LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Л.Баярсайхан: Хавдрыг ХСҮТ-ийнхөн л эрт илрүүлэх ёстой гэж олон жил буруу явсан

Share

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсад хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа.

Энэ жил “COVID-19” халдвараас шалтгаалан онцгой нөхцөл байдал үүсээд байна. ХСҮТ-өөс маргааш тохиох  “Хорт хавартай тэмцэх дэлхийн өдөр”-өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

Жил бүрийн хоёрдугаар 4-нд хавдартай тэмцэх өдөр тохиодог. Энэ өдөр хавдрын тухай олон нийтэд таниулах,  ялангуяа бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч түвшний хүмүүст мэдээлэл хүргэх, хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн эрт илрүүлэх талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Өмнөх жилүүдэд сэтгүүлчдийг хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан, хавдрын тухай мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж ажилладаг байсан. Харин энэ жил болон өнгөрсөн жилээс цаг үеийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан олон хүн цуглуулах боломжгүй учраас байгууллагынхаа албан ёсны пэйж хуудсанд мэдээ мэдээлэл нийтлэхээс гадна телевизүүдтэй хамтран цахим хэлэлцүүлэг хийнэ. Мөн хавдрын эсрэг тэмцэхийг уриалсан цуврал шторк гаргана. Түүнчлэн эрүүл мэндийн чиглэлийн баннерыг олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн. Хавдартай тэмцэх өдрийн үйл ажиллагааг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх биш долоо хоногийн турш олон нийтийн анхааралд байлгахыг зорино.

-Монгол Улсад хорт хавдрын өвчлөл олон жилийн турш эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?

-Үнэхээр, хорт хавдар бол манай эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг юм. Сүүлийн 20-30 жилд үндсэндээ өөрчлөгдсөнгүй. Нас баралтын нэгдүгээр шалтгаан зүрх судасны өвчин байдаг бол хоёрдугаар байрт хорт хавдар ордог. Дэлхийн хэмжээнд хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс тэргүүлсээр ирлээ. Хорт хавдрын тохиолдлоор Монгол Улс дэлхийд эхний 50-д ордоггүй.  Тэгэхээр хорт хавдар ихэссэн гэж ярих нь буруу юм. Харин нас баралтаараа манай улс дэлхийн 195 орноос нэгдүгээрт явж байна. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс, нийгэм эдийн засаг, хүнсний аюулгүй байдал гээд маш өргөн хүрээний асуудал хөндөгддөг.

-Тэгвэл нас баралтын түвшин өндөр байгаа нь юунаас шалтгаалж байна вэ?

-Энэ бол маш энгийн. Учир нь эрт илрүүлгийн тогтолцоо чадваржаагүй байна. Хорт хавдраар цөөхөн хүн өвдөх буюу өвчлөлийг багасгана гэдэг цаг үеэ олоогүй эргэлзээтэй асуудал юм. Хэчнээн өндөр хөгжилтэй байх тусмаа хорт хавдрын өвчлөл өндөр байдаг. Тэдгээр оронд хэчнээн олон хүн өвчиллөө ч хорт хавдраар нас барах шалтгаанаар тэргүүлдэггүй. Архаг өвчин болж эсвэл эдгэрдэг, нас баралтын шалтгаан нь өөр өвчин болдог. Манай улсад бол нийт нас баралтын 25 хувь хорт хавдраас болж байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд эрт илрүүлгийн тогтолцоог чадваржуулах ёстой.

-Хавдрын эрт илрүүлгийн нэгдсэн төвийг байгуулах асуудлыг та хөндөж байна, тийм үү?

-Яг тийм. Өөрийгөө эрүүл гэж үздэг, өвчингүй хүмүүсийн дотроос зорилтот бүлгийнхнийг түүвэрлэн хавдартай өвчтөнөөс салган жил бүр шинжилгээнд хамруулах тусдаа тогтолцоо байх хэрэгтэй. Хорт хавдартай өвчтөнийг үздэг эмнэлэгт хавдартай, хими, туяа, мэс заслын эмчилгээ хийлгэх гэж буй өвчтөнүүд сууж байхад урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх гээд эрүүл хүн хажууд нь зогсож байгаа нь буруу юм. БНСУ, Япон, Швейцар зэрэг улс тусдаа эрт илрүүлгийн төвтэй.

Хавдраас урьдчилан сэргийлэх ба эрт илрүүлгийн төвийг байгуулах хэрэгтэй.

