LOADING

Type to search

Онцлох

Ж.Мягмар: Цэцэрлэгийн бүртгэл есдүгээр сарын 10-наас дахин эхэлнэ

Share

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмартай цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлт, хувьсах зардал зэрэг асуудлаар ярилцлаа. 

-Энэ хичээлийн шинэ жилийн онцлог юу байсан бэ ?

-Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас боловсролын салбар амаргүй байсан. Харин энэ жил ердийн горимоор буюу танхимаар хичээллэж эхэллээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, цэцэрлэгийн хамран сургалт өмнөх жилүүдийнхээс өссөн гэдгээрээ онцлог байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг өнгөрсөн хичээлийн жилийнхээс 8-10 хувь нэмэгдүүлсэн. Нийслэлийн хувьд, цэцэрлэгийн гадна хүүхэд үлдээхгүй байх тал дээр онцгойлон анхаарсан. 

-Цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн талаар яриагаа үргэлжлүүлье?

-Цэцэрлэгийн зориулалттай 150 гаруй барилга түрээсэлсэн. Түүнчлэн хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж, хоолны зардлыг төр дааж байгаа. Ийнхүү хувийн хэвшилд санхүүжилтийн хувьд дэмжлэг үзүүлснээр хувийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж харж байна. Мөн цэцэрлэгийн зориулалттай барилгуудыг худалдаж авсан. Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэгүүд байгуулсан. Хүүхэд харах үйлчилгээг ч хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар нэмэгдсэн байгаа юм.  

-Хувийн цэцэрлэг улсын ачаанаас багагүй үүрэлцэж байгаа бололтой?

-Өмнө нь 35 мянга орчим хүүхдийг хувийн цэцэрлэгт авдаг байсан. Харин энэ жил тус тоо 10 гаруй мянгаар нэмэгдэж байна. Цаашид ч сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Тиймээс хувийн цэцэрлэгтэй түншлэх замаар хамран сургалтаа нэмэгдүүлэх боломж байна гэж харсан. 

-Орон нутагт цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалт ямар байдаг вэ? 

-Орон нутагт цэцэрлэгийн хамрагдалт харьцангуй өндөр байдаг. Гэхдээ малчдын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалтын чанарыг сайжруулж, явуулын, гэр цэцэрлэгийг ажиллуулж байгаа. 

-Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр ашиглалтад орох бол?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хүрээнд 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Улмаар энэ онд 17 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. 

-Нэмэлт элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Өмнө нь цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаа л хийдэг байсан. Харин энэ жилээс бүртгэлийн ажлыг гурван үе шаттай зохион байгуулна. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд хийсэн. Улмаар 11524 хүүхэд бүртгүүлж, цэцэрлэгтээ элссэн. Харин хоёр дахь элсэлтийг есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Харин гурав дахь шатны бүртгэлийг 10 дугаар сарыг 3-24-нд хийнэ.   

-Нэмэлтээр хэчнээн хүүхэд элсүүлэх боломжтой бол?

-Нийт 140 мянга гаруй хүүхдийн суудал бэлтгэсэн. Нэгдүгээр элсэлтээр 110 мянган хүүхэд хуваарилсан. Тиймээс цөөнгүй суудал байгаа. 

– Ах, дүү хоёр хоёр өөр цэцэрлэгт байна гэх асуудал яригдаад байна. Энийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Цэцэрлэг болон бага сургуулийн хүүхдүүд гэрийнхээ ойр байрлах сургууль, цэцэрлэгт хамрагдах нь зүй. Тиймээс бид тухайн хүүхдийн гэртэй хамгийн ойр байрлаж буй цэцэрлэгт багачуудыг хуваарилсан. Түүнчлэн 4-5 насны хүүхдүүдийг төрийн өмчийн цэцэрлэгт бүрэн хамруулах бодлоготой ажиллаж байгаа. Ах, дүү хоёр өөр цэцэрлэгт байна гэх асуудлыг хоёр дахь шатны бүртгэл дээрээ цэгцэлнэ. 

-Иргэдийн шилжих хөдөлгөөн цэцэрлэгийн бүртгэлд чирэгдэл учруулж байгаа болов уу?

-Иргэдийн шилжих хөдөлгөөн, бүртгэл маш их асуудал дагуулж байна. Нэг айлын гурван хүн гурван өөр хаягтай байх тохиолдол байна. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө цэгцэлж, ямар нэг чирэгдэлгүй байх шаардлагатай.

-Нэг ангид хэчнээн хүүхэд суралцахаар зохицуулсан бэ? 

-Бүлэг дүүргэлт хэд байх боломжтой болохыг манай дүрэмд заасан байдаг. Улмаар цэцэрлэгийн нэг бүлэгт 40 хүүхэд бүртгэх байдлаар зохицуулалт хийж байна. 

-Цэцэрлэгийн алба хаагчид хахууль авч, хүүхэд элсүүдэг асуудлыг халсан уу? 

-Энэ жилийн цахим бүртгэл хүнээс шалтгаалахгүй байгаа учир цэцэрлэгийн багш, эрхлэгч, ажилчид хахууль авч, хүүхэд элсүүлэх боломжгүй байгаа. 

-Хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах тухай асуудал өнгөрсөн хавар яригдаж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа бол ?

-Хоолны тухайд өнгөрсөн жилийн жишгээр явна. Хоол хүнсний чанар дээр анхаарч ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхтэй хуваалцах боломжийг хуульчилсан байдаг. Тиймээс үүний хүрээнд судалгаа хийж байгаа. 

-Хүүхдүүдэд амны хаалт хэрэглэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ямар шаардлага тавьж байгаа вэ? 

-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд БШУЯ-наас ЭМЯ-тай хамтарч олон талын судалгаа хийсэн. Энэ хүрээнд тодорхой дэгдэлтүүдийн үед ямар арга хэмжээ авах талаарх төлөвлөгөөгөө гаргасан. Түүнчлэн халдваргүйжилтийн зөвлөмжөө сургуулиудад хүргэсэн байгаа. 

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хүний нөөцийн хомсдол бий болсон болов уу? 

-Хүний нөөцтэй холбоотойгоор энэ зун манай яамнаас цэцэрлэгийн 1000 багш бэлтгэсэн. Тиймээс багшийн дутагдалыг тодорхой хүрээнд шийдвэрлэсэн байгаа. Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил хамгийн эрэлттэй байдаг. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!