LOADING

Type to search

Онцлох

Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг таслан зогсооё: Хүүхдүүд, эцэг эх, багш нар юу хийх ёстой вэ?

Share

Энэхүү асуудал нь зөвхөн сургуулийн сурагч, багш, эцэг, эх ч гэлтгүй хүн бүрт хамаатай. Эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхийн төлөө хэдхэн минутыг энэхүү мэдээг уншихад зарцуулаарай

Бидний хойч ирээдүй болсон үрс маань хэр аюулгүй орчинд сурч, боловсорч байна вэ? Тэдний сэтгэл зүй хэр эрүүл байна вэ? Бие махбод, сэтгэл зүйн бэрхшээлүүдтэй тулгарч байхад нь эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нар нь санаа тавьж, зөвлөж, чиглүүлж чадаж байна уу? Эдгээр асуултуудад одоогийн байдлаар итгэлтэйгээр “бүх зүйл сайн байна” гээд хариулах боломжгүй байна. Учир нь практик дээр ч тэр, судалгаанаас харахад ч тэр нөхцөл байдал тийм ч сайн биш байгааг бүгд мэдэх байх.

Тодруулбал, Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40,7 хувь нь бусад хүүхдийг зодуулж, дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч байгаа нь тодорхой байна. Энэ талаар үндэсний мэдээллийн MОНЦАМЭ агентлаг мэдээллэсэн билээ.

Тэгвэл нөхцөл байдлыг бага ч болов шийдвэрлэх үүднээс бид хүүхдүүд, эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч нар энэхүү хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд дор бүрнээ юу хийх ёстой талаар АНУ, Европын Холбооны холбогдох байгууллагуудын болон НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргадаг зөвлөмжүүдээс хүргэж байна.

Дээрэлхэлт, цахим дарамт гэж юу вэ?

Дээрэлхэлтийг зорилго, хүч чадал, давтамж гэсэн гурван шинж чанараар нь тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, энэ нь бусдыг өвтгөх зорилгоор хүч чадлаа ашиглан (том бие, алдар нэр, эдийн засгийн байдал) нэг бус удаа бие махбод, сэтгэл зүйгээр нь дарамтлах үйлдэл юм. Үүнээс гадна цахим дарамт нь дээрэлхэлтийн нэг төрөлд ордог. Цахим дарамт гэдэг нь мессеж, олон нийтийн сүлжээний платформууд, аппликейшн болон тоглоомын платформуудаар дамжуулан хэн нэгний ичгүүртэй, доромжлол дагуулсан хувийн, нууц мэдээллийг ил болгож эсвэл үгээр дайрахыг хэлдэг. Энэ төрлийн дарамтыг эцэг, эх, багш нар анзаарахад бэрх байдгаас гадна цахим ертөнц 24/7 нээлттэй байдаг учир хохирогч дарамтаас зугтаж, санаа амрахад илүү хүндрэлтэй билээ.

Цахим платформууд гэдэг нь:

– Facebook, Instagram, Snapchat, TikTok болон бусад олон нийтийн сүлжээнүүд

– Утас, таблетны мессеж болон мессеж бичих зориулалттай аппууд

– Онлайн форум, чат өрөөний аппууд (Reddit)

– И-мейл

– Тоглоомын платформууд

Дээрэлхэлтийн хэлбэрүүд

Үгээр дээрэлхэх, дарамтлах

  • Гаднах төрх, хэлсэн зүйлийг нь шоглох, дооглох
  • Хараалын үгээр доромжлох
  • Гэмтэл учруулна гэж сүрдүүлэх
  • Бэлгийн дарамтын шинжтэй үг, хэллэг хэлэх

Бие махбодын дээрэлхэлт

  • Цохих/өшиглөх/чимхэх
  • Нулимах
  • Түлхэх/бүдрүүлж унагаах
  • Бусдын эд зүйлсийг булааж авах, эвдэх
  • Бүдүүлэг дохио, зангаа харуулах

Харилцаанд үүсэх дээрэлхэлт

  • Санаатайгаар гадуурхах
  • Бусад хүүхдэд хэн нэгэнтэй битгий найзлаарай гэж хэлэх, ятгах
  • Бусдын талаар цуу яриа тараах
  • Олны өмнө бусдыг ичгэвтэр байдалд оруулах

Яагаад хүүхдүүд бусдыг дээрэлхэж, дарамтлах зан авирыг гаргадаг вэ?

