LOADING

Type to search

Other voices

Хоосон тариачнаас хосгүй баян болсон Чон Жу Ён

Share

Японд эзлэгдсэн азийн ядуу орон Хойд Солонгосийн Асан тосгоны ядуу тариачин Чон Бончик хэмээх айлд  1915 онд нэгэн хөвгүүн мэндлэв. Түүний нэрийг Chung Ju- yung буюу  Чон Жу Ён гэдэг. Тэднийх 7 хүүхэдтэй ядуу айл байв.  Бяцхан хүүгийн амьдрал анхнаасаа л хүнд байлаа. Эцэг нь түүнийг тосгоныхоо бага сургуульд оруулав. Тэр гэр орныхоо ажилд тусалж хажуугаар нь хичээлээ хийж сургуульдаа явсаар байв. Гэвч гэр бүлийнх нь амьдрал хүнд байсан тул зөвхөн бага сургуулиа төгсөөд  цааш үргэлжлүүлэн сурч чадаагүй юм. Уг нь тэр багш болохыг мөрөөддөг байв. Түүний өвөг эцэг нь түүнд их зүйл заадаг байв. Өвөө нь хятад хэл мэддэг байсан тул ач хүүдээ хятадын уран зохиолыг уншиж өгдөг байв.

Чон 18 нас хүрээд  эцэг эхдээ хэлэлггүйгээр гэнэт Сөүл рүү ажил олж хийхээр явав. Түүнд Сөүл явах мөнгө байсангүй. Тэр эцэг эхдээ хэлэлгүйгээр тосгоныхоо нэг  үнээг хулгайлан зарж мөнгийг нь авч замын зардал хийж Сөүл явлаа.  Эцэг нь энэ явдалд ихэд хилэгнэв. Чон энэ явдалдаа ихэд гэмшиж хожим нь 65 жилийн дараа өмнөд солонгосын хамгийн баян хүн болоод хойд солонгосын төрөлх тосгондоо очиж тосгоныхоо бүх тариачдын өрийг сайн дураараа төлж ,тосгондоо 1001 үнээ, сайн үүлдрийн бухнуудыг 50 тонн тэжээлийн хамт  бэлэглэж, мөн үнээ, тэжээл тээвэрлэсэн бүх ачааны  автомашинаа  тосгондоо  бэлэглэсэн ажээ. Чон 65 жилийн дараа хойд солонгосын тосгондоо ирэхэд тосгон нь ядуу хэвээр байсан аж.   

Ийнхүү 18 настай Чон хөвгүүн  үнээ зарсан мөнгөөрөө зардал хийж  Сөүл хотод  очоод сайн цалинтай  ажил олж чадсангүй нэг хэсэг хэцүү л байв. Тэр олон төрлийн ажил хийж үзлээ.Эхлээд төмөр замд ажиллав. Ажил нь хүнд байв. Өдөрт 15 цаг ажиллаад цалин нь дөнгөж идэх хоол, унтах байрандаа арайхийж хүрч байлаа. Энэ явдал удаан үргэлжлээгүй. Чон тааламжтай ажлын байр олох гэж олон ч ажил солив. Эцсийн эцэст цагаан будаа зардаг нэгэн дэлгүүрт агуулахын даамалын ажил олж хийв. Дэлгүүрийн эзэн түүнд амьдрах жижиг өрөө олгов.  Чон Жу- ён сайн ажиллаж байлаа. Тосгонд олсон бага боловсрол нь ч ашиг тусаа өгөв. Дэлгүүрийн эзэн түүний авьяас, хичээл зүтгэлийг үнэлж дэлгүүрийн нябо болгов. Дараа нь удалгүй дэлгүүрийн эрхлэгч болов. Дэлгүүрийн эзэн нас барахынхаа өмнө дэлгүүрээ түүнд заржээ. 

1937 онд  Чон дэлгүүрийн эзэн боллоо.Чон өөрийнхөө дэлгүүрт ажиллуулахаар ах дүү нараа авчрав. Чон сайн ажиллаж мөнгө ч сайн олж байв. Тэр цагаан будааны зах зээлийг атгаж байлаа. Тэр цагаан будааны үнийг бага зэрэг бууруулаад борлуулалтаа сайн хийж байлаа.1939 онд Солонгосыг удирдаж байсан японы генерал губернатор солонгосын хуульд өөрчлөлт оруулж цагаан будааг цэргийн чухал хүнс хэмээн үзэж картын тогтолцоонд оруулав. Чон аргагүйн эрхэнд цагаан  будааны бизнесээ хаахад хүрэв. Чон төрөлх тосгондоо буцан ирж нэг хэсэг газар худалдан авч фермерийн аж ахуй эрхлэв. Тэр япончууд оролцоод байдаггүй ямар бизнес цаашид эрхлэх арга зам эрж байв. 

