LOADING

Type to search

Ухаарахуй

Гүрү багш нарын мэндэлсэн түүх

Share

Энэ явдал Аштавакраг нартад мэндлэхээс өмнө болжээ. Түүний аав их эрдэм мэдлэгтэй хүн байсан бөгөөд өдөр бүр Вэд шастирыг дахин давтан уншдаг байлаа. Түүнийг нь Аштавакра эхийн хэвлий дотроо сонсдог байж. Нэг өдөр хэвлийгээс “Одоо наад тэнэглэлээ больж үз. Билиг ухаан үгийн цуглуулга дотор байхгүй, өөрийн дотор л бий. Үнэнийг судраас олно гэж бодоо юу? Үнэн дотоод чанадад бий” гэх дуун гарчээ.

Төрөө ч үгүй хүүхэд их мэргэн номч эцгээ эхийн хэвлийгээс шоолно гэж үү? Эцгийн эго, их мэргэний эго үүнд дэлбэртлээ уурлав. Тэр уурандаа хүүг төрөхдөө үе мөч нь найман бөгтөртэй болог гэж хараажээ. Аштавакра гэдэг нь найман бөгтөрт гэсэн үг. Түүний биеийн найман хэсэгт тэмээн бөх шиг бөгтөр байдаг нь тэр явдлаас болжээ…

Өөр нэгэн түүхийг дурдъя. Буддагийн мэндэлсэн тухай. Ээж нь модны дор зогсоогоороо амаржсан бол Будда бас босоогоороо төржээ. Төрөнгүүтээ тэр хөсөр уналгүй, алхаж эхэлсэн. Долоо алхаад, найм дахь дээрээ зог тусан, хутагтын дөрвөн үнэнийг айлджээ: “Хорвоо бол зовлон…” Газар дэлхий дээр дөнгөж мэндлээд, долоо алхах зууртаа тэр үнэнийг тунхаглажээ. “Зовлонгоос гэтлэх зам мөр бий. Зовлон бүхнээс гэтэлсэн нь нирваан билээ.”

Лаоз эхээс төрөхдөө наян настай хөгшин мэндэлсэн гэдэг. Тэрээр эхийнхээ хэвлийд наян жилийг үджээ. Түүнд юу ч хийх хүсэл төрдөггүй, бүр энэ дэлхийд мэндлэх ч хүсэл байгаагүй юмсанж. Тиймдээ эхийн хэвлийгээс үсэн буурал өвгөн гарчээ. Харин Зарасутра эхээс төрөхдөө инээж мэндэлсэн гэдэг. Гэхдээ Аштавакрагийн түүх бүгдийг нь ялна. Төрөхөөсөө ч өмнө өөрийгөө тунхаглажээ. Эдгээр түүхүүд багш нарын амьдрал үйлсийн зүрхэн эрдэнэсийг агуулдаг учир  чухал ач холбогдолтой.

Тухайлбал, Будда долоо алхаад найм дахь дээрээ зогссон учир найман гишүүнт зам мөрийг заасан. Зөв самади сүүлчийн шат. Самади бясалгалын тэр төлөвт л оршихуйн бүх үнэнийг танина. Тиймээс тэр хутагт дөрвөн үнэнийг айлджээ. Лаоз буурал болоод төрсөн. Хүмүүс ная наславч Лаозын төрөхдөө таньж ойлгосныг ухаарч амжилгүй үхдэг. Хөгшрөх, ухаажих хоёр нэг утгатай биш.  Ухаан сэхээгүй бол ная наслаад ч нэмэргүй, нялхас хэвээр буцна. Ухаан сэхээтэй бол наян насны амьдралыг ч ганцхан хоромд туулж болно гэдгийг Лаозын түүх харуулдаг.

Заратустра инээж төрсөн нь учиртай. Газар дэлхийд хамгаас ойр түүний шашныг Инээдэг шашин гэж нэрлэж болно. Заратустрагийн бүх илгээлт үүнд багтана: “Хэрэв чи бурхан чанарыг инээдээр таньж чадах бол яагаад заавал нус нулимстай зууралдах гээв? Ариун сүм рүү цэцэг түүнгээ бүжиглэн хүрч болох атал юунд өргөс шивсэн замаар үйлээ үзэн мөлхөнө вэ?” Эдгээр домог цадигийг түүхэн баримт гэж харах хэрэггүй. Болсон явдал биш байлаа ч утга санаа нь үлэмж агуу.

– Ошо #АгнистынГэгээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!