LOADING

Type to search

Other voices

Б.Батжаргал: 1979 оноос хойш төрсөн даатгуулагч шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжинэ

Share

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, тус холбоооны дэргэдэх Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг судлах ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат “Өнөөдөр” сонины Уншигч-сурвалжлагчаар ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал зочноор оролцлоо. Тэд Нийгмийн даатгалын багц хууль, тэр дундаа тэтгэврийн даатгалын талаар голлон ярилцсан юм.

-Анх удаа сурвалжлагчаар ажиллаж буй учраас сандрах төлөвтэй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол төрийн биш, даатгуулагчдын мөнгө. Гэтэл нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байна. Төр хариуцаж буй Нийгмийн даатгалын сангийн алдагдал юунаас болж үүсдэгийг та тайлбарлахгүй юу?

-Нийгмийн даатгалын дөрвөн сан бий. Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯ-ны харьяа болж “тусдаа гарсан”. Үүнээс гадна Тэтгэврийн, Тэтгэмжийн,  Үйлдвэрлэлийн ослын, ажилгүйдлийн сан гэж бий. Тэтгэврийн даатгалын санд 2021 онд 593.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс олгоно. 593.8 тэрбум төгрөгийг задалж харахаар хоёр том зардал харагдана. Нэгдүгээрт, цэргийн тэтгэвэр гээд нийгмийн даатгалын тогтолцооноос тусдаа бүрэлдэхүүн хэсэг бий.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай бие даасан хуультай. Энэ хуулийн дагуу цэргийн 10 байгууллагын алба хаагчид зөвхөн эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Дээрх хуульд зааснаар нийгмийн даатгал төлөхгүй, тэтгэвэрт гарах тусгайлсан нөхцөлүүдтэй юм. Үүний дагуу 19 234 алба хаагчийн тэтгэврийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, 593.8 тэрбумаас 173.3 тэрбум төгрөгийг цэргийн албан хаагчийн тэтгэвэр авагчийн тэтгэвэрт зарцуулдаг.

Хоёрдугаарт, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг санхүүжүүлэх зардлыг улсын төсвөөс хариуцдаг. Учир нь 1995 оноос өмнө хувь хүн тэтгэврийн даатгалын шимтгэл төлдөггүй байв. Тиймээс 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульчлаад 58 мянга орчим тэтгэвэр авагчид жил бүр  254 тэрбум төгрөг олгож байна.

Ингээд 427.3 тэрбум төгрөгийн зардлыг дээрх хоёр төрлийн тэтгэвэр эзэлдэг. 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн ослын улмаас тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зардлыг төсвөөс  санхүүжүүлэхэд 3.3 тэрбум төгрөг зарцуулдаг. Мөн тэтгэмж, ажилгүйдлийн санд 42.6 тэрбум төгрөг зарцуулна. Үндсэндээ дээрх мөнгөний 85 орчим хувь нь улсын төсвөөс өгөх ёстой мөнгөө өгч буй гэх агуулгад хамаардаг. Харин үлдэгдэл дүн нь Тэтгэврийн сангийн цэвэр алдагдал юм.

-Өнөөдөр бидний шударгаар төлдөг нийгмийн даатгалын шимтгэл тэтгэвэр авч буй хүмүүсийн мөнгөнд хүрэхгүй байвал тэр алдагдал. Үүнд бид хамгийн их санаа зовж байна. Төр нэмэлтээр мөнгө аваад байна гэсэн үг. Дээрээс нь 2013 онд 10 жил ажил хийгээгүй иргэдийн нийгмийн даатгалын дэвтрийг 78 120 төгрөгөөр бөглөж өгсөн. Уг үйлдлийн дараа малчдын тэтгэврийг нөхөн төлсөн байна. Одоогийн хуулийн төсөлд бас малчдын тэтгэврийн 50 хувийг эхний таван жилд төрөөс даана гэжээ. Малчдын тэтгэврийг төр даалаа, үүнийгээ алдалдал гэж нэрлээд дахиад нийгмийн даатгалыг нэмэхгүй бол болохгүй нь гэх юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Тиймээс шинэ хуулийн төслөөр Нийгмийн даатгалын санг хэрхэн хамгаалж байгаа вэ?

