LOADING

Type to search

Сэтгэлзүйн эрүүл мэнд

Р.Энхтүвшин: Амаржих эхэд сэтгэл зүйн дарамт учруулснаар төрсний дараах сэтгэл гутралд өртөмхий болох эрсдэлтэй

Share

Амаржих эхийг элдвээр доромжлох, загнах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулах, улмаар биед нь халдах болон хярзан сэтлэх, Кесарево хагалгаа зэрэг мэс ажиллаврыг зөвшөөрөлгүйгээр хийх нь хүчирхийлэл мөн гэдгийг НҮБ дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем өнгөрсөн оны арванхоёрдугаар сард монголчуудад сануулав.

Төрөх үеийн хүчирхийлэл хэмээн олон улсад тодорхойлдог эл үзэгдэл Монголд газар авсан тул онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг тэрбээр бодлого боловсруулагчдад зөвлөсөн юм. Харамсалтай нь, манай улсын холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус байгууллагынхан, тэр тусмаа эрүүл мэндийн салбарынхан үүнийг асуудал хэмээн тоосонгүй.

Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн үндэсний хороо, “Монголын эмнести интернэшнл” зэрэг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан ч энэ талаар судалгаа хийж, мэдээлэл цуглуулж байсангүй. Эрүүл мэндийн яамнаасаа авхуулаад эмч нар хүртэл үүнийг хүчирхийлэл гэж санал нийлэхгүй байна. Харин амаржсан эхчүүд ийм асуудал хаа сайгүй, байнга гардаг, ялангуяа улсын эмнэлгүүдэд хэвийн үзэгдэл болсон, хүчирхийлэл биш гэж үзэхээс ч аргагүйд хүртэл энгийншсэн гэдэгтэй санал нэгдлээ. Мөн ээж болсон монгол эмэгтэйчүүдийн олонход нь ийм муу түүх байдгийг илчилж, ярьсаар өдий хүрэв.

Тиймээс холбогдох албаныхан төрөх үеийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авах хүртэл “Өнөөдөр” сонин уг сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно. Энэ удаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрбээр амаржих эхийн сэтгэл зүйн онцлогийн талаар тайлбарласан юм.

-Амаржих эхчүүдийн сэтгэл зүй ямар онцлогтой байдаг бол. Тэдэнтэй хэрхэн харилцах ёстой вэ?

-Эмэгтэй хүн жирэмсэн байх, төрөх үед болон төрсний дараа ч дааврын олон төрлийн өөрчлөлтөд ордогтой холбоотойгоор сэтгэл хөдлөлийн түвшин нь огт өөр хэлбэрт шилждэг. Сэтгэл хөдлөлийн давлагаа, савлагаа үүсэж, тогтворгүйтнэ гэсэн үг. Тиймээс тэдэнтэй илүү сайхан харилцаж, сайн халамжлах хэрэгтэй. Тэд илүү их хайрлагдахыг хүснэ.

Амархан гомдож, гунин, эсвэл хэт баярлах нь ч бий. Жирэмсэн, төрөх үед маш эмзэг, мэдрэмтгий болно. Зарим тохиолдолд паник аттакт орох нь ч бий. Паник аттак гэдэг нь сэтгэл түгшлийн хүнд зэрэг. Ийм түвшинд хүрэхээрээ хүмүүс маш их түгшиж, сандарна. Бүр хөшлөөр ч илэрч болдог. Хөшил гэдэг нь хөдөлгөөнгүй болох, эсвэл түгшүүр төрснөөс улбаалан хүний ухамсар ажиллахаа болих юм. Төрөх үйл явц тухайн хүнд айдас төрүүлэх нь мэдээж. Өвдөлтөөс болж сэтгэл зүйн дарамтад орж, стресс үүснэ.

Стрессийн түвшин хамгийн дээд цэгтээ хүрч болно. Гэхдээ хүн бүр өөр. Бие хүний хэв шинжээс хамаараад тухайн нөхцөл байдлыг өөр өөрөөр хүлээж авна. Давтан төрөлт үү, эсвэл хол зайтай юу, эхийн нас өндөр үү, бага уу гэдгээс ч хамааралтай. Жишээ нь, яаж төрөхөө, амьсгалын ямар дасгал хийхээ мэдэхгүй, урьд нь энэ талаарх сургалтад хамрагдаагүй хүн олон шүү дээ.

