LOADING

Type to search

Ухаарахуй

Махамутрын таниулга Билгийн гэгээн чимэг

Share

Очир хөлгөний дээд Махамутар (төвд: Чагжачэнбо, мон: Их дохио буюу Үлэмжийн чанар)-ын сургаалыг Бурхан багш Очирдар бурханы дүрээр Энэтхэгийн их шидтэн Дилова хутагтад уламжилсан гэдэг. Дилова хутагтаас Нарова, Наровагаас Марва лам, Марва ламаас Мял богд, Мял богдоос оточ Гамбува, Гамбува богдоос Пагмудүв, түүнээс бригүн гаржүд урсгалыг үндэслэгч их багш Жигдэнгомбо гэгээн өвлөжээ. Богд багшаас хувьт шавьдаа зулаас зул асаах мэт адис авшиг дамжуулдаг учраас гаржүд буюу зарлиг уламжлал гэгддэг.

Ертөнцийн итгэл гэсэн утгатай Жигдэнгомбо буюу Жигдэнсумгон (1143–1217) гэж алдаршсан их гэгээнтэн энэ нандин уламжлалд эзэн байж, өөрөө бясалган гэгээрсэн төдийгүй үй түмэн шавиа гэгээрэлд хөтөлжээ. Түүний сургаал номын зүрхэн шим Махамутрын таниулга Билгийн гэгээн чимэг шастирыг сүслэн толилуулъя. Гэгээн дээдсийн наран дор зүрхний лянхуа өөрөө дэлгэрч, хамт төрсөн үлэмжийн чанар анхилах болтугай.

Төрөлгүй ариун дагшин номын агаарт

Мөхөлгүй нигүүлсэнгүйн нарыг мандуулснаар

Төрөлтөн бүгдийн мунхгийн харанхуйг арилгагч

Төгс гэгээрсэн багш дээдэстээ биширмү.

Төрөлх байгаль чанарын бэлгэ билгүүнээр

Түгээмэл ахуй ёсыг тодорхой нээх увдисыг

Богд багшийн айлдвар, судар тантарт дулдуйдан

Бодь сэтгэлийн дуудлагаар тусыг сэтгэн өгүүльюү.

БЭЛТГЭЛ ДӨРВӨН НОМ

Сэтгэлийн боловсрол

Үйлийн шалтгаан, үр, мөнх бусын жамыг үргэлж тасралтгүй бясалгаад мунхаг харанхуйн тойргоос уйсах сэтгэлийг хатуу чанга үүсгэ. Энэ хорвоод урьд төрсөн бүхэн үхсэн, ирээдүйд төрөх бүхэн ч талийна, эдүгээ амьд буй бүхэн нөгчинө. Өөрөө ч тэр мэтчилэн мөнх бусыг үзнэ. Өнөөдөр үхэх, маргааш үхэх эсэхэд болзоо үгүй. Үхэх цагтаа хурааж хумьсан, өмчилж зуурсан бүхнээ орхиод одно. Өөрөөрөө жишээлж төөрч зовсон олон амьтны зовлон гунигийг ойлго. Үйл зовлонгийн үндэс болсон өөдгүй тэр мунхаг шунал хаанаас үүднэ вэ. Өөрийн сэтгэлд бурхан чанар – номын лагшин оршсоор атал өөрөө өөрийгөө үл мэдэх мунхгийн эрхээр би-үгүйг би хэмээн баримталж зовлонгийн тойрогт эргэдэг. Уг учир зүйг ухаарч, бүгдэд тэгш нигүүлсэнгүйг цаг үргэлж бясалгаарай.

Гүрү иог

Бясалгал, гэгээрлийн үндэс нь гүрү багшийн адистид хийгээд өөрийн чин зүрхний итгэл бишрэлд дулдуйддаг. Баясгалан Очир (Хэ базар)-ын тантарт ийн өгүүлжээ:

Гаднаас олж, бусдаас хүртэх боломжгүй

Хамт төрсөн бурхан чанарыг

Гагцхүү багшийг шүтэн ариусах буяны үрээр

Өөрийн дотроос танин мэдьюү.

Тангараг оршоох сударт:

Лагшин найраг төгөлдөр бурхадыг буман галавт бясалгаснаас

Лам багш юугаа агшин зуур санан дурдсан буян агуу.

Нямба бүтээл, тарни уншлагыг сая живаа үйлдсэнээс

Нигүүлсэнгүй багшдаа нэгээхэн удаа залбирсны тус үлэмж.

Олон судар номд энэ мэтчилэн захисныг ухаарч, “Эх болсон хамаг амьтны тусын тулд би төгс гэгээрье. Түүний тулд бурханы дөрвөн биеийн мөн чанарт гүрү багшдаа залбиръя” хэмээн санаад, өөрийн биеийг ядам бурханы дүрээр тодруулан бод. Тэгээд орой дээрээ бадам цэцэг, наран, саран мандал дээр амин зүрхний багшаа түгээмлийн эзэн Очирдар бурханы дүрээр заларч байгаагаар төсөөл. Лагшин найргийн гэгээ гийсэн, энэрэнгүй зөөлөн мишээл төгөлдөр, таалал нь мянган бурхадын дияанд тэгш орших лугаа өөрийн чинь залбирлыг баясан болгоож байна.

