LOADING

Type to search

Онцлох

Д.Төмөртогтох: “Мянхай чинь л чамайг авч явна шүү, олон кинонд битгий тоглоорой” гэж Балжаа найруулагч захиж байж билээ

Share

Сэтгүүлч хүний хувьд ярилцах хүнээ олж уулзана гэдэг том олз, бөөн догдлол. Гэтэл энэ л миний ярилцлагын зочин мөн байна хэмээн тогтож бодох хүртлээ бас ч гэж өдий. Нэлээн эрэлхийллийн дундаас ерөөсөө л Д.Төмөртогтох ахтай ярилцая хэмээн палхийтэл шийдэх нь тэр. Д.Төмөртогтох гэхээр төдийлөн танил бус сонсогдож байгаа бол “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай баатар гэвэл кино хальсанд буусан тэр л дүр төрхөөрөө, дуу хоолойгоороо монгол хүн бүрийн санаанд шууд бууна гэдэгт үл эргэлзэнэ.

-Та Өвөрхангай аймгийн Төгрөг сумын хүн. Тэгсэн атлаа одоо Өвөрхангайнхаа Баянгол суманд суурьшчихсан, малын эмчээр ажиллаад явж байдаг. Хөдөөнөөс гарвалтай шигээ хөдөөдөө буцаад суурьшчихсан байх юм. Төгрөгөөс эхэлж Баянгол сум хүрсэн таны амьдралын түүхийг сонсоно гэж бодоход баялаг түүх байгаа болов уу гэж тааварлаж байна. Та хаана анх хүй цөглөв?

-Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1958 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн. Миний төрсөн нутаг чинь Баян Зэгстэй гэдэг, нэрэндээ таарсан уушгинд уудаг рашаантай, ан амьтан олонтой, жонш элбэгтэй дэлгэр сайхан газар байдаг юм. Би эхээс төрсөнөөсөө гэвэл гурвуул, нэг өргөж авсан ахтай. Ингэхээр манайх дөрвүүл. Аав ээж хоёр хоёулаа малчин хүмүүс. Манайх нэгдлийн мал хариулдаг байлаа. Сүүлд аав маань бригадын дарга, тоо бүртгэгч, ээж маань эмнэлэгт нь асрагч хийж байсан.

-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрөв, та ямархуу хүсэл мөрөөдөлтэй хүү байв?

-Малдаа явахдаа байнга дуулж явдаг хүүхэд байсан. Тэр үед айлууд төмөр цагаан орны өмнүүр хөшиг татдаг байв даа. Хөшигний араас өөрөө өөрийгөө зарлана, гарч ирж дуулаад л. Гайгүй хөөрхөн дуулдаг байсан юм байлгүй, найр хуриманд дуудагдаж дуулж явлаа. Бас шинэ гэр барьж байгаа улс надаар тооно их бариулна. Яагаад тэгдгийг бүү мэд, нэрнээс минь болдог байсан юм байлгүй. Хүүхэд байхдаа 7-8 айлын тооно барьсан байдаг юм. Том хүний дэргэд түшээд л зогсоно шүү дээ. Арай том болсоор адуу малтай ноцолдоно. Тэмээ их ноослоно. Тэгж явсаар 1966 онд нэгдүгээр ангид орлоо. Тэр үед Төгрөг сумын сургууль дөрвөн жилтэй байсан юм. Дөрөв төгсөөд Гучин-Ус сум руу шилжиж, тэндээ долдугаар анги төгслөө. Долоо төгсөөд илгээлт аваад хөдөө мал маллах болов оо.

-Долоо төгссөн хүүхэд хэр том болсон байгааж дээ, бас л сонин цаг хугацаа байж. Ингээд буцаад мал дээр гарчихав уу?

–Тэгсэн. Илгээлт аваад иртэл манай аав бригадын дарга хийж байх үе таарсан. Надад 90 хонь хуваарилаад өгчихлөө. Ээжтэйгээ хоёул хонь маллав аа. Би жаахан сурлага муутай нөхөр байсан юм уу даа. Хаа очиж ном сайн уншина, уран зохиол, түүхийн номыг гаргаахгүй. Малд явахдаа ч уншина. Ингээд гурван жил хонь маллалаа, 700-800 болгож өсгөлөө. Зурагт элбэг биш цаг шүү дээ, радио их сонсоно. Радио сонсохоороо сургуульдаа явж байх минь яалаа гэж бодно. Төв сууринд амьдарч байгаа залуус их сайхан санагдана, гоё оюутан бүсгүйтэй танилцах юм сан гэж мөрөөднө. Ингэж хэсэг мал маллаад, тэндээсээ цэрэгт татагдсан даа.