Тийм хүмүүс илүү их айдас, түгшүүртэй байна. Амаржих эхчүүдэд зориулсан сургалт манайд ховор л доо. Бас олон эмэгтэй ийм сургалтын талаар мэддэггүй. Нэг талаас үүнд хамрагдах боломжтой, боломжгүйн асуудал ч бий. Зарим нь боломжтой байлаа ч сургалтад хамрагддаггүй. Эдгээр шалтгааны улмаас олонх эмэгтэй төрөх үедээ хэзээ ч мэдэхгүй зүйлтэйгээ тулгарч байгаа юм. Ийм нөхцөл байдалтай тулгарахаар айдас төрнө биз дээ.

Түүнчлэн хүндрэлтэй төрөх магадлалтай, хордлоготой, хөл нь хавагнадаг, артерын даралт ихэсдэг, байнга хэвтрийн дэглэм барьсан, дутуу төрж болзошгүй гэх зэрэг эрсдэл нэмэгдэх тусам эхийн сэтгэл зүй тогтворгүй, айдас, түгшүүртэй болно. Ойлгомжгүй байдал ихсэх тусам түүнийг даван туулахын тулд стрессийн дааврууд их хэмжээгээр ялгардаг.

Бас дотоод хүчин зүйл, бие хүний хэв шинж нөлөөлнө. Тайван, сандруу, адгуу, эмзэг хүн үү гэдгээс хамаараад тухайн нөхцөл байдалд үндсэн мөн чанарууд нь илүү тодордог. Тухайлбал, ааштай хүн бухимдах магадлал илүү өндөр. Тиймээс эргэн тойронд нь байгаа хүмүүс сэтгэл зүйн байдлыг нь ойлгож харилцах ёстой.

-Сэтгэл зүйн хүнд дарамттай эмэгтэй төрлөө гэж бодъё. Гэр бүл нь асуудалтай, сандарсан, айдас, түгшүүртэй байлаа. Гэтэл тэр эмэгтэйд эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс дарамт учруулбал сэтгэл зүйн байдал нь хэр хүнд зэрэгт шилжих вэ?

-Хамгийн гол нь үр дүн. Тухайлбал, эрүүл бус хүүхэд төрвөл эрсдэл ихэснэ. Амаржих үедээ шаналгаатай, янз бүрийн дарамттай байсан ч хүүхэд эрүүл төрсөн бол өмнөх нөхцөл байдлыг тоодоггүй. Гэхдээ амаржих эхэд сэтгэл зүйн дарамт учруулснаар ирээдүйд гарч болох нэг эрсдэл нь төрсний дараах сэтгэл гутралд өртөмхий болох юм. Хамгийн элбэг тохиолддог зүйл нь энэ. Түүнээс биш сэтгэлийн маш хүнд гэмтэл авч, шоконд орох нь ховор. Ихэнхдээ л төрсний дараах сэтгэл гутралд илүү өртөх нэг хүчин зүйл болно.

Сэтгэл зүйн дарамттай, жишээ нь, гэр бүлийн асуудалтай эхчүүд маш хүнд төрдөг шүү дээ. Паник аттакт ч орж болно. Ийм үед хүүхэд бүтэх эрсдэлтэй. Тиймээс төрөх эхийн сэтгэл зүйг аль болох л тогтвортой байлгах ёстой. Стрессийн түвшнийг нь бууруулах шаардлагатай. Яагаад гэвэл сэтгэл зүйн хувьд тайван биш, түгшүүртэй, айдастай байх тусам булчин чангарна. Булчин чангарснаар хүүхэд түдэх, улмаар эрүүл бус төрөх магадлалыг нэмэгдүүлнэ.

-Бидний хөндөөд байгаа гол асуудал бол төрөх үеийн хүчирхийлэл. Амаржих эхийг доромжлох, загнах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулах, улмаар биед нь халдах болон хярзан сэтлэх, Кесарево хагалгаа зэрэг мэс ажиллаврыг зөвшөөрөлгүйгээр хийх нь хүчирхийлэл гэж олон улсад үзэж байна. Харин манайд үүнийг асуудал гэж хардаггүй. Энэ талаар судалгаа, мэдээлэл ч алга. Тэгсэн хэрнээ амаржсан эхчүүдийн олонх нь үүнийг бараг уламжлал болчихсоныг хэлдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эмч, эмнэлгийн мэргэжилтэн төрөх эхийг загнах тохиолдол гарч болно. Яагаад гэвэл хэцүү үйлчлүүлэгч цөөнгүй байдаг. Тэдэнтэй тушаах өнгө аясаар харилцах нь бий. Тэгэхээр нэгдүгээрт, хэцүү үйлчлүүлэгч мөн, эсэхээс хамаарч байгаа юм. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчийг загнах, зүй бусаар харилцах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулахыг яг хүчирхийлэл гэхэд хэцүү. Төрөх үйл явц эхэлсэн бол хэдхэн минутын дотор л амаржих ёстой шүү дээ. Тэгэхгүй бол хүүхэд бүтэж, асуудал үүснэ.

