LOADING

Type to search

Зөвлөгөө

Гэрлэлтээ цуцлуулах эсэх дээр эргэлзэж байна уу?

Share

Болзож суудаг байсан кафены булангийн ширээ,  хамтдаа амьдарч эхэлсэн буйдхан түрээсийн байр, анхны цалингаа аваад гэртээ шинэ зурагт авч байсан мөч, ирээдүйн амьдралаа  хамтдаа төсөөлөлдөг байсан өдрүүд, аяган дээр үлдсэн уруулын будагны мөр…

… цамцанд шингэсэн үнэр гээд түүнтэй хамт өнгөрүүлсэн жаргалтай хором бүрийг тод санаж байгаа байх. Гэхдээ тэр догдлол, хайр, итгэл тань хором хормоор бөхөж , хамтын амьдралын харилцаанд үүссэн асуудлаа шийдвэрлэж чадахгүй, сэтгэлийн дарамтад автуулж байна уу?

Салъя гэхээр хүүхдүүдээ өнчрүүлэхээс, хамаатан саднаасаа санаа зовоод эсвэл эдийн засгийн хувьд хараат болохоор нөхцөл байдлыг тэвчээд л амьдраад байх уу, гэх мэт бодлууд санааг тань зовоож байгаа бол энэ зөвлөгөө нийтлэл танд нөхцөл байдлаас ангижрах, зөв шийдэл олоход тусална гэдэгт итгэлтэй байна.

Нөхцөл байдлыг бодитоор үнэлэх

Гэрлэлтээ цуцлуулах эсвэл тэвчээд цааш амьдрах эсэхээ шийдэхийн тулд нөхцөл байдлыг бодитой үнэлэх нь чухал. Бухимдсан эсвэл эргэлзсэн, сэтгэл хөдлөлд хэт автсан үед харилцааныхаа тал дээр оновчтой шийдвэр гаргахад хүндрэлтэй байдаг.

Хамтрагчтайгаа нухацтайгаа ярилцахгүй байх, бодит байдлыг үнэлж чадаагүй, цаг үргэлж засрах байх гэж итгэн, уучлах, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй байх нь таны бие махбод төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдүүдийн сэтгэл зүйд гэмтэл, төлөвшилд арилшгүй сөрөг нөлөөллийг бий болгоно.

Нөхцөл байдал яагаад ингэж эргэв, үр дагавар нь юу байх талаар тунгаан бодоход туслах дараах асуултыг та юун түрүүнд өөрөөсөө асуугаад үзээрэй.

Тухайлбал:

-Харилцаанд гарсан энэ асуудал саяхан гарсан уу, эсвэл удаан хугацааны туршид үргэлжлээд байна уу?

-Энэ асуудлыг та хоёр урьд нь шийдвэрлэх гэж оролдож байсан уу, эсвэл өмнө нь тулгарч байгаагүй шинэ сорилт уу?

-Та түүнтэй чин сэтгэлээсээ хамт баймаар байгаа учраас хортой харилцаагаа үргэлжлүүлэх гэж байна уу, эсвэл ганцаараа үлдэхээс айсандаа юу?

-Та хоёр гэр бүлийн харилцаагаа цааш үргэлжлүүлэх итгэл, хайр үлдээгүй болохоор салах гэж байна уу, эсвэл хичээл зүтгэл гаргахаас залхсандаа юу?

Та өөрөөсөө эдгээр асуултуудыг асуусны дараа хариултаа нэг бүрчлэн тэмдэглээрэй. Бодол, мэдрэмжээ нэг бүрчлэн эргэцүүлэх нь нөхцөл байдал юунаас шалтгаалж буйг олж, шийдвэрлэх зам олоход тусална.

Та хоёрын харилцаа өмнө нь ямар байсан, одоо ямар байгааг харьцуулан жагсааж бичих нь асуудал юунд оршиж буйг, урьдын халуун дулаан хайр халамж хаана гээгдсэнийг олоход тусална.

Хосын харилцаа нь хамтран амьдрах, гэрлэх, хүүхэдтэй болох, амьдрах орчин, ажлаа солих эсвэл ажилгүй болох хайртай хүмүүсээсээ хагацах гэх мэт олон өөрчлөлт, үе шатууд сорилтыг дагуулдаг.