-Цэрэгт татагддаг чинь хэдэн он бэ?

-1976 он.

-Хаашаа татагдаж байв?

-Улаанбаатар хотод Хязгаарын цэргийн 0119 гэж барилгын цэргийн анги байсан юм. Гурван жилийн алба хаасан. Тэр үедээ гайгүй гар хөлийн дөртэйд тооцогдсон юм байлгүй, ангидаа улираад 5-6 жил сантехникч хийв. Тэгтэл манай хүн Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангид орчихлоо. Тэр нь цаанаа намайг бодож байгаа хэрэг. Энэ хөдөөний хүүхэд, хэзээ нэг өдөр нутаг явж таарна гэж бодож байгаа байхгүй юу. Эхнэр Сантад суманд мэргэжлээрээ хуваарилагдаад очихоор нь би уурын зуух хариуцсан механик хийх болсон.

-Та чинь хэзээ нь эхнэртэйгээ танилцчихав?

-Цэрэгт байхдаа. Манай ангид Д.Эрдэнэжав гэж жолооч байсан юм. Би тэр үедээ бага дарга цолтой. Барилгын анги болохоор Төв аймгийн Зуунмодоос элс татдаг байсан. Бага дарга ухаантай юм болохоороо 2-3, заримдаа 10-аад цэрэг аваад хэд хэдэн машинаар элс татна. Тэр үед хоёр цэрэг 5 тонны машины тэвшийг 30 минутад дүүргэдэг байсан. Тэгж Д.Эрдэнэжав ахтай явж байгаад эхнэрийнх нь дүүтэй танилцчихсан. Өнөөх нь аравдугаар ангийн охион.

-Малын бэлчээрт мөрөөдөж байсан өнөө мөрөөдлүүд эхнээсээ биелж эхэлж, тийм үү?

-1986 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадамд Сант суманд байхдаа оролцох боллоо. Сум сумаас шалгарсан 600 гаруй хүн тэр наадамд оролцов. Зургаан зуун хүнээс 25 хүн шалгарч, тэр хүмүүсээ Хужиртын амралтад 14 хоног байршуулж бэлтгэл хийлгэв. Тэр наадамд тухайн үедээ дуучин Б.Сийлэгмээ, Н.Амгалан, Г.Мөнхбаяр бид хэд цугтаа оролцож байв.

-Та ямар дуу дуулсан гэлээ?

-“Эхийн сургаал”. Дүүтэйгээ цугтаа дуулж хоёул алтан медаль аваад бөөн баяр. Тэр үед манай театр дуучид, жүжигчид ховор, Бүх ард түмний урлагийн их наадамд шалгарсан бол ямар мэргэжилтэй байх нь хамаагүй шууд театрт томилдог байсан. Бид хоёрыг хоёуланг нь театрт хуваариласан ч манай дүү жолоочоороо үлдсэн. Би болохоор тэгж нэг юм анх аймгийн төвийн хүн болж байлаа.

-Та ч бодвол алгаа ташаад уухайн тас шилжсэн байлгүй. Мэргэжлийн театрт бүртгэлтэй уран бүтээлч болчихлоо. Хэр их загнуулав?

-Загнуулж явсан байлгүй дээ. Юугаа ч мэдэхгүй орсон юм чинь. Анх гамм уншихаас ажлаа эхэлж байсан. Намайг анх ажилд ороход н.Чойсүрэн, Н.Жаргалсайхан гэсэн сайхан хүмүүс тосч авч, дуулах ухаанд сургасан. Б.Баярлах найруулагчийн найруулсан “Далан худалч”, “Дээрэмчин”, “Алтан түлхүүр” зэрэг жүжигт тоглож явлаа. Аймгийн театр юм чинь хаана хэнд хэрэгтэй гэнэ, тэнд л явна шүү дээ. Театртаа хөгжим тоглохоос бусдыг нь хийсэн дээ.

-Ажил мэргэжлийн тоо нэмэгдээд л байдаг?

