LOADING

Type to search

ТҮҮХ

Зарц нар гэж хэн бэ?

Share

1924 оноос эхлэн төрийн шийдвэрт мал бүхий өрхийг ядуу, дунд, чинээлэг, мөлжимтгий хэмээн хэд хэд ангилах ба малын тоог /бод буюу толгойн тоогоор/ гол шалгуур болгон үзэж байжээ.

1924 оны БНМАУ-ын Үндсэн хуульд зааснаар хувийн аж ахуйдаа хөлсний хөдөлмөр ашиглагчдын улс төрийн эрхийг хасахаар заасан боловч олон малтай баян айл өрхийн зарим нь өөрийн хүчээр малаа адуулах хүчин хүрэлцэхгүйн улмаас арга буюу бусдыг зарцалж байлаа.

Гэтэл төр засаг зарцтай өрх бүхнийг мөлжигч этгээд хэмээн ад үзэж байсан бөгөөд шинэ эргэлтийн бодлогын үед ч ийм байдал мөн л хэвээр үргэлжилж байв. Жишээ нь 1932 оньг намар батлагдсан Мал, тариалангийн албан татварын тухай хуульд зааснаар тухайн өрх зарцтай бол жилийн бүх орлогынх нь 50 хувийн, хэрэв сонгуулийн эрхээ хасуулсан бол 75 хувийн татварыг хурааж байхаар заасан байдаг.

Зарц нарын ихэнх нь хэдийгээр гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллах боловч тэдний авдаг хөлс шан нь харьцангуй бага хэмжээтэй байлаа. Зарим үед зөвхөн ганц хоёр бод, дээлийн өнгө даавуу /даалимба дурдан төдийхөн/ эсвэл саалийн хэд гурван үнээ мал түр хугацаагаар ашиглуулснаар зарцын хөлс төлөгдөж байсан тохиолдол ховор биш байлаа.

Гэтэл зарцтай айл өрхийг хөрөнгө чинээнийх нь байдал, зан авирыг нь ч хайхралгүйгээр нүд үзүүрлэн үл бүтэх этгээд, мөлжигч феодал хэмээн хавчин хяхаж байсан бөгөөд 1924 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуульд зааснаар Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгөхүүлэгчид /БНМАУ-ын 1956, 36/ 1944 он хүртэл сонгогдох эрхгүй байв.

Ингэж зарцтай хүмүүсийг “мөлжин амьдрагчид” хэмээн үзэж элдвээр гадуурхах явдал 1924-1959 онд хөдөө аж ахуйг хоршооллож дуустал үргэлжилжээ. Үүний уршгаар өөрийн хүчээр маллаж хүч хүрэхгүй зарим өрх зарц хэрэглэхээсээ цэрвэж малаа үрэн таран хийх нь ч цөөнгүй байсан ажээ.

ЗАРЦ БАЙСАН ХҮМҮҮСИЙН ХУУЧ ЯРИА

Увс аймгийн нэг айлд 36 жил бүх гэр бүлээрээ зарцлагдсан Б.Туз – 1986 он 

“Хавар тариа тарих, намар тариа хурааж дуусах хооронд 5 сар гаруй хугацаанд ялангуяа хавар газар хагалж үр суулгахын өмнө ба дараа нь тогтмол хугацаанд шөнийн цагаар газар услах, намар тариа хурааж цайруулж бэлэн болсон тариаг уурхайд аваачиж хадгалах, дараа нь эзний хэрэгцээнээс илүү гарсан тариаг зарж борлуулахад нь хүртэл хүчин зүтгээд авдаг хөлс нь тун ч чамлалттай байсан.

Туз болон бусад хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд хавар мал төллүүлсний дараа 10-15 хургатай хонь авч 2 сар сааж сүүгий нь ашиглана, намар идэшний 2-3 хөгшин эм ямаа, нэг хөгшин эм хонь юмуу өвчтэй төлөг, ганц даалимба 1-2 улаан тамхи л бүх жилийн хөлс болдог байжээ. 