Үнэний номыг уламжилсан өмнөх үеийн бүх багш нар амин багшийн зүрхэнд далайд буух хурын дусал мэт уусан шингэлээ. Арван зүгийн бурхан бодьсадва, ядам сахиус бүгд тэр мэтчилэн шингэснээр ачит багш минь бурхан бүхний хураангуй цогц билээ хэмээн бодоод тахил дээж бүхнээр баясган, бие, эдлэл бүхнээ өргөх чин бишрэлийг үүсгэж:

“Багш бурхан эрдэнэдээ итгэмү. Би-г баримтлах үзлийн хүлээснээс чөлөөлж адисла. Хүсэл шуналаас гэтлэх ухаарлыг төрүүлж адисла. Арилсан сэтгэлийн мөн чанарт агшин зуур нэвтрүүлж хайрла. Элдэв төөрөгдлийг ая зөнгөөр нь алдруулж хайрла. Үзэгдэл ертөнцийг үнэмлэхүй номын биед ургуулж хайрла” хэмээн залбирахуй… багш бурханы гэгээн лагшинаас бэлгэ билгийн рашаан урсгал ундарч өөрийн оройн сүвээр хөлийн үзүүр хүртэл бууж, бүх бие сэтгэлийг ариулж буйг мэдэр. Орчлон тэргүүлшгүй цагаас хуралдсан хилэнц түйтгэр, гэм алдас бүхэн ариусч, энх мөнх билгийн рашаанаар бие цогц дүүрэн бялхаад бурхад лугаа хамт төрсөн жаргалан төгөлдөр боллоо…

Энэ залбирал бясалгалыг өдөр (өглөө, үд, үдээс хойш, орой) бүр дөрвөн удаа үйлдээрэй. Завсар зуурын явдал, суудал бүртээ “Амьдрал, үхлийн алинд ч авралт багш минь болгоо” хэмээн санан дурдах төдийд уярлын нулимс мэлмэртэл чин сүсгийг өвөрлө. Чөлөө гарах бүрийд багшаа өөрт шингээж, багшийн лагшин, зарлиг, таалал өөрийн бие, хэл, сэтгэлд уусан нэгдсэн хэмээн мэдэрч, уг төлөвтөө бодлоос ангижран тэгш агуул. Бясалгал өндөрлөсөн үедээ адис буян бүхнээ бүх ертөнцөд түгээн, бодь хутагт зорин ерөөгөөрэй.

Зуун үсэгт тарни бясалгал

Алдас гэмийг үтэр ариусгах нэгэн арга нь Базарсад бурханы зуун үсэгт тарни бясалгал юм. Бясалгах арга нь: Өөрийгөө эгэл жирийнээр санаж, орой дээрээ наран, саран мандал бүхий Хум үсгийг ургуул. Хум үсэг агшин зуур хувирч Базарсад бурхан тодров. Нэг нигуур, хоёр мутартай, баруун мутраар зүрхэн тушаа очир барьж, зүүн мутраар бэлхүүс хавьцаанаа хонх атгажээ. Баруун хөлөө жийж, зүүн хөлөө хумьсан, эрдэнэ чимэг төгөлдөр сүр жавхлант дүрийг тийнхүү бясалга. Базарсадын зүрхэн дэх саран мандал дээр Хум үсгийг тойрон тарнийн зуун үсэг наран зөв эргэх ажгуу. Эргэх бүрт гэрэл цацарснаар арван зүгийн бурхан бодьсадва бүхний зүрхнээс билгийн рашаан хур бууж Базарсадын оройгоор орж, бүх бурхадын нэгдмэл цогц болов. Улмаар Базарсадын зүрхнээс рашаан баруун хөлийнх нь эрхий хурууны үзүүрээс өөрийн оройн сүвээр доош бууснаар бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл бүхэн хар хир, бохир буртаг мэт гадагшилж, ариун билгийн рашаанаар бие цогц маань дүүрлээ. Ийнхүү дотоод угаалгыг мэдэрч бясалгах зуураа зуун үсэгт тарнийг уншаарай.

Ум базар саду сама яа

Ману балаяа

Базар саду дэнова дишта

Дидхо мэвава

Судо хоёо мэвава

Субо хоёо мэвава

Ану рагдо мэвава

Сарва сидди мэбра язца

Сарва гарма суза мэ

Зидам шриям гүрү хум

Ха-ха ха-ха хо:

Вагаван сарва дата гада

Базар мамэ мүнза

Базар бава

Маха сама яа саду аа хум пад.

Зуун үсэгт тарнийн утга:

Ум – Бурханы ариун лагшин, зарлиг, таалал.

Базар саду – Амгалан хоосон чанарын хоёргүй билигт очир зүрхэн

Самаяа – Үл цуцрах андгай тангараг

Ману балая – Намайг гэгээрэлд хөтөлж хайрла.

Базарсаду дэнова дишта – Очир баатар бодьсадын зүрхэнд нэвтрүүлэн соёрх.

Дидхо мэвава – Оршихуйн мөн чанарыг таниулан соёрх.

Судо хоёо мэвава – Хамаг багш бурхад минь адислан соёрх.

Субо хоёо мэвава – Их амгалангийн мөн чанараар адисла.

Ану рагдо мэвава – Энэрэл хайрын сүр сүлдээр адисла.

Сарва сидди мэбра яца – Хамаг эрдмийн дээд шидийг хүртээ.

Сарва гарма суза мэ – Хамаг бурхадын үйлс бүтээлд хамтатга.

Зидам шриям гүрү – Цог жавхлант эрдэм увдис бүхнээ хайрла.

Хум – Ариун очирын таалал.

Ха ха ха ха хо – Чанадын таван билгүүн ухаант

Вагаван – Ялж төгс нөгчсөн

Сарва дата гата базар – Хамаг түүнчлэн ирсэн очирт дээдэс

Мамэ Мүнза – Намайг цаг ямагт дагуулан соёрх.

Базар бава – Эвдэршгүй очирын мөн чанартай

Маха самая саду – Их тангарагт баатар минь

Аа – Ариун очирын зарлигт

Хум – Их амгалангийн билигт

Пад – Хоёргүйн мөн чанарыг тодруулж, хоёрлон барих сэтэлийн түйтгэрийг даран соёрх.

