LOADING

Type to search

ТҮҮХ

Буриад Монголчуудыг Лхүмбийн хэрэгт хэлмэгдүүлсэн нь

Share

Лхүмбийн хэргийн тухай эрдэмтэд, судлаачид санал бодлоо илэрхийлж бичсээр ирсэн билээ. Хэнтий аймгийн Норовлин сумын харъяат буриад Шодоев Эрэнцэнгийн Дамдин цэргийн алба хааж байхдаа 1929 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотоос оргосон гэдэг. Гэтэл хотын Эвлэлийн хорооны Пионерийн товчооны эрхлэгч, Хэнтий аймгийн Дадал сумын харъяат 21 настай Батын Цэвээн буюу Мархаев Цэвээнийг Хайлаарын чиглэлд “тагнуул”-ын ажлаар явуулах даалгаврыг Цэргийн яамны III газраас өгчээ. 

Дээд газрын үүргийн дагуу М.Цэвээн Хайлаарын чиглэлд яваад ирэхдээ Шодоев Дамдины сургийг гаргасан бололтой. Гэвч тэрхүү тагнуулын тусгай үүргийг яагаад заавал Мархаев Цэвээнээр гүйцэтгүүлэх болов, сураг тасарсан Ш.Дамдинтай М.Цэвээн гэнэт уулзаж, түүний дэмжлэгээр эсэн мэнд эх нутагтаа буцаж ирсэн атлаа яагаад олж авсан мэдээгээ бусдад задлах болов гэх зэргийн олон ээдрээтэй асуулт хариулт нэхсээр байдаг билээ.

М.Цэвээнийг гадаадаас ирэхтэй зэрэгцэн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян сумдын нутгаар Шодойн Дамдин нутагтаа ирж гэртээ хэд хоноод буцсан гэнэ. Түүний унаж явсан морь, хувцас хунар, бүр буу зэвсгийг харсан хэмээн цуурах болов. Тэр үед Дадал сумын хамгаалахын төлөөлөгч Д.Данзан тус сумын хоршооны дарга Р.Цэвэгжав нарын хоорондын маргаан хурцадсан үе байсан бөгөөд энэ тухай нийтэд нэгэнт ил болсон тул дахин өгүүлэх хэрэггүй биз ээ.

Харин Ш.Дамдины тухай цуурхалыг “амь оруулах” ажлыг Дадал сумын хамгаалахын төлөөлөгч Данзан нарын хүмүүс биечлэн оролцож хийжээ. 1933 оны тавдугаар сарын 29-нд Хэнтий дэх дотоодыг хамгаалах ангийн дарга Л.Рэнцэн тус аймгаас Р.Цэвэгжав, Ц.Бадам, Б.Галсан, Э.Дорж, Д.Нороврэнцэн нарыг баривчлах шийдвэрийг дээд газраас хүлээн авчээ. Ингээд ёсоор болгосон ба бүгд 174 хүнээс ганцхан хүнийг дайчлах ордероор баривчилсан байна.

Харин үлдсэн хүмүүсийн хавтаст хэрэг ордер, хорих тогтоол зэрэг хууль ёсны баримтгүй ажээ. Тэднийг Ш.Дамдинтай холбогдуулан байцааж эхэлсэн байх бөгөөд Ш.Дамдин Японы даалгавраар 1932 оны хавар, зун ирж хувьсгалын эсэргүү байгууллагыг Хэнтий аймагт байгуулсан гэсэн мэдүүлгийг олон хүнээр гаргуулсан байна. Ш.Дамдинтай уулзсан гэдэг тэдний мэдүүлгүүд нь хоорондоо их зөрөөтэй, итгэл үнэмшил багатай ажээ.

