LOADING

Type to search

Онцлох

Л.Баттүвшин: Үхэл бол тэнэгрэл, тархины эсүүд үхээд дуусахад хүн нас бардаг

Share

АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи судлалын судлаач, АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшинтэй ярилцлаа.

-Хүний оюун ухаан, сэтгэц мэдрэлийн үйл ажиллагаа тархи судлалтай нягт холбогддог байх. Энэ төрлийн шинжлэх ухааны хөгжил манайд ямар түвшинд байна вэ?

-Тархи судлалын шинжлэх ухаан нь хүмүүс өөрсдийгөө сонирхож эхлэхээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл,“Би хэн бэ” гэдгийг нарийн түвшинд судалдаг шинжлэх ухаан юм.

Ерөөс ертөнц дээр хоёр том хар нүх байдаг. Үүний нэг нь сансрын хар нүх, харин нөгөө нь бидний тархины механизм дахь хар нүх юм.

Тархи бол асар баялаг судалгааны талбар шүү дээ. Монголын тархи судлал цөөхөн жилийн түүхтэй ч, урт замыг туулаад байна. Монгол хүн бусад үндэстнээс оюун санааны хувьд ямар ялгаатай, дэлхий нийтийн оюун ухааны хөгжлийн түвшинтэй хэр ойр байгаа зэрэг асуултыг мэдэх ёстой.

Жишээ нь, монгол хүүхдүүд аливааг хурдан сурдаг мөртлөө ахлах ангид ороод мууддаг гэж ярьдаг. Хэрэв үнэн бол үүнд юу саад болоод байна вэ гэдэг асуулт үүсэж буй. Энэ асуудал боловсролын тогтолцоотой холбоотой юу, аль эсвэл нөхдүүд эрт архи уугаад байна уу. Үүний шалтгааныг тодруулахын тулд судалгаа шинжилгээ шаардлагатай.

Тархи толгойтой холбоотой шинжлэх ухааны суурь бол “тархи судлал” юм.

-Тархи судлалын хөгжлийг илэрхийлэх эртний баримт байдаг уу?

-Хүний тархины талаарх түүхийн эх сурвалж нь гурвалжин хэлбэрийн урт чулуун дээр бичигдэн үлдсэн байгаа. Анх агуйн сүг зургаар хүн төрөлхтөн өөрсдийгөө тунхаглан, сонирхож эхэлсэн гэсэн үг.

Шумерийн соёл иргэншлийн үед чулуун дээр “Хүний бодол санаа, оюун ухаан бол тархитай холбоотой” гэж бичиж байсан. Гэтэл Египетийн соёл иргэншлийн үед навчин дээр “Хүний оюун санаа бол зүрхтэй холбоотой” гэж бичсэн байдаг. Хайр сэтгэл, өөрийн зан төлөв бүгд зүрхтэй холбоотой гэж үзсэн байх нь. Тархи бол зүгээр машин, цаана нь сүнс удирддаг гэсэн өрөөсгөл төсөөлөлтэй.

Хэрэв энэ сүнсийг ариун байлгавал зөв үйл хийнэ хэмээн шашинтай холбож явжээ. Харин тархины эсийг 1901 онд Испанийн Нобелийн шагналт тархи судлаач, Неороны онолыг боловсруулагч Кхал анх микроскопоор харсан. Ингэснээр мэдрэлийн эсүүд бусад бүх эсийг удирддаг гэдгийг нээн илрүүлсэн юм. Энэ эс мэдээллийг хүлээн авч боловсруулаад хариу үйлдэл үзүүлдэг.

-Тухайн үед тархи, зүрх хоёрын зааг ялгааг ойлгодоггүй байжээ?

-Хэрвээ зүрхийг мэс заслын аргаар шилжүүлэн суулгавал тэр хүн эхнэртээ, эсвэл нөхөртөө хайргүй болчихгүй шүү дээ. Хамгийн гол нь тархи бүгдийг удирддаг. Хүний бие тархийг удирдах уу, тархи биеийг удирдах уу гэсэн энгийн асуулт байгаа биз.

-Олон улсад тархи судлалын шинжлэх ухаан ямар түвшинд явна вэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад тархи судлалыг их сургуулийн түвшинд заадаг. Тархи судлалын судалгаа асар их хөрөнгийг татаж, хэрэгцээ шаардлага нь ч өндөр байгаа. Энэ жил АШУҮИС тархи судлалын магистр, докторын сургалтыг эхлүүлээд байна.