Тарниа аль болох олон уншиж бясалгасны эцэст тахил залбирал өргөөд Базарсад бурханыг өөртөө шингээ. Өөрийн бие, хэл, сэтгэл Бурханы лагшин, зарлиг, таалалтай нэгэн мөн чанарт боллоо хэмээн санаад бодлоос ангид тэгш амгаланд орш. Бясалгалаа өндөрлөх үед буян бүхнээ хамаг амьтны тусын тулд бодь хутагт ерөөн зориулаарай.

Мандал өргөх

Бүтээлийн мандал:

Мандлаа сайтар арчаад, элдэв зүйлийн эрдэнээр үүдсэн дөрвөн хаалгат дөрвөлжин хэлбэртэй эрхэм дээд орд харш хэмээн төсөөл. Тэр мандлын төв дунд болон дөрвөн талд нь найман арслан өргөсөн эрдэнийн тавцан, наран саран дэвсгэр бүхий сэнтийг ургуул. Голын сэнтий дээр нь амин зүрхний багшаа зал. Зүүн талын сэнтий дээр ядам, урд талд нь бурхан эрдэнэ, баруун талд нь ном эрдэнэ, хойд талд нь хувраг эрдэнийг заларснаар сана.

Тэд бүгдээс гэрэл цацрахад голын багшид бүх язгуур уламжлалын багш нар шингэж, ядамд бүх ядам бурхадын чуулган шингэж, бурхан эрдэнэд арван зүгийн бурхад, ном эрдэнэд цаглашгүй дээдийн ном бүхэн хураад, хувраг эрдэнэд арван зүгийн архад хутагт бодь сэтгэлтэн бүхэн хуран шингэв хэмээн санаад өргөл мөргөлөө үйлдээрэй.

Өргөлийн мандал:

Мандал юугаа (сав шимийн хотол ертөнцийг бэлгэдэж) агуу уудам эрдэнийн алтан дэлхий болгоод төв дунд нь нэгэн цомбо босгож уулсын хаан Сүмбэр уул хэмээн сана. Дөрвөн талд нь дөрвөн цомбоор дөрвөн тив ертөнцийг бэлгэд. Сүмбэр уулын зүүн талд нарыг, баруун талд сарыг бэлгэд. Дунд нь тэнгэр хүмүүний цог учрал хотол чуулсан баялаг бүхнээр гурван мянган ертөнцийг дүүргэн бясалга. Юунд ч шунан барьцалдахгүй сэтгэлээр өөрийн бие, эдлэл, өнгөрсөн, одоо, ирээдүйн буян бүхнээ тэрхүү дээдийн мандалд юүлээд харамгүй өргөх чин сүсгээр ийнхүү залбир:

Багш дээдэс тандаа амь бие, ахуй эдлэл, гурван цагийн буянаа өргөл болгоё. Их нигүүлслээр таалан болгоо. Эрхэм дээд ухаарлыг сэтгэл үндсэнд минь төрүүлж хайрла. Эгнэгт тасрахгүй амсах бясалгалын шимийг адислан соёрх.

Ядам бурхадын чуулган тандаа амь бие, ахуй эдлэл, гурван цагийн буянаа өргөл болгоё. Их нигүүлслээр таалан болгоо. Эрхэм дээд ухаарлыг сэтгэл үндсэнд минь төрүүлж хайрла. Эгнэгт тасрахгүй амсах бясалгалын шимийг адислан соёрх.

Эрхэм гурван эрдэнэ тандаа амь бие, ахуй эдлэл, гурван цагийн буянаа өргөл болгоё. Их нигүүлслээр таалан болгоо. Эрхэм дээд ухаарлыг сэтгэл үндсэнд минь төрүүлж хайрла. Эгнэгт тасрахгүй амсах бясалгалын шимийг адислан соёрх.

Эдгээр дөрвөн бэлтгэл номд хичээнгүйлэн суралцаарай.

ҮНДСЭН ХИЧЭЭЛ

1. Сэтгэлийн язгуур чанарыг таниулах нь:

1.1. Амарлин ахуй

• Төвлөрөх зүйлт

• Төвлөрөх зүйлгүй

1.2. Үлэмж үзэхүй

2. Үзэгдэлд дулдуйдан таниулах

2.1. Бодлыг үнэмлэхүйд таниулах

2.2. Үзэгдлийг үнэмлэхүйд таниулах

Төвлөрөх зүйлт амарлин ахуй

Биеэ тэгш амгалан оршоогоод “Хамаг амьтны тусын тулд гэгээрье” хэмээн санаж, өөрийгөө ядам бурханы дүрд тодруул. Оройдоо гүрү багшаа залж, сүслэн залбираад, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай ямарваа бодолд авталгүй өмнөө буй нэгэн зүйлд харц, сэтгэлээ тогтоон төвлөр. Анхаарал төвлөрөх цэг чинь мод, чулуун мөхлөг гэхчлэн юу ч байж болно. Гагцхүү өөр тийшээ хадууралгүй тухайн зүйлдээ төвлөрөх нь чухал. Үе үе чилээгээ гаргаж амраад дахин түүндээ төвлөр. Ийм байдлаар богино хугацаатай, олон давтамжтай бясалгасаар хоногийн дөрвөн мөчлөгт үйлд. Мөчлөг хооронд ч элдэв долоон бодолд авталгүй, бясалгалын зоригдол сэтгэл хоёроо бүү салга. Явдал суудал дундаа ч сонор сэрэмжээ хадгалж, харцаа хамрын үзүүр тушаа буулган нам тогтуун бай.

“Сэтгэл болон харцаа тогтоох олон зүйлийн аргаар аясын төлөвт хүртлээ уйгагүй хичээх хэрэгтэй” гэж Дилова хутагт захисан билээ.