Жишээ нь, Ш.Дамдины эцэг Эрэнцэн, төрсөн дүү Дорж, түүнтэй садан төрлийн холбоотой хүмүүсийн мэдүүлгүүдээс үзвэл, Ш.Дамдины эцэг Хуцын Эрэнцэн (Шодоев) “Сайхан хүрэн зээрд морь унан, орос эмээл тохож, богц бүхий тогоо шанага, аяга халбагатай, хэдэн сонин болов уу гэмээр орос бичигтэй, хар даавуун дээл өмссөн ийм хэрэглэлтэй ирсэн” гэжээ.

Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Эрдэнийн Данзангийн (Шодоев Дамдинтай худ ургийн холбоотой) мэдүүлэгт “Өнгөрсөн 1932 оны хавар цагт ногооноор Шодоев Дамдин Японы зарлагаар Монгол орныг тагнахаар гэртээ ирсэн” гэсэн байх аж.

Хэнтий аймгийн Баян сумын харъяат буриад Баастын Очирын (Шодоев Дамдины эгчтэй сууж байсан) мэдүүлэгт “Манай хүүхний садан болох Шодоев Дамдинтай 22 (1932) оны зуны эхээр адуунд явж байгаад уулзсан” гэсэн бол Ш.Дамдины дүү Э.Доржийн мэдүүлэгт “Энэ бүлгэм нь анх 22 (1932) оны зургадугаар сард Японы тагнуулаар ирсэн ах Дамдины удирдлагаар байгуулагдсан болно” гэжээ.

Мөн Хэнтий бүлгийн удирдагч гэгдсэн Раднаагийн Цэвэгжавын мэдүүлэгт 1932 оны наймдугаар сард Ш.Дамдин ирж хувьсгалын эсэргүү бүлгэм байгуулж, түүнд элсүүлсэн тухай ярьж. 1929 онд Ш.Дамдинтай хамт оргосон Цэрэнгийн Намжилын төрсөн ах Цэрэнгийн Базарын мэдүүлэгт “Миний бие 1932 оны хавар Шодой лугаа уулзахад тэрээр миний хөвгүүн Дамдины бие ирээд тус Биндэръяа сумын Эг хэмээх газрын Цахиуртын аманд бүгэж буй” гэх.

Энэ мэтчилэн өөр өөрөөр мэдүүлсэн ба тэдний өчгөөс харахад Ш.Дамдин нутагтаа ирсэн мэт ажээ. Хэнтийн бүлэгт баривчлагдсан хүмүүсийн мэдүүлэг болоод ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоол зэргээр Ш.Дамдин нутагтаа ирж хувьсгалын эсэргүү бүлгэм байгуулан олон хүнийг элсүүлжээ гэдгийг Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссоос албан ёсоор тогтоосон билээ.

Үүний зэрэгцээ Хэнтийн бүлгийн мөрдөн байцаалтын явцад Дорнод аймгийн харъяат иргэдийн нэр илрэх болсонтой холбогдуулан 1933 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорнод аймагт 110 хүнийг баривчилснаас дайчлан баривчлах ордерыг ганцхан хүнд, хорих тогтоолыг зургаан хүнд бичжээ. Дорнодоос баривчлагдсан хүмүүсийг Ш.Дамдин ба Японы тагнуулын байгууллагынхантай харилцаа тогтоосон хэмээн шууд тулган байцааж, зорилгодоо хүрсэн байна. 

   Улаанбаатар хотод дээр дурдсан Мархаев Цэвээн нарын хүмүүсийг баривчлан мөрдөн байцааж, түүгээр Лхүмбийн нэрийг гаргуулснаар Хэнтийгээс үүсэлтэй хэрэг нь Улаанбаатар, Дорнод аймгийн иргэдийг хамарч, явсаар “Лхүмбийн хэрэг” гэсэн нэртэй болов.

1933 оны тавдугаар сараас 1934 оны зургадугаар сарын эцэс гэхэд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт хувьсгалын эсэргүү бүлэг байсан гэдгийг албан ёсоор тогтоож, Дарьганга, Алтай, Ховд, Улаангом, Сэлэнгэд салбартай мэт болжээ. Хэнтийн бүлэг нь харчуудын, лам нарын, цэргийн сектортой, Дорнод бүлэг нь Дугар мээрэнгийн, Ц.Нанзаддоржийн, Д.Тогтохын, Н.Төгсжаргалын, Нороврэнцэнгийн, дархан Гэндэнгийн гэхчилэн хэсэгтэй байсан гэх.

