LOADING

Type to search

Онцлох

Р.Энхтүвшин: Хүүхэд нойргүйдэх, сэтгэл түгших, бухимдах эмгэг газар авч байна

Share

Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй зарим асуудлаар АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, “Ханголомт” группын зөвлөх, сэтгэл заслын эмч Р.ЭНХТҮВШИНТЭЙ ярилцлаа.

-Монголд сэтгэцийн өөрчлөлтэй хүн олширлоо гэх юм. Мэргэжилтний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Жил бүрийн аравдугаар са­рын 10-ныг дэлхий нийтээр “Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монголчууд энэ өдрийг “Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд лекц, сургалт зохион байгуулж, энэ талын боловсролыг иргэдэд хүргэнэ. Ер нь сэтгэцийн эрүүл мэндийн талаар нийгэмд буруу ойлголт их байгаагаас сэтгэцийн эмгэгтэй болон тул­ гамдсан асуудалтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал газар авч байгаад мэргэжилтний хувьд эмзэглэдэг. Сэтгэц, зан үйлийн эмгэг гэдэг ойлголт бидний дунд байсаар ирсэн ч сүүлийн үед ихэсч байгаа нь үнэн.

Орчин үед нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл нь сэтгэцийн эрүүл мэнд болсон. Жишээлбэл, архи, тамхи, дэлгэц, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг донтолтын эмгэг ихэсч байна. Мөн хүүхдийн зан үйл, нойргүйдэл, сэтгэл түгших, бухимдлын эмгэг ч газар авч байгаа. Гол нь сэтгэцийн эмгэг гэхээр галзуу, солиотой гэдэг тодорхойлолтоос салах цаг аль хэдийнэ болсон.

-Цар тахлын дараа монголчууд сэтгэл зүйн эмгэгт олноор өртсөн тухай судалгааны үр дүн гарчээ. Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Ковидын дараа зөвхөн монголчуудын гэлтгүй дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд гаарсан. Цар тахлын ид тархалтын үед нийгэм тэр чигтээ айдастай, үүнийг даван туулах гэсэн мэдрэмжгүй байх үед сэтгэл зүйн асуудал нэлээд  хүндэрсэн. Ковидын дараах сэтгэл зүйн хямралууд, сэтгэл зүйн асуудлууд одоо ч бүрэн арилаагүй байна.

Дэлхий нийтээр анх удаа ковидтой нүүр тулсан учир судалсаар байгаа. Жишээлбэл, Ковид туссан хүнд архаг ядаргаа хамгийн багадаа 7-8 сар үргэлжилж байна. Хэдийгээр ковид эдгэрсэн ч ажлын бүтээмж нь муудаж, ядрах, нойрмоглох зэрэг шинжүүд илэрч, алсуураа муудсаар байгаа тал ажиглагдсан.

Хоёрдугаарт, сэтгэцийн эмгэгт өртөж байгаагүй хүн  сэтгэцийн  эмгэгээр оношлогдож байна. Өмнө нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, архаг ядаргаатай байсан хүн эмгэг нь ковидын дараа сэдэрсэн. 

Гуравдугаарт, Эрсдэлт бүлгийн буюу сэтгэл зүйн хувьд тогтворгүй өсвөр насныхан ковидын дараа дэлгэцийн хамааралтай болж байна. Энэ мэтчилэн ковидын улмаас сэтгэл зүйн маш олон асуудал үүслээ.

-Сэтгэлзүйн эмгэг ихэссэн нь сэтгэл заслын эмч таны ажил мэргэжилд хэрхэн нөлөөлж, мэдрэгдэж байна вэ?

-Надад хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг хүмүүс бий. Миний хувьд ажлын ачааллаа дийлэхгүй болж байна. Би өөрөө амрах хэрэгтэй болж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр маш олон хүн сэтгэл зүйн тусламж авахыг эрмэлзэж байна. Харамсалтай нь зөвхөн сэтгэл зүйчид болон хувиараа зөвлөгөө өгдөг хүмүүс хүрэлцэхгүй.