1940 онд Чон Сөүлд зээл авч автомашины засварын газар нээв. Тэр автомашиныг жолоодож мэддэггүй, автомашины тухай ямар ч мэдлэггүй байсан. Тэр Японд нэг сайн түнштэй болж засварын газартаа хоёр сайн механик ажиллуулав. Ах дүү нараа ч энд ажиллуулав. Удалгүй автомашины засварын газарт гал гарч бүх юм шатаж үнс нурам болжээ. Чон дахиад л бүх ажлаа тэгээс эхлэв. Тэр  японы  цагаан будаа зардаг нэгэн дэлгүүрээс зээл авч ажиллаж эхлэв. Тэр автомашины засварын газраа сайн сурталчилсаны  хүчинд амжилтад хүрэв. Чон Сөүлийн иргэд болон гадаадын Элчин сайдын ажилтнуудын анхаарлыг татаж чадав. Түүний засварын газар нарийвчилсан графикаар хоногт 17 цаг тасралтгүй ажиллаж байлаа. Амралтын өдөр ч ажиллаж байв.Чон засварын газраа улам тохижуулж байнгын үйлчлэгчдийг солонгос хоолоор дайлж , автомашиныг хурдан, чанартай засварлаж байв. Түүний автомашин засварын газар гайхалтай хурдан хөл дээрээ босов. Гэвч байдал хэвээр үргэлжилсэнгүй. 

1943 онд япончууд түүний авто засварын газрыг хурааж авлаа.Тэр авто засварын газраа томруулж 70 хүнийг ажлын байраар хангаж байсан юм. Чон дахиад л бизнесээ алдаж хуримтлуулсан 50 000 воноос өөр юу ч үгүй хоцров. Тэр хөдөө тосгонд гэртээ ирж дайн дуустал жижиг бизнес эрхлэв. Чон 1946 онд Сөүлд эргэн ирж шинээр “Hyundai Motor Industrial” компаниа байгууллаа.Чон АНУ-ын цэргийн тээврийн автомашинуудыг засварлаж эхлэв. Энэ нь тэр үед нүдээ олсон бизнес байлаа. “Hyundai” гэдэг түүний компаний нэр “Шинэ эрин” гэсэн утгатай үг юм. 1947 онд тэр  “Hyundai Civil Industries” гэсэн шинэ компани байгууллаа.Энэ компанид 11 хүн ажииллаж байв.Энэ компани автомашины засварыг бодвол зөв чиглэлтэй компани байлаа. Тэр үед дайны дараа Солонгос оронд шинэ орон сууцнуудыг барьж бүтээн байгуулалтын ажил ундарч байв. Компаний ажлыг хүндрүүлж байсан нэг юм нь тэр үед гэрээ байгуулахад төрийн албан хаагчид авилга их авдаг байв.  Чон энэ үед азтай байлаа. Учир нь түүний ах тэр үед америкчуудын хэлмэрчээр ажиллаж байв. Түүний ачаар Чон америкийн цэргийнхний тусламжаар нийслэл хотын барилга байгууламж, хотын дэд бүтцийг барих хэд хэдэн том төслийн гэрээг байгуулж чадав.

1950-1953 оны солонгосын дайн түүнд их ажил өрнүүлэх боломж өгөв. Түүний компани америкийн цэргийн тээврийн хэрэгслэлийг засварлаж мөнгө олж байв. Мөн зөвлөлтийн нисэх онгоцууд өмнөд солонгосын хотыг бөмбөгдөж түүний компани бөмбөгдөлтөнд  сүйрсэн газар шинээр дахин барилга барьж байв.  Дайны дараа түүний компани улсынхаа том компани болж нийслэл хотын тээврийн дэд бүтцийг сэргээн барих ажлыг хийж эхлэв. Эхлээд уг ажил бараг ашиггүй байв. Нэгэн удаа Чон гүүр барих ажлын захиалга  улсаас аваад ашиг нь тэг болж байсан юм. Тэр ажилчдын цалинг өгөх гэж өөрийн байр гэр орноо хүртэл зарж байлаа. Гэр бүл нь зочид буудалд хүртэл амьдарч байв. Чон гүүр барих хүнд ажлын ард гарч  чадсан юм. Тэр компанийхаа “хамгийн хурдан, хамгийн чанартай” гэсэн онцлогоо алдаагүй юм. Чон тээврийн дэд бүтцийг барих ажлаа 1970-аад он хүртэл хийсэн. 

