LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

П.Даваадорж: Шүдээ авахуулсны улмаас эрүүний үе дээр ачаалал үүсч, толгой өвдөх шалтгаан ч болдог

Share

120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэгт АШУИС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Б. Оюунцэцэг, УНТЭ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор П. Даваадорж, АШУИС-ийн НАСС-ийн НАСГЗ-ийн тэнимийн багш Б. Ганжаргал нар оролцлоо. “Шүдний өвчлөл”-ийн талаарх ярилцлагыг хүргэж байна.

-Сүүн шүдийг тоохгүй орхих тохиолдол байдаг. Сүүн шүд ямар чухал ач холбодолтой вэ?

Б. Оюунцэцэг: Насанд хүрсэн хүн 28-32, хүүхэд 20 ширхэг шүдтэй. Хүн амын дунд 6-7 насанд сүүн шүд унаж, байнгын шүдээр солигддог учир өвдөхгүй л бол болно гэх ойлголт байдаг. Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Эхнийх нь нялхын буюу сүүн шүд, хоёрдахь нь 6 насанд ургадаг байнгын шүд юм.

– Сүүн болон байнгын шүдний бүтцийн ялгаа нь юу вэ?

Б. Оюунцэцэг: Бага насны хүүхдийн сүүн шүд илүү цооролд өртдөг. Учир нь сүүн шүд нь насанд хүрсэн хүний шүдтэй харьцуулахад шүдний хатуу эд нь хоёр дахин нимгэн, эрдэсжилт буюу хатуулаг чанар нь мөн хоёр дахин бага байдаг.

– Хөхөөр хооллодог хүүхдийн шүд цоорсон байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?

Б. Оюунцэцэг: Шүд цоорох өвчний талаар ярихын тулд шалтгаан буюу механизмын талаар ярих шаардлагатай. Хүний аманд дотор байх бактер буюу шүдийг хорхойтуулдаг нянгууд амны хөндийн орчин болон хүүхдийн ерөнхий биеийн байдалд нөлөөлдөг. Зарим айлын хоёр хүүхэд яг ижил төрлийн хоол хүнсийг хэрэглэдэг боловч нэг нь илүү шүдний цооролтой байдаг.Үүнд эхийн хэвлийд байх, ураг бүрэлдэх явцад тухайн хүүхдийн шүдний эд нь хэрхэн үүсч, бэхэжсэн бэ гэдэг нь нөлөөлдөг. Тиймээс шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн чихэрлэг зүйлийг хянахаас гадна ургийн хөгжлийн үеэс нь эхлэн хүүхдийнхээ шүдэнд анхаарах ёстой.

– Жирэмсэн байх үедээ ямар хүнс хэрэглэвэл хүүхдийн шүдэнд сайнаар нөлөөлөх вэ?

Б. Оюунцэцэг: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны халуун, хүйтнийг амаараа шалгаж өгдөг. Энэ тохиолдолд цоорол үүсгэж буй хорхойг хүүхдийнхээ аманд дамжуулж байдаг. Хүүхдийн шүдний цоорол хүндэрч, даамжирахад нөлөөлдөг.

– Хүүхдийн эрүүл сүүн шүд ямар байдаг вэ, эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний эрүүл мэндийг гэртээ хянах боломжтой шүү дээ.

Б. Оюунцэцэг: Манай эцэг, эхчүүд хүүхдээ өмнөө зогсоож байгаад амны хөндийг нь доороос шагайж хардаг. Үүний оронд суугаад хүүхдийнхээ толгойг өвдгөн дээрээ тависнаар  хүүхдийнхээ амны хөндийг бүхэлд нь харах боломжтой. Тиймээс энэ байрлал бол хүүхдийн амны хөндийг шалгахад маш чухал байрлал. Хүүхдийн шүдийг угаахдаа шүдний өнгөрийг арилгахаас гадна аль шүд нь цооролтой байгааг харах боломжтой. Эрүүл шүдний паалан цайрч харагдах бөгөөд өнгөрийг арилгасны дараа ямар нэгэн толбо, хар зүйл байх ёсгүй. Шүдний цоорлыг паалан гэмтэх, хар толбо суусны дараа оношлох боломжтой. Паалантай харьцуулахад тугалмай нь хоёд дахин нимгэн байдаг. Зажлах гадаргуугийн паалан дээр цэг шиг хар зүйл үүсч, түүний доод талын тугалмай эд рүү халдвар тархаснаар хоёр дахин том талбайтай цоорол үүсгэдэг.

