LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

А.Оюунжаргал: Төрсний дараах сэтгэл гутралтай үед өөрийгөө буруутгасан сөрөг бодлууд давамгайлдаг

Share

Эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлын нэг бол төрсний дараах сэтгэл гутрал юм. Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй бөгөөд гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг.  Ээжүүдэд энэхүү нөхцөл байдлыг  даван гарахад нь  хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл  бол гэр бүлийн хайр халамж, төрсний дараах сэтгэл гутралын талаарх мэдлэгтэй байх явдал юм. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сэтгэцийн эмгэг судлаач эмч А.Оюунжаргалтай ярилцлаа.

– Төрсний дараах сэтгэл гутрал  яагаад бий болдог вэ?

-Төрсний дараах сэтгэл гутрал нь биологийн болон сэтгэл зүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотой. Эмэгтэйчүүдэд жирэмслэлттэй холбоотойгоор дааврын өөрчлөлт явагдаж байдаг. Дааврын өөрчлөлт нь сэтгэл хөдлөлийн процесст оролцдог.  Жирэмсэлсэн үед дааврын ялгаралт хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгддэг. Харин  төрсний дараа дааврын хэмжээ багассанаас болж сэтгэл гутралд үүсдэг.

Та мэдэх үү?

Даавар гэдэг нь биологийн идэвхитэй бодис ба дотоод шүүрлийн булчирхайн эсүүдээр боловсорч байдаг.  Энэ нь хүний биеийн бүхий л үйл явцыг зохицуулдаг. 

-Төрсний дараах сэтгэл гутрал хэрхэн илэрдэг вэ?

-Төрсний дараах эхний 14 хоногт цочромтгой болох, айж түгших, санаа зовинох, уйлах, нойргүйдэх, гуниглах, өөртөө итгэлгүй байх, гомдомтгой болох, хоолны дуршил муудах эсвэл хэт их идэх зэрэг  сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал  ээж нарт  илэрдэг. Зарим ээжүүд энэ байдалд дасан зохицож, хэвийн байдалд хурдан шилждэг тул ямар нэг тусгайлсан эмчилгээ шаардагддаггүй.  Харин дээрх  шинжүүд 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэн цаашид даамжран өдөр тутмын ажлаа хийж чадахгүй идэвх сонирхолгүй болох, өөртөө анхаарал тавихгүй байх, үг яриа хөдөлгөөн удаашрах, ганцаардмал зожиг болох, хүүхдээ асрахгүй болох, “Би хүүхдээ асарч чадахгүй байна, надаас болж энэ хүүхэд хэцүүдэх нь” гэх мэт сөрөг бодолтой болох гэх  зэрэг шинжүүд илрэхийг“төрсний дараах сэтгэл гутрал’’гэж үздэг. Энэ нь тухайн ээжийг заавал мэргэжлийн сэтгэцийн эмчийн  зөвлөгөө, эмчилгээ авах болсныг илтгэж байдаг.

-Сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлс юу вэ. Сэтгэл гутрал яагаад зарим эмэгтэйд илрээд заримд нь илэрдэггүй юм бэ?

-Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 50-75 хувь нь хөнгөн болоод хүнд хэлбэрээр төрсний дараах сэтгэл гутралд өртсөн байдаг. Ихэвчлэн ямар эмэгтэйчүүд хүнд хэлбэрт шилжсэнийг нь тодорхойлж хэлэхэд бэрхшээлтэй. Учир нь төрсний дараах сэтгэл гутралд  биологийн, удамшлын, нийгмийн сэтгэл зүйн зэрэг олон хүчин зүйл  нөлөөлж болдог.  Биологийн хүчин зүйл гэдэг нь дааврын зохицол алдагдах байдлыг хэлнэ. Нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл гэдэгт  ахуйн хүрээний стресс, уй гашуу тохиолдох, амьдарч буй орчин нь нөхцөл, санхүүгийн байдал зэргийг хэлж болно.

-Сүүлийн үед төрсний дараах сэтгэл гутралын асуудлаар эмнэлэгт хандах эхчүүдийн тоо нэмэгдэж  байна уу. Ээжүүд хэр их ханддаг вэ?

-Нийгэм хөгжихийн хирээр  сэтгэцийн асуудал  дагаад ихэсдэг.  Учир нь нийгмийн хөгжилтэй зэрэгцэн бидний стресс, амьдрах орчин, дасан зохицох чадвар, харилцаанд өөрчлөлт ордог. Хүмүүс төрсний дараах сэтгэл гутралыг  саяхан дэлгэрсэн мэтээр ойлгоод байдаг.  Гэвч энэ асуудал байсаар л байсан.

-Бидний ярилцаж байгаа сэдвийн талаар иргэд мэдээлэл хэр сайтай байдаг вэ. Төрсний дараах сэтгэл гутралыг ээжүүдээс нь гадна тэдний ойр дотны хүмүүс ч анхаарах ёстой болов уу?

-Төрсний дараах сэтгэл гутралын талаар хүн бүхэн мэддэг байх ёстой. Тэр тусмаа ээжүүд өөрсдөө ч энэ талаар сайн анхаарах хэрэгтэй. Гэвч ээжүүд энэ талаар ихэвчлэн мэддэггүй. Энэ асуудлыг ойлгон таних мэдлэг муу байдаг. Тиймээс сэтгэл гутралыг хөнгөн үе дээр нь анхаарч шаардлагатай зөвлөгөөг хэрэгжүүлж, урьдчилан сэргийлж чадвал үүсч болзошгүй сөрөг үр дагавар нь бага байна. Манайхан сэтгэл гутралаа хүнд хэлбэрт  шилжсэний дараа эмнэлэгт ханддаг. Эмэгтэйчүүдэд төрсний дараах сэтгэл гутралын талаар одоог хүртэл сайн ойлгуулж чадаагүйгээс болж “сав хөөрсөн” гэх оношоор лам бөөгөөр явж цаг алдах  тохиолдлууд их байдаг.