-Өө Толь Гэндэн шиг л амьтан явлаа.

-Толь Гэндэн гэхээр яах уу?

-Мал маллаж, сантехникч болж, уурын зуухны механик хийсэн гэж дээр хэлсэн дээ. Тэгтэл зах зээл эхэлж, театр цалингаа тавьж чадахгүйд хүрч ажлаасаа гарлаа. Хархорин суманд гахай хариуллаа. Хуушуур хайрч, худалдлаа. Продакшнаас кино авч, кино гаргаж үзлээ. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж юм юм барьж авсаан. Тэр үед хүүхдүүд ч бага байж. 1999 онд одоогийн ажиллуулж байгаа мал эмнэлгээ хувьчилж авсан юм. Тэндээ ч ялгаагүй эмчээ хийнэ, жолоогоо барина, харуул манаа ч болно, цэвэрлэгээгээ ч хийнэ. Тэгээд дуудлагад явна. Толь Гэндэнгийн хойч үе гэдэг шиг л явжээ.

–Та ч дайчин хүн юм аа. Киноныхны анхааралд хэзээ нь өртөв?

-“Мандухай цэцэн хатан” киноны проб хийгдээд бүх аймгаар явж байна гэнэ, удахгүй Өвөрхангайд ирэх гэнэ гээд дуулдаад л байлаа. Манай театрынхан бүгд л пробонд орчих гээд хүлээж байтал Б.Балжинням найруулагч, н.Шаравдорж гуай, П.Пүрэвсүх зураач гурав аймагт ирдэг юм. Бид ч шалгалтад орох гэж байгаа юм шиг юм боллоо. Нэг нэгээрээ орж шалгуулсан. Миний нэрийг дуудлаа. Проб явуулж байгаа өрөөнд орсон чинь дуулга, цээживч өмсгөөд “За чиний хайртай бүсгүй чинь гэнэт хаяад явчихаж. Ямар сэтгэгдэл төрөх үү” л гэж байна. Би ч байгаагаа үзүүллээ. Анхандаа Өнөболдын дүрд пробонд орсон юм. “Гар” л гэж байна. Түүнээс хойш хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр театрын дарга дуудаж байна. Даргын өрөөнд дуудагдана гэдэг нэг бол гавьяа байгуулсан, нөгөө бол гай тарьсан хүн дуудагддаг байсан цаг. Тэр хооронд “За юу билээ” гэсэн шүү юм бодоод орлоо. Тэгсэн “Чи хот орж пробонд орох болсон байна. Маргааш явах уу даа” л гэнэ. Тэр үед томилолт өгнө, замын зардал олгоно. 100 төгрөг 40 мөнгө төлөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт 55 минут нисээд газардаж байгаа юм. Онгоцноос буутал 69 машинтай нэг хүүхэн хүлээж байна. Тэндээсээ шууд Кино үйлдвэрт очсон. Тэр үед кино эхэлчихсэн, павилионд зураг авч байсан. Зүс үзсэнээс Балжаа багш байна. Балжаа багш “Энэ хүүхдийг Мянхайд буд” л гэж байна. Би чинь Өнөболдын дүрд тоглоно гэж бодоод аймгийн номын сан дахь уншиж судалмаар бүх номыг уншчихсан. Хэчнээн уншсан гэж бодно, бараг цээжилчихсэн байсан.

-Та бүр өөртөө дүр өгчихсөн байна шүү дээ?

-Өө тэгсэн. Тэнцсэн тэнцээгүйгээ ч мэдээгүй байж уу. Тэгтэл Б.Дамчаа ахыг бэлдүүл гээд намайг дагуулчихлаа. Б.Дамчаа гуай “Наад Мянхайд чинь 12 хүн өрсөлдөж байгаа. Ардын жүжигчин ч байгаа, гавьяат жүжигчин ч байгаа” гэж байна. Тийм юм сонссон хүн чинь сэтгэлээр унана биз дээ. Яагаад ч тэнцэхгүй юм байна гэчихсэн сууж байтал нэг хүн текст аваад ирлээ. Залуу ч байж, дороо цээжилчихсэн. Зургаа авахуулчихлаа. “Маргааш буцаарай” л гэнэ. Буцлаа. Дахиад хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр ахиад л даргын өрөөнд дуудагдлаа. Яваад ортол “Баяр хүргэе. Мянхайд тоглох болсон байна” гэж дуулгаж байна. Баярласан гэж юу гэх вэ. Хамгийн түрүүнд энэ мэдээгээ эхнэртээ утсаар дуулгах гэж хөглөж л байлаа.