Түүнчлэн Улаанбаатарын буюу Төв бүлэг нь Ж.Лхүмбийн, Гончигсүрэнгийн, М.Цэвээний, Д.Цэрэндоржийн, С.Намжилын, С.Цэндийн, бусад этгээдийн хэсэгтэй болон нарийвчлагдаж, 2140 хүний нэр илэрчээ. Тэдгээрээс 534 хүнийг баривчилсны дотор үндэс угсааны хувьд буриад 280, монгол 192, бусад ястан 63, албан хаагч 141, Дотоодыг хамгаалах газрын ажилтан 22, лам 24, орчуулагч гурав, малчин 149 оржээ .

Эдгээрийн дотроос Хэнтийн бүлгийн 174 хүний 151, буриад, Дорнодын 110 хүний 78, Улаанбаатарын 33 хүний 22 нь буриад байжээ. Өөрөөр хэлбэл, Лхүмбийн хэргийн гурван бүлгийн 317 хүний 251-ийг буриадууд эзэлж байна. Хэнтийн бүлэгт шийтгэгдсэн хүмүүсийн олонхийг Дадал, Биндэр, Баян сумын иргэд эзэлж байгаа бөгөөд Биндэрээс 48, Дадалаас 46, Баян сумаас 27 хүн орсон байна. 

   Хүн тус бүрийн хавтаст хэргээс үзэхэд биеийн байцаалтыг ямар нэг хэмжээгээр бичсэн боловч буриадуудыг СССР-ээс ирсэн оргодол буриад гэх буюу цагааны оргодол гэж бичсэн байдаг. Хэнтийн бүлгээс таван хүн, Дорнодын бүлгээс хоёр хүн Бароны цэрэгт явсан гэж мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд буриадуудыг цагааны оргодол хэмээн хавтгайруулан нэрийдсэн нь үндэслэлгүй юм. Лхүмбийн хэргийг шийдвэрлэснээс хойш 1960 оны эхээр уг хэргийг шалгах явцад Ш.Дамдиныхтай үргэлж айл зэргэлдээ байсан, түүнийг мэдэх ёстой Дандаржав, Идшинноров, Дэлэгдорж, нууц Төмөр, Үзэг, Базаржавын Ямпэл, Жалсан, Бадамцэрэн нарын тодорхойлолтоор Ш.Дамдиныг ирсэн гэх баримтыг олж тогтоогоогүй байна. 

   Түүнчлэн 1934 онд Э.Дамдинг Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаар ирээд байна гэдэг мэдээг Дотоодыг хамгаалах газраас авч Хэнтийн ангийн дарга Эрэнцэнд Ш.Дамдиныг олж баривчлах тухай хатуу үүрэг өгч, төвөөс төлөөлөгч Пүрэвжавыг томилон явуулж ажиллуулсан байна. Гэвч олж чадаагүйгээр барахгүй Хэнтийн ангийн дарга Эрэнцэн тэр үед “Шодойн Дамдин ирээгүй болохыг манай дөрвөн нууцын тагнасан ажиллагаанаас мэдэгдэв.

Харин түүнийг ирсэн гэж ташаа мэдээ өгсөн байна” гэж төвд мэдэгджээ. 1931, 1932, 1933 онд Хэнтийн хамгаалах ангид хураагдсан бүх мэдээнээс Шодойн Дамдиныг орон нутагтаа ирсэн гэдгийг нотлох лавтай мэдээ хураагдаагүй болохыг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, сураггүй болсон Ш.Дамдин нутагтаа ирж хувьсгалын эсэргүү бүлгэм байгуулж, БНМАУ- ын засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдоогүй байна.

