LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

“Ходоодны шархтай үед дурангийн шинжилгээ хийлгэвэл шарх сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй”

Share

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр Д.Ариунзул оролцож, “Ходоодны шархлаа” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

– Яриагаа ходоод гэдэг эрхтэн хүний биед ямар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг талаар эхлэе.

– Ходоод бол хоол боловсруулах эрхтний нэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ам, амны хөндий, шүд, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, дээд гэдэс зэрэг ордог.  Бидний идсэн хоол хүнс амны хөндийгөөр дамжин шүдээр бутлагдаж, улаан хоолойгоор дамжин ходоодонд орсоноор химийн боловсруулалт явагдаж, цаашид шингээлтийн процесс эхэлнэ. Үндсэндээ ходоод нь хоолыг химийн хувиралтад оруулж, хадгалах үүрэгтэй эрхтэн.

-Ходоодны шарх үүсгэдэг үндсэн шалтгаанууд нь юу вэ?

-Ходоодны шарх гэж ярихаас урьтаад уг эрхтнийхээ бүтцийн талаар бага зэрэг тайлбарлая. Ходоод нь салст, салстын доод, булчинлаг болон серозын гэсэн дөрвөн давхаргаас бүрдэнэ. Ходоодыг гэмтээж байгаа төрөл бүрийн нөлөөллөөр ходоодыг хамгаалах мэдрэл, шингэний зохицуулга зэрэг олон үйл ажиллагааны тэнцвэрт байдал алдагдсаны улмаас салст болон салстын доорх булчинлаг давхаргад гэмтэл үүсч, ходоод шархалдаг. Үүнийг үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн үндсэн шалтгаанууд бий. Нэгдүгээрт, хеликобактерийн халдвар, хоёрдугаарт, үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүдийн зохисгүй хэрэглээ, гуравдугаарт, хооллолт, дөрөвдүгээрт, удамшлын болон бусад шалтгаанууд орно.

– Ходоодны шарх үүсгэдэг дийлэнх шалтгаан нь хеликобактер гэлээ. Тэгвэл үүнийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын бараг тэн хагас нь хеликобактераар өвчилсөн гэсэн тооцоо байдаг. Манай улсад хамгийн сүүлийн үеийн судалгаагаар насанд хүрэгчдийн 62-89 хувь нь хеликобактерийн халдварт өртсөн байна гэж гарсан. Мөн ходоодны биж хам шинжтэй хүмүүсийн 75,6 хувь нь хеликобактерийн халдвартай байна гэсэн тооцоолол бий. Хеликобактер нь хүний ходоодонд маш бага тоотой үүсч болдог. Тэр нь ходоодны хүчлийн нөлөөгөөр ямар нэгэн үрэвсэл үүсгэхгүйгээр устаж үгүй болох ёстой.

Хеликобактерийг оношлох хамгийн энгийн арга бол амьсгалын болон өтгөний тест. Энэхүү оношилгоо нь хүндээ ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр хийгддэг хялбар арга юм. Мөн өөр нэг оношилгооны арга нь дурангийн шинжилгээний явцад ходоодны салстаас эдийн шинжилгээ авч, хеликобактер илрүүлэх.

Хеликобактерийн эмчилгээнд ашигладаг үндсэн анитибиотикууд 75,6 хувиас дээш тэсвэржилттэй гэдэг учраас Матриксийн V ангиллын дагуу дөрвөлсөн эмчилгээгээр эмчилж байна. Эмчилгээг мэдээж төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар хийнэ. Хамгийн гол нь хеликобактер байна гэж оношлогдсон бол 14-28 хоногийн хугацаанд үргэлжлэх антибиотик эмчилгээг тасалдуулахгүй байх хэрэгтэй. Эмчилгээг бүрэн хийлгэснээс нэг сарын дараа дахин шинжилгээ өгч, хеликобактер устсан эсэхийг шалгадаг. Тиймээс энэхүү дэглэмийг сайтар баримтлах нь чухал. Ингэж хэлж байгаагийн учир нь эмчлүүлэгчид эмээ хэд хоног хэрэглээд л тасалчихдаг, аль эсвэл эмчилгээний дараа дахин шинжилгээ өгдөггүй. Дахин шинжилгээ өгч хеликобактер устсан эсэхийг шалгуулахгүй болохоор үүнийг намжсан эсэхийг бид мэдэж чаддаггүй.

-Ходоодны шарх үүссэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Дотор муухай оргих, цээж гашуу оргих, хэхрүүлэх, цустай бөөлжих, өтгөн хар гарах зэрэг шинжүүд илэрдэг. Хамгийн гол шинж тэмдэг нь хэвлийгээр өвдөх. Мөн аюулхай орчмоор өвдөхөөс гадна хоолны шингэц өөрчлөгдөх, хэвлийгээр цанхайх, огцом их өлсөх зэрэг шинжүүд илэрнэ.

-Ходоодны өвчлөлийг найдвартай оношлох арга нь юу вэ?