Гэр бүл, сургууль болон үе тэнгийн найзуудынхаа эргэн тойронд өөрийгөө аюулгүйгээр мэдэрдэг хүүхдүүд болон өсвөр настнууд дээрэлхэлт, дарамттай холбогдох нь маш бага тохиолддог. Харин хүүхэд аюулгүй орчинд амьдардаггүйгээс асуудлууд урган гардаг бөгөөд шалтгаанууд нь хүний онцлогоос улбаалан янз бүр байдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Тиймээс бид хамгийн түгээмэл тохиолддог шалтгаануудаас дурдлаа.

Найзуудын хүрээлэлтэй холбоотой хүчин зүйлс

  • өөрийн хүрээлэлдээ эрх мэдэлтэй болохын тулд
  • найзуудтайгаа адилхан бөгөөд тэдэнд үнэнч гэдгээ батлан харуулахын тулд
  • хэн нэгнийг хүрээллээсээ санаатайгаар гаргаж, гадуурхсанаар хэн нь бидэнтэй нийлж болох, харин хэн нь болохгүй гэдгийг мэдүүлэхийн тулд
  • найзуудынхаа үйлдлийг удирдах зорилгоор

Гэр бүлтэй холбоотой хүчин зүйлс

Ийм төрлийн хүүхдүүд дараах нийтлэг шинж чанаруудтай байдаг

  • гэр бүлийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт дунд өссөн
  • эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэггүй, харилцан ярилцдаггүй
  • гэр бүлийн гишүүд нь дарангуйлж харьцдаг
  • эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь хэт зөөлөн ханддаг эсвэл хүмүүжилд нь анхаардаггүй, маш бага оролцоотой байдаг

Сэтгэл хөдлөлтэй холбоотой хүчин зүйлс

  • өмнө нь сургуулийн орчин дахь дээрэлхэлт, дарамтад өртөж байсан / эсвэл одоо дарамтад байдаг
  • өөртөө итгэлгүй, сэтгэл ханамж доогуур байдаг (эдгээр хүүхдүүд бусдыг дээрэлхсэнээр тэрхүү дутагдсан орон зайгаа нөхөж, хүч чадалтай гэдгээ мэдрэхийг хүсдэг)
  • бусдыг өрөвдөх сэтгэл суугаагүй, ойлгодоггүй
  • сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахаа мэддэггүй
  • нөхцөл байдлыг хэрхэн эерэг, эрүүл замаар шийдвэрлэх аргад суралцаагүй

Сургуультай холбоотой хүчин зүйлс

  • сурагчдын зан авиртай холбоотой асуудалд анхаарлаа хандуулдаггүй эсвэл асуудлыг “хүчирхийллийг хүчирхийллээр” гэсэн буруу арга замаар шийдвэрлэдэг
  • ямар нэг арга хэмжээнд оролцуулдаггүй, алгасдаг зэрэг гадуурхалтын шинж агуулсан тогтолцоотой байх

Дээрэлхэлт, цахим дарамт нь ямар үр дагавруудтай вэ?

Дээрэлхэлт, дарамтад өртсөн хүүхдэд илрэх сөрөг үр дагаврууд:

Бие махбодын:

  • хөхрөл, хугарал
  • сэтгэцийн эмгэгээс үүдэлтэй нойргүйдэлт, толгой, ходоод, гэдэс өвдөх, толгой эргэх, орондоо шээх

Сэтгэл зүйн:

  • стресстэх,
  • сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн эмгэг, айдастай болох
  • өөрийгөө гэмтээх хандлагатай болох (ялангуяа, охидын дунд түгээмэл ажиглагддаг)

Хувь хүний:

  • биеэ даах чадваргүй болох
  • түрэмгий зан авиртай болох
  • хичээлийн хоцрогдол үүсэх, хичээлдээ дургүй болж, үзэн ядах
  • нийгмийн харилцаанд орохоос зайлсхийж, өөрийгөө тусгаарлах