Төвлөрөх зүйлгүй амарлин ахуй

Өмнө өгүүлсэнчлэн биеэ тэгш амгалан оршоож, сэтгэлээ аядуухан залж, хамрын үзүүр тушаа харцаа тогтоон өмнөх огторгуй (орон зай) руу харах мэт бясалга. Энэ үест харц болон сэтгэл уягдах зүйл үгүй боловч тэр л төлөвтөө оршоод, өөр зүйлд агшин зуур ч бүү алгасар.

“Юунд ч сэтгэл үл уягдах нь Махамутар. Зорин бясалгах зүйл тоосны төдий ч үгүй тул бүү бясалга. Зорилтгүй утгаас үл хагацах нь өөрөө бясалгалын дээд” хэмээн богд багш нар айлджээ.

Ийм дадлагыг бага багаар олон давтамжтай хий. Завсар чөлөөнд нь явдал мөр тутамдаа урьдын адил сэрэмж сэхээтэй бай. Эхлэн суралцагчдын хувьд бодлын үймээн улам нэмэгдэх шиг санагдана. Энэ нь муу дохио биш, харин ч сэтгэл тогтож эхэлсний шинж юм шүү. Сэтгэл тогтохоос өмнө үй түмэн бодол зогсоо завгүй цувравч түүнийгээ ажиж анзаарахгүй явдаг. Бодлын цувралыг хүчээр хянан цагдах гэж бүү оролд. Гагцхүү урсан өнгөрөх бодол бүрийг хөндлөнгөөс ажиглан гэрчлэхийг хичээ. Ядарч чилэх үедээ амсхийж бай. Энэ мэтчилэн ажиглан бясалгах аваас бодол чинь өөрөө сэтгэлийг тогтоох тусагдахуун болж, бодлоос ангид цэлмэг оршихуй аяс аясаар тодорно.

Сэтгэлийг хүчлэлгүйгээр султган амарлих арга нь:

Тэгш амгалан суугаад бие, сэтгэлээ суллаж, ухамсар мэдлээ угийн төлөвт нь аяс аясаар уусган амраа. Угийн төлөв гэдэг нь бодлоос ангид байгаль төлөв юм. Элдэв бодлыг аялдан дагалгүй сэхээлэг байх юм бол дотор чинь аяндаа саруул тунгалаг, амар амгалан болоод ирнэ. Махамутрын сударт ийн өгүүлжээ:

Үймэх бодолгүй сэтгэлийн чанар

Үүлгүй цэлмэг огторгуй мэт.

Хөлгүй далай шиг гүн агаад

Хиргүй болор шиг тув тунгалаг.

Энхэр цэцэг шиг анхилам бөгөөд

Идэвхийлэл үгүй ч алгасрал үгүй.

Элдэв чимэггүй нүцгэн атлаа

Эгнэх аргагүй сүр жавхлантай.

Ийм л аясын байгаль төлөвт орон ортлоо дадуулаарай.

Үлэмж үзэхүй

Биеэ урьдын адил тэгш амгалан оршоож, хараагаа өмнийн агаарт чиглүүл. Сэтгэлээ суллаж угийн төлөвт нь оруулаад билиг ухаанаа хурцалж, өөрөө өөрийгөө харах мэт сэтгэлийн мөн чанарыг чухам юу вэ хэмээн лавлан шинжил. Ийнхүү шинжлэх бясалгал төгс болох эгшинд ямархан ч хаалт хучаасгүй нүв нүцгэн, ав ариухан, сав саруулхан, тийм гэж тэмдэглэх аргагүй ухамсрын төлөв нээгдэх болно.

Тэр хүртэл багш бурхандаа залбирч, ахин дахин хичээн бясалгасаар бодлыг зөнгөөр нь амарлиулж, сэтгэлийг аясаар нь суллаж тогтуун бат орших нь амарлин ахуй юм. Тийм тогтуун агаарт сэтгэлийн мөн чанар хэмээн зааж хэлэх, төсөөлөх, дүрслэхээс хэтийдсэн, оргүй хоосон мэт атлаа ойгүй саруул, оёоргүй уужим, үзэгдэшгүй атлаа үзэгдэх, амсагдашгүй атлаа амсагдах нь өөрт л мэдэгдэж нотлогдохоос биш өрөөл бусдад өгүүлэх аргагүй тэр ухамсар сэрэхүйг үлэмж үзэхүй гэнэ.

Их бярман Сараха ийн айлджээ:

Багшийн сургаал, номын зүрхэнд

Чинхүү биширч хичээн шамдвал

Хамт төрсөн бурханы билгүүн

Өөрөө тодроход бүү эргэлз.

Үг үсэг, өнгө хэлбэр,

Үлгэр зүйрээс хэтийдсэн түүнийг

Өөрөө би амссан ч гэлээ

Өрөөл бусдад хэрхэн ойлгуулах.

Танхилхан охины дурлал таашаал

Зүрхнийх нь гүнд чимээгүй асах шиг

Дээдийн дээд энэ амсуурыг

Үгээр илэрхийлж хэн чадах вэ.

Үүсэх, орших, эвдрэхийн хязгаараас хальсан хиргүй ариун, хязгааргүй саруул сэтгэлийн байгаль, угийн төлөв үүнийг л үлэмжийн чанар Махамутар гэдэг. Үүнийг л үнэмлэхүй номын бие дармакаяа гэдэг.

Хоосон чанарын тантарт өгүүлсэн нь:

Үйл түйтгэрт хэзээ ч автахгүй

Үүрдийн ариун дагшин оршихуй

Үлэмжийн чанар Махамутрыг

Үүсгэх хийгээд устгах аргагүй.

Зам мөр, арга заслаар бүтэхгүй

Заяагдмал чанар өөрөө тодрох

Энэ бол хамаг бурхадын бие

Энэ бол хамаг эрдмийн суурь.

Сэтгэлийн цэвэр мөн чанар – гэгээн хоосон сэрэхүй нь үнэмлэхүй гурван эрдэнэ, үнэмлэхүй нууц тарни, үнэмлэхүй хот мандал юм.

