LOADING

Type to search

Онцлох

Сургууль шатаасай

Share

Ж.ГАНГАА

Амралт дуусч хичээлдээ явна гэхээс дургүй хүрдэг байснаа санаж байна уу. Зарим нь ч тэр чигтэй сургуулиа хаяад “жаргасан” явдал бий. Одоо мөн ялгаагүй хүүхдүүд ангийнхантайгаа уулзах тал дээр хаашаа юм гэхээс “Хичээлийн шинэ жилийн нээлт” гэгч албанд дуртай онц сурлагатан ховор хэвээрээ юм билээ. Ер нь энэ есөн сарын нэгнийг хүсэн хүлээж, тэсэн яддаг тийм хэнээтэй амьтан хаа ч байхгүй.Эрдэм ном сурах сонирхолгүй балай болох гэсэндээ биш. Энд зөвхөн хамгийн амттай цаг хугацаанаас салах цаг болсны харамсал нөлөөлдөг. Яахав тэгсгээд хэд хоноод анги багш нараа хараад шинэ орчиндоо дороо дасчихдаг л даа.

Зун цаг дорхноо дуусч залгаад энэ есөн сарын хэдхэн хоногт байгаль дэлхий сайхан аашилж, алга нь тэнийж, гурил ногоо, цагаан идээ, өвс хадлангаа өгдөг. Тэгээд арван сарын дундаас хойш өдөр эрс богиносон хүйтний ам наашлан, орчин тойрны өнгө зүс сааралтан хүүхэд томчуул, усны шувууд хар аяндаа дулаан орон байр руугаа тэмүүлдэг жам ёстой.

Гэтэл бид өөрсдийгөө сайн дураараа тамлах мэт хаваржин зунжин чанасан хоолоо тогооноос уудлаад аягалчихаад амсаж амжилгүй зэрэг зэрэг бөөн бөөнөөрөө сумын төв, хот руу хуу хөөгдөн буцацгаана. Өчигдөрхөн шуугилдаж байсан зуслан лагерь ганцхан өдрийн дотор түгшүүр зарласан цэрэг арми мэт эзгүйрэн эль хуль оргих нь нэн гунигтай.

Хүүхэд заавал есөн сарын нэгэнд хичээлдээ очих ёстой юм чинь араас нь эцэг эхчүүд хамаг ажлаа хаяад дагаад явж таараа. Энэ гаж мөрдлөгөө сэтгэл санаанд дарамт өгөхийг тэвчдэг юм гэхэд дам тойруугаараа эдийн засгийн бөөн алдагдалд ордгийг ойлгож ядах юмгүй. Ядахад яг есөн сараас эхлэн айраг, өрөм, тараг амт шимт орж, мойл жимс ургаж гүйцэхийг нь яана. Хурааж нөөцөлдөггүй юм аа гэхэд дахиад энэ үеэр хөдөө хэд хоночихвол бүтэн жилээ даах эрч хүчээ базаагаад авахсан.

Сургуультай сургуульгүй тасралтгүй явагдаж байдаг боловсрол эзэмшилтэд эхлэл төгсгөл, нээлт хаалт хийх, хонх дамар тачигнуулах нь зүгээр л үзэл суртал төдий. Энэ чухал юм биш. Малчин бэлчээр дээрээс хонио орхилгүй насан турш дагаад явж байхад багш нар жилдээ бүтэн гурван сараар хүүхэдтэйгээ хамт сургуулиа хаяад явчихдаг. Ёстой нарт ертөнцөд байхгүй ялархуу тунирхуу мэргэжил шүү. Тэгээд дараа нь хорлож байгаа юм шиг хамгийн чухал цагаар бүх нийтийг үндсэн ажлыг нь хийлгэхгүй, хүүхдээр дамжуулан хичээл номоо уншицгаа хэмээн арай хэтэрхий амьдралаас тасархай балмад ааш гаргана.

Манай монголын хүүхдүүд ч гэж хүүхдүүд. Багш гээд нэг юм заавал хажууд нь байж байж жаал юм тогтоохчоо аядана. Ихэнх нь оюун ухааны чадамжгүй эрхэн тэнэгүүд тул нэмэлт өчнөөн давтлага, дамжаануудад цаг, зардал гаргуулан баймааж бусад үндэстний хүүхдийн энд дөхөж очдог юм уу, хаашаа юм. Боловсролыг цаг тухайд нь төвөггүй ойлгоод авчихдаг хэвийн тархи толгойтой хүүхэд хот хөдөө ялгаагүй ховор. Энэ тэнэгрэл хавтгайдаа учраас л улс орон хөгжиж өгөхгүй үйл тамын амьдрал үргэлжлээд байгаа юм даа.