Тэгэхээр хурдан төрүүлэхийн тулд, сандарсан үед загнах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний оронд айдастай, түгшүүртэй байгаа ээжүүдэд анхнаас нь булчингаа яаж суллах, амьсгалын дасгал хэрхэн хийхийг заадаг бол олон эрсдэлээс сэргийлэх боломжтой. Айснаасаа болоод яахаа мэдэхгүй байгаа хүнийг тайвшруулах нь чухал. Зарим эх баригч, эмч үйлчлүүлэгчийг тайвшруулж, сэтгэл зүйгээр дэмждэг. Тэгэхээр үйлчлүүлэгч илүү амар амгалан төрдөг. Ийм эерэг жишээ ч олон.

Төрөхөөс болоод сэтгэлийн маш хүнд гэмтэл авсан үйлчлүүлэгч над дээр ирж байгаагүй. Харин үр хүүхдээ алдах нь сэтгэлийн хүнд гэмтэл үүсгэдэг. Эхнэрээ төрөхийн орон дээр алдах нь илүү хүнд тусдаг. Гол асуудал системд байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарын нийт гомдлын 80 хувь нь системийн алдаатай холбоотой. Үүнийг багасгахын тулд системийг зас гэж байгаа юм. Бид зөвхөн шинж тэмдгийг л хар даг. Шинж тэмдэгт тулгуурлаад, эмчийг юм уу, сувилагчийг буруутгах амархан. Гэтэл системээ сайжруулахгүй бол нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Жишээ нь, олон улсад бол хярзан хайчлах нь өргөн хүрээнд хийдэг хагалгаа биш юм билээ. Гэтэл Монголд бараг хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд хүний эрхийг үл хүндэтгэн, ямар ч зөвшөөрөл авахгүйгээр ийм мэс ажиллавар хийчихдэг. “Намайг хурдан төрүүлэхийн тулд хярзан хайчилсан байсан. Өөрөөр хэлбэл, эмч ажлаа хялбарчлахын тулд ийм арга хэмжээ авсан” гэж хэлсэн хүн ч бий.

-Хувь хүн буруу ойлгосон байж болно. Буруу ойлголтоор нь дүгнэж болохгүй. Ажлаа хялбарчлахын тулд хярзан хайчилдаг эмч арай ч байхгүй. Төрөх хүчний сулрал буюу эх дүлж чадахаа больсон тохиолдолд л ийм арга хэмжээ авдаг байх. Хүүхдийг тодорхой хугацаанд л төрүүлэх ёстой. Гэтэл эх төрж чадалгүй хүүхэд бүтчихвэл хярзан хайчилснаас илүү хүнд зүйл тохиолдоно.

Тэр хүн төрж чадахгүй болоод л хярзан хайчилна шүү дээ. Ер нь хүний эрхийн хамгаалал нь эрүүл мэндийн бус, бүхий л салбарт дутагдалтай. Жишээ нь, хүн хавдартай гэж оношлогдоход манайхан өөрт нь хэлдэггүй. Хамгийн түрүүнд ар гэрийнхэнд нь дуулгадаг. Монголчууд сэтгэл зүйн бэрхшээлийг даван туулах чадвар тааруу учраас ингэдэг байж магадгүй.

Угаасаа бид стресс тайлах арга, дасан зохицох чадварт огт суралцаагүй учраас хүнд өвчтэйгөө сонсоод шоконд орж, өвчнөө даамжруулдаг. Үүнээс шалтгаалж ар гэрийнхэнд нь хэлэх арга ашиглаж болно. Гэхдээ хүний эрхийн зарчмаар бол хамгийн түрүүнд өөрт нь хэлэх ёстой. Дараа нь энэ мэдээллийг өөр хэнд хэлэхийг тухайн хүнээсээ асуух хэрэгтэй. Бас хагалгаа хийх бол өөрөөс нь зөвшөөрөл авна. Хэрэв тухайн хүн “Би зөвшөөрөл өгч чадахгүй нь. Өөрийгөө хянах чадваргүй, шийдвэр гаргах боломжгүй байна” гэвэл хамгийн ойрын хүнээс нь асууна. Хамгийн ойрын хүн нь нэгдүгээрт, эхнэр юм уу, нөхөр, дараа нь хүүхэд, ээж, аав нь байна.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд төрөх эмэгтэйчүүдэд дарамт учруулаад байгаа нь нэг талаар өөрсдийнх нь сэтгэл зүйн байдал тогтворгүй, энэ төрлийн тусламж, үйлчилгээ авдаггүйтэй холбоотой юу?

