LOADING

Type to search

Зөвлөгөө

Л.Аваажигмэд: Өмнө нь төлдөг байсан шиг өндөр өртгийг хувь хүн төлөхөөргүй болсон

Share

ЭМД-ын сангаас төлбөрийг нь хариуцах болсон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний талаар УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Аваажигмэдийн өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолд Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцахаар тусгажээ. Мөн ахмад настан, 18-аас доош насны хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлж, ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байгаа аж.

– Танай тасгийн хувьд хичнээн төрлийн нуруу, нугасны мэс заслыг хийж байна вэ. Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

– УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг нь Монгол Улсын хэмжээн дэх  тархи, нуруу, нугасны мэс заслын 90 гаруй хувийг “нуруундаа үүрч” явдаг. Одоогийн байдлаар 40 гаруй төрлийн мэс засал хийгдэж байна.

– Өмнө нь иргэд, даатгуулагчид мэс засалд орохын тулд өндөр өртөг төлдөг байсан. Одоо даатгалын сан тодорхой хувийг нь хариуцдаг болсноор ямар өөрчлөлт гарч байна вэ?

–  Тархи, нуруу, нугасны мэс заслыг дэлхийн жишгээр хийхэд олон төрлийн эм, тоног төхөөрөмж гэх мэт маш өндөр өртөгтэй зүйлүүдийг хэрэглэдэг. Хуучин бол өндөр өртөгтэй мэс заслын 70-80 хувийг нь улс даагаад 20-30 хувийг хувь хүн өөрөө төлдөг байсан. Жишээлбэл 10 сая төгрөгний өртөгтэй байлаа гэхэд тэрний 7 саяыг улс даагаад 3 саяыг хувь хүн төлдөг байсан гэсэн үг. Энэ бол дундаж тоо. Харин 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол гарснаар үйлчлүүлэгчдийн хэрэглэж байгаа эм тариа, хэрэглэгдэхүүний үнийг ЭМД-аас төлөх болсон. Энэ нь ард иргэдэд “азтай” хэрэг юм. Учир нь өмнө нь төлдөг байсан шиг өндөр өртгийг хувь хүн төлөхөөргүй болсон. Энэ бол маш чухал шийдвэр болсон гэж бид үзэж байна.

– Мэдрэлийн мэс заслын 85-100 хувийг даатгалаас гаргадаг болсон. Энэ хэрээр ачаалал нэмэгдэж байгаа байх?

– Манай тасаг 90 гаруй хувийг үүрч явдаг болохоор ачаалал бууруулах, хагалгааг цөөлөх боломж хомс. Тархи, нуруу, нугасны мэс заслын дийлэнх нь амь настай холбоотой байдаг тул хойшлуулшгүй байдаг. Манай тасаг ковидын үед дэглэмээ бариад, ажилчид маань цөөн тоогоор ажиллаж байгаа боловч урьд нь хийгдэж байсан хэмжээндээ мэс заслаа хийж байна.

Хүмүүс өмнө нь мөнгөө бэлдэх гээд мэс заслаа хойшлуулдаг байсан бол одоо асуудалгүй болсон. Очерлоод, шинжилгээгээ бүрдүүлээд л үйлчилгээгээ авч болно.

– ЭМД-аар мэс засалд орох гэж байгаа иргэд олон байгаа. Иргэд, даатгуулагчид юу анхаарах хэрэгтэй вэ?

– Иргэн ЭМД-ын шимтгэлээ төлчихсөн бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Даатгал төлөөгүй бол байдал өөр. Шимтгэлээ төлөөгүй хүн, төлөөд үйлчилгээ авах бүрэн боломжтой.  Гэхдээ 0-18 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, ял эдэлж байгаа хүн, тэтгэврийн насныхан, 0-3 насны хүүхэд тэр дундаа ихэр, хүүхдээ харж байгаа аав, ээжүүд гэх мэт хүмүүс төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. ЭМДШ-ээ төлчихсөн бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлбөргүй авна.

– Орон нутгийн иргэд энэ төрлийн мэс засалд орохын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

– Ямар нэг бичиг баримт шаардахгүй. Харин энэ цаг үед тухайн УОК-оос гаргасан зааврыг мөрдөөд бичиг баримтаа бүрдүүлнэ.

– Мэдрэлийн мэс засалд хүмүүс их орж байна гэлээ. Хүмүүс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

– Урьдчилан сэргийлэх тал дээр цогц бодлого байх хэрэгтэй. Гэхдээ урьдчилан сэргийлэх боломжгүй зүйлсүүд бас байдаг. Тархи, нуруу, нугасны тухайд хамгийн наад зах нь артерийн даралтаа хянах хэрэгтэй. Мөн сэтгэл зүйн хувьд стрессгүй байж дасгал хөдөлгөөн сайн хийнэ. Ер нь нийгмийн бодлогын хувьд анхан шатны оношлогоог орон нутагт хийдэг байх хэрэгтэй байна. Бид аймаг болгонд мэдрэлийн мэс заслын эмчтэй болно гэсэн зорилготой байгаа. Тэгэхгүй бол манай иргэд туйлд нь хүргэчихдэг аюултай. Гэхдээ бүсийн оношлогооны төвүүд нээгдсэн нь сайн хэрэг. Энд хамгийн наад захын компьютер оношлогоо хийгдэж байна.

– ЭМДС-аас зардлыг хөнгөлснөөр гадагшаа явах урсгалыг багасгаж байна гэж хардаг?

– Хувь хүн, түүний ар гэрт санхүүгийн хувьд өндөр ач холбогдолтой. ЭМДС-ийн хөнгөлөлтөөс гадна манай тасагт Азийн хөгжлийн банкнаас 23 тэрбум төгрөгний санхүүжилт өгсөн. Үүний хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмжүүд ирж байгаа. Энэ нь мөн саяын хэлдэг гадагшаа явах урсгалыг багасгана. Ингэснээр иргэдэд ч хэрэгтэй бөгөөд гадагшаа урсах мөнгө дотооддоо шингэснээр улсад ч хэрэгтэй юм.

Эх сурвалж: ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!