Хэрэв хүний нөөц хүрч, хангалттай болоод ирвэл бакалаврын сургалтаа нээх болно. Ингэснээр тархи судлалыг олон улсад яаж явагддаг тэр зарчмын дагуу үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилготой. Эрдэмтэд салбарын хөгжлийг түүчээлж, дагуулж явах ёстой. Энэ хүрээлэнг байгуулснаар дотооддоо суурь судалгаа хийх боломжтой.

Хуучин эрэлттэй мэргэжлийн жагсаалтад эдийн засаг, инженер, хууль байсан. Магадгүй 20 жилийн дараа тархи судлал энэ жагсаалтыг тэргүүлж мэднэ.

-Хэрэв оюун санааны хувьд стресст орж бухимдвал хүний бие махбодид ямар өөрчлөлт илрэх вэ?

-Тархи толгойтой холбоотой сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүд байдаг.

Мэдрэлийн өвчин нь бидний оюун санаа, зан төлөвт өөрчлөлт орохгүйгээр явагддаг. Харин сэтгэцийн өвчин унаж татаад ой ухаан самуурах, уур уцаартай болох цаашлаад амиа хорлох, архинд орох зэрэг сөрөг үзэгдлүүд илэрнэ. Заримдаа нуруу, толгойноос эхлээд бие эрхтэн энд тэндгүй өвдөх тохиолдол бий. Энэ зовууриа стрессээс үүдэлтэй гэж бодохгүйгээр эмчид үзүүлдэг талтай. Гэтэл өнөө өвдөөд буй эрхтэн нь цоо эрүүл байх жишээний. Ихэнхдээ үүнийг мэдэхгүй эмч хайгаад давхичихна, болохгүй бол ламдана.

-Тэгвэл стрессээс ангид байж, амар тайван амьдрахын тулд хүрээллээ зөв сонгох хэрэгтэй байх?

-Ерөөс стресс үүсгэдэг хүмүүстэйгээ харилцаагүй байхад л хангалттай. Энгийн мөртлөө амархан арга шүү дээ.

2000 оны Нобелийн шагналт, тархи судлаач эрдэмтэн Эрик Кандел “Тархийг эрүүл байлгахын тулд нэгдүгээрт, байнга лекц уншиж явдаг. Хоёрдугаарт, ясанд ачаалал өгч алхаж, гүйх дасгал хийдэг” гэсэн нь бий. 

Бидний яснаас тархийг тэжээдэг гормонууд ялгардаг.

-Хорт зуршлууд эргээд хүний тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Стрессээ тайлах шалтгаар архи уугаад улам дордуулбал эрсдэлтэй. Архи тархийг хайлуулж, мэдрэлийн эсийг үхүүлдэг. Ингэж нэгэнт үхэжсэн бол тархины эсүүд эргэн нөхөгддөггүй. Өөрөөр хэлбэл, тэр эсийг гэмтээвэл тархины үйл ажиллагаа эрс муудна. Тиймээс иргэдээ хайрлахын тулд бидэнд тархи судлалын дорвитой судалгаа хэрэгтэй.

-Тэгвэл хүн сэтгэцийн хувьд эрүүл аж төрөхийн тулд хэрхэх хэрэгтэй вэ?

-Тархинд ачаалал өгөхгүй эрүүл байлгавал урт наслаад яваад л байна. Тархийг илүү мундаг байлгахын тулд тохирсон ачааллыг нь өгөх ёстой. Магадгүй хүүхэд насанд нь Маугли шиг чонон сүргийн дунд эзгүй хээр хаяхад чоно л болно уу гэхээс, эргээд хүний нийгэм рүү орж чадахгүй.

Сурах насанд нь заах ёстой юмыг нь заагаагүй учраас тэнэгрэлд хүрсэн гэсэн үг. Тиймээс бид хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, тохирсон даалгавраар нь дараад байвал тархи улам хөгжинө. Урт насалж, үр бүтээлтэй сайхан амьдармаар байвал тархиа зовоохгүйгээр байнгын ачаалалтай байлгана гэсэн үг.

-Сэтгэц, мэдрэлийн өөрчлөлтөд чухам юу нөлөөлдөг талаар үндэсний томоохон судалгаа байдаг уу?