– Заавал өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх боломжтой шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд цоорол үүсч байгааг анзаарахгүй байгаа нь өнгөрийг нь сайн арилгаагүйн улмаас цоорлын толбо сайн харагдахгүй байгаатай холбоотой.

– Сүүн шүд унаад байнгын шүд ургана гээд тоохгүй байх тохиолдол байдаг. Эндээс ямар нэгэн шүдний гажиг үүсэх үү?

Б. Ганжаргал: Сүүн шүд нь жижигхэн байдаг. Зургаан нас хүртэл үүдэн шүднээс эхлэн арагш 5 ширхэг шүд байх ёстой. Хүүхдийн сүүн шүдийг эрт авахуулах, ломбодуулах, цоорсон тохиолдолд зай нь багасдаг. Тиймээс шинээр ургах том шүднүүд багтах зайгүй болж, шүдний гажиг үүсдэг. 6-12 насны хооронд сүүн шүд байнгын шүдээр солигддог. Энэ үед нь нэгдүгээр их араа ургадаг. Үүнийг манай эцэг эхчүүд сүүн шүдтэй андууран тоолгүй орхидог. Уг шүд цоорсны улмаас шүдний гажиг үүсэх эхлэл тавигддаг.

 Яс нь зөөлөн эдээ дагаж хөгждөг. Зөөлөн эд гэдэг нь булчин юм. Булчин хэр хүчтэй байна, төдий чинээ яс сайн хөгжинө. Одооны хүүхдүүд зөөлөн зүйл их иддэг болсон. Анхнаас нь хүүхэддээ ааруул, ээзгий зэрэг хатуу зүйл идүүлэх ёстой. Ингэснээр булчин сайн хөгжинө, тэр хэрээр эрүү, хоншоорын хөгжил сайн байна. Өөрөөр хэлбэл, шүднүүд багтах хангалттай талбайтай болох юм.

– Байнгын шүд нь хүн төрсөн цагаас буйлны дээр байрлаж байдаг. Тэгэхээр сүүн шүдний үрэвсэл, цоорол нь байнгын шүдийг гэмтээх тохиолдол байдаг уу?

Б. Ганжаргал: Дээр байрлах байнгын шүд гэмтэх нь бага. Хамгийн гол нь цоорлоос үүдэн сүүн шүдийг эрт авахуулснаар байнгын шүдний ургалт нь удаашрах юм уу саатах тохиолдол байдаг. Сүүн шүд нь дараа гарах шүднийхээ чиглүүлэгч болдог. Чиглүүлэгч шүдийг авахуулснаар дараагийн ургах шүд нь саатах, давхар шүд, орсгой болох зэрэг шүдний гажигууд үүснэ.

-Сүүн шүдийг авахуулснаар шүдний гажиг үүсээд байгаа юм уу, авахуулаагүй хэрнээ гажиг үүссэн байдаг шүү дээ.

Б. Ганжаргал: Манай улсын хувьд шүдний гажиг үүсэх гол шалтгаан нь цоорлын улмаас шүдээ эрт авахуулах. Мөн нэг гол шалтгаан нь буруу зуршил. Хэлний хөвч богино, буруу залгих, амаа ангайж унтах зэрэг. Амаа ангайж унтдаг хүүхдүүд орсгой шүдтэй болдог. Амаа байнга ангайхад мөр бөгтийнө, толгой гэдийнэ.

Мөн агаарын бохирдлын улмаас хүүхдийн хамар битүүрэх, аллерги зэрэг нь  шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг.

– Хүүхдэд соосго хөхүүлэхэд шүдний хэлбэр алдагддаг гэдэг. Энэ нь шүдэнд нөлөөлдөг үү?