-Даатгуулна гэдэг эрсдэлийг хаах харилцаа юм. Эрсдэл үүсэж магадгүй шүү хэмээх харилцаа. Гэтэл адил хэдийн эрсдэл үүссэн нөхцөлд нөхөн даатгал төлчихөөр шударга бус байдал үүсдэг. Насаараа мал маллаад хувиараа нийгмийн даатгалаа төлсөн хүмүүсийн тархинд “Өө энэ хүн ажил хийхгүй гараа хумхиж суусан хэрнээ 78 120 төгрөг төлөөд 11 жил худалдаад авчихлаа. Гэтэл би 11 жил хөдөлмөрлөөд ном ёсоор хуулийн дагуу шударгаар илүү их мөнгө төллөө” гэж харамсаж магад.

Гэтэл нөгөө нөхөн төлж байгаа хүмүүс ч баталсан хуулийн дагуу л нийгмийн даатгалаа төлж буй. Тиймээс шударга байдлын дэнс гэдэг зүйл алдагдаад байна. Хувь хүний хувьд гарах асуудал ийм байна. Харин тогтолцооны хувьд 1995 онд Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө 1993,1994 онд маш их тооцоолол хийсэн юм билээ.

Үүнд олон улсын байгууллага томоохон дэмжлэг үзүүлсэн. Энэхүү тооцооллыг хийж 1995 оноос шинэ тогтолцоо нэвтрүүлсэн боловч энэ дундуур нөхөн даатгал гэдэг тооцоолоогүй асуудал гарч ирсэн. 1990-2000 оны нөхөн даатгалд 600 000 гаруй хүнийг хамруулсан. Хамгийн дээд тал 78 120 төгрөг төлж 11 жил худалдан авсан. Ийм байдал цаашид үргэлжлэх юм бол Тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал бүрдэх боломжгүй. Тийм учраас нөхөн даатгал гэх зүйлийг дахин хэрэгжүүлэхгүй байх шаардлагатай.

Харин нэг асуудал байгаа нь ажилтныг ажиллуулчихаад цалинг нь олгоогүй, нийгмийн даатгалыг нь төлөөгүй, шимтгэл авсан хэрнээ тайлагнаагүй зэрэг маргаан гардаг. Үүнд акт тавьж нөхөн төлүүлэх харилцааг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, огт төлөөгүй даатгалыг улсын хэмжээнд нөхөн төлөхгүй болно.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн харилцааг олон өөр хуулиар бус, зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль буюу нэг хуулиар зохицуулна гэж үзэж байна. Өнөөдөр Нийгмийн даатгалын тухай хуулиас тусдаа 8-10 хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн харилцааг зохицуулдаг. Тухайлбал, гаалийн ажилтны гэр бүл, дипломат албаныхны нийгмийн даатгалыг тус тусын хуулиар хуульчилсан.

-Малчдын тэтгэврийн эхний таван жилийн шимтгэлийг төрөөс төлнө гэсэн нь маргаан дагуулж буй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид “1000 гаруй малтай, хот, хөдөөгүй байртай, машинтай малчин хөнгөлөлт эдлэх нь. Харин би зах дээр 20 жил ажиллаж, даатгалаа төлсөн” гэж гомдоллосон. Одоо шударгаар нийгмийн даатгал төлж буй иргэдийн Нийгмийн даатгалын санд малчдыг хамаатуулчихвал магадгүй 10, 20 жилийн дараа дахиад л асуудал гарах юм биш үү?

-УИХ-аас Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг 2015 онд баталсан. Эл бодлогын нэг заалт нь нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх юм. Тухайлбал, малчдад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тусгасан. Үүнийг ямар байдлаар хэрэгжүүлвэл оновчтойг хэдэн талаас нь ярилцсан. Өдгөө малчдын 25-30 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Энэ байдлаараа үргэлжилбэл буцаад халамж, тэтгэмж дээрээ “бууна”. Үүнд гаргах зардал нь одоо улсын төсвөөс төлөх 50 хувиас хэд дахин өсөхөөр байгаа юм.

Тиймээс эл зардлыг урьдчилж бууруулах, мөн малчдыг нийгмийн даатгалын тогтолцоо руу оруулах алхмыг хийхээр зөвхөн таван жил л дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан. Заавал бүх малчны нийгмийн даатгалыг таван жил төлнө гэсэн үг биш. Тодорхой шалгуур бий. Мянгат малчны нийгмийн даатгалыг төр төлөхгүй. Мөн ноос, ноолуурын урамшуулал, малын хөлийн татвар зэрэг малчдыг тойрсон олон хөтөлбөртэй уялдуулж төлөх, эсэх асуудал яригдана. Орлого, малын тоо, А данстай нь уялдуулна. Хуримтлал үүсгэж чадахгүй, цөөн малтай, зорилтот бүлгийн хэсэг малчин л хуулийн үйлчлэлд хамрагдах болов уу.