-Хагартлаа баярлана гэдэг нь болов уу?

-Ёстой хагартлаа баярласан. Мандухай чинь миний хамгийн анхны кино юм шүү дээ, тэгэхээр баярлалгүй яах вэ. Хожим нь Монгол Улсын гавьяат жүжигчин цол авчихаад бас хачин их баярлаж билээ.

-Мандухайд та хэзээ язааны жүжигчин шиг л тоглосон байдаг. Таны анхны кино гэж ёстой бодсонгүй. Тэгэхэд та хэдтэй байсан бэ?

-29-тэй. Тэр үед киноныхоо учрыг ч сайн мэддэггүй явж. Тиймээс Балжаа багшаас асуулаа. Мянхай ер нь ямар дуу хоолойтой, алхаа гишгээтэй ямар хүн юм бол гэсэн чинь “Мянхай гэдэг чинь Төмөртогтох юм шүү дээ. Чи ямар ч илүү зүйл хийж хэрэггүй” гэдэг юм. Би тэгэхээр нь өөрөөрөө тоглосоор киногоо дуусгасан. Хүмүүс кинонд тоглоод ядарсан уу, ямар хэсэг нь хэцүү байсан гэсэн юм их асуудаг юм. Ер ядарч зүдэрсэн зүйл тохиогоогүй дээ, залуу ч байж.

-Ямар гайхалтай үг хэлэх нь тэр вэ. Тухайн үед сонссон та битгий хэл, би сонсоод таны өмнөөс бүр тайвширчихлаа. Тэгээд анх ямар зураг авалтад оров?

-Мандухай хатныг хөнөөдөг төгсгөлийн хэсгийг санаж байна уу. Тэр зураг авалтыг павилионд авч байсан юм. Би Өнөболд вантай хамт хаалгаар орж ирдэг дээ. Ороод ирсэн нэл цус, Мандухай алуулчихсан. Тэрийг харсан чинь хамаг бие арзас гээд явчихсан. Өнөболд гүйгээд Мандухайг тэврээд авсан. Би ч Б.Дамчаа ах руу гүйж очоод хоолойг нь боосон чинь үнэнгээсээ боочихсон. Ядахад төмөр гаравчтай. Тэгсэн Б.Дамчаа ах “Хөөе, чи техниктэй тогло” гэж байгаа юм. Балжаа найруулагч болохоор “3өв зөв, сайн байна” гээд байдаг. Тэр үед кинонд тэгж л тоглодог юм байх гэж бодохгүй юу. /Инээв/

-Ёстой хөгжилтэй түүх байлаа. Тэгж л анх жүжигчний замналаа тавьж байж дээ?

-Мэргэжлийн биш хүн чинь дүрдээ орчихоор гарч чадахгүй их зовно. Анх тэр зураг авалтад орчихоод амьсгаадаад, тайвширч чадахгүй байж билээ. Би ер нь нэг дүрд орохоороо удаан гарна. Мэргэжлийнхэн бол сургуульд нь сурчихсан улс чинь их өөр. Би одооноос л сурч байна.

-Танай киноныхон уулзахаараа хэдэн цагаар тогтохгүй дурсамж хөврүүлдэг байлгүй. Ганцаас нь яриач ах?

-Миний нэг ааруул иддэг хэсэг байдаг даа, Мандухай хатан “Энэ чинь арай чулуу биш биз” гэдэг?

-Тэр мөн гоё хэсэг шүү. Их зөв юм санууллаа?

-Тэр хэсгийн зургийг авлаа. Хоёр ч удаа дахилаа. Найруулагч “Дөхөж байна аа, гэхдээ арай л болохгүй байна” гэж байна. Ааруул хийсэн уутанд нь хатуу зөөлөн холиод ууталчихсан байсан юм. Өмнө нь идсэн хоёр нь хатуу ааруул болоод нэг болж өгөхгүй байхгүй юу. Гурав дахиа дахихад Н.Сувдаа эгч надад нэг ааруул авч өгөв өө. Амандаа хийтэл зөөлхөн юм. “Яалаа гэж хатантан минь, тэр харав уу” гээд инээгээд идчихлээ. Тэр зурганд байгаагаараа л тоглосон. Яг тэр хэсэг нь кинонд орсон байдаг юм. Жүжигчин хүн бие биеэ авч явна гэдэг л тэр байх. Н.Сувдаа эгч тийм ухаантай, хатуу ааруул нэг л болохгүй байна гэдгийг мэдэж анзаарсан байна шүү дээ.

