LOADING

Type to search

Онцлох

М.Бямбадулам: Компани өртэйн улмаас авч чадаагүй НД-ийн буцаан олголт нөхөн олгогдоно

Share

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Тэтгэврийн даатгалын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Бямбадуламаас нийгмийн даатгалын буцаан олголттой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

– 2022 оны 6-р сараас НДШ-ийн буцаан олголтыг өгч эхэлсэн. Гэвч зарим хүмүүсийн буцаан олголт ороогүй гэх мэдээлэл байна. Ямар тохиолдолд буцаан олголт орохгүй байгаа вэ?

– 2022.04.29-ний өдөр Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль батлагдсан.

Уг хуульд зааснаар 1 000 000 ба түүнээс доош төгрөгийн орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор заасан.

Иймд тухайн сард шимтгэлээ төлсөн даатгуулагч төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна. Мөн шимтгэлээ төлсөн хэдий ч тухайн даатгуулагчийн дансны мэдээлэл болон овог нэр зөрүүтэй тохиолдолд шимтгэлийн буцаан олголт орохгүй байгаа.

Энэ тохиолдолд албан журмын даатгуулагчийн хувьд ажил олгогчийн харьяа нийгмийн даатгалын хэлтэс, сайн дураар даатгуулагчийн хувьд өөрийн оршин суугаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст, эсвэл daatguulagch.ndaatgal.mn  вэб сайтад хандан банк, дансны мэдээллээ баталгаажуулна.

– Нийгмийн даатгалын буцаан олголтоо авч чадаагүй байгаа хүмүүст нөхөн олгогдох уу?

– Банк, дансны мэдээллээ баталгаажуулсны дараа шимтгэлийн буцаан олголт нь нөхөн олгогдоно.

– 50 хувийг буцаан олголтыг нэг сая ба түүнээс доош орлоготой хүмүүст олгоно гэж хуульчилсан. Зарим хүмүүсийн амралтын мөнгө, үндсэн цалин, урамшуулал нэмэгдээд тухайн сард нэг сая төгрөгөөс дээш дүнгээс НДШ суутгуулсан тохиолдолд буцаан олголт өгөх үү?

– Хуульд зааснаар 1 000 000 ба түүнээс доош төгрөгийн орлоготой даатгуулагчид шимтгэлийн буцаан олголт олгохоор зохицуулсан. Иймд даатгуулагч ээлжийн амралт болон урамшуулал авч 1 000 000-аас дээш төгрөгийн орлогоос НДШ төлсөн бол тухайн сард шимтгэлийн буцаан олголт авах боломжгүй юм.

– Буцаан олголтоо аваагүй иргэд хаана хандах вэ?

– Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт нь ороогүй даатгуулагч харъяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст болон daatguulagch.ndaatgal.mn  вэб сайтад хандан банк болон дансны мэдээллээ баталгаажуулна.

– Баярлалаа.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!