-Ийм дагалдах нөхцөлөө хуульд маш тодорхой тайлбарлахгүй, ерөнхий байдлаар ярьж байгаад баталчих магадлалтай. Одоогийн энэ заалтаас болоод маргаан гарна, барьцаж эхэлнэ. Уг нь малчид ч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч нийгмийн даатгалаа төлөх л ёстой. Тиймээс бүгд нийгмийн даатгалаа шударгаар төлөөд нэрийн дансан дахь мөнгөний ядаж 50 хувийг нас барсан иргэний ар гэрийнхэнд өвлүүлж болохгүй гэж үү?

-Хуулийн төслийн үндсэн агуулга бол хуваарилалтын зарчим буюу эв санааны нэгдлийн зарчмаа бага багаар өөрчилж, хагасаас бүрэн хуримтлал руу шилжих юм. Хэрвээ даатгуулагч нас барсан бол нийт хуримтлуулсан шимтгэл нь тухайн хүний л өмч. Энэ бол олон улсын зарчим. Тухайн хүний мөнгийг тэгш, шударга хуваарилах нь бас л хуулиар шийдэх асуудал.

Одоо Тэтгэврийн сан, Цэргийн алба хаагчийн болон Үйлдвэрлэлийн ослын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож буй. Тоо хэлэхэд, Тэтгэврийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй 20 000 орчим хүн бий. Энэ бол асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ алдсан хүмүүсийн бүртгэл. Нэг өрх хоёр хүүхэдтэй гэж тооцвол цаана нь 40-50 мянган хүүхдийн асуудал яригдана. Үйлдвэрлэлийн ослын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй 478, Цэргийн албан хаагчийнхаас авч байгаа 907 хүн бий.

Ингээд эдгээр хүүхэд болон иргэнд тэтгэврийн өвлүүлэлт буюу орлогын дахин хуваарилалт явагддаг юм. Мөнгөн дүнгээр нь үзвэл жилд 90 орчим тэрбум төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тухайн хүний тэтгэврийн хэмжээнээс илүү гарах тохиолдол байдаг. Тухайлбал, таван жил нийгмийн даатгал төлөөд сүүлийн нэг жил нь тасралтгүй бол тэжээгчээ алдсан иргэнд хувь тэнцүүлж тэтгэвэр олгодог. Одоогийн доод хэмжээ 300 000 төгрөг. Ар гэрт үлдсэн  хүүхэд нэг настай байлаа гэхэд 19 хүртлээ жилд  3.6 сая төгрөг авна. Үүнийг 18 жилд үржүүлэхээр багадаа 65 сая төгрөг олгодог.

Одоогийн шинээр боловсруулсан хуулийн төсөлд тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгодгоороо олгоно. Зарим үед тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэхгүй тохиолдол гардаг. Даатгуулагч тэтгэврийн нас руу дөхчихсөн, эсвэл тэтгэвэрт гарангуутаа нас барсан тохиолдол байж болно. Хуулийн төсөлд  даатгуулагч тэтгэвэрт гараад нас барж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах харилцаа үүсээгүй бол нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хувийг буцааж өвлүүлнэ” гэсэн заалт оруулсан. Таны хэлдэг нэг хувь бол тус мөнгийг олгохын тулд сан хэрэгтэй болно. Бодит мөнгө хэрэгтэй. Тэр сангийн мөнгийг бүрдүүлэх дүн нь нэг хувь юм. Эндээс өвлүүлэх зардлыг санхүүжүүлэн олгоно.  