Бусдыг дээрэлхэж, дарамталдаг хүүхдэд илрэх сөрөг үр дагаврууд: 

Тус асуудлын хүрээнд сэтгэл судлалын ухааны доктор, профессор Дитер Вольке болон бусад салбарын мэргэжилтнүүд хамтран сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтад өртсөн хүүхдүүд болон дээрэлхэлт, цахим дарамтыг эхлүүлдэг хүүхдүүдийн сэтгэл зүйн үр дагаврыг 8-11 насны 4,720 сурагчдыг хамруулан судалсан байна. Үр дүнд нь асуудлын хохирогч, гэрчлэгч эсвэл үйлдэгч аль нь ч бай өсвөр насандаа сэтгэл зүйн эмгэгтэй болох өндөр эрсдэлтэй болох нь нотлогдсон билээ.

Одоогийн байдлаар сургуулийн орчин дахь хүчирхийллийн дагуу хийгдсэн судалгааны дийлэнх нь хохирогчийн талаар байна. Харин дээрэлхэлт, дарамтыг эхлүүлдэг, үйлддэг хүүхдүүдийн сэтгэл зүй, сөрөг үр дагаврын тухай хангалттай судлаагүй байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг юм.

Бусдыг дээрэлхдэг мөн үүний зэрэгцээ өөрөө дээрэлхүүлдэг хүүхдэд илрэх сөрөг үр дагаврууд:

6-9 насны бусдыг дээрэлхэж бас үүний зэрэгцээ өөрсдөө дээрэлхэлтэд өртдөг хүүхдүүдийг хамруулан хийсэн нэгэн судалгаанд эдгээр хүүхдүүд нь ганцхан хохирогч болдог эсвэл хүчирхийлэлтэй ямар ч хамааралгүй байдаг хүүхдүүдтэй харьцуулахад илүү бие махбодын эрүүл мэндийн асуудалтай байжээ. Түүнчлэн 11-17 настай хүүхдүүдийн хооронд хийсэн өөр нэгэн судалгаанд давхар хохирогч болон үйлдэгч болдог хүүхдүүд хүчирхийлэлтэй ямар ч хамааралгүй байдаг хүүхдүүдтэй харьцуулах юм бол гурав дахин илүү сэтгэл зүйн асуудалтай (нойргүйдэлт, толгойн өвдөлт, амиа хорлох) болох эрсдэлтэй нь батлагдсан байна.

Дээрэлхэлт, дарамтыг таслан зогсоохын тулд бид юу хийх ёстой вэ?

Сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захиргааны зүгээс

1. Мэдлэг, мэдээлэлтэй байж, сурагчдынхаа үйл хөдлөлийг ажиглан, гярхай байх

Багш нар болон ажилчид ариун цэврийн өрөө, тоглоомын талбай, коридор, сургуулийн автобус зэрэг хүн ихтэй газруудаас илүү бага хяналттай гэж тооцогддог газруудад аль болох анхаарлаа бууруулахгүй байж, сурагчид хоорондоо хэрхэн харилцаж байгааг ажиглах хэрэгтэй. Түүнчлэн сурагчийн амнаас гарсан үгийг зүгээр нэг сахилгагүйтэж байна гэж хүлээж авалгүй хүргэх гэсэн санааг нь тодруулах нь асуудал үүсэх эсвэл даамжрах эрсдэлийг бууруулдаг. Хэрэв багш дээрэлхэлт, дарамтыг биеэр харсан тохиолдолд цаг алдалгүй таслан зогсоож, цаашдаа ахин давтагдахгүй байлгах үүднээс сургуулийн холбогдох удирдлагад мэдэгдэх шаардлагатай. Мөн хүүхдүүдээс үнэн зөв мэдээлэл авч, дээрэлхүүлсэн хүүхдийг айдсад автуулахгүйн тулд сурагчидтай тусдаа уулзах нь чухал билээ.