Хоёргүй ялгуусан судраас:

Итгэлийн дээд болсон гурван эрдэнийн цог заль

Өөрөө өөрийгөө таних энэ л билигт цогцолно.

Сэтгэлийн амгаланд хөтлөх үнэн номын ёс мөр

Сэрж гэгээрэхийн утгыг энэ л билгүүн илтгэнэ.

Баясгалант Очирын тантраас:

Тэр бол тарни уншлагын дээд юм.

Тэр бол дияан бясалгалын хаан юм.

Тэр бол тахил өргөлийн охь юм.

Тэр л билгүүн өөрөө хот мандал юм.

Тэр мэт хот мандлын ч бурхад юм.

Тэрбээр сэтгэлд хурсан оршихуй юм…

Яг одоох бидний агшин зуурын сэрэхүйд ч Бурханы гурван бие бүрдмэл билээ. Үзэгдэх дүр, баригдах биегүй хоосон чанар нь үнэмлэхүй номын бие – дармакаяа. Үл хаагдах гэрэл нь жаргалант бие – самбогакаяа. Энэ хоёрын нэгдмэл чанар нь хувилгаан бие ажгуу.

Хоёргүй ялгуусан сударт эл утгыг ийн өгүүлжээ:

Үүсэл үгүй нь номын бие.

Үл хоригдох нь жаргалант бие.

Хамт нэгэн чанараар

Хаа ч эс орших нь хувилгаан бие.

Сэтгэлийн цэвэр мөн чанар болсон төрөлх гэгээн ухамсарт: Хоосон чанар, энэрэл хайр хоёр ялгаагүй; янагуух, үнэмлэхүй хоёр үнэн ялгаагүй; арга билиг хоёр ялгаагүй; үүсгэл төгсгөлийн хоёр зэрэг ялгаагүй. Юунд ч эс үүдсэн үнэмлэхүй билиг нь хоосон чанар, юунд ч эс хаагдах янагуух гэрэл нь энэрэл хайр болохын учир тэр билээ.

“Хоосон чанар, энэрэл хайр ангид бусыг төгс гэгээрсэн бүхэн сэрж мэддэг. Тэр бол гагцхүү сэтгэлийн байгаль юм” гэж Хоёргүй ялгуусан сударт эш үзүүлжээ.

Сэтгэлээ байгаль чанарт нь тавируулж, гэгээн хоосны агаараас алгасрахгүй л бол түүнээс өөр бясалгах хэрэгтэй, засах шаардлагатай зүйл нэгээхэн ч үгүй. Сэтгэшгүй төрөлх чанарын үндэс сударт ийн онцолжээ:

Угаас ариун төрөлх билгүүнд

Урлаж засахын хэрэгцээ үгүй.

Урсгал ямагт сэтгэлийн байгальд

Улирал цагийн тогтоол үгүй.

Энэ номын утгыг ямагт санаж, өдөр тутмын ажил үйлэн дундаа ч үл алгасрах сэрэмж сэхээг агуул. Бодолд автах тохиол бүртээ ажиглан гэрчлэх аваас далайд унасан цасан ширхэг шиг сэтгэлийн байгальд бодол бүхэн зөнгөөрөө уусан алдарна. Ийм дадлагыг урт удаан үйлдэх юм бол явдал суудал алинд ч гэгээн хоосон ухамсар гийгээд, билгийн мэлмийгээр өөрөө өөрийгөө тольдох болно. Өөрийн мөн чанарыг танин мэдсэний үр шим нь цаглашгүй эрх чөлөө, сарнишгүй амар амгалан бөлгөө.

Бодлыг үнэмлэхүйд таниулах нь

Тэгш амгалан суудлаар суугаад нүдээ урьдын адил тусгалгүй хоосноо агуулж, сэтгэлээ байгаль төрхөнд нь сулла. Сэтгэлийн цэвэр мөн чанарыг билгийн нүдээр нүцгэлж ширтэхийн сацуу сэтгэлд үүсэн замхрах бодлыг ч тэр мэт нүцгэлж хар. Сэтгэлийн байгаль, бодлын үймээн хоёр анги тусдаа эсэхийг лавлан шинж. Сайтар шинжлэн бясалгаж чадвал ус лугаа усанд үүсэх долгион мэт уг чанар нь нэг болохыг ойлгоно. Ус өөрөө долгионоос ангид биш. Долгион ч уснаас ангид биш. Түүнчлэн түг түмэн бодлын долгис сэтгэлийн байгалиас ургаж, мөн түүндээ шингэдэг.

Баясгалант очир:

Энэ л өөрөө хорвоо юм.

Энэ л өөрөө нирваан юм.

Үймээнт хорвоог орхилоо гээд

Өөр газраас нирвааныг олохгүй.

Тийм учраас бодол ургах бүрт мөн чанарыг нь нүцгэлж хар. Баг хувцас мэт дүр хэлбэрт нь бүү уягд. Уягдан барьцалдахгүй ажиглах аваас үймцэх бодол өөрөө зүрхэн тольтод амгалан таашаал болж уусна. Муу муухай бодол төрсөн ч хүчлэн хорих гэсний хэрэггүй. Сэрүүн тунгалаг ухамсар чинь аяндаа түүнийг урвуулна. Багш бурхад ингэж захижээ:

Ээдрээт сэтгэлийн учгийг тайлбал

Гэтлэхүйн амгалан өөрөө үүднэ.

Энэ л аргыг ухаарч гэмээ нь

Энэхэн насандаа бурхан болно.

Сэтгэлд шунал хүсэл төрлөө гэхэд түүнийг аялдан дагалгүйгээр мөн чанарыг нь нүцгэлж хар. Өөр тийшээ зайлж булзалгүй яг цохлон ширтэх аваас уг шуналын атгаг өсөн биежиж чадалгүй ургах төдийдөө замхарна. Өөрөө арилах, өөрөө гэтлэх гэж үүнийг л хэлдэг. Тийнхүү өөрөө арилсан шунал хүсэл сэтгэлийн байгальдаа шингээд тус бүрчлэн онох билиг ухаан болж дэлгэрнэ. Цаглашгүй гэрэлт Амитаба чухамдаа тэр юм.