Нөгөө талаар Лхүмбийн хэрэгт оролцогчдыг төрийн эсрэг зэвсэгт бослого гаргахаар бэлтгэсэн хэмээн буруутгаж ялласан билээ. Тухайлбал, Хэнтийн бүлэг ба түүний нэг сектор болох Хэнтийн VII дивиз 1933 оны наймдугаар сард зэвсэгт бослого гаргаж, Дорнодын хувьсгалын эсэргүү байгууллагатай нэгдэн Баянтүмэнд түр Засгийн газрыг байгуулах зорилготой байсан гэжээ.

Гэтэл тэр үед VII дивизийн дотроос хураагдаж байсан мэдээ зэрэг бусад баримт, материалуудад зэвсэгт бослого гаргах гэж байгаа юу ч олдоогүй байна. VII дивизээс уг хэрэгт 59 хүн баривчлагдсаны хамгийн том тушаалтай хүн нь дивизийн холбоо сумангийн дарга байсан Мархаев Шагдар ба бусад нь түүнээс доош тушаалын, олонхи нь цэргүүд байжээ. Нийт 174 хүний ялын төлөвлөгөөнд VII дивиз зэвсэгт бослого гаргахад бэлэн болж, их аюултай болоод байсан гэх зэргээр гүтгэсэн байна. 

   Олонхи хүний мэдүүлэгт Монголын цэрэг зэвсэг, улстөр, эдийн засгийн байдлыг тодорхойлсон мэдээг Японд явуулсан гэж байгаа боловч чухам юуны тухай, ямар мэдээг хаанаас яах гэж олсон нь ч огт мэдэгдэхгүй байгаа нь үндэс муутай болохыг харуулж байна.

Эдгээр гүтгэлгийг гаргуулахаар төвөөс ЗХУ-аас уригдаж ирсэн сургагч, зөвлөхүүдийг томилон явуулж, гүйцэтгүүлсэн байна. Баримтаас үзэхэд Лхүмбийн хэргийг илрүүлж тогтоохдоо харгис балмад, залхаан цээрлүүлэх аргыг өргөнөөр ашиглаж, олон хүнийг хилс хэрэг хүлээлгэсэн болох нь тодорхой ажээ. Эдгээрийн дотроос гэм буруугүй хүмүүсийн ямар аймшгийн гутамшигт байдлаар хилс хэрэгт унагадаг болохыг тэдний гүйцэтгэх ажлын туршлагаас мэдэх болох юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Улсын бага хурлын гишүүн Цэдэнгийн Дагва-Осорыг Хамгаалахын төлөөлөгч Сандуков, Вайлтмик, Дамба нар жолооч Баховаар олс авчруул, хүлж байцаасан байна. Энэ бол зөвхөн түүнд тохиолдсон зүйл биш юм.

Олон хүнийг ийм арга барилаар хилс хэрэгт гүтгэх ажлыг сургагч, зөвлөх, төлөөлөгч нар зохион байгуулдаг байжээ. Хэдийгээр баривчлагдсан хэн боловч өөрийгөө өмгөөлөн үнэн зөвөө олж, нотлуулахыг оролдовч тусыг эс олдог байв. Харин ч цаг алдахгүй хэмээж түргэн журмаар хэргийг хүчирхийлэн шийдвэрлэдэг байв. 

   Дорнод аймгийн Жаргалант сумын харъяат Ядамын Дашдовжилыг төлөөлөгч Довжоев, Батбаяр нар мотоциклийн гинжээр хоёр гарыг нь гавлаж, тархи толгой уруу зодох, хуруугаараа хоёр нүдийг чичих, ална тална гэх зэргээр дарамталж, Төгсжаргал, Нороврэнцэн нарт элсэж, үүрэг даалгавар авсан гэх хэрэг хүлээлгэсэн байх жишээтэй. Лхүмбийн хэргийг илрүүлэхдээ ч иймэрхүү мөрдөн байцаах аргыг хэрэглэжээ.