-Өвлүүлэх асуудлыг хувийн Тэтгэврийн сангаас бүрдүүлнэ гэдэг ойлголт нийгэмд харагдаад байна. Тэгэхээр нийт иргэнд тэтгэврээ өвлүүлэх тал дээр баримтлах бодлого байна уу. Үндсэн тэтгэврээс бус, дахин хувийн тэтгэврийн данс нээж, шимтгэл төлөөд, түүнийгээ өвлөх юм биш үү. Үнэнийг хэлэхэд 1.3 сая хүнээс арай боломжтой нь эхний ээлжид 20, 30 мянган хүн байх болов уу. Цаашдаа өсөх биз. Үлдсэн хүмүүс нь яах вэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хоёр эрэгтэй тутмын нэг нь 65 хүрээд нас барах магадлалтай. Өөрөөр хэлбэл, хоёр хүний нэг нь л тэтгэвэр авна гэсэн үг. 55 настайдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг хэлээгүй шүү. Тиймээс одоогийн хуулийн зохицуулалтаар өвлүүлэх боломжгүй юм биш үү?

-Өвлүүлэлт бол эмзэг сэдэв. Учир нь даатгуулагчийн хуримтлуулсан шимтгэл өвлөж авч буй хүнийхээ нийгмийн хамгаалал болох гол зорилготой. Жишээ нь, Японд үр хүүхэд нь өвлөх бол 90 хүртэл хувийн татвар төлдөг. Япончууд үүнийгээ “Энэ бол танд зориулж цуглуулсан мөнгө биш, тухайн хүний өөрийнх нь хөрөнгө. Та өөрөө ажиллах ёстой” гэж тайлбарладаг.

Бусад орон эхнэр, эсвэл нөхөрт нь таны хэлсэнчлэн сар болгоны амьжиргааг дэмжих зорилгоор нэмж мөнгө өгдөг юм билээ. Тогтвортой нийгмийн хамгааллыг бүрдүүлж буй нэг хэлбэр нь энэ. Тэтгэврийг нэг удаа мөнгө олгох зарчмаар өвлүүлж болно. Гэхдээ ямар ч нийгмийн хамгаалал болохгүй тохиолдол олон улсын жишигт байна. Зарим нь өвлүүлэлтийн мөнгө авч үрж, дампуураад буцаад халамж руу ордог. Ийм асуудлаас үүдэн эхнэр-нөхөр, нөхөр-эхнэр гэсэн харилцаанд тулгуурлах уу, дахин хуваарилах уу гэдэг асуудлыг нухацтай ярилцаж буй.

Одоогийн бидний мөрдөж буй хуулиар тэжээгчээ алдсаны тэтгэвэр их өргөн цар хүрээтэй. Талийгаачийн төрсөн хүүхэд, асрамжид нь байсан ач, зээ, дүү, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эхнэр, нөхөр, дагавар хүүхдэд хүртэл тэтгэмж олгодог. Бодит хуримтлагдсан мөнгөний нэг хувиар сан үүсгэхээр ярьж байна. Үүнийг яаж шударга хуваарилах вэ, амьжиргааг хэрхэн дэмжих вэ, нийгмийн хамгааллыг хэрхэн зөв бүрдүүлэх вэ гэх шийдэл хайж байна.

-МҮЭХ-нд өдөрт 5-6 хүн  гомдол гаргадаг. Тухайлбал, насаараа хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлсөн аав, ээж минь нэгнийхээ тэтгэврээр байрны мөнгөө төлдөг, нөгөөх нь хоногийн хүнсээ залгуулдаг. Гэтэл нэг нь нас барчихаар үлдсэнд нь санхүүгийн ачаа дарамт ирдэг.  Тухайн хүн тэтгэвэрт гарсныхаа дараахан хавдар туссанаа мэдээд байраа барьцаанд тавьж, зээл аваад Бээжин рүү явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулсан юм билээ. Удалгүй нас барсан. Үлдсэн хөгшин нь байрны мөнгөө төлөх үү, зээлээ өгөх үү, хоолоо идэх үү, яах вэ гэдэг асуудал үүссэн. Цаашлаад хамтран зээлдэгчээр оролцсон үр хүүхэд нь төлж буй гэх. Үүнийг яах вэ, үр хүүхдүүд нь өр өвлөөд, өв үлдсэнгүй. Уул уурхай, нисэхийн салбарт хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс төдийлөн өндөр наслахгүй байгаа нь судалгаагаар батлагдсан. Өндөр эрсдэлтэй хүмүүст Тэтгэврийн даатгалын сангаас нэг удаагийн мөнгөн тусламж олгож болохгүй юу. Гэтэл ажил хийгээгүй хүмүүс 78 000 төгрөг төлөөд нөхөн даатгал төлдөг. Зарим нь ажил хийхгүй, бодит орлогогүй хэрнээ сүүлийн таван жил шимтгэлээ өндрөөр төлөөд, өндөр тэтгэвэр авдаг. Тиймээс иргэд хувийн тэтгэврийн сан бүрдүүлсэн нь дээр гэж үзэж байна. Үүнд та хариулаач.