Хэрэв хуульд заасан хэмжээгээр хөлсөө авна гэж зарга үүсгэх аваас ихэнх тохиолдолд нэг удаа зохих хөлсөө аваад л тухайн айлаас явах болдог байжээ. Хөлсийг нь төлсний дараа эзэн хүн, түүний гэр бүлийнхэн зарцдаа хандаж: Бид хэл амтай хүнээр ажлаа хийлгэхгүй. Одоо та аргаа бодно биз дээ. Манайх зарцлах хүнээ олчихлоо гэж хэлдэг байсан гэнэ. Нэгэнт ажилгүй болсон зарц хүн өөр айлд очиж ажиллая гэвч хэрэв түүнийг “хүн муутай” гэх зэргээр зарим хүмүүс муучлан ярих явдал дэлгэрсэн байвал тэр зарцад ажил олдох нь багагүй түвэгтэй байжээ. 

Ховд аймгийн Булган сумын уугуул Аюушийн Буян (72настай)- 1987 он

1959 оны хавар хүртэл айлын зарц байсан тухайгаа ярихдаа айлын хонь хариулаад сард нэг төлөг авдаг. 30 бог зун саадаг. Манайх айлын мал хариулна намарт эсгийг нь хийдэг байлаа. Эсгий хийхэд мал хариулахаас илүү цаг их авдаг.

Ажлаа хир зэрэг хийсэн нь тэр дороо мэдэгддэг. Манай Булган суманд эсгийг хоёр янзаар хийдэг байлаа. Нэгдүгээрт эх эсгийгээр ноосоо зулж хийдэг. Хоёрдугаарт сүлжсэн дэрсэн дээр ноосоо зулж хасаг аргаар хийдэг байсан. 100 жин ноос(нэг жин=600гр) ноос 4-5 эсгий болно.

Хөлс нь нэгжилд 10 жин ноос эсвэл 5 жин хүрнэ. Эсгийг хавар, намар хоёр удаа хийнэ. Хаварт уртын ноосоор намарт ахар ноосоор хийнэ. Эсгий хийхэд хоол унд сайн өгдөг боловч 4-5 өдөр яг сууж хийдэг болохоор мал хариулахаас хэцүү. Харин хир зэрэг хийсэн нь хүний нүдний өмнө болохоор сайхан байдаг. Ноос савахаас эхлээд эсгийг татах хүртэл 4-5 дамжлага ажил байдаг. 

Жамбын буюу Буусайн Баяр

1932-1933 онд Луусайн Хожиг гэдэг айлын үхэр малласан. Хоёр хавар өглөөнөөс үд хүртэл 10 хэдэн хоногийн турш долоон тагтны тарианы  газар хагалдаг. Нэг тагт газар 5-10 га-тай тэнцдэг байсан байх, би энийг сайн мэдэхгүй дээ. Хожигийн анжисны шарнууд өөрсдөө явж сурсан байдаг болохоор хөтлөх хүн хэрэггүй.

Зөвхөн нэг хүн шарнуудаа чиглүүлээд үрээ цацаад л явдаг.Тариа тарьж дуусахад 2 лан эсвэл хургатай хонь нэг мал хариулахад сард нэг охин төлөг өгдөг тогтсон жишиг байлаа. Манай суманд айлын мал маллаж тариа тарьдаг зарц нар олон байсан тэдний ихэнх нь сүүлдээ овоо малжсан даа.

Сэмээн Баатар

Баян Ба-гийн 1500 малыг самгантайгаа хоёул 1945 онд Хавтаг Байтагт таван бүтэн сар хариулж гунжин гүү нэгийг авсан. Баян Ба бол ажил сайтай, хүнийг зарж ч чаддаг хэн ч чамлахааргүй хөлс өгдөг тэгэхдээ хэд хэдэн зүйл амлаад за чи аль нэгийг нь сонго гэдэг. Намайг 5 сар зарцлаад за чи төллөх дөрвөн бог (2 хонь, 2 ямаа), нэг гунжин гүүний аль нэгийг сонгож ав гэсэн. Тэгээд би гунжин гүүг нь авсан. Харин өгөх малаа баян Ба өөрөө сонгож өгдөг боловч нэг их сайн биш боловч тийм ч муу биш дунд зэргийн мал өгдөг. Тэр нутгийнхан баян Ба-гийн малыг хариулах тун дуртай.  

Эх сурвалж: “Монголчууд 1924-1959 онд”ном

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!