LOADING

Type to search

Онцлох

Ковидын дараах сэргээн засах эмчилгээ хийж буй эмнэлэг, сувиллууд

Share

Коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн хүн амын дунд халдварын дараах сэргээн засах эмчилгээний асуудал хөндөгдөх болсон. Тодруулбал, эдгэрсэн иргэд халдварын үеийн хам шинжийг ужгирч үлдэхээс сэргийлэх, биед үүссэн сөрөг нөлөөллийг арилгаж, хэвийн амьдралдаа шилжихийн тулд энэ төрлийн эмчилгээг хийх шаардлагатай гэдгийг эрдэмтэн, судлаачид онцолж буй.

Ковидын халдварыг эмнэлзүйгээр нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд гэж дөрөв ангилж байгааг бид бүгд мэднэ. Хүнд болон нэн хүнд хэлбэрийн үед хатгаа үүссэн, эмнэлзүйн байдал нь олон эрхтэнд өөрчлөлт өгсөн байдаг. Энэ үед уушги сорвижих, эргэшгүй өөрчлөлтөд орох эрсдэл өндөр. Хөнгөн болон хүндэвтэр өвчилсөн тохиолдолд амьсгалын дээд замын үрэвсэлд өртөж, бронхит үүссэн үед эмийн эмчилгээ хийлгэснээр уушгины аливаа цулцан руу халдвар ороогүй тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орно гэж айх шаардлагагүй.

Гэхдээ тухайн иргэнд вирусын хоруу чанар зөвхөн уушгинд гэлтгүй зүрх судасны систем, бусад эрхтэн системийг өөрчлөлтөд оруулж, зүрх дэлсэх, амьсгаадах гэх зэрэг зовиур илэрч байвал заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй, мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу хийлгэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм.

Халдварын дараах шинж тэмдэг урт хугацаанд арилахгүй, ядраад, хүйтэн хөлс гараад байгаа бол сувилалд хэвтэх, уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд эмчлүүлж болно. ЭМДЕГ-тай гэрээт сувилалал улсын хэмжээнд 47 байгаагаас 27 нь орон нутагт байгаа юм.

Хүнд болон нэн хүнд өвчилсөн тохиолдолд ковидын дараах сэргээн засах эмчилгээ чухал нөлөөтэй. Тэгвэл хаана хандаж уг тусламж, үйлчилгээг авах вэ?

ХЭРЭВ ТА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ БОЛ:

Сэргээн засахын амбулаторийн тусламж, үйлчилгээ

Өвчтөн эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Суурь тариф 20.000 төгрөг байна Үүнд: сэргээн засах мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо болон холбогдох бусад зардал хамаарна.

Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ

Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Даатгуулагчид сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ. Зардлын төлбөрийг /150 мянган төгрөг/ ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Эмчийн заалтаар үзүүлсэн сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдолд тооцно. Суурь тариф 250.000 төгрөг байна. Үүнд: эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, засал, дасгал, эм, эмнэлгийн хэрэгсэл, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Эдгээр тусламж, үйлчилгээг ЭМД-аар хөнгөлөлттэй авахын тулд өрхийн эмнэлгээсээ 13A маягт авсан байх шаардлагатай аж.

ЭМДЕГ-тай сэргээн засах эмчилгээний чиглэлээр ГССҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьс өнгөний өвчин судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ХСҮТ зэрэг улсын томоохон эмнэлгүүд гэрээт юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэг

УГТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн амбулатороор Ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой. Тус эмнэлгийн 7004-6666 дугаарын утсаар цаг захиалан үйлчлүүлэх боломжтой.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

СЭМҮТ-ийн ковидын дараах стрессийн тасаг ажиллаж байгаа бөгөөд 70150520/2 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Шаргалжуут рашаан сувилал

Шаргалжуут рашаан сувилал ковидын дараах сэргээн засах эмчилгээг хийж буй.

7 төрлийн эмчилгээ шат дараалалтай хийгдэхээс гадна, дэмжих нэмэлт хөтөлбөр, хоол зэрэг багтсан бөгөөд эсийн бүрхүүлийн бүтцийг сэргээх, эсрэг биет үүсэлтийг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг, дархлааг сайжруулах, бодисын солилцоог хурдасгах гэх зэрэг үйлдэлтэй рашаанд орох эмчилгээний дараа цусны эргэлт дэмжих, амраах бариа засал, физик эмчилгээ хийгддэг.

Амьсгалын замыг чөлөөлөх, цэрийг шингэлэх, үрэвслийг намдаах, дархлалыг сайжруулах, рашаан уур, утлага эмчилгээ зэрэг үндсэн эмчилгээнээс гадна шавар, зүү, оройдоо нойр дэмжих унтуулах төөнө эмчилгээ, мөн хавсарсан архаг хууч өвчлөлд давхар эмчилгээ хийгдэж байгаа аж.

Өдрийн эмчилгээ, хоолны зардал 96 мянган төгрөг. Үүн дээр байрны хөлс нэмэгдэнэ. Долоо хоногийн эмчилгээний зардал дунджаар 860 мянган төгрөг аж.

Холбогдох утасны дугаар: 7743 7777

Ээлтэй Оточ сувилал

Тус сувилал нь эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан.

Ковидын дараах нөхөн сэргээх багцад эмчийн үзлэг, хүчилтөрөгчийн барокамер эмчилгээ, хэсгийн бариа /уушигны сувгийн бариа/, зөгийн балтай татлага, галтай бумба засал, тан эмчилгээ/уушигны тан/, зүү эмчилгээ зэрэг багтаж байгаа аж.        

Холбогдох утасны дугаар: 99070165, 88086401

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав “Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилах уу гэдгийг тодорхойлох юм.

Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ. Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм” хэмээх мэдээллийг өгчээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!