LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хүүхэд цистит тусдаг уу, хэрхэн эмчлэх вэ

Share

ДЭМБ-ын судалгаагаар хүүхдийн нийт өвчлөлийн дотор бөөр, шээсний замын эмгэг хоёрдугаар байранд ордог бөгөөд манай оронд амьсгалын болон хоол боловсруулах өвчлөлийн дараа гуравдугаар байранд ордог.

Үүсгэгч нянгууд нь шулуун гэдэснээс /хошного/ шээсний сүв орчим салстад үржин шээсний сүвээр дамжин өгсөх халдвар үүсгэдэг. Зарим тохиолдолд нян шээсний сүв болон давсагийг үрэвсүүлдэг, гэвч халдвар давсагнаас /давсагны үрэвсэл буюу цистит/ шээсний сүвээр дамжин бөөр гэмтээх /бөөрний үрэвсэл буюу пиелонефрит/ тохиолдол ч бий. Бага насны хөвгүүд охидоос илүү өвчилнө. Харин өсвөр насны болон насанд хүрэгчдийн дунд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өвчилдөг.

Хүүхдэд ямар зовуурь, шинж тэмдэг илрэх вэ?

Бөөр шээсний замын халдварын үед олон шинжүүд илэрдэг. Нярай хүүхдэд их цочромтгой болох, хөхөндөө муудах, тодорхой шалтгаангүйгээр халуурах, бөөлжих, суулгах, хүүхдийн ерөнхий байдал нь хүнд байна. Бага насны хүүхдэд ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсгээр давсагаар  өвдөх, үнэртэй/ өтгөн/ бага багаар шээх , зарим тохиолдолд цустай шээх эсвэл шээсний дараа цус гарах дусах, зарим хүүхэд шөнө орондоо олон удаа шээх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Мөн зарим нь өдрийн цагаар бие засах газар очиж амжихгүй өмдөндөө шээх нь ч бий.

Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илэрч байвал та харьяа өрх, дүүргийн хүүхдийн эмчид үзүүлэн цаашдын шинжилгээг төлөвлөн зөвлөгөө авна уу.

Мөн хүүхдийнхээ дотуур хувцас, ор дэрний цагаан хэрэглэлийг угааж сайтар индүүдэж өмсгөж, хэрэглүүлж байхыг эцэг эх та бүхнээс хүсч байна. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг шөнө унтахад нь ажиглах зүүдэлж тийчилнэ, орондоо шээнэ, бөгс нь загатнан тайван биш унтана цагаан хорхойтой эсэхэд анхаарч байгаарай. Учир нь цагаан хорхой нь давсаг, шээсний замын халдвараар өвчлөх бас нэг шалтгаан болдог юм шүү.

Цистит аюултай юу?

Давсагны үрэвсэл буюу циститийн үеийн үрэвслийг оройтуулж эсвэл хангалтгүй эмчлэх, өвчин дахин давтагдах нь өвчин хүндэрч бөөрний үрэвсэлт өвчин болж хувирах зэрэг нь хүүхдийн хувьд аюултайд тооцогдоно. Харин хүүхдийн бөөрөнд ямар нэгэн юм үлдээсэн үрэвсэл нь ирээдүйд цусны даралт хэлбэлздэг болох, бөөрний дутагдалд орох, өсөлт бойжилтын доройтолд орох, цус багадалттай болох, жирэмсний үед шээсэнд уураг ялгарах, жирэмсний үеийн хордлого хүндрэх гэх мэт сөрөг үр дагавартай.

Яаж эмчилдэг вэ?

Шээсний сүв, давсагны үрэвслийн үед нь хүүхдэд эмчийн заавраар зохих антибиотикийг цагаар уулгах хэрэгтэй. Эмчилгээ 5-7 хоног үрэгэлжилнэ. Сиропоор хэрэглэх антибиотикийг сэрүүн газар эсвэл хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хүүхдэд эмийг нь өгөхөөсөө өмнө заавал шилтэй эмээ сэгсрэх хэрэгтэй. Зориулалтын халбагаар эмчийн заасан хэмжээгээр цагт нь уулгах нь чухал. Шаардлагатай тохиолдолд эмч хүүхдийг гэрээр тарих эмчилгээ эсвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчилгээ бичиж өгч ч болно.

Шээсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдэд шингэн юм, ус сайн уулгах хэрэгтэй. Шээж, баасных нь дараа бөгсийг нь усаар сайтар угааж байх хэрэгтэй. Шээсний өнгө, үнэр, орчинг хэвийн болгох, Еколи нянгийн үржлийг дарангуйлах зорилгоор эмийн ургамлын найрлагатай риналка эмийг 1 сарын турш 15мл авч 50мл усанд найруулж уулгана Өдөрт 3 удаа найруулж уулгаарай.

Циститээс яаж сэргийлэх хэрэгтэй вэ?

Ариун цэврийг сайн сахиж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол энэ талаар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмэгтэй хүүхдийг шээж, баасных нь дараа бөгсийг нь урдаас нь хойш арчиж байх, ер нь баасан үед нь усаар угааж цэвэрлэж байх нь хамгийн тохиромжтой.

Ямар нэгэн тусгай цэвэрлэгээний бодис, савах хэрэглэх шаардлагагүй. Нойтон сальфетик хэрэглэх нь төдийлөн хангалттай биш юм. Усанд оруулахдаа хүүхдийн бөгсөн хэсгийг усаар сайн угааж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд ариун цэврийн тусгай саван, ванны хөөс зэрэг нь сайн биш. Учир нь эдгээр бодисууд нь бэлэг эрхтэний хэсгийн “pH”-гийн тэнцвэрийг (хүчиллэг бүтцийг) өөрчилж, бактериар өвчилөх магадлалыг өндөрсгөдөг. Хүүхдийг усанд 15 минутаас удаан байлгах хэрэггүй. Аль болох хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шээсийг заавал чинэртэл нь байлгах шаардлагагүй. 3-4 цаг тутамд шээлгэж, давсгийг нь суллаж байх хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!