LOADING

Type to search

Other voices

Ц.Дэмбэрэл: Монголын боловсролын бүтээгдэхүүнийг дотоодын гайгүй компаниуд ч голох боллоо

Share

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Боловсролын үнэлгээ

Манай боловсролынхон үнэлгээ хэмээн ярьж байснаа сүүлийн үед чимээгүй болчих шиг?

Монголд байгуулж асан социализм маань жам ёсны нийгэм биш байлаа. Тэрээр гажиг, согог ихтэй байсан. Тийм гаж нийгмийн үнэлгээ нь тэрхүү тогтолцоондоо таарсан гажигтай байж таарна. Үүний уршгаар эрүүл зүй ёсны нийгмийн үнэлгээ мөн чанараараа манай оронд огтоос хөгжөөгүй юм. Зүй ёсны эрүүл үнэлгээг үзэл суртал оролцсон хачин гаж юмаар орлуулсаар өдий хүрэв. Энэ байдал маань боловсролын чанарын шинэчлэлийг хөндөх үед гацаа болчихоод тун хэцүү байна. Боловсролын чанарын шинэчлэлийг үнэлгээнээс ангид ярих ямар ч боломж байхгүй. Тэгэхлээр үнэлгээ заавал яригдана. Үнэлгээ гэхээр манай боловсролынхон цаанаасаа нэг л эмээсэн байдалтай байгаа юм. Яагаад гэхээр юуг үнэлэх, яаж үнэлэх, хэн үнэлэх, ямар зорилгоор үнэлэх гээд олон асуудал босно. Тэдгээр нь бүгдээрээ хүнтэй холбогдоно. Зөв замаар олон арван жил тэмүүлэн зүтгэж байгаа шүү гэх зохиомол домогт бүрэн автсан, өөрөө өөртөө бүрэн итгэсэн тэгсэн атлаа тэр зам нь огтоос буруу хазгай байгаа нь мэдрэгдээд эхэлж байгаа манай боловсролынхонд үнэнийг гэнэт палхийтэл хэлэх ч амаргүй дээ.

Та үүнийгээ жаахан тодруул даа. Бид буруу замаар будаа тээсэн болж тараах нь ээ?

Монголын бүх шатны боловсролын хамгийн эмзэг, хөндүүр цэг нь үнэлгээ мөн. Бид одоо хүртэл хийснээ үнэлж чадахгүй байгаа. Хийсэн бүтээснээ (боловсруулж байгаа сурагч оюутнаа) үнэлж чадахгүй болохоор бид ер нь юу хийж байгаагаа ч мэдэхгүй болов. Эрх биш нэг юм хийгээд л байдаг гэтэл тэр нь хэнд, юунд, хаана, хэзээ хэрэгтэй болох талаар зөв баримжаа мэдээлэл байхгүй. Ингэхээр хүн бүр бодолд нь орсон, энд, тэндээс үзсэн янз бүрийн санаа оноо хэлдэг. Тэр нь бүгдээрээ зөв мэт бодогдоно. Тэгэхлээр асуулт гарна даа, ер нь ийм хачин ажил хийхэд ямар утга учир байна вэ? гэж.

Бид залуусыгаа боловсролтой болгоод байгаа гэж боддог. Гэтэл түүнийг маань хаана, хэн, юунд хэрэглэж байна вэ? Манай боловсролын бүтээгдэхүүнийг дотоодын гайгүй гэгдэх хэдхэн ХХК-ууд маань ч голох боллоо. Гадаад орнууд манай залуусын дипломыг ерөөсөө авч хэлэлцэхгүй болсон. Тийм дээд боловсролыг жинхэнэ гэх үү, хуурамч гэх үү?

Тэрээр чанартай боловсрол мөн үү? Үнэлж чадахгүй юм уу, буруу үнэлдэг бол ажил хийх хэрэг ер нь байх уу?

Боловсролын үнэлгээ өөрчлөгдөх нь ээ. Түүнийг манай төр дэмжих шинж байна уу?