Ямар хоол идвэл хавдраар өвдөхгүй байх вэ, ямар хоол идвэл хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэхчлэн бүх үзлэг шинжилгээ хийдэг, шаардлагатай тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн бэлэн байдаг. Тухайн төвд эрүүл хүмүүс очиж эрт үед нь хавдар илрүүлэх үзлэг хийлгэдэг байх юм. Түүнээс биш хавдартай өвчтөнтэй холилдож, дунд нь ордог систем байдаггүй.

Манай улсад энэ чиглэлд зориулсан хөрөнгө мөнгө тусгадаггүй. Тиймээс эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох, чадваржуулах дорвитой хөрөнгийг 21 аймаг, 9 дүүрэгт улсын төсвөөс системтэй босгож чадвал бид хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг байдлаасаа салж чадна. Хавдар гэхээр ХСҮТ-ийнхөн л үзэх, оношлох ёстой гэж олон жил буруу явлаа. Бодит байдал дээр эсрэгээрээ явж байна.

Манай ХСҮТ-ийн эмч нарын ур чадвар олон улсын түвшинд хүрсэн, хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ Хавдрын эмнэлгийн эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд байлаа гээд хорт хавдрын нас баралтад нөлөөлөхгүй. Эрт үед нь илрүүлдэг тогтолцоо нь ажиллаж байж эрт илэрсэн өвчтөнийг эмчилж, амийг нь аврах нөхцөл бүрдэнэ.

Сүүлийн жилийн дунджаар авч үзэхэд, Монгол Улсад жилдээ 6000 хүн шинээр өвдөж, 4000 хүн хорт хавдрын улмаас нас барж байна.

Үүнийг энгийнээр тайлбарлавал, жилийн 365 хоногт авч үзвэл  нэг өдөрт 16 хүн хорт хавдраар өвчилж, хожуу үедээ оношлуулж эрт илрүүлээгүйн улмаас өдөрт 10 хүн амиа алдаж байна гэсэн үг. Тиймээс үүнийг зөв ойлгож, дорвитой хөрөнгө оруулалт, бодлогын өөрчлөлт хийж, эрт илрүүлгийн тогтолцоо тогтмол ажиллаж байж иргэдийн амийг аврах боломж бүрдэх юм.

Энэ жил хавдар туссан хүмүүсийн эмчилгээний зардалд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ер нь хүрэлцээтэй юу?

Манай төвийн төсөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ хангалттай биш. 2021 оны төсөв 28 тэрбум төгрөг байгаа. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглэдэг, тухайлбал бай эмчилгээнд нэг удаа 2-3 сая, нийтдээ 30-40 сая төгрөгийн эмчилгээ хийдэг, зарим эмээс хамаарч 50-60 сая төгрөг шаардлагатай гэх мэтийн эмчилгээнд манай төсөв хүрэлцдэггүй. Бид байгаа төсвийнхөө хэмжээнд жирийн болон бусад химийн эмийг авах, мөн бай эмчилгээг цөөн тоогоор хийдэг. Тиймээс өвчтөн шаардлагатай эмчилгээ хийлгэхийн тулд өөрөө мөнгө гаргах байдалд хүрдэг. Үүнийг ЭМДС-гаас гаргуулах талд өөрчлөлт хийж байна. Эрүүл мэндийн сайдын болон ЭМДЕГ-ын үүрэг чиглэл бухий албан бичиг ирсэн, эцсийн байдлаар ЭМД-ын Үндэсний зөвлөлөөс тогтоол ирээгүй байна. Иргэдийг дарамтад оруулахгүй, иргэдээс аль болох мөнгө төгрөг гаргуулахгүй байх чиглэл рүү ажиллаж байна.

-Хавдрын үеийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр гарсан. ХСҮТ “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг  авахгүй болсон” гэсэн мэдээлэл байсан шүү дээ?

-Нэгдүгээр сараас эхлэн бид иргэдээс 25 хувийг авахгүй ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл ЭМД руу нэг ч нэхэмжлэл явуулаагүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хавдрын эмчилгээг даатгал даах гэж суулгаж өгсөн ч гол нь ЭМД-ын Үндэсний зөвлөлөөс тогтоол гарч байж бүрэн гүйцэд болно, ерөнхий чиг үүрэг өгсөн байгаа. Бүх эмчилгээ гэж хэлж болохгүй, хорт хавдраар оношлогдсон тохиолдлын мэс заслын өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийн асуудал байгаа юм.