-Би болохоор нээрээ л хатуу ааруул идсэн юм байх гэж бодсон?

-Харин хүн бүр л тэгээд байдаг юм.

-Хэдий хугацаанд зураг авалтад явав?

-Жил болсон.

-Театр цалингаа өгнө биз дээ?

-Өгөлгүй яах вэ. Миний сарын цалин 450 төгрөг, нэг өдрийн зурганд ороод 25 төгрөг авна. Ардын жүжигчин, гавьяатууд бол 50 төгрөг авдаг байсан. Сард 800-900 төгрөг авчихна. Би нэг сонин түүх ярья. Мандухайд тоглож байхад Х.Дамдин найруулагч ирээд “Мандах нарны туяа” кинонд Д.Сүхбаатар жанжины дүрд тоглооч гээд, пробонд ороодохтол тэнцчихсэн. Тэгсэн Балжаа багш дуудаж байна. “Чи ер нь ямар хаашаа нөхөр вэ. Энд нэг кинонд тоглож байж, тэнд бас өөр кинонд тоглоно гээд явж байдаг. Одоохон тоглох киногоо сонго” гэдэг юм. Тэгээд бодлоо. Би яагаад ч Ц.Дашнамжил ахыг гүйцэхгүй юм байна гэж бодоод болисон. Тэр нь ч оносон. Хожим нь бас Балжаа багш “Мянхай чинь л чамайг авч явна шүү. Олон кинонд битгий тоглоорой” гэж захиж байж билээ. Ямар ч ухаантай хүн байсан юм. Намайг их хайрлана. Тэр үгнийх нь ч юм уу, нэг удаадаа би арав гаруй жил огт кинонд тоглолгүй өнжиж хүртэл байлаа.

-Тэр үедээ юу хийх үү?

-Малын эмчээ. Би чинь Дорнодод малын эмчээр техникум төгсөөд, дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд эчнээгээр нэмж сурсан юм шүү дээ. Арван нэгэн жил болчихсон байсан чинь Ж.Бат-Өлзий над руу “Сэтгэлд шивнэсэн үг” кинонд тоглооч гээд холбогдож байна. Тэр үе чинь 8 дугаар сар, угаалга тарилга ид эхэлчихсэн үе таарсан. Зохиолоо уншлаа. Тэгээд хамгийн бага гарах дүр сонгоё л гэсэн. Кино хийгдээд Баянгол суманд гаргалаа, дараа нь Төгрөгт гаргалаа. Киногоо үзэж чаддаггүй ээ. Дарга нар дуудаж байна л гэсэн. Хүн бүрт хэдэн төгрөг өгсөн юм гэсэн. Би дотогш орж чадаагүй. Тэрийг нь ч авч чадаагүй.

-Та чинь цагаа тулахаар нэрэлхүү хүн үү дээ?

-Би ер нь тоглосон киногоо үзэж чаддаггүй. Улс амьтны ярианаас сонсож байж л дараа нь үздэг. Айна, юу хийсэн бол гэж санаа зовно. Сүүлийн үед киноны нээлт гэж хийдэг болж, тэгж л 2-3 киногоо үзлээ.

-Та ер нь Мандухайд тоглоогүй бол миний амьдрал ямар байх байсан бол бодож үзсэн үү?

-Бодолгүй яах вэ. Хэрэв энэ сайхан кинонд тоглоогүй бол хүн бүр намайг таньж, хайрлаж хүндлэх нь юу билээ дээ. Малын эмчийн ажлаа л сайн хийгээд явж байх байсан байх. Эсвэл мянгат малчин болъё гэчихсэн явж байх байсан байх.

-“Мандухай цэцэн хатан” кино бүх цаг үеийн кинонууд дотроос хамгийн хамгийн гэсэн олон үзүүлэлтийг өөртөө агуулсан түүхэн бүтээл хэвээр байна. Үзэх тусам л чансаа нь улам тодроод байх юм, та ч гэсэн он цаг өнгөрөх тусам дурсамж дурдатгал чинь төгс төгөлдөр болох юм уу?

