LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Г.Бат-Эрдэнэ: Хөхний мэс засал хийлгэсэн ч хүүхдээ хөхүүлэх бүрэн боломжтой

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч, анагаах ухааны доктор Г.Бат-Эрдэнэ хөхний гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл өглөө.

– Хөхний гоо сайхны мэс засал хийлгэхэд эрсдэл бий юу. Хүүхэд хөхүүлж болох уу, дараа нь хавдар тусах эрсдэл байдаг уу?

– Хөхний мэс засал нь гоо сайхны мэс засал дундаас түгээмэл хийгддэг. Хөх томруулах, хөх өргөх, жижгэрүүлэх гэх мэт мэс заслууд бий. Сүүлийн үед хөх томруулах мэс заслыг түгээмэл хийж байна. Энэхүү мэс ажилбар нь бэлэн хөхний суулгац ашиглах эсвэл тухайн хүний өөрөөс нь авсан өөхөн эдийг ашиглаад хийх боломжтой байдаг. Хүмүүсийн дунд хүүхдээ хөхүүлж болох уу гэдэг асуулт их байдаг л даа.

Тэгэхээр энэхүү мэс ажилбарыг хийлгэснээр хөхний үйл ажиллагааны алдагдал гарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүн хүүхдээ гаргаад, хүүхдээ хөхүүлэх бүрэн боломжтой. Нөгөө талаас ямар төрлийн имплант хийгдэж байгаа, түүний хэмжээнээс хамаараад хөхний хавдар үүсэх үү гэдэг зүйлийг асуудаг. Ер нь бол аливаа имплантууд технологийн өндөр түвшинд бэлтгэгдээд, хүний биед суулгах зориулалтаар үйлдвэрлэгддэг. Тиймээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мэдээж хэрэг маш цөөн тохиолдолд зарим нэг өвчлөл үүсэж болно.

Тухайлбал хөхний хавдар, бусад өвчин үүсхийг үгүйсгэхгүй. Ер нь 100 хувь баталгаатай юм гэж дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Маш цөөн тохиолдолд үүсдэг учраас имплант баталгаатай гэж л үзэх ёстой.

– Хөхний гоо сайхны мэс засал хэрхэн хийгддэг вэ?

Нэгээс хоёр хүүхэд гаргасны дараагаар хөхний хэлбэр хэмжээ багасдаг. Зарим нэг тохиолдолд төрөлхийн хөхний хэмжээ багатай хүмүүс ч байна. Манай эмнэлэгт ирж байгаа дийлэнх үйлчлүүлэгчид 1-2 хүүхэд гаргасны дараа миний хөх багасчихлаа гэдэг шалтгаанаар л ирдэг. Ер нь бүсгүйчүүд маань ойлгох хэрэгтэй. Хөх томруулах мэс заслыг унжилттай хөхөнд хийдэггүй. Аль болох унжилт багатай, унжилтгүй хөхөнд хийдэг. Тэгэхээр эхний ээлжид эмч үзлэг хийнэ. Тухайн хүнд хөх томруулах мэс засал хийх шаардлага үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг шалгана. Ямар хэмжээгээр томруулах нь тухайн хүнхий хүсэл. Харин эмч нар зөвлөн тусалж, тухайн хүний биеийн өндөр, жингийн харьцаагаар ингэвэл зүгээр байна гэдгийг хэлдэг. Мөн гаднаас харахад хөхний хэмжээ томоорчхож  байгаа учраас хөх дотор хийгдэж байна гэж бодоод байдаг. Гэтэл энэ нь анатомийн бүтцээрээ хөхний булчирхайн цаад талд байрладаг.

Зарим хүмүүс хөхрүүгээ үл мэдэгдэх бодис шахуулчихсан тохиолдол бий. Энэ тохиолдолд тэр нь хөхний эд дотор орчихсон байдаг. Харин имплант бол хөхний булчирхайн ар талд буюу цаад талд байрлаж байгаа учраас буцаагаад авах хэрэгтэй бол шууд авчихна. Харин тэр тариулсан зүйлүүдийг гаргаж авах боломж хомс. Гаргаж авлаа гэхэд хөхний эдийг тэр чигээр нь авах нөхцөл үүснэ. Тиймээс баталгаатай газраас үйлчилгээ авах хэрэгтэй.

– Мэс засалд орсны дараа өвдөлт өгөх үү?

– Гоо сайхны мэс заслын нэг үндсэн зорилго нь яавал хагалгаанд ороогүй юм шиг байдлаар мэс ажилбар хийх вэ гэдэг байдаг. Тиймээс зүслэгийг хаана хийвэл нуугдмал байдалтай болох уу гэдгийг анхаарах хэрэгтэй болно. Ер нь бол Монгол бүсгүйчүүд өндөр шаардлагатай. “Би хагалганд ормоор байна, гэхдээ сорвигүй баймаар байна” гэдэг. Тиймээс ямар нэг байдлаар тэрийг нуугдмал байдлаар хийх шаардлага л үүсдэг дээ.  

Эх сурвалж: ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!