-Хэдий хугацаанд энэ хөнгөлөлт үйлчлэх вэ?

Нэгэнт баталсан бол ЭМДС-гаас 100 хувь гарна гэж ойлгож байгаа. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулахад бид өөрсдөөс хамаарсан санал, өртгийн тооцооллыг өгсөн. Түүний дагуу өвчтөн мэс засалд ороход бүгдийг нь ЭМДС хариуцна гэж ойлгож байгаа. Одоогоор бид хэнээс ч 25 хувь гэж аваагүй, ЭМДС-аар нөхөн орж ирнэ гэж итгэж байгаа.

-Хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн аргаас та зөвлөнө үү?

Хамгийн наад захын жишээ гэхэд, гараараа барьж ам руугаа хийж байгаа хоол хүнснээс 100 хувь хамаарна. Цай хоолоо хутгаж байгаа шанага, хутгуураас ч хамаарна. Ахуй амьдрал, хоолны чанар, сав суулга, амьсгалж буй агаар, хоолоо хадгалж буй хэм маяг зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хорт хавдар үүсэх үү, үгүй юу гэдэг нь шалтгаална. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаа, боловсрол, хувь хүн өөрийгөө боловсруулах зэрэг өргөн хүрээтэй асуудал юм.

-Хамгийн найдвартай эрт оношлох боломжтой өвчлөлд ямар төрлийн хавдрууд багтаж байна вэ?

-Хавдрын 100 гаруй нэр төрлийн өвчин байдаг. Эдгээр хавдрыг бүгдийг нь эрт илрүүлнэ гэж байдаггүй. Эрт илрүүлж болдог хавдар гэж байдаг бол илрүүлэх боломжгүй ч байдаг. Хамгийн гол нь эдийн засгийн хувьд үр ашигтай, найдвартай илрүүлж болдог, эрт үед нь илрүүлж 100 хувь эмчилж болдог нь эмэгтэйчүүдийн умайн хүзүү болон хөхний хорт хавдар, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар юм. Эдгээр хавдрыг илрүүлэхийн тулд дэлхийн ихэнх улс оронд хүн амд суурилсан эрт ирүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байдаг. Бага зардлаар, үр дүнд хүрдэг, оношлох, эмчлэх баталгаа өндөр байдаг. Үүний дараа элэг, ходоод, уушги, улаан хоолойны хавдар ордог. Түүнийг хүн амынхаа тодорхой зорилтот бүлгүүдэд хийдэг. Тухайлбал, Тайвань уушгины хавдраар нэгдүгээрт ордог. Гэтэл Тайваньд уушгины хавдрын эрт илрүүлгийн хүн амд суурилсан хөтөлбөр хийдэггүй. Хэчнээн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, мэргэжилтэн бэлтгэж хийсэн ажил нь илрэх үр дүнтэйгээ харьцуулахад эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдэг тооцоо байдаг. Хэчнээн мөнгө зарцуулсан ч Тайвань, АНУ-д уушгины хорт хавдар хожуу үедээ оношлогдсоор байна. Хамгийн найдвартай эрт оношилж үр дүнд хүрч байгаа нь умайн хүзүү, хөхний хорт хавдар юм.

Иймээс ДЭМБ түүхэндээ анх удаа 2018 онд дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хавдрыг үгүй болгохоор зорилго тавьж хөтөлбөр хэрэгжүүлж, улс орнуудыг уриалж байгаа. Энэхүү хөтөлбөрт Монгол Улс нэгдэж, тодорхой үүрэг хүлээсэн. Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, бид ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.

Уг хөтөлбөрийн дагуу умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 15 хүртэлх насны охидын 90 хувийг хамруулна. Умайн хүзүүний эрт илрүүлэг, хавдар үүсгэдэг эдгээр төрлийн вирус байна уу гэдгийг шинжилдэг шинжилгээг Монголд нэвтрүүлээд хамрагдах насны эмэгтэйчүүдийн 70 хувийг хамруулсан байхаар төлөвлөж байна. Хүмүүсийг илрүүлнэ, хамруулна гэдэг бол хамгийн эхний шат юм. Хамгийн гол нь илрүүлсэн, хамруулсан хүмүүсээ эмчилж, хяналтаас битгий гарга гэж байгаа юм. Эмчилгээгээр дуусч байх ёстой гээд 90/70/ 90 буюу эрт илрүүлэгт хамрагдаж өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийн 90 хувь эмчлэгдсэн байх ёстой төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!