-Орлогын дахин хуваарилалт хийдэг хамгийн гол арга аль ч улсад адилхан татварын бодлого юм. Нийгмийн даатгалын шимтгэлээр дахин хуваарилалт хийх жаахан төвөгтэй. Хуулийн төсөлд нэг шинэлэг зүйл оруулсан нь тэтгэврийн олон давхаргат тогтолцоо. Өндөр цалинтай хүнээс ахиу шимтгэл аваад байвал тухайн хүний нэрийн дансан дахь шимтгэл маш өндөр, бага орлоготой хүнээс бага шимтгэл авбал нэрийн дансан дахь шимтгэл бага л байна. Улмаар тэтгэвэрт гарсны дараах ялгамжтай байдал улам ихэснэ. Үүнээс ихэнх улс орон урьдчилан сэргийлж, тэтгэврийн юм уу, шимтгэлийн тааз тогтоож өгдөг. Манай тэр зарчмаас гажихгүй, нэг бол цалин, эсвэл тэтгэврийн дээд хэмжээ тогтооно.

Одоогийн хуулиар шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин өсгөсөнтэй тэнцүү байна гэсэн зохицуулалттай. Тэтгэврийн олон давхаргат тогтолцооны нэг сайн тал нь зөвхөн нэг давхаргат өндөр ачаалал өгөх бус, ачааллыг олон давхаргад хуваах явдал юм. Нийгмийн даатгалын үндсэн зарчим нь тухайн хүнийг баяжуулна гэсэн зорилт тавьдаггүй, таны нийгмийн хамгааллыг баталгаажуулна гэдэг. Харин иргэнд боломж олгох үүднээс даатгалын хэлбэрүүдийг нээлттэй гаргаж өгдөг. Одоогийн өргөн барьсан хуулийн гол ач холбогдол үүндээ бий. Өргөн барьсан хуулиудын нэг нь Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн төсөл юм.

Хувийн нэмэлт тэтгэвэрт бүх  хүн хамрагдах эрхийг хуулийн төсөлд нээж өгсөн. Энэ хууль батлагдвал иргэд хоёр янзаар хамрагдаж болно. Нэгдүгээрт, хувь хүн хамрагдах боломжтой. Хоёрдугаарт, ажилтан хамрагдаж болно. Ажил олгогчоос шимтгэлийг хамтран төлнө. Гэхдээ ажилтан буюу гишүүн хамрагдах, эсэх болон сонголт хийх шийдвэрийг зөвхөн өөрөө гаргана. Байгууллага нь ажилтнаа дэмжиж энэ тогтолцоонд хамтран оролцоно.   

-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцооны эрсдэлийг тооцоолсон уу. Дахиад нэг “Ундармаа” гарч ирээд иргэдийг тэтгэвэр ч үгүй, даатгалгүй үлдээдэг болох вий гэсэн болгоомжлол байна.

-Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн улс орнуудын толгойны өвчин бол найдвартай байдал. Энэ тогтолцоог бүрдүүлэхээр ярьж эхлэхдээ олон улсын байгууллага болох Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй хамтран ажилласан. Бусад улсын  дампуурлын жишээнүүдийг зөвлөхүүд гаргаж тавьсан.

Дэлхийн эдийн засгийн сүүлийн жилүүдийн хямралаар АНУ-ын дундаж орлоготой хүний хувийн нэмэлт тэтгэвэрт хуримтлуулсан мөнгөний  50 хүртэл хувь нь “ууршаад” алга болсон. Нэг ёсондоо тэтгэврийнх нь 50 хувь алдагдал хүлээсэн. Зөвлөхүүд  нэгдүгээрт, нэмэлт тэтгэвэр сайн дурын байх, хоёрдугаарт, үндсэн нийгмийн даатгалдаа заавал даатгуулсан хүнийг хамруулна гэж заасан. Яагаад гэвэл үндсэн даатгалаа төлөхгүй алгасаж, хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдсан хүн дампуурвал ямар ч нийгмийн хамгаалалгүй үлдэнэ.

