LOADING

Type to search

Ухаарахуй

П.Бадрал: Хутагтын дуулал

Share

ХУТАГТЫН ДУУЛАЛ

Ноён хутагт шүлэг сургаалаа “бясалгал дунд ургасан дуу”, “зүүдэнд гарсан эгшиглэн”, “согтуу үеийн солио наадам” гэхчлэн хэлж байсан нь ариун билгийн агаараас ая зөнгөөрөө цаг нь тохиож, нөхцөл нь бүрдэхэд зад тавих оюуны их эрчмийг илт, ёгтоор томьёолсон нь тэр ээ. Энэ бол буянтай нь сонсож, билигтэй нь ухаарч, бусад нь анзаарахгүй өнгөрөх үгээр оньсолсон үлэмжийн чанар. Төрлөөс төрөлд, үеэс үед дамжин хувьт шавийнхаа зүрхэн лянхуад амин шимийг соёрхох рашаан. Амьдрал, үхэл хоёрын алинд нь ч ажрахгүй, жаргал зовлон хоёрын юунд нь ч төөрөхгүй, эрх чөлөөний онгодыг сэргээх эгшиг дуун.

Агсан галзуу миний дууг эс мэдвэл

Амьдрал үхлийн нууцыг тайлах нь бэрх ээ.

“Бясалгал дунд ургасан дуу”

Хутагтын дуунаас бид аав ээжийн ачлал журам, амраг хайртны сэтгэл зүрх, анд нөхдийн учир зүйг ойлгоно. Ачтанаа дээдэлж, бачтанаас зайлах самбааг олох болно. Хураахын баханд шуналгүй, арвилахын зохист мэргэших аж төрлийн ухааныг сэнхэрнэ. Жаргах цагт сэрэмжтэй, зовох цагт хатамжтай явах сэтгэлийн тэнхээг олно. Бэлгэтэйг өмсөж эдэлж, зохистойг идэж ууж, бие эрүүл, ухаан саруул явахын нууцыг тайлна. Эгэл гүн ухааныг ойлгоогүй хүн эгэлгүй судар, тантрыг ойлгоно гэж үү.

Хутагтын дуунаас бид амин зүрхний багшаа мэдэрнэм. Гэгээрлийн замч багшаа усан нүдэт, цусан зүрхэт төдий бодолгүй, бурхан гэж бишрэх, улмаар бурханаа заяач тэнгэр, засаглагч эрлэг төдий бодолгүй өөрийн сэтгэлийн чанад эрдэнэ гэж мэдрэхүйд багш, бурхан, сүнс гурвын амин нэгдэл нь есөн цагаан хүслийн хурыг буулгах чандмань эрдэнийн утга болъюу.

Багш ламаа бурхан гэж эс мэдвэл

Бага их шидийг олох нь бэрх ээ.

Ядам бурхныг өөрөөс ангид бодвол

Ямарваа үрийн амгаланг олох бэрх ээ.

“Бясалгал дунд ургасан дуу”

Хутагтын дуунаас бид үхэл, мөнх бусын хорвоог таних болно. Үхлийн тухай Ноён хутагт маш чанга, маш нухацтай хэлдэг. Түүний анхны айлдсан гүр дуу ч үхлийн сургамжаар эхэлсэн. Үхэл, мөнх бусын ухаарал бол гэгээрлийн замд хөл тавих анхны алхам гэж “Тогмар ложон” сургаалд өгүүлсэн бий. Энэ бол гутранги үзэл, айдас сэжиг биш, харин дотоод чанад руугаа нэвтрэх үүд болсон гэгээн ухаарал юм. Үхлийг ойлгоогүй хүн амьдралыг ойлгохгүй. Үхлийг мэдэрч сураагүй хүн амьд яваагаа ч үл мэдэрнэ.

Үйлийн үрийг итгэсэн хүнд

Өчүүхэн буян ч нэмэр болдог.

Үхэх жамыг санасан хүнд

Үнэн мөр холгүй болдог.