Энэ мэтчилэн нисванисын таван хор: уур, шунал, мунхаг, атаа, омог төрсөн даруйд тэдгээр атгаг бодлын эрхэнд мухар сохроор авталгүй ажиглаж гэмээ нь өөрөө ариусч, аяндаа гэтэлснээр таван билгүүн, таван язгуурын бурхан чанар тодорно.

Махамутрын судраас:

Үзэгдэл бүхэн гэгээн гэрэлд ургах нь

Үлэмж гийгүүлэгч Бирузана юм.

Үнэн зүрхнээс хэзээд гажилгүй орших нь

Үл хөдлөгч Агчоба юм.

Эгээрэл бүхнийг эе зохирлоор хангах нь

Эрдэнэ үүдэгч Раднасамбава юм.

Нэгээхэн тохиолоос цаглашгүй таашаал эдлэх нь

Цаглашгүй гэрэлт Амитаба юм.

Хэрэгтэй бүхэн угаас заяагдмалыг ухаарах нь

Хэргээ бүтээгч Амогасиди юм.

Өөрөө өөрийгөө эрхшээсний учир тйинхүү

Үлэмж оршихуйн эзэд болъюу.

Ийнхүү сэтгэлд ургах элдэв бодлыг нүцгэлж ажваас тусдаа бүтсэн бодот чанаргүй тул аяндаа л ариусч, амгалан жаргалд урвадаг юм. “Хорыг шидэт тарниар адислаж рашаанд хувиргах мэт нисванисын таван хорыг бодь мөрд хувиргаюу” хэмээн сударт айлджээ. Ухамсар сэхээгээ алдахгүй л бол энэ шидэт урвал аяндаа хэрэгжинэ. Арьяабалын гэгээн ийнхүү захижээ:

Аливаа бодол арилсан чанартай тул

Аль ургасныг санахуйн ухамсарт агуулбал

Үүдсэн бүхэн хоосон чанарт уусна.

Үүнийг иог бясалгалын хаан гэдэгт бүү эргэлз.

Түүнчлэн Барагдашгүй оюутын сударт: “Нисванисыг таних нь гэгээрэл бөгөөд нисванисын мөн чанар өөрөө гэгээрлийн мөн чанар” гэж уг утгыг номлосон байна. Байгаль сэтгэлийн үл устах агуу эрчим хүч түмэн зүйлийн нөхцөл шалтгаанаар биежин ургадаг хэмээн ойлгож, тэдгээр дүр хувирлыг хүчлэн хорих буюу бүтээх ялгавар үзэлгүйгээр нэгэн амт чанарт уусган бясалгах хэрэгтэй.

Оюун далайн сударт: “Ялж төгс нөгчсөн минь ээ, юмс үзэгдэл бүхнийг адил тэгш чанарт онон мэдэх нь гэгээрэл юм. Тийм учраас гэгээрэлд зорьсон бодь сэтгэлтэн өөрийгөө гэгээн хутгаас хол хөндий гэж бүү бод” хэмээжээ.

Явдал, суудал бүхэндээ энэ утга чанараас алдуурахгүй сэрэмж сэхээ төгөлдөр байвал өөрийн билгүүн чанар тодроод, хоёрлон баримтлах төөрөгдөл ая зөнгөөрөө алдарна.

Язгуур билгийн дагина ийн сургажээ:

Өөрөө өөрийгөө таних билгүүн ухаан

Үй түмэн галвын харанхуйг агшин зуур гийгүүлнэ.

Өгүүлшгүй хүчит баатрын ид хаваар

Үйл түйтгэр бүхнийг даран сөнөөнө.

Үзэгдлийг үнэмлэхүйд таниулах нь

Биеэ тэгш амгалан оршоож, харцаа өмнөө харагдаж буй зүйл дээр тогтоогоод сэтгэлээ сул тавиун агуул. Зүрхний багшдаа сүслэн залбираад, өөр элдэв бодолд авталгүй амгалан хоосон угийн төлөвтөө орон ортол бясалга. Тэр үед үзэгдэл юмс гадна талд үгүй, үзэгдэл бусад нь сэтгэл дотор үгүйгээр үзэгдэл, сэтгэл ялгаагүй болж түгээмэл оршихуйн амт мэдэгдэнэ.

Сэтгэшгүй төрөлх чанарын сударт ийн өгүүлжээ:

Сэтгэлийн мөн чанар нь хамт төрсөн номын бие.

Сэтгэлд тусах үзэгдэл нь номын биеийн гэрэл.

Үзэгдэл, сэтгэл ялгалгүй нь

Өөрөө үүдсэн төрөлх чанар.

Байгаль сэтгэлийн гэрэл хаалтгүй цацарч, өөрт үзэгдэл болон тусахуйд өөрийнхөө царайг үл таних мэт үзэгдэл орныг үнэн (тусдаа бодтой бүтсэн)-д баримтлах харалган ухаанд эндүүрлийн үзэгдэл ургана. Үзэгдэл, сэтгэл ялгалгүйг оносон бясалгалын агаарт эндүүрлийн хүлээс алдарна. Энэ нь тусдаа бүтсэн ахуй, сэтгэл хоёрыг хольж нийлүүлж байгаа юм биш, угаасаа ангид бусыг танин мэдэхийн утга.

Баясгалант очир:

Надаас хамаг амьтан үүдьюү.

Надаас гурван ертөнц гаръюу.

Би бээр хотолд түгээмэл бөгөөд

Бишид бодгаль эс үзэгднэм.