Заримдаа энэхүү өөрчлөлт том, жижиг байхаас үл хамааран урт хугацаандаа ялгаагүй том асуудлуудыг дагуулдаг. Хосын харилцаандаа анхаарал, хичээл зүтгэл гаргах, хэн нэгний зан араншинд гарсан өөрчлөлтийг хэтрүүлэн эсвэл дутуу үнэлэх нь нөхцөл байдлыг хурцатгадаг.

Таны хэний төлөө шийдвэр гаргаж байна вэ?

Та ямар ч шийдэлд хүрсэн бай харилцаагаа үргэлжлүүлэх эсэхэд хамаатан садан, найз нөхөд зэрэг хөндлөнгийн хүний зөвлөгөө, тэдний үзэл бодол дээр төвлөрөөд хэрэггүй. Эцсийн шийдвэрийг та хоёр өөрсдөө л гаргаарай.

Ихэнх тохиолдолд хосууд “хүүхдийнхээ төлөө хамт байх” сонголтыг хийдэг боловч бодит байдал дээр энэ нь тийм ч сайн сонголт байдаггүй. Учир нь энэ нь таны төсөөлснөөс ч илүү сэтгэл зүйн дарамт, үл ойлголцол дагуулдаг. Хайр, итгэл, хүндлэл үгүй болсон бол хүүхдээр шалтгаалсан ч та хоёрын харилцаанд ахиц дэвшил гарах нь юу л бол.

Хосууд хүүхдээ бодон хамт байх сонголтыг хийх боловч эцэг эхийн хүйтэн хөндий, хортой харилцаа нь хүүхдүүдэд тань хор хөнөөлтэйг бодолцоорой. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хортой уур амьсгал дунд хүүхдээ өсгөж, хүүхдээ болон өөрөө бие сэтгэлийн дарамтанд байхаас илүү тусдаа амьдарч, салалтыг илүүд үзсэн нь дээр байдаг.

Түүнчлэн хөндлөнгийн хүмүүсийн шахалтаас болж хамт үлдэх шийдвэр гаргаж буй хосууд цөөнгүй бий. Гэвч эцсийн шийдвэр нь хэн нэгний ашиг тусын тулд бус та хоёрын аз жаргалын төлөө байх ёстойг үргэлж санаарай.

Бусдын үзэл бодол, нийгмийн хүлээлт, шаардлагаас үл хамааран жаргалтай, сэтгэл тайван байхын тулд шийдвэр гаргаарай. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан хамт байх нь удаан хугацаанд тэвчиж амьдрах шаардлагатай болох бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маш их дургүйцэлтэй нүүр тулж магадгүй.

Ихэнх хүний хувьд алдаа гаргалгүй, харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хичээж, нөхцөл байдалд дасан зохицож амьдардаг ч нөхцөл байдал хүндрэхээс өмнө гэрлэлтээ цуцлуулаагүйдээ харамсдаг.

Хэрхэн шийдвэрлэвэл зохиомжтой вэ?

Хамтын амьдралын харилцаандаа эргэлзэж эхэлсэн бол юун түрүүнд хостойгоо ярилцах хэрэгтэй. Мөн гэр бүл, найз нөхөд гэхчлэн хамгийн итгэлтэй хүндээ бодит нөхцөл байдлынхаа талаар ярьж тусламж хүсэж болно. Харилцаагаа сайжруулахын тулд гэр бүлийн сэтгэл зүйчид хамтрагчтайгаа очиж зөвлөгөө авахыг санал болгож байна. 

Хэрэв нөхцөл байдлынхаа талаар хамтрагчтайгаа ярилцах нь дарамт, түгшүүр, айдсыг төрүүлж байгаа бол та нэн түрүүнд гэр бүлийн харилцааны асуудлаар зөвлөгөө өгөх мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйч хуульчид хандах шаардлагатай.

Тэд танд тулгамдаж буй асуудлуудыг шүүмжлэхгүйгээр сонсож, хэрэгцээ шаардлагыг тань тодорхойлж, танд тохирох хамгийн оновчтой шийдлийг санал болгодог гэдэгт итгээрэй.

Эх сурвалж: https://familycenter.mn/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!