Мөн хувийн нэмэлт тэтгэвэр ажиллах дэд бүтэц, хүний нөөц бий юү, цуглуулсан хөрөнгийг төрөл бүрийн зах зээлд хөрөнгө оруулахад найдвартай юу, өгөөж найдвартай, эсэх, алдагдал гарвал хэн үүрэх вэ гэдгээ анхаараарай гэж зөвлөсөн. Хуулийн төсөлд нэн тэргүүнд үндсэн нийгмийн даатгалд даатгуулсан байхыг тусгасан. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтад оруулж болох, болохгүй жишгүүдийг нэрлэж, заавал баталгаат өгөөжтэй байхаар хуульчилсан. Өгч чадахгүй бол дүрмийн сан буюу тэтгэврийн сан байгуулсан өөрийн хөрөнгөөсөө төлнө гэсэн үг. Чадахгүй бол лицензийг нь цуцлах арга хэмжээ авна.

-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг харсан. Гэхдээ үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм билээ. Шууд итгэхгүй байна. Тус газар маш сайн хянадаг бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй байсан бол ББСБ-ууд дампуурахгүй байсан. АНУ-ын жишээг давтах вий. 20 жилийн тэтгэврийн шимтгэлийн мөнгөө өгөхөөр тогтоож өгсөн нь зарим нэгний арааны шүлсийг асгаруулж байгаа байх. Улстөрчид төлөвшөөгүй энэ үед энэ хуулийн төслийг чөлөөт өрсөлдөөний журмаар биш, харин ч хэмжээ хязгаар тогтоож өгсөн нь дээр юм биш үү. Яаж хяналт тавих вэ?

-МҮЭХ-ноос ирүүлсэн нэг саналыг хуулийн төсөлд тусгасан. Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын сангийн хамгийн чухал шийдвэр гаргагчид нь Удирдах зөвлөлийнхөн. Тиймээс Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүдээс заавал оролцуулах заалт тусгасан. Эцэст нь хяналт тавих хамгийн чухал субъект нь гишүүд өөрсдөө.

Тэд маш сайн хяналт тавих үүрэгтэй. Үүний тулд кастодианы бүртгэл хийж, хэдэн төгрөг төвлөрсөн, хэдэн төгрөгийг хаашаа хөрөнгө оруулсан, ямар бонд, хувьцаа худалдаж авсан, ямар өгөөж орж ирсэн зэрэг бүртгэлийг ил тод цахимаар хянах боломжтой. Одоогийн байгаа зах зээл дээр дөрвөн байгууллага байдаг.

Даатгалын нэг, аж ахуйн нэгж гурав бий. Нийт 14 000 хүн дээрх дөрвөн байгууллагад хамрагдаж, хувийн тэтгэврийн санд нь 16 тэрбум төгрөг хуримтлагдсан. Тэдэнд үе шаттай шинэчлэл хийх боломж олгох зорилгоор хуулийн төсөлд шилжилтийн зохицуулалтыг оруулсан болно. Хяналттай байх зорилгоор тухайн хүн өдөр бүр данс руугаа орж шалгадаг, хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа хүн өөрөө хянах ёстой. Ямар нэг байгууллагын дэргэд Тэтгэврийн даатгалын сан байгуулахгүй байхыг захиж буй. Бие даасан хуулийн этгээд байгуулж, мөнгөө өгөх нь зөв гэсэн үүднээс хуулийн төсөлд тусгасан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо хуулиараа яалт ч үгүй хяналт тавих үүрэгтэй байдаг. 

-Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцож гаргадгийг долоон жил болгосон. Үүнийг иргэд эсэргүүцэж буй. Социализмын үед нэг хүн насан туршдаа ихдээ 2-3 ажил сольдог байв. Одоо нийгмийн байдлаас болж 5-6 ажил сольж байна. Заримынх нь нийгмийн даатгал төлөгдөхгүй хохирдог. Шуудхан хэлэхэд тэтгэврийг нь бага тогтоох гэсэн арга ч юм шиг. Энэ тухай гомдол тасралтгүй ирж байна. Яагаад хуулийн төсөлд 10 жил болгоно гэж тавьсан юм бэ?

-Дэлхий дээр тэтгэвэр боддог үндсэн хоёр арга бий. Эхнийх нь цалинд суурилсан буюу долоон жилийн дунджаар тооцох, нөгөөх нь шимтгэлд суурилсан аргаар буюу өөрийн ажиллах хугацаандаа (20, 30, 40 жил) цуглуулсан шимтгэлийн хувийг тогтоож, цаашлаад 20-30 жил амьдарна гэж тооцвол түүндээ хувааж авах арга.