Хорьдугаар зууны тавиад онд Солонгос ядуу орон байсан, харин дайны дараа америкийн зээлээр Солонгос түргэн хөгжиж байлаа.1961 онд Өмнөд Солонгост  төрийн эргэлт болж цэргийн  генерал Пак Чон Хи улсыг удирдаж эхлэв. Пак өмнөд Солонгосыг хүлээж авсан тэр үед энэ улсад үйлдвэр байсангүй, ихэнхи үйлдвэр  хойд солонгосын талд үлдсэн байжээ. Пак ерөнхийлөгч эдийн засгийн шинэчлэлт хийж, Японтой харилцаагаа сайжрууллаа.Өмнөд Солонгос вьетнамын дайны үед  АНУ-ын талд ажиллав.  Энэ дайны цагийг Пак Чон Хи чадмаг ашиглаж японы технологи, америкийн хөрөнгө оруулалтыг улсдаа ихээр оруулав. Пак ерөнхийлөгч эх орноо экспортын чиглэлтэй аж үйлдвэрийн орон болгох бодлого барьж түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаа. Пак энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд эх орныхоо санхүү, аж үйлдвэрийн бүлэглэлд түшиглэхээр шийдэж ажилласан нь зөв шийдэл байлаа. Чеболи буюу санхүү, аж үйлдвэрийн  бүлэглэл нь өмнөд солонгосын эдийн засгийн хөгжлийн гайхамшгийг бүтээсэн юм. Засийн газар чеболид бүх талын дэмжлэг үзүүлэн хамгаалж, эх орны болон гадаадын зах зээл дээр гарахад нь дэмжлэг үзүүлэв. Харин чеболи улсын өмнө тавьсан үйлдвэрлэлийн зорилтыг хэрэгжүүлэх, үнийг зохистой барих, бүтээгдэхүүнээ экспортод гаргах үүрэг хүлээсэн байлаа. Хэрэв чеболи гадаад улсаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй бол улс төлбөрийг нь хийж тусалж байв. Энэ тогтолцооны үед  ажилчид муу нөхцөлд их ажиллаж бага цалин авч хүндхэн л амьдарч байв. Харин чеболийн эзэд цэцэглэж байлаа. Бүх компани Засгийн газраас бүрэн эрх авч байгаагүй юм. Төрийн тэргүүн Пак Чонхи өөрөө чеболи болгох хэдхэн томоохон компаниудыг  сонгож байлаа.Тэр сонголтод  “Hyundai” багтсан юм.

Чон Чжу Ён улс төрчидтэй амархан хэл амаа олж ажиллаж чаддаг байлаа. Америкчуудтай ч арга эвээ олж хамтран ажиллаж чаддаг байлаа. Түүний компани барилгын салбарт хурдан, хямдхан, чанартай гэдгээрээ алдартай байлаа.Чонгийн аливаа ажлыг удирдан зохион байгуулах авьяас чадвар ерөнхийлөгчид ихэд таалагддаг байв. Чон вьетнамын дайны үед АНУ-ын цэргийнхэнд зориулж олон барилга байгууламж барьсан юм. Чон бол Пак ерөнхийлөгчийн хэдхэн сайн зөвлөхийн тоонд багтаж байв. Энэ нь түүний бизнесийг өргөжүүлэхэд гол нөлөө үзүүлж байв.  “Hyundai Group” –т тээвэр, автомашины засвар, барилгын компаниуд орж байлаа. Түүний компани улсын тэргүүний чеболи болж байв. Түүний компани өмнөд Солонгосын барилгын салбарт тэргүүлэх компани болж чадлаа.  Барилгын санхүүжилт, засгийн газрын захиалгууд нь Чонд хөрөнгө хуримтлуулах болон гадаадын зах зээлд гарах боломж олгов. Чонгийн компани өмнөд Солонгост цементийн үйлдвэр барьж, Соянган гол дээр усан далан болон атомын цахилгаан станц босгож, “Сөүл–Бусан” чиглэлд  хурдны зам тавьж байлаа. Гадаадад олон улсын тендерт ялж,  Тайландад хурдны зам тавьж, Саудын Арабт үйлдвэрийн боомт барьж байлаа. 