“Эртний барилдлагаар”

Хутагтын дуунаас бид эрдэнэт хүмүүн заяаны үнэ цэнэ, чөлөө учралыг мэдрэх болно. Чөлөө учрал – хэдэн мянган төрөлд ховор олдох аз завшаан, гэвч маргаашийн нарнаас ч урьтан замхарч болох богинохон мөчлөг, энэ богинохон мөчлөгөө үүрдийн амирлангуй хутаг болгох боломж, өөрийгөө таних, бурхан чанараа нээх боломж гэсэн үг. Энэ боломжоо эс хэрэгсвэл “галавт эрэвч олдошгүй хүний биеийг гавъяагүй өнгөрүүлээд сүүлд нь гаславч хожимдох”.

Сая олдсон хүний биед

Салж ядсан энэ насанд

Мунхарч хоцрох хүслийн харанхуйд

Мунгинаж төөрөх сансрын жам л.

Идэр сайхан насны эрчимд

Ингэж учирсан чинийхээ ачинд

Тунгалаг хоосон чанарын гэрэлд

Тунамал билгийн гэгээг олъё л.

“Дэлгэр зуны жаргалд”

Хутагтын дуунаас бид амьдралын төвөг бэрхшээлийг дөнгө биш, чимэг болгон хувиргах увдисыг сонордоно. Уйтан цээжтэй хүнд дөнгө дарамт болдог зүйлс нь ухаан саруул хүнд чимэг гоёл болно. “Жаргал зовлон хоёроор өөрийн сэтгэлийг чимж, сэтгэлийн ганц баатраар шуналын дайсныг дарахын” учир тэр ээ. Шунал байгаа учраас л бухимдал байна. Шуналын балчгаас ангижирсан хүн хорсол бухимдлын хир тоосонд сэтгэл үл хиртэнэ. Тэрээр ахуйн боолчлолоос өөрийгөө чөлөөлж, орчин тойрны сөрөг нөлөөг ч эерэгт урвуулах учир айдас хүйдэс, сэтгэл ханамжгүйн зовиураас хол хөндий байна. Энэ бол амьдралын найман тохиолд тэгш амирлангуй хандах гайхамшигт урлаг юм.

Сэтгэлийн энэ нууц эрдмийг эзэмшээгүй нь зугаа цэнгэлд баясч, зугаа цэнгэлгүйд уйдаж, нэр цолд дурлаж, нэр цолгүйд гутарч, магтаал сайшаалд онгирч, муушаал зэмлэлд гундаж, олз баялагт эрэмшиж, олз омоггүйд бухимдахыг “ертөнцийн найман ном” хэмээнэ. Дээшээ хөөрөхийн хэрээр дорогш унах нь хатуу хорвоогийн наадгай болсон хүн эрх чөлөө, сэтгэл ханамжийг жинхэнэ утгаар нь амтлах хувьгүй.

Хөндий талд төөрсөн

Хөгшид нялхас хөөрхий.

Хүний нэгэн насыг

Хөөгч амьтас хөөрхий.

Амиа заартаа алдагч

Аглагийн хүдэр хөөрхий.

Алдраар насаа барагч

Атгагч мэргэд хөөрхий.

Эдээ үл эдлэгч

Элбэг баяд хөөрхий.

Эрдмээ үл танигч

Өөрийн сэтгэл хөөрхий.

Гагцхүү Хутагтын дууг ухаарч, “найман номын толгойг тэгшилсэн” буюу амьдралын хүлээснээс сэтгэл ангижирсан хүн л тийм эрх чөлөөг мэдэрнэ. Мөнх бусын жамыг танисан хүн мөсөн дээр байшин барих гэж зовохгүй. Холын зэрэглээг голын ус шиг эндүүрч хөөсөөр, цангаж үхэх гашуун тавиланг тэд амсахгүй. Амьдралын урсгал дунд агшин бүрийн гэгээг мэдрэх сэхээ зөвхөн тэдэнд бий. Үлэмжийн чанарт аялгууг зүрхэн тольтоосоо сонсон, уярч хайлж суухын зав чөлөө тийм хүмүүст л бий.