Б. Ганжаргал: Удаан хугацаагаар соосго, угж хөхөх тохиолдолд хөхөх рефлекс нь залгих рефлекс рүүгээ оролгүй буруу залгиж эхэлдэг. Ингэснээр шүдний гажиг үүсэж эхэлнэ. Хуруугаа хөхдөг хүүхдийн үүдэн хэсгийн шүд нь нийлэхгүй тохиолдол байдаг. Хуруугаа хөхөх, хэлээ хөхөх зэрэг ямар нэгэн гаж зуршил нь үүдэн шүдийг нийлэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.  

– Таван настай хүүхдийн сүүн шүдний хооронд зай гарах тохиолдол байдаг. Энэ хэвийг зүйл үү?

Б. Ганжаргал: Жижигхэн шүднээс том шүд рүү шилжихэд зай хэрэгтэй. Гурван төрлийн зай байдаг. Түүний нэг болох ерөнхий зай нь байна гэсэн үг. Тиймээс энэ нь хэвийн үзэгдэл. Хүүхдийн сүүн шүдний хооронд зай байх нь дараагийн шүд ургахад таатай нөхцөл болдог.

-Сүүн шүдний талаар ярилцаж байна. Үүн дээр нэмж хэлэх зүйл байна уу?

П. Даваадорж: Манай эмнэлэгт шүдний цоорлын хүндрэлтэй хүмүүс эмчлүүлдэг. Хүүхдэд ганц шүд ч биш биеийн ерөнхий эрүүл мэнддээ анхаарал тавих гол суурь хүмүүжил нь шүдээ арчлахыг багаас нь зааж сургаснаар тавигддаг. Шүд бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Араа шүд 650 орчим, үүдэн шүд 220, соёо шүд 350 ньютоны даацтай. Шүдээ арчлахгүй, авахуулснаарн нэг шүдэнд ирдэг ачаалал нь бусад шүдэндээ очно. Тиймээс яваанда бусад шүдээ сулруулах эрсдэлтэй.

– Хүүхэд зургаан наснаас эхэлж шүдэлдэг. Энэ үед бага зэргийн халуурах шинж тэмдэг илэрдэг. Үүнийг эцэг эхчүүд ханиад хүрэх, хоолой өвдөхтэй андуурдаг. Энэ онцлогийг эцэг эхчүүд хэрхэн ялгах вэ?

Б. Оюунцэцэг: 6-10 сартай хүүхэд уйлагнах, амруугаа гараа хийх үед бие нь тавгүйрхээд байна уу, шүдлэх гэж байна уу гэдгийг ялгахын тулд амны хөндийг шалгах хэрэгтэй. Шүд гарах гэж байгаа хэсгийн буйл цайрсан, хүүхэд уйлагнаж байгаа тохиолдолд үрэвссэн байдаг.   Буйл гэдэг зөөлөн эдийг ясан шүд цоолж гарч ирэх учраас ямар нэгэн байдлаар хүүхдийн бие тавгүйрхэх үрэвслийн шинж илэрдэг. Энэ үед нь анзаарах хэрэгтэй.

– Сойзоо хэрхэн зөв сонгох вэ?

Б. Оюунцэцэг: Шүдний цоорол үүсгэх, бактер орших орон болж буй хоолны үлдэгдлийг арилгахад сойз маш чухал. Хүүхэд, том хүн адилхан, хоёр дээд үүдэн шүдний өргөнтэй тэнцэх хэмжээтэй сойз сонгох. Үүнээс гадна сойзны өргөнөөс гадна үсний өндөрт анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед сойзны толгой хэсгийг зориулалтын саванд хийх болсон. Сойзны үс нь синтетик материалтай учир энэ нь бактер хуримтлагдах орчин болдог. Тиймээс сойзыг гэртээ ил хадгалах ёстой. Ингсэнээр бактер үржихгүй. 3-4 сар тутамд сойзыг солих шаардлагатай. Сойзны үс унаж эхэлмэгц даруй солих шаардлагатай.

– Шүд цооролт нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

П. Даваадорж: Хүүхдүүдийг 90 гаруй хувь нь шүдний цоорлоор өвчилсөн байдаг. Хүчиллэг орчин үүсч, паалан гэмтэж эхэлдэг. Паалан гэмтсэн үед бактер, хоол тэжээлийн өнгөр тогтох, паалан эвдэрч цааш орсноор шүдний цоорол эхэлдэг.