Тэр үед Чон бизнесээ бусад салбарт улам өргөжүүллээ.1967 онд Чон Жу-ён эх орондоо автомашин үйлдвэрлэхээр шийдэж, “Hyundai Motor Company”-г байгуулав. Тэр америкийн “Ford” компанитай гэрээ байгуулж эхлээд “Ford ” автомашин үйлдвэрлэж байв. Удалгүй түүний компани америкийн үйлдвэрээс лиценз худалдан авч эх орондоо өөрийн компаний шинэ автомашин үйлдвэрлэхээр ажиллаж эхлэв. 1975 онд түүний компаний анхны загвар “Hyundai Pony” үйлдвэрлэгдэн гарч удалгүй өмнөд солонгосын зах зээлийг эзлэв. Энэ автомашины технологийг Япон, Англиас авч, дизайныг нь Италиас авлаа. Машины хөдөлгүүрийг японы “ Mitsubishi”  компанид бүтээв. Бусад зүйлийг нь англичууд хангалаа. Солонгосын анхны автомашины загвар хоёр үе дараалан Ойрхи дорнод, Дундад ази, Африк, Латин америкийн зах зээл дээр гарч чадсан юм. 1979 он гэхэд 110000 автомашиныг зах зээлд гаргаж чадав. Чон дараагийн алхмаа хөлөг онгоцны салбарт хийж эхлэв. Тэр хэдийгээр энэ салбарыг сайн мэдэхгүй ч гэсэн зориг шулуудаж Ульсан хотод дэлхийн  хамгийн томд орох хөлөг онгоцны үйлдвэр  “Hyundai Heavy Industry”–г  барив. Анхны хоёр том супертанкер хөлөг онгоцоо таван жилийн дотор барихаар төлөвлөж байсан боловч гурван жилийн дотор барьж 1974 онд ашиглалтад оруулав. 1975 онд  хөлөг онгоц засварлах  MIPO үйлдвэрийг худалдан авч дэлхийн хамгийн том хөлөг онгоц үйлдвэрлэдэг “Hyundai Mipo Doyard” компанийг байгуулав.1975 оноос эхлэн лицензийг нь авч хөлөг онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхлэв. 1975 онд гангийн үйлдвэрлэлийн салбарт “Kyung-il Industrial” компанийг байгуулж , 1979 онд Ульсан хотод төмөр хоолойн үйлдвэр байгуулав. Энэ үйлдвэр хурдан өргөжиж одоо Хятад, АНУ, Бразил, Энэтхэг, Орос, Чехид “Hyundai Hysco” компани нэртэйгээр амжилттай ажиллаж байна. Түүний компани Ульсан хотод олон арван үйлдвэр завод барьж ашиглалтад оруулж хөгжүүлсэн тул энэ хотыг «Hyundai-City» ч гэж нэрлэдэг. 1976 онд түүний компани Ульсан хотод “Hyundai Machine Tools” компани байгуулав. 2005 онд Hyundai Machine Tools ба  Kia Industries хоёр нэгдэв.” Hyundai Wia” одоо токарийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна.Энэ компани одоо нэг жилд 8000 станок үйлдвэрлэж байна. 

Чон 1977 онд дахиад нэг шинэ салбарт алхам хийв. Тэр германий “Siemens” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж электрон үйлдвэрлэлийн салбарт   Hyundai Electrical Engineering компани байгуулав. Мөн тэр ондоо багтаж “Hyundai Precision and Industry” хэмээх контейнер, автын сэлбэг, галт тэрэгний эд анги үйлдвэрлэдэг компани шинээр байгуулав. Чон 1978 онд модны үйлдвэрлэлийн салбарт орж мебел үйлдвэрлэдэг “Hyundai Wood Industries” компанийг байгуулав.  Мөн ондоо хүнд металлургийн үйлдвэрлэлийн салбарт шинээр  орж  “Incheon Iron & Steel Company “–г байгуулав. 