Манай улс цаашид шимтгэлд суурилсан арга руу шилжинэ. 1979 оноос хойш төрсөн даатгуулагчид шимтгэлд суурилсан аргаар тэтгэврээ тогтоолгож эхэлнэ. Одоо эдгээр хүмүүс 43 настай. 1960-1979 онд төрсөн бол дээрх хоёр хувилбараас сонгоно. 1960 оноос өмнө төрсөн нь шууд цалингийн дунджаараа тэтгэвэр тогтоолгоод явж буй. Эндээс шударга тогтолцоо үүснэ хэмээн харж байгаа. Та хөдөлмөр эрхлээд хэдэн төгрөгийн шимтгэл цуглуулж чадсан юм. Түүнийгээ л авах зарчим үйлчилнэ. Энэ нь шимтгэл төлсөн нийт хугацаандаа хувааж байгаатай адил зарчим юм. Тэтгэврийн шинэчлэлийн бодлогоор таван жилийг өсгөх, 10 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоодог болгохоор тусгасан юм билээ.

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл улстөрчдөөс ангид байж чадахгүй байна гэж харддаг. Хуулийн төсөлд үндэсний зөвлөлийнхнийг сонгох эл асуудлыг хэрхэн тусгав?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг нэг ёсондоо Удирдах зөвлөл юм. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албыг илүү бие даасан болгож, чадавхжуулах ёстой гэж оруулсан. Уг зөвлөлийн харьяанд бие даасан, хараат бус мэргэжлийн хороод ажиллуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, зөвлөл бүх зүйлд оролцож шийдвэр гаргахгүй, зөвхөн тухайлсан бодлогыг нь батлахаар зохицуулсан. Мэдээж мэргэжлийн хороод хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын гэх мэт бодлогоо боловсруулна. Хэрэгжүүлэхийг нь НДЕГ болон хөрөнгө итгэмжлэн удирдах бие даасан баг гүйцэтгэх ёстой. Ийм  тогтолцоо руу шилжих хэрэгтэй болов уу.

-Тэтгэврийн ердийн насыг 60, 65 гэж тогтоосон. 60 настай тэтгэвэрт гарвал 20 хувийг хасна. 65-тай тэтгэвэрт гарвал 20 хувийн урамшуулал олгох заалт хуулийн төсөлд оруулжээ. Үүнийг МҮЭХ эсэргүүцэж байна.  Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлүүдийг 2025 оноос байхгүй болгоно гэжээ. Яагаад вэ. Жишээ нь, нисэхийн 90 жилийн түүхэнд тэтгэвэртээ гарсан нислэгийн удирдагч алга. Тэтгэвэртээ гарахаас өмнө нас барж байна. Арай гэж 55 нас хүртлээ тэсэж байхад тэтгэвэрт гарах насыг нь нэмээд, дээрээс нь 20 хувийг хасаад бас болоогүй хөдөлмөрийн хортой хүнд нөхцөл гэдэг заалтыг нь хасах гэж үү?

-Газрын доор, хортой, халуун, хүнд нөхцөлд гэсэн хөдөлмөрийн ангиллууд бий. Хуулийн төслөөс хасагдаагүй бүгд бий шүү дээ. Гэхдээ хүнд нөхцөлийн ангиллыг хасвал яасан юм гэдэг асуудлыг оруулсан. www.parliament.mn цахим хуудсанд хуулийн төсөл, дагалдах бичиг баримт бүгд орсон. Одоо ганцхан Монголд л ийм тийм нөхцөлтэй бол та эрт тэтгэвэртээ гарч болно гэх заалт үйлчлээд буй. Хамгийн сүүлд Орос, Казахстан хуулиа өөрчилсөн. Таны хэлснээр заримыг нь тусгай даатгалаар зохицуулж байна. Ажлын нөхцөл тань хүнд учраас таныг тусгай санд нэмэлт даатгалд даатгуулна гэдэг.

