LOADING

Type to search

Онцлох

Н.Ариун-Эрдэнэ: Хүүхэд багаасаа насандаа тохирсон үүрэг хариуцлага хүлээж сурах хэрэгтэй

Share

Хүүхдийн үүрэг хариуцлагын талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн өгсөн чухал зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхэд хоёр наснаасаа эхлэн хүйсийн ялгаагаа мэддэг болж, өөрийгөө бие хүн гэж мэдэрдэг бөгөөд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь хүчтэй илэрдэг. Хүүхэд өөрийгөө бие хүн гэж мэдрэхийн хэрээр аливаа зүйлийг өөрөө хийх гэсэн хүсэлтэй болдог. Мэдээж олон зүйлийг хийх гэхээр хүүхдэд туршлага дутагдана. Яг ийм үед нь аав, ээжүүд хүүхдээ дэмжих биш “Чи чадахгүй, чиний чаддаг гэж юу байсан юм” гэх мэтээр загнаж, бүхнийг өмнөөс нь хийдэг. Мөн хариуцлага огт хүлээлгэдэггүй.

Хүүхдээ ямар нэг зүйлийг хийх гэхээр л боль чадахгүй, дутуу хийлээ, заваан хийлээ, том болсон хойноо хий гэх мэтээр загнах нь хүүхдэд өөрийгөө мэдэрч, илэрхийлэхийг хүсэж байгаа тэр зүйлд нь муугаар нөлөөлж байдаг. Мөн аливаа зүйлийг хийх хүсэлгүй болж, туршлага мэдлэггүй нэгэн болж хүмүүждэг. Өөрөөр хэлбэл хүүхэд би чадахгүй юм байна гэсэн бодол төсөөллийг авч бие хүн байхаа больж, эргээд аав ээжийнхээ хамааралд орж эхэлдэг. Ингэснээр хүүхэд өөрөө юм хийх хүсэлгүй бусдаар шийдүүлдэг, хойш суудаг, өөртөө итгэлгүй болдог.

Хүүхдэд үйлдэл төлөвших нас гэж байдаг. Энэ нь 2-7 нас бөгөөд энэ үед хүүхэд сурахгүй бол үүнээс хойш таны хэлдгээр залхуу, зохион байгуулалтгүй болно. Та бага насанд нь чиний чадна гэж юу байсан юм гэж хэлсэн учраас хүүхэд чадахгүй гэж хэлэх нь зөв.

Яг үнэндээ хүүхдийг  том болохоор, өөрөө хийхийг нь шаардах үе ирнэ гэдгийг аав ээжүүд сайн ойлгоорой. Хүүхэд хоолоо идэж сурахдаа асгаж, цутгасан ч өөрөө иддэг байхаас энэ үүрэг хариуцлага эхэлнэ. Хоёр настайгаасаа л хүүхэд тоос арчих гэж загалтуулах, аяга угаах гэж хагалж,  аливаа зүйлийг өөрөө хийх гэж зүтгэнэ. Энэ үед нь түүнийг дэмжиж, урамшуулаарай. Тэгж чадвал хүүхдийн өөртөө итгэх, хариуцлагатай, идэвхтэй, санаачлагатай байх суурь нь тавигдана. Аль болох урдуур нь орохгүй байж, хүлээцтэй хандаж, дэм өгөн, урамшуулж хамтран хийх  хэрэгтэй.

Тоглоомоо хураах, хувцсаа өмсөж, тайлж эвхэж хураах, аяга тавгаа хураах, өөрөө хоолоо идэх, оймс, дотуур хувцсаа өөрөө угаах, цүнхээ өөрөө үүрэх, өөрөө алхах гэх мэтийг хийлгэх нь зүйтэй.

Эцэг эхчүүд багад нь эрхлүүлж, эрхлүүлж өсвөр насанд нь одоо том болсон хий гэж шаардлага тавьдаг. Ингээд хүүхэд аав ээжийн шахаанд орж, гэнэт ирсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй болдог. Өөрийнх нь хийж чадах зүйлийг цагт нь хийлгэж хэвшүүлээгүйгээс болж, нас биед хүрсэн хойноо хүүхэд байнга үглүүлдэг, хайнга, аав ээжээсээ зугтаах, залхах хандлагатай болдог.

Хүүхэд багаасаа насандаа тохирсон үүрэг хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Гэрийн ажилд болон бусдад туслах, хүн бүр өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн ойлголтыг өгөх нь түүнийг өөрөө өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх, өөрийн хүчиндээ итгэх, бусдыг хүндлэх гэсэн маш чухал хандлага, төлөвшлийг бий болгодог.

Хүүхдэд насанд тохирсон ямар үүргүүдийг хүлээлгэх вэ?

Хүүхдэд хүлээлгэх үүрэг хариуцлага тухайн айл мөн хэд дэх хүүхэд вэ гэдгээс хамаарна. Өөрөөр хэлбэл, хүйс болон айлын том бага, айлын ганц гэх мэт ялгаан дээр харагддаг.

Тухайлбал: 

  • Айл бүр эрэгтэй хүүхдийг хүндлэх маягтай байдаг ба эмэгтэй хүүхдийг гэрийн ажил хийх ёстой гэж ялгадаг.
  • Эрэгтэй хүүхэд гэрийн ажил, хүүхэд хүмүүжүүлэх нь эмэгтэй хүний хийх зүйл гэж ойлгож өсдөг.
  • Багаас нь үүрэг хариуцлага хүлээлгэх талаар аав ээж ихэнхдээ мэдэхгүй байдаг.
  • Үүрэг хариуцлагыг том болохоор хүлээлгэх хандлага их байдаг.

Багаас юм хийж дадаагүй хүүхэд барагтай бол юу ч хийдэггүй. Хөдөлмөрлөж өсөөгүй хүүхэд юманд эв дүйгүй, зохион байгуулалт муутай, асуудлыг зохицуулах чадваргүй байдаг бөгөөд аливаад ухаан  задардаггүй. Тиймээс хүүхдэд багаас нь үүрэг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ зарим аав, ээж бүр даахгүй ачаа үүрүүлдэг.

Хүүхдийн хийж чадах ажлууд:

2-3 настай хүүхдийн хийх ажлууд:

Тоглоомоо хураах, хувцсаа эвхэх, оймснуудаа хосоор нь ялгах, тоос арчих, хог хаях, танд юм дөхүүлж өгөх, асгаж бохирдуулснаа арчиж цэвэрлэх ба аль болох тоглоомын хэлбэрээр хамтран хийх нь зөв.

4-5 настай хүүхдийн ажлууд:

Хог шүүрдэх, шал арчих, тоос арчих, өмсөх хувцсаа бэлдэх, бохир хувцсаа ялгах, цэвэр бохироор нь ялгах, ширээ сандал хураах, аяга таваг угааж хураах, ороо хурааж засах, хувцсаа эмхлэн байх байранд нь тавьж эвхэх гэх мэт.

6-7 настны хийх ажлууд:

Гэр цэвэрлэх, гурил зуурах, хүнс цуглуулахад туслах, өөрөө ам, шүдний ариун цэврээ сахих, өөрөө нусны алчуур, оймс, дотуур хувцас, бээлий гэх мэт жижиг зүйлсээ гараар угаах зэрэг багтана. Аав ээжүүд хүүхдийн хийж чадах ажлыг өмнүүр нь орж хийснээр тэдний бие даах, өөртөө итгэлтэй, санаачлагатай байдлыг  үгүй хийж, өсвөр насанд нь зовоодог гэдгийг анхаараарай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!