– Хамгийн найдвартай оношилгоо бол дурангийн шинжилгээ. Ходоодны биж хам шинж буюу дээр дурьдсан шинжүүд илрэх юм бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, ходоодоо дурандуулах ёстой. Дотор муухай оргих, цээж гашуу оргих, хэхрүүлэх зэрэг шинжүүд илэрсэн тохиолдолд ходоодны шарх үүссэн байх магадлалтай. Үүнийг дурангийн шинжилгээгээр оношилж, оношийг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр дурангийн шинжилгээг оношилгооны “алтан” стандарт гэж ойлгож болно.

-Ходоодны үрэвсэл, шархтай хүн дурангийн шинжилгээ хийлгэж болдоггүй, сэдрээчихдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү?  

– Ерөөсөө тийм зүйл байхгүй. Ходоодны шарх үүссэн эсэхийг оношлуулах гэж дурангийн шинжилгээ хийлгэж байгаа шүү дээ. Энэ нь хоол орох замаар л орж байгаа учир ходоодны салстад гэмтэл учруулдаггүй.

Тиймээс ходоодны шархтай, үрэвсэлтэй хүн дурандуулсан тохиолдолд шарх сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй.

-Хооллолт, хооллох хугацаа уг өвчин үүсэхэд нөлөөлдөг байх. Хооллох хугацаа холдоод ирвэл ходоодонд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

– Хүн өдөрт 3-4 цагийн зайтайгаар 5-6 удаа хооллох ёстой. Ингэхдээ бүгдэд нь заавал мах хэрэглэнэ гэсэн үг биш. Хооллолт ходоодны шарх үүсэхэд нөлөөлдөг гэж дээр дурьдсан. Энэ нь ихэнхдээ удаан хугацаанд өлөн явсанаас үүдэлтэй байдаг. Зарим хүмүүс өглөөний цайгаа уулгүйгээр өдөржингөө өлөн явж явж байгаад оройн цагаар хэт их иддэг. Энэ нь ходоодны шүүрлийн үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа юм. Мөн дээрээс нь сүүлийн үеийн залуучууд халуун ногоотой хоол ихээр хэрэглэх болсон. Өлөн явж байгаад л халуун ногоотой бэлэн гоймон идэх жишээний. Энэ нь ходоодны шүүрлийг улам ихэсгэж, ходоодны шарх үүсэх нэг шалтгаан болж өгдөг. Гэхдээ мэдээж тогтмол, их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шүү дээ.

-Стресс ходоодны шарх үүсэх нэг шалтгаан болдог. Тэгвэл стресс нь ходоодны өвчлөлд хэрхэн нөлөөлдөг вэ, ямар уялдаа холбоотой байдаг вэ?

– Хүн стресст орсоноор их хэмжээний дааврууд ялгарч, ходоодны хүчил нэмэгдсэнээр ходоодны шарх үүсэх нэг шалтгаан болдог. Сүүлийн үед стрессийн шалтгаант ходоодны шарх нэлээд ихсэж байна.

Мөн үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд болох ибупрофен, парацетамол зэрэг эмүүдийн зохисгүй хэрэглээ ходоодны шарх үүсэхэд нөлөөлдөг. Эдгээр эмийг эмчийн жоргүйгээр авч, дур мэдэн зохисгүй хэрэглэдэг. Үүнээс болж ходоод шархлан цус алдаад ирж байгаа тохиолдол их байдаг. Өвчин болгон ямар нэгэн шалтгаантай. Толгой өвдсөн ч, аюулхайд өвдсөн ч тэр. Тэгэхээр шалтгааныг тодруулж, эмийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

-Ходоодны шархыг эмчлэхгүй удвал ямар ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Нэг үгээр ходоодны шархны хүндрэлүүд үүснэ. Нэгдүгээрт, ходоод цоорох эрсдэлтэй. Хоёрдугаарт, ходоодны хавдарт шилжих, цус алдах зэрэг хүндрэлүүд үүсч болно. Ходоодны шартайгаа мэдэхгүй удаан хугацаанд явсанаар гэнэт л хэвлийгээр маш хүчтэй өвдөх, цус алдах, ходоод цоорох эрсдэлүүд үүсдэг. Эдгээр нь амь насанд эрсдэлтэй хүндрэлүүд учир тэр хэмжээнд хүртэл явахгүй байх нь чухал. Орчин үед оношилгоо сайн хөгжсөн шүү дээ. Аль ч эмнэлэгт унтуулгатай, унтуулгагүй гэсэн төрөл төрлөөр нь дурандаж байна. Гэхдээ ходоодны шархтай гээд шууд л эдгээр хүндрэлүүд үүсчихнэ гэж ойлгож болохгүй. Мэдээж олон жилийн дараа эдгээр хүндрэлүүд гарах эрсдэлтэй гэсэн үг.

Манай улс ходоодны хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд хоёрдугаар бичигдэж байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт чухал юм. 45-аас дээш насныхан, ходоодны хорт хавдраар өвчилж байсан удамшлын түүхтэй бол жилд нэг удаа тогтмол, заавал дурандуулах шаардлагатай.  Мөн дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд дурандуулаарай гэж зөвлөмөөр байна. Манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь шархыг хүндэрсэн, цус алдсан, ходоод цоорсон үед оношлогдож байна. Тиймээс эрт оношилгоо маш чухал.  

Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!