-Нийгэм даяар стресс, бухимдалтай байна гээд яриад л байдаг. Сэтгэл судлалд маш нарийвчлалтай, баталгаатай асуумжийн аргаар стрессийн судалгааг авч тодорхойлж болдог. Мөн стрессийн түвшинг багажийн шинжилгээний аргаар тогтоодог.

Чимээгүй орчинд гэнэт чанга дуу гарахад хүн цочиж, нүүрний булчингууд нь өөрчлөгдөөд сонин болдог биз дээ. Энэ үед зүрхний цохилт аль хэдийнээ өөрчлөгдсөн байгаа.

Хүн гэдэг чинь амьтантай адил аливаа аюулаас өөрийгөө хамгаална. Түүнээс биш“үүнээс айх уу, үгүй юү” гэдгийг асуух ухамсар байхгүй. Тэгэхээр амьтан болгонд аюулаас аврах тархины эсүүд бий. Тэрхүү хариуцсан эсүүд зүрх судас, амьсгал, булчинг хөдөлгөж байдаг. Тэгвэл стрессийг зүрхний цохилт, амьсгалын тоо, хөлсөөр хэмжиж сандралыг нь үзэх боломжтой.

Хэрвээ стресс удаан хугацаанд үргэлжилбэл нойрны хямралд өртөж, ядарна, сэтгэл гутралд орно. Энэ бол стрессээс үүдсэн сэтгэцийн шинж тэмдгүүд юм.

-Стрессийг багажийн түвшинд тогтооно гэдэг сонирхолтой санагдлаа?

-Стрессийн судалгааг багажийн түвшинд хийх баг бүрдүүлэн ажиллаж байна. Ингээд тандан судалгаа явуулахад монголчуудын хувьд стрессийн түвшин өндөр, амьдралын идэвх бага байна. Үүний шалтгааныг олохын тулд илүү нарийн судалгааг хийх шаардлагатай.

-Сүүлийн үед хүүхдүүд цахим тоглоомонд донтож байна. Тэгвэл энэ нь эргээд тархинд хэрхэн нөлөөлөх вэ?

-Насанд хүрсэн хүний анхаарал төвлөрөлт 50 минут үргэлжилдэг. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл тархи мэдээллийг хүлээн авч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, алив бүхэнд тогтсон цаг хугацаа байх ёстой. Хэрэв хүүхдэдээ цаг гаруй хугацаанд утсаар тоглох эрх олговол хорлож байгаагаас өөрцгүй. Цахим тоглоом донтолт үүсгэж, сэтгэцийн хамааралтай болгодог.

-Тархины эсүүд эдгээр муу дадал, зуршлаас үүдэн үхдэг байх нь. Мэдрэлийн эс үнэхээр нөхөгдөх боломжгүй юу?

-Арав гаруй жилийн өмнө олон улсад үүдэл эсийг хувиргаж мэдрэлийн эс гаргаж авсан. Таны биед байгаа эсийг хувиргаж өөр эс болгох боломжтой гэсэн үг. Тодруулбал, арьсны эсийг авч, хөгжлийнх нь шат руу ухрааж үүдэл эс болгоно. Тэрхүү эсээс буцаагаад зүрх, цус эсвэл мэдрэлийн эс үүсгэж чадсан юм.Тэгэхээр нөхөн төлжилтийг үүдэл эсийн аргаар эмчлэх боломжтой.

Гэхдээ энэ 20 жилийн дараа нэвтрэх болов уу. Яг одоо үүдэл эсийг хүний биед хийвэл “хавдар” болох эрсдэлтэй. Тэгэхээр үүдэл эсийн эмчилгээ хийнэ гэж байгаа бол хаа нэгэн газрын луйварчин, яг үнэндээ алуурчин гэсэн үг. Үүдэл эсийн эмчилгээ албан ёсоор батлагдаагүй байна.

-Тэгвэл нэгэнт үхэжсэн мэдрэлийн эсийг дахин төлжүүлэхэд цаг хугацаа нэлээн шаардах нь ээ?

-Хүний тархины эс байгалиасаа буюу эцэг эхээсээ асар их тоотой ирдэг. Хүний үхэл бол тэнэгрэл юм. Нэг ёсондоо тархины эсүүд үхээд дуусахад хүн үхнэ. Тэр нөхөн төлжилтийн арга одоогоор байхгүй. Тэнэгрэл гэдэг чинь хүний биологийн үхэл, үүнээс зугтах арга алга.

Ярилцсан: П.Сайнжаргал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!