Саяхны жишээ гэхэд улс даяар телевизийн тоон системд шилжсэн тухай өчүүхэн танин мэдэхүйг маанайцгаан яагаад байгааг ерөөсөө ойлгохгүй дахин дахин асуугаад л. Тайлбарлаж байгаа мэдээллийн хэрэгсэл ба мэргэжилтнүүд нь болохоор аятайхан хэлээд өгчихгүй, өөрсдийгөө лут хүн болгож харагдуулах гээд байгаа юм уу хаашаа юм. Зориуд гадаад дотоод үг хольж хутган ойлгоход улам төвөгтэй ярьж бичээд дамшиглацгаана.

Гэтэл гадаадад өндөр хөг­жил­тэй оронд очихоороо сурахын хажуугаар орой за­ван­даа ажил хийгээд болоод байдаг нь хачин. Тэгэхлээр манай боловсролын сис­тем тийм домбоо, догма тог­тол­цоотой л байгаа байхгүй юу.

Ганцхан жилийн дотор дөрвөн өөр орчлонг үзүүлэнгээ барилгүй аашилдаг байгаль дэлхийнхээ аяыг дагаж амьдардаг монгол нутгийн хамгийн сайхан зантай өдрүүд удахгүй эхлэх гэж байна. Өвс хадах, төмс хураах ажил нажиднаасаа ангижирсан хот суурингийнхан ч гэсэн намрыг налаад суусан шигээ, модод шаргалтан улаарч ягаарахыг таашаан үзэж баясалгүй өнгөрүүлэх мөн л хайран санагдана.

Өдөр алдаж шөнө гэгчээр өвлийн бэлтгэлээ базаадаг гол цаг үетэй Монгол нутгийн онцлог нөхцөлд боловсрол, бодит амьдрал хоёрыг бодлогогүйгээр давхцуулаад одоо бүр ёс заншил шиг болгочихсон. Энийг одоо илүү сайн хувилбараар яаж л бол яаж өөрчлөх боломж арга зам бий. Манайхаас цөөн улиралтай бараг өвөл болдоггүй япон солонгосчууд хавар сакура цэцэглэх дөрвөн сарынхаа нэгэнд хичээл сургуулиа нээгээд бөөн баяр хөөр болцгоодог юм билээ. Нэгэн оны ажиллах, эрдэм номд боловсрох асуудал шинэ жил эхэлмэгц төлөвлөгдөж хавар нь халуун дээрээ залгуулан нээгдэн улмаар зунжин хэрэгжиж намар үр дүнгээ тооцоцгоодог байх нь. Харин манай амьдралын цагийн хуваарь байгаль цаг уурын хувьд бүх юм болоод өнгөрсөн хойно есөн сард төмс тарих гээд зогсож байгаа мэт эсвэл хойтонгийн явдлыг одоо хийгдэх ажлаараа солиод нээх нь бүр ч утгаа алдчихаж байгаа хэрэг юм.

Аливаа боловсрол, мэргэшил эзэмших процесс нь захиргаадалтын үед уралдаан конкурсанд зориулагддаг байсан. Түүнээ дагаад бөөн гараатай холын зайн кросс уралдааны дүрэм үйлчилнэ. Үндсэн утгаасаа төөрчихсөн энэхүү эрдэм номын үйл явдал нь намар улс даяар нэгэн зэрэг ярс хийн эхэлж хавар барианд орж буй нь зөвхөн тэмцээнд будилаан орчих вий гэсэн өчүүхэн ач холбогдолтой. Түүнээс амьдрал дээр тулгуурласан жолооны курс, англи хэл, математик, монгол хэлний хоцрогдол нөхөх сургалтууд, зуны цэцэрлэг яслиуд, спортын бэлтгэл сургуулилалт хэзээ ч хэнд ч бэлэн хаалга нь нээлттэй байгаа. Энэнээс болж хохирсон , эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлсөн юм алга.