Тэгэхээр сэтгэл зүйн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх шаардлага үүссэн. Нэгдүгээрт, хамтын ажиллагааны, Хоёрдугаарт, бодлогын, Гуравдугаарт санхүүжилтийн, Дөрөвдүгээрт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

-Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төрөөс ямар хэмжээний санхүүжилт зарцуулдаг бол?

-Эрүүл мэндийн салбарын нэг жилийн санхүүжилтийн 2 хувийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Тэр хоёр хувийг СЭМҮТ-д зарцуулж буй юм. Мөн дүүргийн эмнэлгийн сэтгэцийн эмч нарын цалинг л олгож байна. Тэгэхээр сэтгэцийн эрүүл мэндэд бараг санхүүжилт зарцуулдаггүй гэж болохоор байгаа биз! Энэ бол маш харамсалтай. Тусламж шаардлагатай хүмүүс бүгд СЭМҮТ-д очвол эмнэлэг ачааллаа дийлэх үү? Монголд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллаа дийлэхгүй байна. Зөвлөгөө, мэдээллийн байнгын утас ажиллаж сэтгэл зүйч, сэтгэл засалч эмч нар сууж байх ёстой. Сэтгэл зүйн эмч нар цар тахлын үед ч онцгой, цагдаагийнхантай зэрэгцэн ажиллаж байх ёстой юм. 

-Сэтгэл зүйн эмгэгийн асуудалд анхааралд тавихгүй байвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Бид нийгмээрээ хохирно. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахгүй бол улс хэн нэгний хоол болно. Улс төрийн ч хоол болно. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүс “тархи угаалтад” хамгийн амархан өртдөг. Сэтгэл зүй эрүүл биш байхад нийгмийн зөв хэмнэл хэвшлийн талаар ярихад хэцүү. Бид ирээдүйдээ, хүүхдүүддээ анхаарал хандуулъя.

Жишээ нь, танай хүүхдийн сургуульд стресс тайлах аргын талаар багш нар нь заасан уу? Эндээс эхэлмээр байна шүү дээ. Уурлаж, гомдсон мэдрэмжээ мэдэхгүй, илэрхийлж чадахгүй байна. Бид боловсролын системээр дамжуулан хүүхдүүддээ тусалмаар байна. Багш нар хүүхдүүдийн мэдрэмжийг асуудаг, хүүхэд мэдрэмжээ илэрхийлж сурах ёстой. Энэ мэтээр хүүхдийн нас насанд  тохирсон арга аргачлал бий. Энэ асуудлыг зөвхөн СЭМҮТ, эсвэл хэдэн хувийн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч хариуцсан хэвээр явбал байдал сайжрахгүй. Чи ч гэсэн эргэн тойрны хүүхдүүддээ тусалж чадна.

-Яаж туслах вэ?

-Ядахдаа тэднийг сонсож чадна. Бид хүүхдийг сонсож сураагүй, хүүхдэд өөрийн үзэл бодлыг тулгаж сурсан. Ийм маягаар яваад байвал хүүхэд “Тэртээ тэргүй намайг ойлгохгүй юм чинь!” гэж асуудлаа дотроо тээж, бугшиж явсаар хэзээ нэгэн цагт сөрөг байдлаар илэрнэ.

-Монголд сэтгэл зүйч дутагдалтай юу?

-МУИС, ХУИС, МУБИС зэрэг их сургуульд сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэдэг. Тэндээс жилд хэчнээн сэтгэл зүйч бэлтгэгддэгийг мэдэхгүй юм. Сэтгэл зүйчид хүүхдүүд, эрүүл болон сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүстэй ажиллах ёстой. 