2. Эцэг, эх, сурагчдын оролцоо чухал

Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг устгахад сурагчид болон эцэг, эхийн оролцоо чухал үүргийг гүйцэтгэдэг. Сурагчид ангид яаг юу болоод байгааг том хүмүүст үнэн, зөвөөр хэлж мөн тэдний мэдэхгүй ямар техник, технологийн шинэчлэлтүүд болон сурагчдын дунд юу тренд болж байгаа талаар мэдээллэх хэрэгтэй. Харин эцэг, эх, багш нар тухайн нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явах ёстойг зааж, анхнаас нь дээрэлхэлт үүсэхгүй байх дээр анхаарвал зохино.

3. Эерэг орчинг бүрдүүл

Сургуулийн хамгийн чухал шинж чанаруудын нэг бол аюулгүй орчин билээ. Багш, ажилчид сурагчдадаа дээрэлхэлт байх ёсгүй талаар сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн дээрэлхэлтийг эсэргүүцсэн сургуулийн албан ёсны дүрэм зохиож, бичиг баримт дээрээ сурагчид болон эцэг, эхийнх нь гарын үсгийг зуруулах нь тэдэнд энэхүү асуудал нь маш ноцтой гэдгийг ойлгуулах болно. Түүнчлэн АНУ-ын сэтгэл зүйн холбооноос ангидаа нийгэмшиж чадахгүй байгаа хүүхдийг тусгаарлагдсан мэтээр мэдрүүлэхгүйн тулд, цаашлаад дээрэлхэлтийн хохирогч болгохгүйн тулд өдрийн цай эсвэл завсарлагааны цагаар ямар нэг «ажлыг» (дэвтэр тараах, халбага, сэрээ тараах гэх мэт) хуваарилж өгөхийг зөвлөжээ.

Эцэг, эхийн зүгээс

Хүүхэд нь дээрэлхэлт, дарамттай тулгарсан эцэг, эхчүүд

1. Хүүхэд тань дээрэлхүүлж, дарамтлуулж байгаа шинж тэмдэг илэрч буй эсэхийг анзаарах

Дийлэнх хүүхдүүд дээрэлхүүлж байгаагаа гэр бүлээсээ нуудаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сайтар анзаарах хэрэгтэй. Урагдсан хувцас, хичээлдээ явахаасаа дургүйцсэн, хоолны дуршил нь буурсан зан байдал, мөн хар дарах, уйлах, тайван бус байх, урьдынхаасаа илүү их давтамжтайгаар мөнгө асуух, найзуудгүй эсвэл найзууд нь цөөрөх зэрэг шинж тэмдгүүд нь (НҮБ-ын Хүүхдийн Сангаас тогтоосон шинж тэмдгүүд) таны хүүхэд сургууль дээрээ аюултай орчинд байгааг илэрхийлэх болно. Хэрэв таамаглал тань батлагдсан бол «зүгээр өнгөрөө», «маяглахаа боль» эсвэл «хов битгий зөө» гэх маягаар хариулж болохгүй. Оронд нь сургууль дээр нь яаг юу болоод байгаа талаар үндэс, суурьтай мэдээлэл олж, асуудлыг шийдвэрлэхийн тулд чин сэтгэлийн яриаг өрнүүлээрэй. Хамгийн гол нь та хүүхдэдээ тусалж чадна гэдгээ ойлгуулж, итгүүлэх нь чухал юм.

2. Хариу үйлдлийн жагсаалт гарга

Та хүүхдэдээ хандан дээрэлхүүлж, дарамтлуулж буй явцдаа хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар зааж, зөвлөөрэй. Хамгийн эхний алхам бол хялбар, шууд утгатай бөгөөд дайсагнаагүй байдлаар харьцахыг заах юм. Мөн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ дээрэлхэж, дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийн дүрд хувиран хэрхэн бодит амьдрал дээр нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар заах нь шилдэг аргуудын нэг билээ. Ингэхдээ хүүхэд хүргэх гэсэн санаагаа өөртөө итгэлтэйгээр, нүд рүү нь харж (нүд рүү харж чаддаггүй бол хоёр хөмсөгний гол руу харах аргыг хэрэгжүүлээрэй) хэлэх ёстой бөгөөд дотроо бувтнах эсвэл уйлах нь дээрэлхэлтийг улам л өдөөх болно. Түүнчлэн гаднаас ирж буй дарамт хүүхдэд тань нөлөөлөхгүй байх гол хүчин зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Тиймээс хүүхдээ хоббитой болгож, хичээлээс гадуурх дугуйлан, сургалтад хамруулж, тэдний онцгой зан чанарынх нь талаар хэлдэг байгаарай.