Манайх энэ систем рүү хараахан орж чадахгүй байна. Нөгөө нэг урамшуулал нь цалингийн систем юм. Таны ажлын нөхцөл хүнд. Тиймээс цалинг тань хоёр дахин нэмнэ гэх зохицуулалт дэлхий нийтэд үйлчилдэг. Хүнд нөхцөлд ажиллаж байгаагийн үр шимийг тэтгэвэрт эрт гарах байдлаар хүртэх ёсгүй гэж үзсэн хэрэг. Эцэст нь хөдөлмөрийн аюулгүй байдал энд яригдаж байна. Нэг асуудал байгаа нь бүх байгууллага  ажилтнуудаа хүнд нөхцөлд хамруулахыг хүсдэг боллоо. Тийм хэрнээ хүнд нөхцөлийг бууруулах зардал төсөвлөдөггүй. Ажлын байрны эрсдэлээ үнэлж, эрсдэлтэй бол түүнийг бууруулах ажил хийдэггүй.

Хүнд нөхцөл ажиллуулж, хүмүүсийг эрүүл мэндийг доройтуулах хэрэг байна уу. Маш олон асуудал бий. Хуулийн төсөлд хүнд нөхцөлийг эргэж харах ёстой гэсэн агуулгаар оруулсан. Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийж, хүнд нөхцөлийг тогтоох нь одоогийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоор нээлттэй. Энэ нь тухайн ажилтны цалинг нэмэх, ачааллыг тэнцвэржүүлэх боломж олгодог.

-Цар тахлын үед зарим байгууллага иргэдийнхээ цалинг 60 хувиар бодож олгож буй юм билээ. Жишээ нь, төмөр зам, нисэхийн ажилтнууд нийгмийн даатгал хамгийн их төлж байсан хэрнээ өнөөдөр хохирч байна. Тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүс маш их хохирно. Тэдний эрхийг эл хуулиар хамгаалж чадах уу. Адаглаад “Ковид-19”-өөр өвчилсөн  хүнд лист (эмнэлгийн хуудас) өгөөд ч Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохгүй байна гэх юм.

-Нийгмийн даатгалын харилцаа гэхээр зарим нь зөвхөн тэтгэвэр гэж ойлгодог. Гэтэл жилд 665 мянган даатгуулагч 2.4 их наяд төгрөгийн үйлчилгээг даатгалын сангаас авч байна. Тэдний 455 мянга нь тэтгэвэр авагч. Цаана нь байгаа 210 мянган даатгуулагч жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Үүнд зарцуулах зардал зөвхөн нэг жилд 220 тэрбум төгрөг болдог. Нийгмийн даатгалын харилцаа богино, дунд, урт хугацааны эрсдэлийг хаадаг. 

Цар тахлын үеийн гол сургамж нь хөл хорионы үед иргэд гэртээ хоригдохоос гадна нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэгч байгууллагын ажилтнууд гэртээ хоригдсон. Тэгэхээр сүүлийн нэг жил хагаст энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг хэрхэн үзүүлэх нь тодорхойгүй байдал үүсгэлээ. Тиймээс ХНХЯ хүнээс үл хамаарах систем буюу цахимжуулах бодлого барьж байна. Манай нийгмийн даатгалын салбар давхардсан тоогоор 33 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 2024 онд бүгдийг цахим хэлбэрт шилжүүлж, 24 цагийн турш онлайнаар өргөдөл хүлээн авч шийдвэрлэн, буцаагаад хариуг цахимаар  илгээдэг болно.

Одоо 14 үйлчилгээг цахимаар үзүүлдэг. Яг одоо хийгдэж байгаа нэг томоохон ажил бол эмнэлгийн хуудсыг цахимжуулахаар ажиллаж байна. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нэг жилд 250 000 хүн авдаг. Эмнэлгийн хуудас цахимжсанаар ийм тооны даатгуулагч эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэст очих шаардлагагүй болж, хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ. “Ковид-19”-ийн хүнд үед хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг цаг тухайд нь, ямар нэг асуудалгүйгээр олгож байгаа.

Эцэст нь хэлэхэд, манайхтай адил системтэй байсан улсуудын туулсан бэрхшээлтэй бид ч тулгарч байна. Гэхдээ одоо асуудлыг хойш тавих хугацаа алга. Шинэчлэлийг яаралтай эхлүүлэх ёстой. Харин дараа, дараагийн үнэлгээг хурдан хийж, сайжруулах зүйлээ хурдан засах ёстойг бусад улсын туршлага харуулж байна. 

Эх сурвалж ӨНӨӨДӨР СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!