Өвдөнө гэж зовохгүй

Үхнэ гэж гэмшихгүй

Үнэн сэтгэлийг барих

Үнэхээр сайхан жаргал бий

Үүртэх зовлон үгүй

Өчүүтэх жаргал үгүй

Энэ хойтод урвалтгүй

Ийм сонин жаргал бий.

Хутагтын дуунаас бид “ертөнц гэдэг чинь би өөрөө юмсанж“ гэсэн гүн ухаарлыг олох болно. “Үнэндээ там ч гэж байдаггүй, диваажин ч гэж байдаггүй. Там, диваажин хоёр энд, одоо байна. Тэр бол чиний амьдрал, оршихуйн хэлбэр юм. Амьдрал чинь диваажин болтол амьдарч чи чадна” Ошо ингэж хэлсэн. Равжаа ч ингэж хэлсэн.

Там там гэвч там хаанаас байх вэ.

Тамтаггүй явбал там чинь тэр буйза.

“Лам гурван эрдэнэ”

Бурхан ч сэтгэлээс бүтнэ.

Буг ч сэтгэлээс гарна.

Буян хилэнц хоёр

Булт хоосон сэтгэл бий.

“Зүйл зүйлийн үзэгдэл”

Магад таньж, өөрийн сэтгэлийг мэдвэл

Махагалын бэлэг билиг холгүй ойрхон гэнэ.

Махарч энэ хойтоо ухаарах бодгальд

Мандаж гэгээн гэрэл дотроос ургана л.

“Элдэв зүйлээр”

Магадгүй, зарим хүн энэ үгийг Буддын номлолоос гажууд гэж эргэлзэж болох юм. Эхлэл төгсгөлгүй цагийн урсгалд, эн хэмжишгүй орон зайд хүсэлт, дүрст, дүрсгүй гурван ертөнцийн мандалд там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн тоо томшгүй амьдралын хэлбэр зүйл орших бус уу. Тэр бүхэнд эерэг, сөрөг, саармаг үйлийн үрээр сүнс тэргүүлшгүй цагаас хэрэн хэсэх бус уу. Тийм ээ, гэвч тэд өөрсдийн үйлийн бийрээр зурсан өнгийн зүүдэндээ л амьдардаг, атгаг төсөөллөөр урласан зэрэглээн дундаа л хөвдөг. Тийм ч учир бурхан чөтгөр, там диваажин, сансар нирваан, буян нүгэл бүгд тэдний өөрсдийнх нь дотоод ертөнцөөс ангид тусгаар биш. Үйлийн үр, үхэх жамыг ухаарсан хүн жаргал зовлон, нүгэл буяны үр үндсийг өөрөөсөө эрэх болно. Тэрээр бурхан, чөтгөр, там, диваажинг өөрийн дотоод ертөнцөөс сэрж мэднэ, үйл амьдралаасаа ухаж ойлгоно.

Биегүй хоосон сэтгэл

Буруудвал нисваанис болно.

Нисваанис арвидвал там боловсорно.

Зөвдвөл буянт мөр болно.

Буян арвидвал бурхан болно.

Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл

Бүгд шүтэн барилдлага

Үзэгдлийн төдий хоосон.

“Цаасан шувууны сургаал”

Хутагтын дуунаас бид хайрыг сонсох болно. Өөрийгөө хайрлахуйн дээд нь бусдыг хайрлахуй гэж ойлгох болно. Бэртэгчин үзлээс салах хирээр бурханлаг болохоо мэдэрнэ. Бурханлаг хайрыг судар номд “бодь сэтгэл” гэж нэрлэдэг. Бодь гэдэг нь гэгээрэл гэсэн үг. Бодь хутагт тэмүүлсэн сэтгэлийн амь амьсгал нь хайр юм. Хайр үгүй бол гэгээрлийн цэцэг дэлбээлж амжилгүй хатаж гандана. Хайр ухаарлаас эхэлдэг. Хүн бүхэн, цаашлаад амьтан бүхэн амар амгаланг хүсч, зовлон шаналал үл хүсдгийг Хутагт бидэнд сануулж, “Өөртэйгөө өрөөлийг зүйрлэн бодож сур!” гэнэм. Бусдын зовлонгоор өөрийн жаргалыг бүтээх нь бурангуй харгисын туйл гэдгийг ухуулнам.