3. Дээрэлхэгч хүүхдийн эцэг, эх, сургуультай холбогдох

Хэрэв дээрэлхэлт, дарамт нэг бус удаа тохиолдсон бол мөн дээрэлхэж буй хүүхдийн эцэг, эх тантай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа тохиолдолд тус аргыг хэрэгжүүлээрэй. Утсаар ярихдаа дайсагнаагүй, тайван хоолойгоор өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Харин багш, ажилчид бол асуудлыг шийдэх гол хүмүүсийн нэг мөн юм.

Дээрэлхэлт, дарамтыг үйлдэж буй хүүхдийн эцэг, эхчүүд

1. Дээрэлхэлтийг эхлэхээс нь өмнө арга хэмжээ ав

Хүүхдэдээ сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтын талаар тайлбарлаж өгөхөөс эхний алхам эхэлнэ. Таны хүүхэд хүний дохио, зангааг уншиж, тайлж чадахгүй, хийж байгаа үйлдэл нь бусдад хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй байх боломжтой. Мөн арьсны өнгө, шашин шүтлэг, харагдах байдал, тусгай хэрэгцээ, хүйс болон эдийн засгийн нөхцөл байдал нь хүнийг ялгаварлах, дээрэлхэх шалтгаан биш, харин ч эдгээрийг хүндлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай.

2. Гэр бүлийн эрүүл, аюулгүй орчинг үүсгэх

Хүүхдүүд юун түрүүнд эцэг, эхээсээ үлгэрлэдэг. Хэт түрэмгий эсвэл хэт хатуу гэрийн хүмүүжил нь хүүхдийн зан авирт сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс эцэг, эхчүүд бусадтай болон хүүхдүүдтэйгээ найрсаг харьцаж, тэдэнд үйл хөдлөлөөрөө үлгэрлэх нь асуудал үүсэхээс сэргийлнэ.

3. Хүүхдийнхээ нийгмийн амьдралыг судал

Таны хүүхдийн зан авирт нөлөөлж буй сургуулийн ямар хүчин зүйлүүд байгааг мэдэж авах хэрэгтэй. Сурагч нарт ямар дарамт, шахалтууд ирдэг талаар олж мэдэхийн тулд хүүхдийнхээ найзууд болон багш, сургуулийн удирдлагатай яриа өрнүүлээрэй.

Сурагчдын зүгээс

Хэрэв чи урьд нь хэн нэгнийг дээрэлхэж байсан, одоо ч дээрэлхдэг эсвэл дээрэлхэх сэдэл төрж байгаа бол дараах зүйлүүдийг хэрэгжүүлээрэй

  • Бусдын бие, сэтгэл зүйг өвтгөх үг хэлж, үйлдэл хийхээсээ өмнө бүгдийг хойш тавиад эхлээд тунгаан бод
  • Хэрэв чамд хүнийг дээрэлхэж, дарамтлах сэдэл төрж байгаа бол өөр зүйлд анхаарлаа хандуулж, өөрийгөө завгүй байлга. Тоглоом тогло, кино үз, найзтайгаа ярь.
  • Итгэл дааж чадна гэж бодсон том хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүл. Тэд чамд зааж, зөвлөх болно.
  • Хүн бүр харилцан адилгүй. Хэн ч хэнээс ч сайн эсвэл муу биш бөгөөд бүгд өөрсдийн гэсэн онцлогтой гэдгийг үргэлж санаж яваарай.
  • Хэрэв чи өмнө нь хэн нэгнийг дээрэлхэж байсан бол уучлалт гуйгаарай. Ингэснээр чи хамаг ачаагаа нуруунаасаа буулгасан мэт хөнгөрсөн мэдрэмжийг авах болно.