-Тийм байж болно. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой. Жишээ нь, манай эмч нар олон улсын стандартаас хэд дахин илүү ачаалалтай. Олон улсад долоо хоногт таван төлөвлөгөөт хагалгаа хийдэг байж магадгүй. Харин манайд ийм хэмжээний ажлыг нэг өдөрт хийж байгаа биз дээ.

Тэгэхээр хагалгааны үйл явцаас шалтгаалж эмч стресст өртөж, сэтгэл зүйн хувьд хорддог. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хангалтгүй. Багадаа 10 сая төгрөгийн цалин авдаг бол ёс зүйн алдаа автоматаар багасна. Магадгүй энэ хүчирхийллийн цаана эрүүл мэндийн салбарын системийн алдаа л бий байх. Жишээ нь, хүүхэд нь өвдчихөөд эмнэлэгт ирэнгүүтээ “Наад хүүхдээ эмчлээч. Чи тангараг өргөсөн юм байгаа биз дээ” гээд эмчийг загнадаг. Бид ийм нийгэмд амьдарч байгаа. Эмч нарыг хамгаалах ямар ч систем байхгүй. Хэн ч, хэзээ ч эмчийг доромжилж, янз бүрээр хэлж болдог.

Хуулийн арга хэмжээ, санкц ч байхгүй. Системийн энэ алдаа нь эмч нарын харилцааны, ёс зүйн алдааг давхар бий болгодог юм аа. Жишээ нь, Японд нарийн мэргэжлийн, бидэн шиг багадаа 15 жил ажилласан эмч бол 40 000 ам.долларын цалин авдаг. Резидент нь ч өндөр цалин авдаг. Тиймээс ажилдаа илүү их хариуцлагатай ханддаг, алдаа гаргана гэдэг нь тэд нарын хувьд байж болохгүй зүйл.

-Манай улсын төрөх эмнэлгүүдэд сэтгэлзүйч ажилладаг уу?

-Бараг байхгүй дээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд л ажиллаж буй байх. Нарийвчилсан тоог сайн мэдэхгүй ч хүрэлцээгүй гэдэг нь ойлгомжтой. Ер нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний судалгаа ховор.

Энэ төрлийн эмчилгээ ч хомс. Сэтгэл зүйн талаар бид дөнгөж л ярьж эхэлж байгаа. Жишээ нь, эмнэлгүүдэд клиникийн сэтгэлзүйч ажиллах ёстой. Тэр дундаа эмнэлгийн ажилтнуудтай болон өвчтөнүүдтэй ажиллах сэтгэлзүйч тусдаа байх ёстой. Шаардлагатай үед тэнд сэтгэцийн эмч ажиллах ёстой. 50 ажилтантай байгууллагад заавал нэг сэтгэлзүйч байх ёстой гэсэн олон улсын стандарт бий. Харин манайд стандарт байдаггүй.

Жишээ нь, паник аттакт орсон хүн амаржихад хэцүү. Сандрах, сэтгэл түгших эмгэгтэй, эмчээс, эсвэл үзүүртэй зүйлээс айдаг хүн хүндрэлтэй төрөх эрсдэлтэй. Тиймээс тэр хүний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах шаардлагатай болно. Би өмнө нь хавдрын жишээ дурдсан шүү дээ. Үйлчлүүлэгчээ хүнд өвчтэй гэдгийг мэдэнгүүт манайхан өөрт нь хэлэлгүй, “Ар гэрийнхнийг нь дууд” гэдэг. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд муу мэдээ дуулгахад суралцаагүй. Үүний тулд л сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой юм.

Муу мэдээ дуулгахдаа зарим нь шууд л хэлчихдэг. Эсвэл муу мэдээг өөрөөс нь нуудаг. Тэр хүн хүнд өвчтэйгөө мэдсэн бол үр хүүхдүүддээ захиасаа хэлнэ. Ядахдаа өв хөрөнгөө хэнд үлдээхээ шийднэ шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрчихлээ, одоо яах ёстой вэ гэдгийг сэтгэлзүйч түүнд ойлгуулж, чиглүүлэх шаардлагатай. Тийм учраас гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн сэтгэл заслын эмч заавал ажиллах ёстой.

Эх сурвалж Өнөөдөр сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!