Боловсролын үнэлгээ өөрчлөгдөхөөс өмнө төрийн үнэлгээ өөрчлөгдмөөр. Тэгвэл нийгэмд маш сайн үр нөлөө илэрнэ. Өмнөх жилүүдэд боловсролын талаасаа онц гэж үнэлэгдсэн, дараа нь төрөөс өндөр үнэлүүлж, түүндээ урамшиж яваа манай алдартнууд маань өдгөө гундуухан, ядруухан амьдарч явна. Үүний буруутан нь үнэлгээ. Гэтэл ахмадууд маань буруутныг зах зээл, ардчиллаас хайх янзтай боллоо. Тийм биш ээ. Зах зээл, ардчилалд буруу байхгүй ээ. Буруу бидэнд өөрт маань бий. Бидний өмнөх жилүүдийн үнэлгээ ихэд гажигтай, хийсвэр өнгөц хөнгөн байсан. Би вээр зөвхөн боловсролыг төдийгүй бүр томсгоод төрийн, нийгмийнхээ энэ цаг үеийн үнэлгээг хэлж байна шүү.

БНАСАУ-ын алдартнуудын одон энгэрээ дүүргээд, бүр өмднийхөө хоёр гуяыг, бас хоёр мөр, ханцуйгаа нэвтэд нь дүүргээд нурууруугаа давсан байдаг. Эзэн нь өлсгөлөн ядруу тул олон төмөр одонгоо даахгүй бөхийгөөд бараг сөхөрч унах нь ээ. Жин нь 15кг хүрдэг гэсэн. Өрөвдөм хөөрхий.

Бид ийм гаж үнэлгээ рүү уг нь зүтгэмгүй байгаа юм даа, одоо ухрах цаг яавчиг биш дээ, даанч энэ төр улам л хадуураад байх юм. Төр хадуураад тэнэчихээр боловсрол бас дагаад хадуураад тэнэчихдэг ажээ.

Одоо тэгээд яах болж байна вэ?

Орчин үед боловсролын чанарын шинэчлэлийн торгон үзүүр нь үнэлгээ рүү чиглэж байна. Бид ажил төрөлдөө даяар түвшнээс хандах аваас хийх ажил аяндаа өөрөө өрнөөд ирнэ. Хандлагаа даяар болгоод, сэтгэлгээгээ дээд түвшин рүү аваачих хэрэгтэй. Сэтгэлгээ, хандлага хоёр доод түвшинд байх аваас бүх юм хөшнө. Манай боловсролын төдийгүй шинжлэх ухааны сэтгэлгээ, хандлага бүхэлдээ доод түвшинд байгаа юм. Тэгэхлээр ажил ахихгүй л дээ. Дэлхийн энгээр сэтгэж, Монголдоо буулган үйлдэх учиртай. Эхлээд дээд түвшинд сэтгэж сурах. Та бид хоёрын ярилцлагад олон улсын тогтсон жишиг гэж нэг бус удаа хэлэгдээд байгаа нь тэр даяар түвшин буюу гаднаас нь холоос, дээд түвшнээс даяар харахыг хэлээд байгаа юм. Боловсролын зөв тогтолцоотой хөгжингүй орнууд аливаа ажлыг заавал шинжлэх ухааны үндэстэй хийдэг болжээ. Боловсрол нь бүхэлдээ шинжлэх ухаан дээр суурилсан. Гэтэл манайд тийм биш. Боловсрол судлал маань улс төрчид, сайд даргын амыг дагаж далжганадаг болсон, тийм байх ёсгүй ээ гэсэн гайгүй залуусыг ажлаас нь халчихдаг. Доод түвшинд дорой муу сэтгэж өндөр, зөв үр дүнд хүрнэ гэж байхгүй л дээ. Үнэлгээг боловсролд оруулна гэвэл шинжлэх ухаанч хандлага заавал байх ёстой.

Тэгвэл үнэлгээг эхлээд ЕБС-д оруулж болно биз дээ?