Хэрэв чи сургуулийн орчин дахь дээрэлхэлт, дарамтад байдаг бол эдгээр зүйлийг хэрэгжүүлээрэй

Эдгээр зөвлөмжүүд нь дээрэлхүүлж байх үед тусална

  • Нуруугаа эгцлэн зогсоод дээрэлхэж буй хүүхдийнхээ нүд рүү харан тухайн үйлдлийг зогсоохыг тайван өнгөөр, ойлгомжтой байдлаар хэлэх хэрэгтэй. Хэрэв чи сайн хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд нөгөө хүн чинь ч ойлгох чадвартай гэж бодох юм бол хүмүүсийг инээлгэх нь мөн асуудлыг шийдэхэд тусална.
  • Хэрэв үг дуугарахад тохиромжгүй, аюултай орчин үүссэн гэж бодож байгаа бол холдож явахыг зөвлөж байна. Харин эргүүлэн сөргөлдөж, зодолдож, уураа гаргаж эсвэл уйлах нь байдлыг улам дордуулна.

Эдгээр зөвлөмжүүд чамайг ирээдүйд аюулгүй байхад тусална

  • Мэдрэмжээ зөвхөн өөртөө бүү хадгал өөрийн итгэдэг том хүнтэйгээ ярилц. Ингэснээр чи зөвхөн ганцаараа биш гэдгээ ойлгох болно.
  • Том хүн байхгүй орчинд дээрэлхэлт, дарамт үүсэх өндөр магадлалтай гэдгийг санаарай.

Эдгээр зөвлөмжүүд чамайг цахим дарамтаас хамгаалах болно

  • Олон нийтийн сүлжээнд юу нийтлэхээ урьтаж сайн бодоорой. Өөрийгөө болон бусдыг ичгэвтэр байдалд оруулах, хувийн нууцтай холбоотой зүйл бүү нийтэл.
  • Интернетэд ашигладаг нууц үгээ бусад хүүхдүүдээс үргэлж нууцал. Чиний хамгийн сайн найз чамайг яаж ч ятгаж байсан нууц үгээ хэлэхээс найрсгаар татгалзах нь гарч болох аюулаас сэргийлнэ.
  • Цахим орчинд хүүхдүүдийн дунд эрэлттэй байгаа зүйлсийн талаар эцэг, эхдээ ярьж өгөөрэй. Учир нь нас, сонирхлын ялгаанаас болж эцэг, эхчүүд тэр бүр хүүхдүүдэд тулгарч буй аюулыг олж хардаггүй билээ. 

Бусдын төлөө зогсоорой

  • Хэрэв чи хүүхэд дээрэлхүүлж, дарамтлуулж, зодуулж байгааг харсан бол эцэг, эх, багш болон бусад өөрийн итгэдэг том хүнд харсан зүйлийнхээ талаар мэдэгдээрэй.
  • Дээрэлхүүлсэн хүүхдэд сайхан сэтгэлээр хандаж тэдэнтэй нэг ширээнд цуг хооллож, яриа өрнүүлж, сонирхолтой зүйл хийхээр урьж эсвэл зүгээр л хажууд нь зогсоод инээмсэглээрэй. Эдгээр нь хичнээн жижиг алхам ч ирээдүйд хүний амьдралыг эерэгээр өөрчилж болох маш том үйл хэрэг гэдгийг сануулъя.

Хүн бүрийн оролцоо чухал. Чамд бусад хүүхдүүдийг сайн үйлд уриалах боломж үргэлж нээлттэй байдаг.

  • Чиний сургуулийн аль хэсэгт, хэдэн цагийн үед ямар хүүхдүүд дээрэлхүүлдэг талаар олж мэдэн асуудлыг яаж шийдэх талаар бодож тунгаагаарай. Дараа нь бодож олсон зүйлээ багштайгаа хуваалц.
  • Сургуулийнхаа багш, удирдлагын хүмүүстэй ярилцан сайн дураараа нэгдэх сонирхолтой сурагчдаас бүрдсэн бүлэг үүсгэх боломжтой. Сурагчид хамтдаа дээрэлхэлт, цахим дарамтын талаар хүүхдүүдэд мэдлэг олгож, анхааруулах самбар, постер хийснээр сургуулийнхаа бусад сурагчдад үлгэрлэх юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!