-Мандухай үнэхээр том кино байсан. Зуун гэр барьж байлаа, 5000 цэрэг тоглуулж байлаа, 70 ширхэг 66 машинтай, тэнд цагдаа нь байлаа, шүүх прокурор нь байлаа, эмнэлэг нь байлаа. Зэвсэг гэхэд чиргүүлтэй дөрвөн машинд ачдаг байсан гээд бод доо. Хувцсыг нь гэхэд гурван аймагт оёно, төдий аймгийн мал сүргийг авчирч байлаа. Адуу гэхэд гурван жил дэл сүүлийг нь аваагүй байх жишээтэй. Кино өөрөө үнэд ороод байдаг, гэтэл хамт тоглосон хүмүүс байхгүй болоод байдаг юм байна. Нэг хэлсэн дээрээ хэлэхэд, түүхэн кино хийе гэвэл асар их бэлтгэл хангаж, их мөнгө төгрөг төсөвлөхгүй бол олигтой уран бүтээл болохгүй л юм билээ дээ.

-Үзэгчид жүжигчдийг тоглосон дүрээр нь хайрладаг. Магад зарим үзэгч амьдрал дээр яг ийм хүн байх гэсэн төсөөлөлтэй явдгаас өнөөх уран бүтээлч нь амьдралд сөхөрч, буруу зөрүүд орооцолдоод ирэхээр их гонсойдог. Та ер нь бор дарсанд шунаж явав уу, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хадгалж явах юм сан гэж хэр хичээв?

-Хичээлгүй яах вэ. Зах дээр явж байсан ч “Хөөе Мянхай надаас юм ав” гээд хашгирч байхад чинь олны газар өөрийгөө цэнэж явахгүй бол болохгүй л дээ. Манайх аав ижийнхээ дэргэд архи дарс уух, тамхи тариа татахыг цээрлэж ирсэн. Би ер нь архи дарснаас хол явдаг. Уух сонирхол ч бага. Найз нөхөд тааралдаад нэг шил юм ууя гэвэл тэрийгээ нь л ууна, гурван хундага татна гэвэл түүнийгээ л татна. Илүү шунаж, цаашладагггүй.

-Та хэр шулуун үгтэй вэ?

-Шулуухан л хэлнэ. Олон юм ярихгүй. Хэлье гэвэл хэн ч байсан хэлнэ.

-Шударга хүн өөдөлдөггүй юм биш үү?

-Тиймээс л одоог хүртэл өөрийнхөө хүчээр амьдарч явна. Хэнээс ч гуйсангүй. Шударга байлаа гээд зодоон цохион хийсэнгүй. Ажлаас болж маргаан бол гарч байсаан байсан.

-Та ер нь баатрын дүр хэдийг бүтээв?

-Дөрөв. Хамгийн сүүлд “Хотулун”-ы Бүргэд баатрын дүрд тоглолоо.

-Та ч их хувь тавилантай хүн юм. Жүжигчидтэй ярилцаж байхад түүхэн кинонд тоглох юм сан гэсэн мөрөөдөлтэй явдаг нь олонх юм уу гэж боддог?

-Дөрөв таван түүхэн кинонд тоглолоо. Өөрийгөө азтай л гэж боддог. Нэг удаа телевизийн ярилцлагад орохдоо “Би урд насандаа баатар байсан юм шиг байгаа юм” гээд ярьчихсан чинь олон нийтийн сүлжээгээр “Энэний баатар гэж хаашаа харсан юм байдаг юм” гээд авахуулсан шүү дээ. Гэлээ ч монгол зангаараа билэгшээж, түүхэн кино таарвал тоглоод явдаг.

-Төмөртогтох, Мянхай баатар хоёрын хооронд хэр их зөрүү байна, бас хэр олон адил тал байна вэ?

-Ялгаа ерөөсөө байхгүй. Балжаа багшийн хэлдгээр “Төмөртогтох чинь Мянхай шүү дээ” гэдэг чинь юм.

-Найруулагчид ч үнэхээр агуу хүмүүс юм аа. Тэр үг таны амьдралын философи болж хувирсан уу?

