LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Намрын улиралд цөсний туулга эмчилгээг хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Share

Намрын улиралд хийн бэлгэ чанар жам ёсоороо харьцангуй амарлиад шарын долоон бэлгэ чанар ихэсдэг. Энэ тохиолдолд цус, шарын махбодын хувь дийлэнх оршдог эрхтнүүдийн өвчлөл гарах магадлалтай гэсэн үг юм. Мөн архаг хууч буюу цус, шарын бэлгэ чанарын хямрал биед урьд нь үүсээд архаг хэлбэртэй болсон өвчнүүд намрын улиралд хөдлөх, илэрч гарах эрсдэлтэй. 

Иймд намрын улиралд цус, шарын эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, мөн нэгэнт жам ёсоороо улирлын мөн чанараас шалтгаалж ихсэж байгаа энэ тохиолдолд хэмжээнээс нь ихэсгэж, арвидуулахгүй байх арга хэмжээг авч байх ёстой.

Гал махбодын хувь их оршдог эрхтнүүд гэвэл долоон тамираас цусны өвчлөл ихсэх магадлалтай.

Мөн таван мэдрэхүйн эрхтнээс нүд гал махбодтой учраас энэ төрлийн өвчлөл намрын улиралд ихсэх магадлалтай байдаг. 

Цул эрхтний хувьд авч үзвэл элэгний өвчин ихсэх магадлалтай. Яагаад гэхээр, элэг цусыг цэвэршүүлж, төлжүүлж байдаг гол том цул эрхтэн. 

Харин сав эрхтнээс гэвэл цөсний өвчин бий. Цөсөнд шарын хурц халуун чанар ялгарч байдаг. Тиймээс цөсний туулга эмчилгээг хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 

Мөн нарийн гэдэсний халдварт суулгууд, ялангуяа нялх хүүхдэд их тохиолдох бөгөөд халдварт халуун өвчнүүд дэлгэрэх магадлал өндөр. 

Түүнчлэн хийн бэлгэ чанарын архаг өөрчлөлттэй хүмүүст намар шарын бэлгэ чанартай хавсарснаар хоосон халуун дэлгэрч халуурах, сэтгэцэд эмгэг илрэх, сэдрэх магадлалтай байна.   

Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв нэгэнт эдгээр өвчнүүд дэлгэрчихвэл улирлынхаа мөн чанараар тухайн өвчин маш хурдан явцтай, хүндрэх эрсдэл ихтэй байдаг. Тиймээс өвчилсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай. 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!