LOADING

Type to search

Эрүүл мэнд

Жирэмсэн үедээ ШТС, будаг, лактай ойр ажиллавал хүүхэд нь хавдраар өвдөх магадлал маш өндөр

Share

Бид мэргэжлийн эмч нараас хүүхдийн хорт хавдар ихсэж байгаа шалтгааныг тодрууллаа.

Хүний их эмч, анагаах ухааны магистр С.Энхтайван

-Юуны өмнө хүн амын эрүүл мэндийн боловсрол муу байна. Өөрийгөө, хүүхдээ, гэр бүлээ эрүүл байлгахын тулд эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсролтой байх ёстой. Гэтэл эмийг замбараагүй их хэрэглэж байна.

Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ ч, жирэмслэхээсээ өмнө ч төрөл бүрийн өвчин намдаах эм аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ямар ч эм тухайн хүний тархи болон элэг, бөөр гээд дотор эрхтнийг ямар нэг байдлаар хордуулдаг. Үүнээс гадна хүнсний хэрэглээ дэндүү замбараагүй байна. Би гадаадад явахдаа эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар хүнс авч өгч байгааг их ажигладаг.

Олон нийтийн газар хүүхдээ усаар л угжиж байгаа харагддаг. Манайхан шиг ийм айхтар чихэртэй, хүчил ихтэй, химийн бодистой ундаа өгдөггүй. Мөн удаан хадгалдаг хүнс өгдөггүй. Манайд бол хүүхдүүд нь томчуудтай зэрэгцээд л яг ижил хүнс хэрэглэж байна. Хиамны нитрит гэхэд л биед оронгуутаа хорт хавдар үүсгэгч нэгдэл болж задардгийг амьтан дээр хийсэн туршилтаар нотолсон байдаг. Бас архи, тамхиа боль гэж эцэг, эхчүүдэд хэлмээр байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрдөг. өөрийнхөө эд эрхтэн бүрээс хүүхдэдээ тасалж өгч байгаагаа мартаж болохгүй.

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр, хавдрын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Бямбасүрэн

-Манай эмнэлгийн статистикаас харахад жилээс жилд хүүхдийн хавдар нэмэгдэж байна. Энэ нь нэг талаар оношилгоо сайжирч, эцэг, эхчүүд хүүхдээ эрт авчирч оношлуулж байгаатай холбоотой байж магадгүй. Мөн төрөлт ихсэж байгаа нь нийт тоон үзүүлэлтэд нөлөөлж байна.

Хүүхдүүдийн дунд ходоодны хорт хавдар ийм өндөр хэмжээнд хүрсэн бол анхаарахаас өөр аргагүй байна. Манай эмнэлэг 2019 оныг ходоодны хавдрыг эрт илрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдүүдийн дунд ч гэсэн эрт илрүүлэг явуулах шаардлагатай юм байна.

Хэдийгээр хүүхдийн хорт хавдар удамшлын гаралтай байх магадлалтай ч 19 насны хүүхдүүдийн хувьд зарим нэг шалтгаан нөлөөлж байж болох юм. Гэхдээ хавдрын шалтгааныг яг таг хэлж чадахгүй байна. Хүүхдэд хамгийн их тохиолдож байгаа цусны хорт хавдар гэхэд нярай үедээ оношлогдож байгаа тул удамшлын гаралтай гэж үздэг. Төрөхөөсөө өмнө л хавдар үүсгэх ген аль хэдийнэ үүссэн байна гэсэн үг.

Эх нь жирэмсэн байх явцдаа соронзон орны долгион, цацраг идэвхийн үйлчлэлд орж байсан бол генийн мутац үүсч, хавдар үүсэх өндөр эрсдэлтэй. Ургийн аль нэг эрхтэн бүрэлдэх үед цацраг идэвхт туяагаар үйлчилсэн бол шууд хромосомын гажиг үүсгэдэг.

Мөн жирэмсэн үедээ ШТС, будаг, лактай ойр ажилладаг хүмүүсийн хүүхэд нь хавдраар өвдөх магадлал маш өндөр. Үүнээс гадна хүнсээр дамжиж хавдар үүсгэдэг вирусүүд биед ордог тохиолдол ч маш олон.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!