хэмээн зарлигласан мэт төрөлх байгаль чанарын үзэгдлээс тусдаа гадна талд бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй.

Нууцын хураангуй:

Эдгээр нь уг язгуураасаа

Эс үүдсэн хоосон чанартай.

Огторгуй мэт би-үгүй оршихуй

Энэ нь өөрөө гэгээрэл билээ.

Билгийн чанадад хүрэх судраас: “Дүрс (биет юмс) хаанаас ч үүсээгүй, хаашаа ч одохгүй, хаа ч эс орших болой” хэмээжээ.

Эс оршихуйн тантар:

Үзэгдэл сансар чухамдаа Махамутар буюу

Үлэмжийн их амгалан Самандабадра билээ.

Энэхүү гайхамшигт сэтгэлийн хот мандлыг

Эрхэм бясалгагч та өөрөө тольдогтун.

Гүрү Шавари:

Зүйлийн үзэгдэл бүхэн илбэ жилбэ,

Зүүд зэрэглээ, толины тусгал мэт.

Илбэчин сэтгэл өөрөө огторгуй мэт

Эх, адгийг нь хэн ч үл мэдэх.

Ганга тэргүүтэн мөрөн гол бүхэн

Гадаад далайд нэгэн амтанд уусах шиг

Нэрийтгэл төдий элдэв үзэгдэл, сэтгэл нь

Нэлэнхүй номын агаарт нэгэн чанартай.

Юмс үзэгдэл гэж нэрийдсэн бүхэн үзэгдэл, хоосон ялгалгүй; ухамсар, хоосон хоёргүйн агаарт: тусагдахуун мэт боловч жинхэнэдээ хоосон чанар, тусгагч ухамсар мэт боловч угтаа хоосон чанар учраас барих барьцгүй огторгуй лугаа зүйрлэжээ. “Тусгагч, тусагдахуун ялгаагүй хоосон чанартай тул тусдаа бүтсэн өнгө хэлбэр хийгээд үзэгч үгүй, дуу чимээ хийгээд сонсогч үгүй, үнэр хийгээд үнэрлэгч үгүй, амт хийгээд амтлагч үгүй, хүртэхүүн хийгээд хүрэлцэгч үгүй, сэтгэл хийгээд сэтгэлээс үүдсэн нь үгүй” хэмээн сударт өгүүлсэн буй.

Гүрү Майдрива ийн айлджээ:

Юмс үзэгдлийн мөн чанар хоосон.

Хоосныг таних оюун өөрөө хоосон.

Оюунаас ангижирсан сэтгэлд уягдах зүйл үгүй.

Энэ бол бүх бурхадын замнал.

БЯСАЛГАЛАА ТЭТГЭХ ЁС

Олдоход бэрх, алдахад хялбар чөлөө учрал, мөнх бусыг бясалган номын мөрд сэтгэлээ шулуутгаж, гэгээрлийн хөтөч багшаа амьд бурхан хэмээн санаж, голт зүрнээсээ сүслэн залбираад оюун санаагаа суллаж, угийн төлвөөс алдууралгүй агуулбал арилсан сэтгэлийн амгалан хоосон, саруул тунгалаг чанар аясаараа тодорно. Тэр л арилсан сэтгэлийн агаарт явах, суух, идэх, уух гэхчлэн өдөр тутмын үйлээ үйлдэх хэрэгтэй. Дадлагын хадаасаар амьдрал, бясалгал хоёроо бат холбох гэж үүнийг хэлдэг.

“Бясалгалаас олсон туршлагаа сахин хамгаалах эзэн үгүй бол олдошгүй ховор чандмань эрдэнийг балчиг шаварт гээх мэт. Цог жавхлант загарвардын хааныг зарц барлагийн зиндаанд буулгах мэт. Цаст уулын цагаан арсланг нохойн дагуул болгох мэт. Тийм учраас бясалгалын нандин эрдэнээ эзний ёсоор сахин хамгаалах сэрэмж сэхээ хэрэгтэй” гэж багш дээдэс онцлон захидаг.

Бясалгалаа алддаг гол шалтгаан нь өнгийн хорвоод шунан барьцалдах сэтгэл учраас шуналаас ангижрах ухаарлыг бясалгалын хөл тулгуур болго. Үхлийг зүрхэндээ ойр агуул. Итгэл бишрэлийг бясалгалын тэргүүн болго. Зүрхний багшдаа чинхүү итгэл төрвөл бясалгах үед гэгээн хоосон ухамсар аяндаа гийж, бүдүүн нарийн атгаг бодол бүрийг алдалгүй ажиглан гэрчилснээр өөрөө арилж, өөрөө гэтлэхийн нууцад нэвтэрнэ.

Их егүзэр Линчид гон: “Ургамлын хаан хөрөнгө нь амуу тариан үрийг арвин ургац болгон задлан дэлгэрүүлдэг шиг бясалгалын эрхэм хөрөнгийг зүрхэндээ агуулсан хүн үзэгдэл, тохиол бүрийг үлэмжийн амгалан гэгээнд хувиргаж чадна. Хоосон чанарыг нь илчилж харалгүйгээр зүгээр л “хоосон, хоосон” гэж маани шиг давтаад нэмэргүй” гэж сургажээ.

Бясалгалын замд орсон хойно элдэв өнгийн туршлага (амсуур) тохионо. Өгсөх, уруудах янз бүрийн мэдрэмж төрнө. Заримдаа гэгээн хоосон, сав саруул болоод яг л бурхан болчихсон мэт болно. Заримдаа түнэр харанхуй, эсвэл манан буданд бүрхэгдэх мэт болоод “Бясалгал минь юу болчихов оо?” гэж гайхширч эргэлзэхэд хүрнэ. Зарим үед огтоос ойлгомжгүй элдэв үзэгдэл, мэдрэмж хутгалдаад баярлах, цухалдахын хооронд савчина. Тэр бүх амсуурыг таатай, таагүй, сайн, муугаар нь бүү ялгаварла. Сайхан мэдрэмжийг бүтээх гэж, саар санагдсанаа хорих гэж хүчлэлгүйгээр тэгш амгалангийн агаарт толил.

