LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

Аарц нь амин дэм, эрдэс бодисоор баялаг, махнаас ч илүү уураг агуулдаг

Share

Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан гэж эрдэмтэд үздэг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байна. Иймээс байгалийн эм  болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй юм.Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.

Аарц

Өвөл цагийн ханиад шуухнааныг аарцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Аарц бол ханиадад аатай, монголчууд эртнээс хэрэглэж ирсэн гэдгээс өөрөөр шинжлэх ухааны үндэстэй олныг ярьж чадахгүй байна л даа. Гэхдээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс онцолсон нэгэн судалгаа бүхий бичвэр анхаарал татав. Өвлийн улиралд хүний биеийн дархлаа унаж, вирус нянгийн халдвараар өвчлөмтгий болдог. Харин аарц нь үүнээс сэргийлэхэд асар ач холбогдолтой хүнс гэж онцолжээ.

Мөн аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг нь нянгаас хамгаалах Т эс бий болоход оролцдог аж. Энэ нь мөн цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үүрэгтэй юм байна. Энэ аймшгийн утаан дунд бидэнд хор саармагжуулах хэчнэээн хэрэгтэй байгаа билээ дээ. 

Аарц нь С, А, В1, В2, Е, РР амин дэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулдаг, халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е амин дэмээр баяжуулах боломжтой гэж байна. 

Ер нь халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийг идэвхжүүлдэг гэж үздэг билээ. 100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци байдаг гээд ойлгоход нэг төсөөлөл бууж байгаа болов уу. 

Сарлагийн сүүнээс гаргасан аарцаа хэт өтгөрүүлж лаглайлахгүйн тулд шар сүүгээ хагас шүүж бэлтгэвэл амт чанар нь хэвээр хадгалагддаг. 

Сүү

Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим зүйлс тодорхой хэмжээгээр байда​г. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог.

Тараг

Тараг, айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй байдаг учир эмчилгээ, сувиллын зориулалтаар өргөн хэрэглэдэг.

Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор амин дэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Тараг нь яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой цагаан идээ юм. Тараг нь шингэцээрээ сүүнээс илүү сайн байдаг (Нэг цагийн дараа тарагны шингэц 91%, сүү 32%). Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Айраг 

Айраг нь С аминдэмээр баялаг. Ходоодны илчлэгийг үүсгэн хоолны шингэцийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

Ааруул

Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!