Үнэлгээнээс боловсролын чанарын шинэчлэл шууд хамаарна. ЕБС-ийг яаж үнэлэх, хаанаас, хэн үнэлэх, суралцагчийн чухамхүү ямар чадвар, чадамж-ийг нь үнэлэх, хэзээ үнэлэх, үр дүнгээ юунд ашиглах гэхчлэн олон тулгамдсан асуудал хариу нэхэж байна. Үүнд нэг мөр хариу өгмөөр байгаа юм. Ингэхдээ олон улсын тогтсон жишгээс гажиж болохгүй. Яг ингээд хэлэхээр л манайхан өмнөөс хэлдэг ганц өгүүлбэртэй. Тэр нь “Цаг нь арай болоогүй байна, түр хүлээе”. Энэ зургаахан үг бол шинэчлэлийг эсэргүүцэж, хойшлуулах гэсэн хуучинсаг хүмүүсийн амны уншлага нь, өмнөө барьдаг бамбай нь юм. Энэ бамбайг зад цохих ёстой. Би сэтгэлгээний эрс шинэчлэлийг л хэлж байнам. Хэрвээ тэгж чадахгүй бол боловсролын шинэчлэлийн гол цөм болох үнэлгээг Монголын бүх шатны боловсролд оруулах ажил зогсоно. Монголд ЕБС-ын хэмжээнд үнэлгээ гэж ярьсаар бараг 20 жил боллоо. Нэр дурдан буй бамбай хаалт болсоор.

Дээд боловсролын үнэлгээ бас өөрчлөгдөх үү?

Ерөнхий боловсролоо олон улсын жишгээр үнэлдэг болчихжээ гэе. Тэгвэл дээд боловсрол энэ янзаараа байвал харин ч байдал бүр дордоно. Ерөөсөө Монгол улс дээд боловсролгүй болчихвол яана. Кембрижийн үнэлгээгээр үнэлэгдсэн хүүхдүүд манай дотоодын их сургуулийг үнэнхүү голж байх юм билээ. Тэд гадаадад сурах зардалдаа л шахагдаад түр эндээ тогтож байгаа. Тэгэхлээр ерөнхий боловсролын үнэлгээг зах зээлийн горимд оруулна гэдэг нь өөрийн ээлждээ их сургуулиудыг мөн тийм зах зээлийн үнэлгээний тогтолцоо руу шилжихийг шаардана. Ингэхээр, мэдээж олон улсын тогтсон жишиг үнэлгээ рүү л зүглэж таарна.

Олон улсын тогтсон жишиг үнэлгээний ерөнхий агуулга?

Үнэлгээ нь:

а. Ажлын байрны (Placement), 

в. Явцын (formative), 

с. Улирлын (summative), 

d. Оношлох (diagnostic) гэж ялгардаг. Эдгээрийн ерөнхий голд заавал Оюуны ерөнхий чадвар, чадамж -ийн сорил байдаг. Сорилгүй үнэлгээ бол үнэлгээ биш гэж үзнэ. Тэр сорил нь олон улсад хүлээн зөвшөөрсөн жишиг сорил байх ёстой. Ингэж байж олон улсын, даяарчлалын шалгуурыг давна. Гэхдээ дан ганц сорилоор хязгаарлагдахгүй. Бид бусдыг үнэлэхдээ хувийн шинжтэй дэл сул яриа, удирдлагын болон төрийн бас өөрийн дүгнэлтүүд, тус тусдаа байгаа сургуулиудын диплом, энгэрийн тэмдэг, энээ, тэрээ баахан юмны хольц бантан болгодог. Үр хүүхэд, ах дүү, төрөл садан, нутаг нугынхан, анги хамт олон гээд ирэхээр үнэлгээ маань янз бүр, тун хийсвэр, бодитой биш болдог.

Тэгээд манай бүх шатны сургуулиудын одоогийн дүн яах билээ?

Манай одоогийн ЕБС, их сургуулиудын дүн нь мэргэжлийн, хөндлөнгийн, хараат бус гэх үнэлгээний гол гурван шинжүүдийг хангахгүй байна. Бас тэрээр оюуны ерөнхий чадамж IQ сорилоос ангид байгаа. Ийм дүнг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй. Тэрээр жинхэнэ үнэлгээ биш. Багш нар хатуу, зөөлөн дүгнэдэг гээд янз бүр байдаг.