Тэрхүү далаад онуудад Чон ачаа тээврийн салбар болон хувьцааны арилжааны салбарт хүчээүзэв. Далаад онуудад  Чонгийн “Hyundai” компани зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн зах зээл дээр гарч чадсан жилүүд байлаа. Компаний ашиг орлого улам нэмэгдэж, компаний ажилчдын амьдрал ч сайжирлаа.  Ийнхүү халаас нь хоосон ядуу тариачин байсан хөвгүүн солонгосын хамгийн баян хүмүүсийн нэг боллоо. Чон цаашид бизнесээ улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч наяад оны хямрал түүнд багагүй саад боллоо. Наяад онд түүний компани ихэд томорсон байлаа. 1987 он гэхэд түүний мэдэлд 35 компани байлаа. Түүний компаний үйлдвэрлэсэн автомашинууд АНУ, Канад зэрэг улсуудад амжилттай борлуулагдаж байлаа. Наяад оны сүүлчээр АНУ-д нэг сая гаруй “Hyundai” автомашин борлогдов. Харин бусад салбарт хямрал нүүрлэж хөлөг онгоцны салбар хамгийн ихээр хохиров. Хөлөг онгоцны захиалга ихэд буурав. Компаний орон тоог хасах болов. Түүний үйлдвэрүүд дээр ажилчид ажил хаялт зохион байгуулж байлаа.

Ерээд онд “Hyundai Group” хэмжээгээрээ улсдаа хоёрт орж  түүний хөрөнгө 35 тэрбум ам.долларт хүрч  байлаа.  Тэр үед Чон Жу- ён улс төрд орохоор шийдэв. 1992 онд тэр  “Unification National Party” хэмээх улс төрийн нам байгуулж парламентад түүний нам 10.0 хувийн санал авав.  Дараа нь Чон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Гэвч тэр сонгуульд гуравт орж ялж чадсангүй. Тэр бизнестээ эргэн орлоо.

Ерээд онд автомашины салбар нь идэвхтэй хөгжиж байв. 1991 онд түүний компани   “Alpha” хэмээх автомашины хөдөлгүүр бүтээв. 1993 онд хоёр дахь үеийн  “Beta” загварыг бүтээв. Дараа нь автомашины шинэхэн “Hyundai HCD II”, “Accent”, “Coupe”, “Atoz” зэрэг загварууд үйлдвэрлэгдэн гарлаа.  1995 он гэхэд түүний  мэдэлд 60 компани, 200 000 ажиллагсад байлаа. Компани томрох тутам асуудал их гарч ажил хүндэрч байв. Азийн 1997 оны хямрал компанид хүндээр тусав. 2000 онд “Hyundai Engineering and Construction” барилгын компаний  ойрхи дорнод дахь өр 4.6 тэрбум ам.долларт хүрээд байлаа. “Hyundai Investment Trust” компани  дампуурдагийн даваан дээр байв. “KIA” 1998 онд хямралыг давж чадалгүй дампуурч зарагдав. Энэ явдлын дараа “Hyundai Motor” зах зээл дээр нилээд бат бэх суурьтай боллоо. Олон Улсын Валютын сан азийн орнуудад 40 тэрбум долларын зээл тусламж олгосны дараа 1999 онд эдийн засгийн хямрал буурав. Энэ байдлыг Чон ашиглаж  “LG Semicon” –ны 60.0 хувийг худалдан авч “Hyundai Electronics Industries” компанийг дэлхийд чип үйлдвэрлэлтээрээ эхний хоёрт орсон том компани болгож чадлаа. Энэ үед Чон улсаас чеболд их дарамт учруулж  хямралыг даамжруулах болсныг анхаарч бизнесээ  дахин шинэ зохион байгуулалтад оруулав. Компаний тоог багасгаж,  ашиггүй салбараас татгалзах болов. 2000 онд түүний бүлэглэл анхаарлаа барилга, автомашин, электроник, санхүү, хөлөг онгоц, худалдааны салбарт төвлөрүүлж эхлэв. Өмнөд Солонгосын засгийн газар чебол компаниудаа ихэд анхаардаг байсан юм. Өмнөд Солонгосын засгийн газар Чоны “Hyundai” компаний өрийг нь тэглэж, 31 тэрбум ам долларын зээл олгож  компанийг нь  дампуурлаас аврав. 