Өргөсний төдий зовлонд

Өөрөө тэсэхгүй байтал

Өөрөөсөө өөрцгүй амьтны

Өрийг нь яагаад зурна вэ.

“Гайхамшигт богд”

Амьтан бүхнийг эх шигээ хайрлагчийг бодь сэтгэлтэн буюу бодьсадва гэдэг. Түүнийг бас өөрөөр “Бурханы хүү” гэнэ. Агуу их Шантидэва гэгээн “Бодь сэтгэл төрсөн агшинд боолын боол, үйлийн үртэн ч Бурханы хүү гэсэн алдрыг олж, ертөнцийн сүр жавхлан болно” гэж хэлжээ. Ноён хутагт ч тэгж хэлжээ. “Бодь сэтгэл буй бол нөхөр үл болох амьтан нэг ч үгүй. Тэрээр нялх боловч олныг эзэмдэнэ.” Энэ хайр бясалгалд чинь хөг нэмж, үйлст чинь жигүүр болно.

Ариун бодь сэтгэлээр

Амьтны аврал болоод

Амгалан хоосны мөрийг

Алгасалгүй бясалгаасай.

Өлзий буяныг хурааж,

Өнчин амьтныг аварч

Өглөгийн цаана хүрсэн

Үйлсийн эзэн болтугай.

“Богд лам”

Хутагтын дуунаас бид сав, шим ертөнцийг бодь гэрэл болгох бясалгалын нууцыг анирлана. Эгэл мунхгуудын хувьд хүсэл тачаалын хүчир урсгалд хөл алдан живдэг хүслийн таван эрдэм нь нууцыг тайлсан егүзэрийн хувьд дээд цэнгэлийг соёрхох охин тэнгэрийн бүжиг болно. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн юмс үзэгдэл бүгд хоосон чанарын агаараас охин тэнгэрийн бүжиг болон ургах сацуу үзэх, сонсох, үнэрлэх, амсах, хүртэхүйн ухамсар ч дотоод чанадын агаараас хутагтын бэлгэ билгийн таашаал болон ундарна.

Бие гэвч бие биш

Гэгээн хоосон солонго.

Хэл гэвч хэл биш

Очирын гүн эгшиглэн.

Сэтгэл гэвч сэтгэл биш

Амгалан хоосны агаар.

Үзэгдэл гэвч үзэгдэл биш

Үнэмлэхүй номын чанар.

“Эцэг багш ламыгаа”

Бид уйтан бодлынхоо бүтээл болсон давчуу ертөнцөд амьдардаг. Харин одоо дусал ус далайд шингэх шиг тэр давчуу ертөнц маань орон зайн хязгааргүйд уусан алдарнам. Бид атгаг ухаанаар ямагт өнгөрсний дурсамж, ирээдүйн найдварт живэн, энэ агшны амт шимтийг мэдэрч чадалгүй амьдардаг. Харин одоо цэцэг цоморлигоо нээх эгшинг мэдэрч, цаг хугацааны мөнхийн урсгал үнэмлэхүй одоо цаг дээр зогсном. Энэ үед бодол эргэцүүллийн хүндээс хүнд дарамт хүлээс алдран унаж, гагцхүү сэрэх мэдрэхүйн гэгээн хоосон үлдэнэ.

Ариун номын чанар нь

Алив бүхэнд түгээмэл.

Анхаарсан илбийн цэнгэлд

Амт тэгш уусъя л.

Ачит чинийхээ нүүрийг

Ариун сэтгэлийн толинд

Алгасалгүй тодруулмаань

Ашид хамтдаа жаргая л.

