нэг зүйлдээ анхаарлаа хандуулах боломж 30-40 хувь багасдаг. Хүн тогтмол чанга хашхирч байгаа юм шиг дуу чимээнд байх нь уурлаж, стресстэхээс өөр аргагүйд хүргэдэг. Ингэснээр тухайн хүний болон гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!