Харин сэтгэл засалч мэргэжилтэй 160 орчим эмч улсын хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ эмч нар сэтгэл зүйн анхдагч тусламж үзүүлэх чиглэлд ажиллах нь сайн зүйл биш. Сэтгэл засалч, сэтгэцийн эмч бид нар сэтгэл зүйчидтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Сэтгэл зүйчид эрүүл болон тулгамдсан асуудалтай хүмүүстэй ажиллах ёстой. Харин бид нар сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлж ажилладаг. Сэтгэл судлаачдын хувьд эхлээд эмч болно, дараа нь сэтгэцийн эмчийн нарийн мэргэжил эзэмшинэ. Тэгээд сэтгэл засалч болно. Арван жил сурч байж сэтгэл засалч болдог.

-Монголд сэтгэл зүйчийн хэрэгцээ нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь сэтгэл судлалын талаарх боловсрол сайжирч байгаагийн илрэл биш үү?

-АНУ, Голланд, Швед зэрэг хөгжлөөрөө тэргүүлдэг оронд хүүхэд мэндлэнгүүт тухайн гэр бүл нэг сэтгэл зүйч, нэг хуульчтай болдог. Харин манай орон ийм төвшинд хүрээгүй ч хүмүүсийн боловсролын төвшин нэмэгдсэнтэй уялдаж сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хэрэгцээ маш хурдацтай нэмэгдэж байна. Учир нь, тулгамдаж буй асуудал нь өнөөдрийн талхныхаа мөнгийг олохдоо биш сэтгэлдээ тулгамд­ сан асуудлыг давахад анхаарч байгаагийн илрэл юм.

-Амиа егүүтгэх явдал өсвөр насныхны дунд нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Сэтгэл зүйн тулгамдсан асууд­лаас болж амиа егүүтгэх буюу хорлох явдал нэмэгдэх хандлагатай байна. Олонх хүн амиа егүүтгэхийг сэтгэцийн өвчтэй хүн л хийдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Харин ойр дотных болон эргэн тойрны хүнд ийм зүйл тохиолдох үед “Зүгээр л хүүхэд байсан шүү дээ” гэж ярьцгаадаг.

Амиа хорлоно гэдэг сэтгэлийн тулгамдсан маш олон асуудлын эцсийн төгсгөл буюу гарах гарцгүй болсны шинж юм. Ихэвчлэн урт удаан хугацааны турш сэтгэл зүйн асуудалтай явсныг илэрхийлдэг. Гэтэл ихэнх нь амиа егүүтгэсэн хүнийг л буруутгаад өнгөрдөг. Тэдэнд удаан хугацааны турш сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсныг боддоггүйд л хамаг учир байгаа юм.

-Нийгэмд бугшиж байгаа нэг зүйлийг гэр бүл судлаачид хардалттай холбодог. Хардалтын талаар та юу хэлэх вэ?

-Хардалт байх ёстой, ёсгүй гэж ярихаас илүүтэйгээр байдаг л сэтгэл зүйн хариу урвал гэж ойлгож болно. Мэдээж хэрээс хэтрэх, заагаас халих, хэвийн амьдралд саад учруулах хэмжээнд байвал асуудал болно. Хардалт яг мөн эсэхээс бас хамаарна. Өөрөөр хэлбэл, нүдээр үзээгүй, нотолгоонд тулгуурлаагүй зүйлд итгэх тухай энд ярина. Залуу гэр бүлд зөвлөхөд нүдээр үзээгүй, үзсэн ч үнэн эсэхийг нягталж байж шийдвэр гаргах нь зүйн хэрэг байдаг. Яагаад гэвэл гэр бүлийн амин холбоо хүүхэд тэнд бийг мартаж болохгүй.

Хүүхдийн хүмүүжилд төгс гэж зүйл байхгүй. Хамгийн гол нь хүүхдийг үргэлж хайрлаж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хүмүүжилд байх ёстой хамгийн том зарчим. Загнахдаа, уурлахдаа, ойлгуулахдаа, тэврэх­ дээ, тоглохдоо ч хүүхдээ хайрла. Унтаж байхад нь ч хайрла. Хүүхдэд хэзээ ч хайр илүүддэггүй гэдгийг мартаж болохгүй.

Б.ДААРИЙМАА

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!