Баяр баясгалан бол гэгээрлийн мөн чанар.Цэнгэл жаргал бол ариуслын жинхэнэ утга. Аугаа хайранд уусах тусам энэ цэнгэл энгүй өргөн цэлгэр болж, бодгаль бүхэн амраг хайртны хувилал болно. Хоосон чанарт нэвтрэх тусам энэ цэнгэл ёроолгүй гүнзгий болж, үзэгдэл бүхэн тунгалаг гэрлийн цацраа болно. Энэ агшинд л бид мунхгийн зузаан нойроос сэрнэ. Энэ агшинд бид өөрсдөө хутагт болно. Өөрсдөө хутагт болж байж л хутагтын жинхэнэ дүрийг үзэж, үнэн оршихуйг таних болно. Хутагт бээр үүнд л хүргэх гэж биднийг шат шатаар, алхам алхмаар замчилжээ. Ердийн ухаанаас номын ухаан руу, хавтгайн сэтгэлгээнээс огторгуйн сэтгэлгээ рүү, судрын номлолоос тантрын бясалгал руу хийсэн оюуны их нүүдлийн түүчээ тэр бөлгөө… Цагаан гэрэл долоон өнгөнд задрахын адил эгэл олныг энэрсэн хутагтын хайр нь санаа сэдэл, үг хэл, үйл хөдлөлийн дурын хэлбэрээр илэрч, тэр бүхэн нь хүн төрөлтний будангуйралд гэгээ тусгах шалтгаан болно. Эглийн үзэгдэлд хилэгнэх, тачаах сэтгэлийн хувирал хийгээд магтах, муушаах үгийн өнгө, хуран үймээнт явдлын аяс бүхэн нь хэрхэвч санамсаргүй шалдар булдар үйл биш, нялхсын ухаанаар хэмжих аргагүй утга учирт зангилагдана. Олон дүрээр үзэгдэвч ганцхан чанараар цэнгэх нь тантрын сургаал, хутагтын замнал билээ.

Ах дүүгийн жам мэт

Адсага арьсны тоос мэт

Алаггүй сэтгэлээр бүжсэнийг минь

Амьтан бүгд ажиглаасай.

“Ертөнц авгайн жам”

Хутагтын бүжиглэл хувь ерөөлтний сэтгэл зүрхэнд ах дүүгийн ачлал журам шиг дотно тусах ч бий. Хувьгүй мунхгуудын санаа саванд адсага арьсны тоос шороо шиг аягүй санагдах нь ч бий. Тэглээ гээд Хутагт өөрт нь бишрэгчийг дотуурчилж, үл бишрэгчийг гадуурхаж үзэхгүй, ав адил алаггүй сэтгэлээр хандана. Өөрийг нь үзэн ядагч Дэвадатта, төрсөн үр Рахули хоёроо Будда ав адилхан хайрладаг байсан шиг Ноён хутагт охин тэнгэр Дадишуарийг ч, Шулам авай хатныг ч адилхан нигүүлсэх бөлгөө. Гэлээ ч алтан нар гэрлээ арван зүгт тэгш түгээх атал хойшоо харсан нүх харанхуй хэвээрээ үлдэнэ. Хутагт багшаа дээдэлж гэмээ нь нар галд ижилдэж, сар усанд нөхөрлөх шиг эртний ерөөл биелэх учрал бүрднэм зээ. Хутагтын дууг сонссон бүхэн Хутагттай учирсантай ялгаа үгүй. Үлэмжийн чанарт аялгууг зүрхэндээ мэдэрвэл юутай их аз завшаан!

Шавар дотор ургасан

Лянхуа цэцэг адил

Тунгалаг дээд багш минь

Насад наддаа санагдана.

Эртний сайн ерөөлөөр

Энэ цөвүүн цагт

Чам лугаа учирсан

Юутай сайн хувь бэ.

“Усгал зөөлөн аальт”

П.БАДРАЛ

АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал – “Үлэмжийн чанар” номоос.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!