“Завин дээр чинь шувуу ирж буувал ч бууг, нисэх цагтаа нисвэл ч нисэг. Чи түүнийг үргээж хөөхгүй, бас тогтоон барих гэж оролдохгүй, зүгээр л ажиглан сууна. Таатай, таагүй мэдрэмжиндээ тэр мэтчилэн ханд. Зуурдын тохиолд зууран барьцалдах нь төөрөгдөл юм шүү” гэж Шантива багш захижээ.

Сэтгэл тогтуун байвал тогтуун төлөвт нь агуул. Хүчлэн цацраах гэсний хэрэггүй. Сэтгэл дуртай зүгтээ хэсвэл ч хэсэг. Хэсэж явааг нь ажиглахад болно. Хүчээр тогтоох гэж бүү оролд. Ажиглан гэрчилж буй цагт аяндаа өөрийн газраа эргэж ирнэ. Сэтгэл живэх буюу бүүдийж сүүмийх аваас багш бурхандаа залбирч, ухамсрын хүчийг хурцалж бясалгавал саатал аяндаа арилна. Сэтгэл хөөрч догшрох аваас тэр хөөрлийг нь онилон төвлөрч ажигла. Тэр цагт хөөрч догширсон сэтгэл аяндаа амарлиж, гэгээн хоосонд уусна. Тэр мэтчилэн амьдралд тохиох жаргал, зовлон, элдэв зүйлийн нөхцөлдөөн бүрийг ажиглан гэрчлэх аваас өөрөө ариусч, үйлийн хорвоогоос гэтлэх зам мөрд урвана.

“Мэдрэхүйн зургаан үүдээр ямар ч тэмдэг ургасан бай өөрөө үүсч, өөрөө арилах тул зөнгөөр нь агуул. Хоосон чанарын ухамсраар танин гэрчилсэн цагт гурван хор, таван атгаг ч хор хөнөөл болохгүй. Хоосон чанарын ухамсраар гэрчлээгүй бол бодь мөрийн буян номд хэчнээн шамдавч ахуй үесийн зол завшааныг хүртэж магад. Гэвч ашдын амгалан, дээдийн жаргалан гэгээрлийг яахин хүртэх. Энэ учир ёсыг ухаарч мэдсэн хүн л ээдрээт нисваанисын хүлээснээс гэтлэх хувьтай” гэж Билгийн чанадад хүрэх сударт өгүүлжээ.

Тийм учраас өдөр тутмын үйлэн дундаа ухамсар сэхээгээ алдалгүй, бодол мэдрэмж бүрээ гэрчилж байх нь чухал.

Их бярман Сараха:

Өөрөө өөрийгөө гэрчлэх билгийн хараагаа алдвал

Үймэрсэн сэтгэлийн агаарт үнэн утгыг танихгүй.

Үнэт ховор эрдэнээ хогон дунд гээх шиг

Үзэгдлийн мананд автаад хоосон чанараас алдуурна.

Ухамсарт дадал чинь хөгжөөд ирэхлээр зориуд санаж бясалгаагүй ч гэгээн хоосон төлөвт зөнгөөрөө орчих удаа бишгүй. Сэрэмж алдах үе байвч ухамсарлах даруйд бодол, мэдрэмж бүхэн гэгээн хоосонд урвана.

Гүрү Майдрива: “Бясалгах, үл бясалгахын алинд ч бүү туйлшир. Үзэгдэл өөрөө ариусах нь номын чанар. Бодол өөрөө арилах нь Махамутар. Үзэгдэл, хоосон хоёргүйн утгаар их мөрний урсгал мэт тасралтгүй бурханы оршихуйд цэнгэ” хэмээн сургажээ. Ийм байдлаар урт удаан дадуулбал ямар ч эргэлзээгүй бат нот гэрчлэл өөрийн дотроос ургах цаг ирнэ.

“Урагшаа, хойшоо, арван зүгт хаашаа ч харсан тэр л бурхан чанар байна. Аяа, итгэлт минь, энэ өдөр миний эндүүрлийн хүлээс тасарлаа. Одоо хэнээс ч юу ч асууж сурах хэрэггүй боллоо” гэж Сараха хэлжээ.

Бясалгал туйлдаа хүрэх агшинд нойрноос сэрэх мэт сэрэхүй илт тохиож бодь хутгийг олно.

“Нисванис хийгээд мэдэгдэхүүний хоёр түйтгэр, бодгаль хийгээд юмсыг бодчилох хоёр би-гийн үзэл арилсан учраас Арилсан (төвд: сан) гэдэг. Өөрөө өөрийгөө таних гэгээн билиг дэлгэрсэн учраас Дэлгэрсэн (төвд: жай) гэдэг. Би бээр Бурхан (төвд: сан-жай) хэмээхийн учир тэр бөлгөө” гэж Мял богд айлджээ.

“Өнгөц сэтгэл үнэмлэхүй агаарт уусан арилсныг л Очирдар хэмээн нэрийдсэн” гэж гүрү Шавари өгүүлжээ.

Хурах, хагацах үгүй их амгалан номын бие,

Хоёргүй хослон сүлэлдэх Махамутрын утгыг

Хугас төдий таниулж холбон бичсэн буянаар

Хотол төрөлхтөн дөрвөн лагшинг олох болтугай.

Бригүн хутагт Жигдэнгомбын зохиосон Хамт төрсөн Махамутрын таниулга, мунхгийн харанхуйг гийгүүлэгч билгийн гэгээн чимэг нэрт шастир төгсөв.

Төвд хэлнээс орчуулсан П.Бадрал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!