Тухайлбал, яллагдагчдыг хоолоор сойх, хэргээ хүлээвэл ялыг хөнгөрүүлнэ, эс хүлээвэл буудна гэж хуурах, буу гарган сумлаж онилох зэргээр сүрдүүлдэг байж. Мөн суран бүс болон төмөр гинжээр гавлаж эрүүддэг байжээ. Энэ яргаллыг Батаа, Амгалангийн Лувсан, Цэвэгжав, Долсүрэн, Төмөрбат нарыг хүмүүст хэрэглэсэн байна.

Тухайлбал, Долсүрэнг удаан хугацагаар гавласнаар хоёр гар нь хавдаж улмаар тасарчээ. Түүний шарх нь эдгэрэхгүй идээлэн цэврүү үүсч цоорсон байх жишээтэй. 

   Ийнхүү Лхүмбийн хэрэг гэгчид олон хүнийг дээрх байдлаар хилс хэрэг хүлээлгэсэн бол шархаа даалгүй Цэрэнгийн Бадам, Ишийн Мятав, Очирын Одон, Бавуудайн Халбин нар шоронд нас барсан байна.

Иймэрхүү яргаллыг биеэр эдэлсний дараа 53 хүнийг хуулийн дээд хэмжээгээр, 252 хүнийг хорих ялаар тус тус шийтгэжээ. Дорнод бүлгийн хэрэгт байцаагдаж байсан Санжийн Гомбо гэдэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, сулласан аж. 1934 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн СнЗ-ийн Ерөнхий сайдын дөрөвдүгээр нууц тушаалыг баримтлан Хэнтий бүлгээс 89 хүн, Дорнодоос 36 хүн буюу бүгд 125 хүнийг 1934 оны хоёрдугаар сарын 3-нд Чита хотод хүргэж, Дорнод Сибирийн УТНУГ-ын мэдэлд шилжүүлэн өгчээ.

Хилс хэргээр шийтгэгдсэн тэдгээр хүмүүсийн байдлыг Зөвлөлтийн хуулийн байгууллага тунгаан үзэхийн оронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгүйгээр Дорнод Сибирийн УТНУГ-ын дэргэдэх тусгай шүүхээр оруулан Д.Бадам, В.Бадамцэрэн нарын 16 хүнийг 10 жилээр, үлдэх хүмүүст таван жил хорих ял оногдуулан дахин хэлмэгдүүлсэн байна.

Мөн тэдгээрийг хүргэж хүлээлгэн өгөх ажлаар очсон ДХЕГ-ын нарийн бичгийн дарга Д.Гончигийг баривчлан нутаг зааснаар хүний тоог нэгээр нэмжээ . ЗХУ-ын талд шилжүүлэн өгч, тус улсын хуулийн байгууллагын мэдэлд хүргэгдэн очсон 126 хүний 124 нь буриад, хоёр нь түнгүс хамниган ястан байсны гадна 111 нь 1917-1927 онд Буриад Монголоос нүүдэллэн ирж дагаар орсон буриадууд байлаа. 

   Лхүмбийн хэрэгт хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн болон ЗХУ-д нутаг заагдан цөлөгдсөн хүмүүсээс бусад хорих ял шийтгэгдэж шоронд хоригдсон бүх хүнийг 1937-1938 онд дахин Гэндэн, Дэмидийн хэрэгт холбогдуулан шийтгэж давтан хэлмэгдүүлсэн юм. Ийнхүү буриадуудыг угсаа нэгт монголчуудтай нэгдэн нягтрахын эсрэг ЗХУ-ын зүгээс зохион байгуулалттай явуулсан улстөрийн хэлмэгдүүлэлтээр Лхүмбийн хэрэгт холбогдсон буриадуудыг 1940 оноос өмнө үндсэнд нь цэвэрлэгээ хийж дуусгажээ.

Улстөрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.ЭРДЭНЭСАЙХАН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!