Б. Оюунцэцэг: Эрүүл шүдний паалан бүтэн байх ёстой. Өнгөц цоорлын үед шүдний цөгцийг бүрхэж байгаа аль нэг хэсэгт өнгөний өөрчлөлт буюу нүх үүсдэг. Шүд цоорох өвчний явцыг хурц ба архаг гэж хоёр ангилдаг. Хурц гэдэг нь өвдөлт зовиур хурдан илэрхийг хэлнэ. Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүд, бие султай, биеийн ерөнхий эсэргүүцэлтэй холбоотойгоор хурц явцтай явагддаг. Паалангийн түвшинд өөрчлөлт явагдсан үед хүчиллэг, чихэрлэг, шүдэнд наалдацтай үзэм зэргийг идэхэд өвдөхгүй ч таагүй мэдрэмж төрөх шинжээр илэрдэг. Үүнийг анзаарахгүй удсанаар шүдний цоорол паалангаас тугалмай руу ордог. Энэ тохиолдолд чихэрлэг зүйл идэх, халуун хоол идсэний дараа ундаа уух зэрэг тохиолдолд сул өвдөлт мэдрэгдэнэ.

Цаашлаад тугалмайн гүн давхаргыг хамарсныг гүн цоорол гэж нэрлэдэг. Энэ үед шүд халуун, хүйтэнд мэдрэг болно. Энэ нь таны шүд өвдөх гэж байгааг илтгэх дохио. Үүнийг хайхраагүйн улмаас цоорол нь шүдний мэдрэл рүү орж, үрэвсэл үүсгэнэ. Энэ үед шүд өвдөнө. Ихэвчлэн шөнө өвддөг. Учир нь хэвтэх үед цусны эргэлт удааширч, тархинд ирэх цусны хэмжээ нэмэгддэг. Шүдний зөөлц гэдэг нь цусны судас, мэдрэлийн ширхэгүүд байдаг. Тиймээс судасны нэвчимтгий чанар ихэссэнээр судас тэлж мэдрэлээ дарснаар хүчтэй өвдөлт өгдөг. Босч явахаар тархинд ирэх цусны хэмжээ багасч, өвдөлт бага зэрэг намдах мэдрэмж төрдөг. Яг ийм хүчтэй өвдөлт мэдрэгдэж байгаа тохиолдолд өвчин намдаах эмийг зуух биш уух ёстой. Гэхдээ энэ нь түр зуур өвдөлтийг намдаахаас биш эмчлэхгүй.

– Сүүлийн үед шүдэнд хар түрхлэг буюу Saforide түрхүүлэх болсон. Тэрийг хэрхэн түрхүүлэх ёстой вэ?

Б. Оюунцэцэг: Шүд цоорлын эмчилгээг шүдний цоорлыг зогсоох болон ломбодох гэж хоёр ангилдаг. Ломбодох эмчилгээг гурваас дээш насны хүүхдүүд хийлгэх боломжтой.

Гэтэл сүүлийн үед 1-2 настай хүүхдүүд үүдэн шүд нь цооролтой ирэх болсон. Цоорлыг паалан болон тугалмайн түвшинд зогсоох арга нь түрхлэг. Saforide түрхсэн гээд хүүхдийнхээ шүдийг угаахгүй орхиж болохгүй. Амны хөндийд бактер үржих, хүчил ялгаруулах тохиолдолд түрхлэг зөөлөрдөг.

Үүдэн шүднүүд жижиг талбайтай байх юм бол орхиж болно. Араа шүдэнд хөндий үүссэн тохиолдолд нэг сарын дараа түүнийг битүүлэх ёстой. Нүхэнд Saforide түрхээд цоорол зогссон ч гэсэн хоолны үлдэгдэл орох, бактер үржих тохиолдолд цааш даамжирна.

– Шүдний буглаа хэрхэн үүсдэг вэ?

П. Даваадорж: Цаг хугацаа явах тусам нянгийн хэмжээ ихэсдэг. Ихэсхээс гадна нянгийн байрлал нь улам гүн рүү буюу яс, холбоос эд рүү тархдаг. Нян холбоос руу орсноор ясны хэмт хэсэгт нян үржих таатай нөхцөл бүрддэг. Нянгийн тоо ихэссэнээр хэмт ясаа цоолж, буйлруу хавдаж эхэлдэг. Хацар руугаа хавдах нь хүндэрсэн шат. Энэ тохиолдолд шүдийг авах заалттай болдог. Цаашлаад амны ёроол болон эрүү, далавч зай тэр чигтээ идээгээр тархдаг. Идээ нь цааш тарж хүзүүний гүний зайгаар тархан цээжний хөндийрүү ордог.