Манай ЕБС, их сургуулиудыг нэвт онц дүнтэй төгссөн хүмүүс зах зээлийн бодит ахуй дээр тийм онц байж чадаж байна уу? Арай овжин, өөрийнхөөрөө зүтгэдэг, багшийн үгийг дагах дургүй, хэцүүдүү талдаа гэгдэж байсан нөхдүүд нөгөөх онцуудаас илүү бүтээлч болсон байгаа юм биш биз? Тийм ч байх шүү.

Болсон явдлыг хэлье. Нэг өвөө манай IQ төв дээр ач охиноо дагуулсаар ирэв. Ач нь их сургууль төгсөөд бас магистр болжээ. Дипломын дүн нь бараг 95% байна лээ. Одоо докторантад сурдаг гэсэн. Тэр ач нь манай томоохон гурван ХХК-д орох гээд шалгалт өгсөн чинь тэнцээгүй гэнэ. Өвгөн үүнд ихэд дургүйцэж, ач охиноо IQ төвөөр шалгуулж үнэнийг тогтоолгоод, шүүхээр заргалдана гэнэ. Бид олон улсын жишиг IQ сорилоор шалгахад ач охины IQ = 85 байв. Энэ бол жижиг байгууллагын үүдний харуул хийх хүний доод IQ. Өвгөн, ач охин хоёр унтаж буй учраас бусдад хууртагджээ. Мөнгөө бариад ирвэл нэг хавтас өгөөд наймаалчихыг хэн ч чадна. Манай дээд боловсрол чинь үндсэндээ хавтас наймаалдаг ТҮЦ болчихсон.

Унтаж байгаа сурагчдыг сэрээх арга байна уу, ингэхэд та өөрөө  сэрсэн үү?

ЕБС-ын сурагчид одоогоор бараг бүгдээрээ унтаж буй. Хуучирсан үнэлгээндээ итгэсээр байгаа бол тэрээр унтаж байж таарна. Сэрээх арга нь зах зээлийн үнэлгээ. Сэрсэн сурагч гэж яг өнөөдөр улсдаа, аймаг, хотдоо аль хичээлээр хэдэд байгаагаа мэддэг хүүхдийг хэлнэ. Энэ нь нуух хаах зүйл огтоос оо биш, харин ч ил тод байдаг (тэр л сурагчийн тухайд шүү). Хүн байгаа байрлалаа мэдэж гэмээ нь ахиж урагшлах аргаа яаж ийгээд олдог юм аа. Өөрийн жишээг хэлье. Би вээр ЕБС-ийн 8-р анги төгстлөө огтоос хичээлийн даалгавар хийдэггүй, багш надад даалгавар өгдөг ч үгүй, би ганцхан юм хийнэ, тэр нь тоглох. Уйдахгүй тоглодогсон. Гэтэл математикийн олимпиад болж, би аймагтаа 8-р ангийн сурагчдаасаа 2-т оров. Ирээд ээждээ хэлсэн чинь баярлаад сүйд. Орой ах Уртнасан маань ажлаасаа ирэхээр нь ээж миний амжилтыг ахад хэллээ. Би дотроо их л додигор байв. Гэтэл Ундаа маань Дэмбэрэл ээ чиний өмнө нэг хүүхэд байна даа, та нар уралдсан юм байгаа биз дээ, тоглохоо багасга, бодоорой гэх нь тэр. Би бодлоо. Тэгсэн чинь үнэхээр л миний өмнө нэг хүүхэд байна даа. Яг тэр мөчид би сэрж билээ. Тэр хүртэл би унтаж байж шүү дээ. Би уралдаж, өрсөлдөж байгаа гэж бодоогүй л байсан даа. Сэрнэ гэдэг өөр шүү. Тэр цагаас хойш би ганц ч удаа тоглоогүй дээ. Яахав, олны жишиг дагаад хааяа энд тэнд цаг өнгөрөөх гэж л тоглож байгаа дүр эсгэх. Тоглоогүй 54 жил болжээ. Монголын сурагч, оюутнуудыг, багш эрдэмтдийг, ерөөсөө бараг хүн бүрийг сэрээхсэн.

Ч.Явуухүү

Эх сурвалж sonin.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!