Улсын болон хувийн цэцэрлэг, их дээд сургуулиуд, ЕБС-иудийн элсэлт төгсөлт улс даяар зэрэг эхэлж төгсгөдөг, шалгаж шүүдгийг болиулмаар байгаа юм. Багш нар зуны гурван сар мэргэжлээсээ хөндийрч амрахгүй бол яг юу нь болдоггүй юм. Сургууль заавал өвөл хичээллэн гал түлж бөөн зардал гаргаж байснаа дулаан орохлоор анги танхимуудаа цэлийтэл нээгээд хаяад явчихдаг үрэлгэн байдал гайхалтай. Тариа тарьж, уурхай ухах зэрэг гадаа ажилладаг ажил мэргэжил бол улирлаа дагахаас өөр арга бараг байхгүй л дээ. Цаашилбал бүх нийтээрээ яг арав, арван хоёр, дөрвөн жилээр багцлан боловсрол эзэмших гэдэг ойлголт өөрөө өөрчлөхийн аргагүй ертөнцийн жам биш. Зарим нь улираад л, зарим нь түрүүлээд л, мөн заримдаа чөлөө тайм аваад л явж байна биз.

Гэрт гадаа ялгаагүй халуун хүйтэн хоёрыг хүмүүс хүссэнээрээ үнэ өртөггүй зохицуулж төгс шийдчихээгүй л бол Монгол орны хувьд бүх газарт өвлийн бэлтгэл базаах цаг хугацааны чөлөө өгөх асуудал байх л ёстой. Тэр нь зөвхөн есдүгээр сар юм. Есөн сарын орчмын энэ хэдэн өдрийг халуун ам бүлээрээ, хамт олноороо байцгааж олз ашиг сайн олж чадвал дараа нь сурах, амьжиргаагаа хангах боломж хамаагүй сайжирдаг биз дээ. Өвөл даараад, зун бүгчимдээд, хавар ядраад намар оройтвол яараад хөдөлмөрийн бүтээмж санасан хэмжээнд хүрдэггүй.

Тэгвэл есөн сард бороо цас аль аль нь түр азнаад, халуун хүйтэн, өдөр шөнө тэнцвэртэй болчихсон, тариаланчдын хэлдгээр алттай дүйх өдрүүд гялтганаад өнгөрдөг. Улс орныхоо эдийн засгийг өргөн хүрээнд бүхлээр нь харж нийтийн эрх ашгийг эрүүл саруул зохицуулъя гэвэл чухам энэ үеэр сургууль ном, найр наадам, цэрэг татлага, аялал зугаалга, жагсаал цуглаан, хурал чуулганаа түр зогсоож, зарим нэг худалдаа наймаа, шүүх засаглал, гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ, спортын тэмцээн, урлагийн тоглолтуудыг түр хойшлуулах шийдвэр гаргавал хүмүүс дуртай дургүй жаахан ажил хийж магадгүй юм.

Ядаж хотын гэр хорооллынхон байшингаа зузаалж шавардан, эсгий нэмж барих цаг зав боломж олдон арай бага нүүрс хэрэглэн ирэх өвлийн утаа шингэрэх ч юм билүү. Оюутнууд арван сард хичээлдээ ирэхээр болчихвол нийгмийн баялаг илүү үйлдвэрлэгдэн хөдөөд цагаан идээ, түлээ, жимс ногоо, мах зэрэг өргөн хэрэглээний сагсны нөөц арвижиж улмаар ченжүүдийн зохиодог үнийн хөөрөгдлийн ханд хэсэгхэн ч атугай дарагдаж дундаас доош амьжиргаатай иргэдийн амьдралд юун түрүүн нөлөөлнө.

Бүр байг гэхэд хэсэгхэн хугацаанд өлсөхгүй, даарахгүй, халууцахгүй хэд хоног жаргаад авсан ч яадаг юм.

Гэрээсээ бараг хөөгдөн сургуулийн дотуур байраа зорин, олдсон унаанд амжиж дайгдан төв орох замд үхэр мал оодогнохоо байж, гэдэс нь цадан нэн жаргалтай хивэн хэвтэцгээх нь атаархмаар. Унага татах бүл үгүй тул уруул чимчигнэсэн айраг хахран гүүгээ тавьчихлаа. Зун олдохгүй түүхий байсан мойл жимс, хоолны төмс, лууван, байцааны салатнаас амсаж ч амжилгүй газар дээр нь хаяж оготно шувууны хоол болоод өнгөрч байх шиг. Үгүй тэр арын гууны хэдэн мөндөлнөөс ичихээс нь өмнө ядаж ганцыг нь тоншчихвол яг л иддэг дээрээ байсансан. Хамаг юм энэ муу өгөр сургуулиас л боллоо. Шатчихаасай билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!