– Шүд өвчилснөөс хойш хэдий хугацааны дараа ийм байдалд хүрдэг вэ?

П. Даваадорж:  Янз бүр. Удаан хугацаанд шүдний цооролтой явдаг, хавдахаар нь жин тавьдаг ингэсээр байгаад нэгэнт идээлсэн тохиолдолд маш хурдацтай явагддаг.

-Ийм хүндэрсэн тохиолдол танай эмнэлэг дээр хэр их ирдэг вэ?

П. Даваадорж: Статистик тоогоор УНТЭ-т нэвчээсийн хүндрэлээр ирэх хүмүүсийг тоо жилд 200 орчим байна. Энэ бол манай улсын хувьд өндөр тоо.

– Саатсан агт арааг авахуулах шаардлагатай юу?

П. Даваадорж:  Антропологийн судлаачид хүн анх 36 шүдтэй байж байгаад 32 шүдтэй болсон гэж ярьдаг. Одоо тэр маань 28 болох гээд явж байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдүүдэд нэг, хоёр агт араа байхгүй болж эхэлсэн. Хүний эрүүний ясны хэмжээ багасч, гавлын хэмжээ томорч байгаа учраас хамгийн арын агт араа гарах зайгүй болж байна гэсэн үг. Гарах зай байхгүйн улмаас урд талын долдугаар шүдээ шахаж, цоорол үүсгэдэг. Буйлаа нэвтэлж гарч чадахгүйн улмаас уг хэсэт хоолны үлдэгдэл хуримтлагдаж цөгцний ойролцоо үрэвсэл үүсэх нөхцөл бүрэлддэг. Хэрэв хүндэрсэн тохиолдолд урд талын агт арааг хамт авах шаардлага үүсдэг учир аль болох эрт оношлуулах шаардлагатай.

– Шүд авахуулснаар ямар гажиг үүсэх вэ, үүнийг яаж эмчлэх вэ?

Б. Ганжаргал: Шүд авагдсанаар шүдгүйдэл үүснэ. Энэ тохиолдолд согог заслын эмчилгээгээр хиймэл шүдэлбэр хийнэ. Энэ нь дотроо олон янз. Эсвэл гажиг заслын эмчилгээгээр тухайн зайг хааж болно. Нийт шүд 148 цэгээр хоршдог. Нэг шүд байхгүй боллоо гэхэд түүнээс ойролцоогоор 7-8 цэг байхгүй болно гэсэн үг. Тэр ачаалал нь бусад шүдэнд шилжиж, тэр чинээгээрээ шүднүүд гажиж, хөдөлж эхэлдэг. Сүүлийн үед эрүүний үений эмгэгтэй хүмүүс ихэссэн. Энэ нь шүдээ авахуулсны улмаас тогтолцоо нь алдагдаж эрүүний үе дээр ачаалал үүссэнтэй холбоотой. Улмаар энэ нь толгой өвдөх шалтгаан болдог.

-Доод шүд унаснаар дээд шүдээ тулах цэг байхгүй болно шүү дээ

-Энэ үед тухайн унасан шүдний эсрэг шүд нь сунаж эхэлдэг. Ингэснээр холбоосын үрэвсэл бий болдог.

-Бага насны хүүхдүүд цоорлын хүндрэлээс болж үүдэн шүдгүй болсон  байдаг. Энэ тохиолдолд эмч нар хиймэл шүд зүүхийг зөвлөдөг.

-Унтаж байхдаа хөхөө хөхдөг хүүхдүүд бор хоолонд орохоосоо өмнө үүдэн шүднүүд нь цоорсон байдаг. Энэ тохиолдолд хиймэл шүд зүүж болно. Хэрэв шүдээ авахуулсан тохиолдолд зай баригч заавал зүүх шаардлагатай. Хэрэв зүүхгүй бол байнгын шүд буруу байрлалтай гарна.

Эх сурвалж: ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!