2000 онд Чон захиралуудын зөвлөлийн даргын суудлаа орхиж, хүү Чон Мон Хунд ажлаа хүлээлгэж өглөө. 2003 онд Чонгийн гэр бүлд харамсалтай явдал тохиолоо. Түүний хүү Чон Мон Хун  хойд Солонгост 2000 онд 500 сая ам.долларын хууль бус мөнгө оруулсан хэрэгт холбогдож амиа хорлож нас эцэслэв. Түүний нөгөө хүү нь эдүгээ автомашины салбарыг нь толгойлж, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийг нь алдалгүй авч явж байна. 

Чон Жу Ён  2001 онд 86 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Тэр гэр бүлдээ 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө үлдээжээ. Түүний байгуулсан компани, түүний ажлын арга барил, ёс, дэг жаяг солонгосын орчин үеийн бизнесийн хөгжлийн түүхэнд их нөлөө үзүүлсэн юм. Түүний тэсвэр хатуужил, эр зориг, алсын хараа, цаг үеэ мэдэрдэг, бусдыг удирдах уран арга чадвар, уян хатан байдал, бэрхшээлээс хэзээ ч айдаггүй, ухардаггүй дайчин чадвар домог болон үлджээ. Түүний тухай солонгосын олон ангит  кино байдаг даа. Ямар их бэрхшээлийг яаж даван туулж амжилтад хүрч байгааг өгүүлсэн кино. Тэр өөр рүү нь дайрсан дээрэмчин, хулгайч, биезнесийг нь булаан авахаар ирсэн мафийнхантай  нүүр тулж   эрэлхэг зоригтой тулалдаж  ялан дийлдэг байлаа. Зарим үед мафийн тусгай бүлэглэлтэй тулж бизнесээ хамгаалахын тулд улаан гараараа зодолдох үе ч байлаа. Тэр өөрт тохиолдсон хүнд бэрхшээл бүхнийг ялан дийлдэг байлаа. Амьдралын бэрхшээлтэй нүүр тулж айдас бэрхийг давдаг байлаа. Тэр бол баатар эр байсан. Солонгос байтугай дэлхийд үлгэр дууриалал болсон сайн эр байлаа. Өөрийгөө ялсан эр. Бэрхшээлийг ялсан эр. Ядуурлыг ялсан эр. Зорилгодоо хүрсэн эр.Тэр америкийн ерөнхийлөгч Линкольн, францын алдарт жанжин Напольены тухай ном унших дуртай байсан. Тэр тэдний агуу их зориг, зорилгодоо хүрсэн амьдралын түүхийг уншаад бахархдаг байсан. Өөрөө ч яг  тийм л  хүн байсан.  Бусад бизнесменүүд өөрийн сайн мэддэг салбартаа хөрөнгө оруулж амжилтад хүрч байсан бол Чон өөрийн огт мэддэггүй автомашин,  хөлөг онгоц, электроникийн салбарт хөрөнгө оруулж амжилтад хүрсэн байдаг. Агуу хүнийг амжилтаар нь дүгнэдэг. Түүний үндэслэн байгуулсан “Хьюндай” автомашин эдүгээ дэлхийн зах зээлд улам амжилтанд хүрч хорин нэгдүгээр  зууны 2019 онд ухаалаг автомашин болтлоо хөгжиж дэлхийд шуугиан дэгдээгээд байна. Түүний үндэслэн байгуулсан “Хьюндай групп” эдүгээ дэлхийн хамгийн том шилдэг группын нэг хэвээр байна. Жирийн нэгэн цагаан будааны наймаачнаас орчин үеийн автомашин, хөлөг онгоцны үйлдвэрлэгч болтлоо өссөн түүний түүх олон нийтийг  гайхшруулдаг. Энэ амжилт бол хувь хүнтэй шууд холбоотой. Энэ амжилт бол ямар ч бэрхшээлийг даван туулдаг, ямар ч бизнесийг хөл дээр нь босгож хөгжүүлж чаддаг  түүний цаг үеэ, ирээдүйгээ мэдэрдэг мэдрэмж,  удирдан зохион байгуулах авьяас чадвартай нь шууд холбоотой юм. Тосгоныхоо ганц үнээг аав,ээждээ хэлэлгүй зараад хармаандаа хэдхэн зоостой  Сөүл хот руу явсан ядуу тариачин хөвгүүн амьдралын хүнд бэрхшээлийг хэрхэн даван туулж азийн хамгийн баян хүний нэг  болсон тухай түүхийг товч өгүүлэхэд ийм байна. Үүнийг л “ Self-made” буюу “Өөрийгөө бүтээсэн хүн” гэдэг юм даа.

Доржийн СҮХБААТАР

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!