-Агуу агуу. Кино хийж байхад Балжаа найруулагч шөнийн 3 цагт нимгэн хүрэн дээлтэй сууж ч байх шиг, гадаа алхаж ч явах шиг. Киногоо л бодоод явсан байх. Бид ч яах вэ, залуу улс дарвиж наагуур цаагуур нь гүйлдээд л явж байдаг байлаа. Тэр хүний шаналанг ойлгохгүй явж. Би анх зургийн талбай дээр оччихоод хамгийн амархан ажилтай хүн бол найруулагч байдаг юм байна гэж “хэлж” онигоонд орж байлаа. Би монтажны хэдэн хүүхнүүд дээр очсон юм. Тэгсэн “Кинонд тоглох ямар байна вэ. Хэр загнуулж байна вэ” л гэж байна. Тэгэхээр нь “Энд хоёр жаргалтай хүн байна. Нэг нь тэргэнд дээр түрүүлчихээд явж байдаг, нөгөөх нь дээр нь суучихсан аашлаад байж байдаг” гэчихэв. Тэрний нь нэг нь найруулагч, нөгөө нь зураглаач байсан байхгүй юу.

-Тэгвэл тэр хэдэн хүүхэн таныг хөөрхий энэ залуу цэл ногооноороо байна даа гэж бодож, хөхрөлдөж байсан байх даа?

-Тэгж бодолгүй хаачих вэ дээ, ийм юм ярьж байхад чинь.

-Одоо та эргээд бодоход амьдрал тань кино шиг санагддаг байх. Таны ард нэг том “дүр” байна. Тэр бол таны гэргий. Эхнэртэйгээ суугаад хэдэн жил болов?

-1979 онд суусан гэхээр хэд үү?

-42 жил өнгөрч. Та ч мөд алтан хурим хийх нь?

-Хүүхдүүд хийнэ л гээд байдаг юм. Ахынхаа хуриман дээр ирж дуулж өгөөрэй.

-Амаргүй л даваа байна. Очвол дуулна аа ах. Хоёул их ч удаан ярилаа. Нэг уран бүтээл дээр нь тогтож яриад ихэнх цагаа авчихлаа. Таны тоглосон тэр бүх кино, амьдралын нугачаа давааг нэгжвэл дахин нэг ярилцлага гарна байх.

-Нэг жилд хоёр ч кинонд тоглож явсан түүх бий. Билэгшээдэг л юм. Би ер сөрөг дүр бүтээгээгүй. Дотроо бол ийм тийм дүр бүтээх юм сан гэсэн хүсэл бол байсан. Гэхдээ Мянхайгаа бодохоор тэр чансаанаас унагах эрх надад байсангүй. Ах нь ер нь гол дүрд тун цөөн тоглосон юм шүү дээ. Хэдий гол дүр биш ч тухайн киног тодотгож тоглох хэчнээн сайхан.

-Ярилцлагын эхэнд дурдагдсан малын захад гүйж явсан бор хүүгийн үе дээр буцаад очъё. Тэр жаахан хүүг сэтгэлдээ хэр олон олж харах юм?

-Сэтгэлдээ битгий хэл, амьдрал дээр ч харагдана. Хаа нэг хөдөөгүүр явахад нус гоожчихсон, хөл гар нь сайртчихсан, мулзан толгойтой хөөрхөн юмнууд цөөн боловч тааралдана аа бас. Биднийг багад бөөстөнө гэж айхтар зүйл байв. Тиймээс халимаг тавихгүй, хусчихдаг байсан. Арай идэрмэгхэн үеэ бол цэргээс халагдаад ирсэн малчин залуучуудаас хардаг юм. Унасан морь, өмссөн дээл нь хүртэл дотно. Би ч ийм л нэг борогдуухан залуу байсан даа, эдэнд их ч ирээдүй бий дээ л гэж харж байдаг юм.

-Таны яриаг сонсоход нигүүсэл энэрэл их тод мэдрэгддэг ярилцагч юм?

-Ах нь боддог юм, ная хүрчих байх. Ная хүрчихээд намрын налгар өдөр газар гэсгэлэн цагаар амьтан хүнд тээг дараа бололгүй явчихна гэж. Одоо бол ах нь даралт энэ тэр гэж байхгүй, жаахан пионер гэдэс л суугаад байна.

Ярилцсан Б.Туул

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!