-Төрсний дараах сэтгэл гутралыг хүнд шатанд шилжихээс өмнө  арга хэмжээ авч, эмчлүүлэхгүй бол ямар сөрөг нөлөө гарах вэ?

– Төрсний дараах сэтгэл гутралын хөнгөн хэлбэрийн үед санаа зовних, айх, өөртөө итгэлгүй байх шинжүүд  илэрч байсан бол хүнд хэлбэрт  шилжих тусмаа эдгээр бодлууд улам лавшран, өөрийгөө үзэн ядаж  “Хүүхдээ төрүүлэх ёсгүй байж, би л хүүхдээ өсгөж чадахгүй байна, хэрвээ би байхгүй болчихвол энэ байдал засарна”  гэх мэт дандаа өөрийгөө буруутгасан сөрөг бодлууд давамгайлснаас өөртөө болон хүүхдэдээ хохиролтой үйлдэл хийх хэмжээнд хүрдэг.

-Төрөөд  удаагүй ээжийг сэтгэл гутралд өртөөхгүй байх хамгийн сайн туслагч хэн бэ?

– Мэдээж  хамгийн ойр дотны хүн бол хань ижил,  эцэг эх  нь шүү дээ. Тэдний хайр халамж, анхаарал, анзааргатай байдал нь ямар ч аюулаас эх, хүүхдийг хамгаалах боломжтой байдаг. Мөн  харьцаж байгаа хүн болгон төрөөд удаагүй ээжийн сэтгэлзүйг мэдэрч илүү мэдрэмжтэй хандах ёстой. Хүүхдээ төрүүлээд өсгөх нь зөвхөн ээжийн  хийх ёстой ажил биш, гэр бүлийнхэн бүгд оролцох шаардлагатай.

Бид бүгд чамтай сэтгэл санаагаар болон бусад тусламж дэмжлэг  шаардлагатай бүх тохиолдлуудад   хамт байх болно, чи ганцаараа биш гэдгийг  үг, үйлдэл бүрээрээ шинэхэн ээждээ мэдрүүлж ойлгуулж байх хэрэгтэй. Дэргэдэх хүмүүс нь анзааргатай байх хэрэгтэй гэдэг нь шинэхэн  ээж 14 хоногийн дотор хүүхдээ өсгөхөд хэр сайн дасан зохицож байгаа эсэхийг нь ажиглана гэсэн үг.

Хэрвээ анзаарагдахуйц өөрчлөлтүүд гараад эхэлбэл мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах ёстой. Харьяа дүүргийн эрүүл мэндийн төв бүрт сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар ажиллаж байгаа.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж, зөвлөгөө тусламж авч болно. Утсаар зөвлөгөө авахыг хүсвэл сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  1800-2000  утас руу залган зөвлөгөө авах  боломжтой. Улсын нэгдүгээр эмнэлгийн хувьд  амбулаториор үзүүлж зөвлөгөө авах боломжтой.

-Хүмүүс ханиад хүрэх, даралт ихсэхэд мэргэжлийн эмч, яаралтай тусламжийн төвд үзүүлдэг. Гэтэл сэтгэл санааны зовуур, шаналал, гутралыг өөрсдөө оношлон сэтгэл зүйчид ханддаг. Та үүнийг хэр зөв шийдвэр гэж боддог вэ?

– Сэтгэл гутралын эмгэгүүдийг заавал сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Зөвхөн сэтгэл зүйчтэй ярилцаад энэ асуудал шийдэгдэхгүй. Зарим хүмүүс өөрт нь тулгамдсан асуудал, эмгэг хоёроо ялгадаггүй. Төрсний дараах сэтгэл гутралын эхний шатанд сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авахыг үгүйсгэхгүй. Нөхөртэйгөө хүртэл хамт ирээд ярилцаж болно. Харин хүндэрч эмгэг болсон үед нь  сэтгэл заслын болон эмийн эмчилгээ шаардлагатай байдаг тул мэргэжлийн сэтгэцийн эмч, эмнэлэгт хандах шаардлагатай.

-Төрөөд удаагүй байгаа ээжүүд болон ээж болох охид бүсгүйчүүдэд зөвлөвөл?

Эмэгтэй хүний жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл зүйн онцлогийг тухайн эмэгтэй төдийгүй  түүний гэр бүлийнхэн маш сайн мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд “Би ээж болсны дараа өөрийгөө яаж хамгаалах вэ, нөхөр маань  хэрхэн туслах ёстой вэ” гэх мэт  ойлголт өгөх ном, зөвлөмжүүд уншиж мэдээлэлтэй болох шаардлагатай. Хүн зөв, бодит мэдлэг мэдээлэлтэй байснаар ямар ч асуудлыг айж, эмзэглэхгүйгээр  зөвөөр ойлгож тунгаан, дасан зохицож  асуудлыг шийдвэрлэх чадвартай болдог. Би чадахгүй байна, надад хэцүү байна гэж өөрийгөө буруутгалгүй гэр бүлийнхэнтэйгээ бодол санаа, мэдрэмжээ айж ичилгүй хуваалцаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!