LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүний дараах амьдрал

Share

Г.ЛХАГВАДУЛАМ

Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ? Америкийн “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараах амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байгууламж, байгаль орчин, бүр тэжээвэр амьтдад хүртэл юу тохиолдохыг тэд тооцоолохыг оролдсон байна.

Кинонд өгүүлснээр хүн төрөлхтөн гэнэт үгүй болбол дэлхий ердөө хоёр цагийн дотор харанхуйд автаж, метроны буудал, газар доогуурх гарц, хонгил хоёр өдрийн дотор усаар дүүрнэ. Харин нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад арван өдрийн дотор үхэх бол цэцэрлэгт хүрээлэн, хатуу хучилгат цардмал замууд долоо хоногийн дотор мөлхөө ургамалд бүрхэгдэж, барилга байшин, томоохон цогцолборууд 40-50 жилийн дараа нурж эхлэх гэнэ. Хэдийгээр зарим таамаг нь ташаа байх талтай ч ийм төрлийн анхны судалгаа тул эдгээр нь үнэхээр сонирхолтой баримт юм.

Дэлхий ертөнц хормын дотор хэдэн триллион гэрлээр гялалздаг. Экологичид уг үзэгдлийг гэрлийн бохирдол гэдэг бөгөөд хэт их гэрэл экосистемд нь сөргөөр нөлөөлдөг орны тоо жилээс жилд нэмэгдэж буй. Япон л гэхэд газар нутгийнх нь 90 гаруй хувь гэрлийн бохирдолд автжээ.

Орчин цагийн ихэнх барилга байгууламжийн дундаж нас 60 жил (ихэнх гүүр 120, далан 250 жил ашиглагддаг) бөгөөд засвар, хүний арчилгаа, цэвэрлэгээ үгүй болмогц эл хугацаа 2-3 дахин багасна. Салхи шуурга зэрэг байгалийн гамшиг ч хүний гараар бүтсэн бүхэн үгүй  болоход багагүй  үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Чернобылийн гамшгийн дараа эл хуль хоцорсон Украины Припять суурин энэ бүхний жишээ. Цөмийн гамшгийн дараах 20 жилийн хугацаанд хотын өнгө төрх бүрэн өөрчлөгдсөн бөгөөд бүх барилга байгууламжийнх нь дээвэр нурж, хана нь хотойжээ. Энэ бүхнээс тооцоход дэлхий дээрх хүний гараар бүтсэн бүхэн хэдхэн мянган жилийн дотор үгүй болно. Өдгөө идэвхтэй буй цөмийн 430 үйлдвэр ч хэдхэн өдрийн дотор дэлбэрнэ. Гэхдээ хор уршиг нь олонхын бодож байгаачлан тийш ч аймшигтай биш гэнэ. Байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадвартай.

Чернобылийн гамшиг үүнийг нотолсон. Чернобыль орчмын газар нутаг хэзээ ч сэргэхгүй гэдэгт олон шинжээч итгэлтэй байсан. Харин сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн экосистем сэргэж буй бөгөөд чоно, бодон гахай зэрэг олон төрлийн хөхтөн амьтан Чернобыль, Припять орчимд үзэгдэх болжээ.

Хүн төрөлхтөн үгүй болбол хуурай газрын 80 орчим хувийг 50-хан жилийн дараа ой эзлэх болно. Мөн 200-хан жилийн дараа дэлхийн хуурай газар бүхлээрээ үржил шимт газар болно гэж “Хүний дараах амьдрал” кинонд өгүүлжээ. Хүнгүй дэлхийн агаар хүртэл 2-3-хан долоо хоногийн дотор бүрэн цэвэршинэ. Гэхдээ өнгөрөгч хугацаанд хүн төрөлхтний агаар мандалд цацсан нүүрстөрөгчийн хий мянган жилийн турш байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байх гэнэ. Харин энэ бүхний эцэст хүн төрөлхтөнтэй холбоотой, хүний гараар бүтсэн нүдэнд үзэгдэх юм бүхэн 100 мянган жилийн дотор гэхэд ор мөргүй алга болох аж.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!