LOADING

Type to search

Онцлох

П.Тунараа: Бид өнөөдөр дандаа доод түвшний карьер хөөж байна, идэж уух, өмсөж зүүх, бие махбодийн таашаалд хэт их автсан

Share

Нийтийн далд ухамсрыг сэрээх “Баярлалаа” төвийн зөвлөх багш П.Тунараа “Далд ухамсар ба хайр” сэвдийн хүрээнд MGLRADIO-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хайр үгүй бол хорвоо ертөнц оршин тогтнох нөхцөл бага болно. Гэхдээ хайр байхгүй байна гэдэг үндэсгүй юм. Бид хайрын эх ундаргаас бий болсон. Хайр гэдэг их өргөн ойлголт. Хүн бүр л хайрын тухай боддог, бидний хайр гадагшаа буюу хэн нэгэн, ямар нэгэн зүйл рүү чиглэсэн байдаг. Хайр гэдэг үгний утга учрыг одоо ч гүйцэд тайлж чадаагүй байгаа. “Би тандаа хайртай, би чамдаа маш их хайртай” гээд байгаа ч хайр гэж зүйл нь биелэлээ олдоггүй. Үгний утга учир яаж биелэлээ олдог нь харагддаггүй.

Далд ухамсраа сэрээх, дотоод хүнээ таних, мөн чанараа сэрээх, ухаарлыг бий болгож буй цагт хайр өөрөөс эхэлдэг. Хайрын мөн чанар өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Өөрийгөө хайрласан цагаас бусдыг хайрлах мэдрэмж өсдөг. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж байна гэж ойлгодог ч мөн чанартаа бол нөгөө хүнээ маш их ядраагаад байдаг.

-Биеэ оторлох, өөрийгөө хайрлах хоёр юугаараа ялгаатай вэ?

– Огт өөр ойлголт. Биеэ оторлоно гэдэг бол зөвхөн хувиа хичээх үзэл. Өөрийгөө хайрлана гэхээр л  сайхан хувцас авч өмсөх, сайхан хоол идэх, найз нөхөдтэйгөө зугаацах гэж хүмүүс ойлгодог. Энэ бүхнийгээ жаргалтай байна гэж боддог. Дотоод ухамсраа сэрээгээгүй хүмүүст энэ хамгийн жаргалтай мэт санагдаж байгаа.  Гэвч энэ нь хэсэг хугацааны дараа үгүй болдог.

Хүн бүрт өөрийн чадвар гэж бий. Хайрлана гэдэг нь зөвхөн хүнд л байдаг зүйл. Хайрлах мэдрэмжүүд бол амьтдад байж болно. Энэрэхүй, нинжин, зөөлөн сэтгэл хүнд л байдаг. Тэгэхээр өөрөө өөрийгөө хайрлана гэдэг ойлголтоос бүх хайрын эх үүсвэр бий болж байгаа юм.

Хайрлана гэдэг хэн нэгэнд санаа зовохыг хэлэхгүй. Манай монголчууд нэгэндээ их санаа зовдог. Ирэхгүй удахаар нь “яасан бол, яагаад ирэхгүй байгаа юм бол” гээд л санаа зовниж эхэлдэг. Гэтэл энэ нь ямар ч үр дүнгүй төдийгүй хүн өөрийгөө хохироож байгаа зүйл.

-Санаа зовнисноороо юуг ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ санаагаа зовоосоор л байдаг шүү дээ.

-Санаа зовнил гэдэг бол сөрөг эрчмийн бөөгнөрөл. Энэ нь тухайн хүний дотоодод асар их шуурга байна гэсэн үг. Шуурга шуурахаар унтаж амрах ёстой эрхтэн системүүд нь амрахгүй. Санаагаа чилээгээд байсан хүн нь зүгээр ирэхэд нойргүй хоносноосоо болоод уурлаж, уцаарлаж эхэлнэ. Эргээд хариу үзүүлэх сөрөг долгион зэрэг нь бидний энергийн талбарыг эвдэж байдаг. Хүн бүрт хувь тавилан гэж байдаг. Түүнийгээ өөрөө жолоодохоос биш хэн нэгэн ирээд жолооддоггүй. Гэтэл үүнийг ойлгоогүйгээсээ болоод бид алхам тутамдаа “энэ даарчих вий дээ, бэртэх вий дээ, айх вий дээ” гэх мэтээр санаа зовниж, болгоомжилдог. Үүнээс болоод бид хүүхдүүдийнхээ амьдрах чадварыг алдагдуулдаг. Бөөцийлөөд байх тусам хүүхэд өөрийн чадваргүй болдог. Амьдралаас илүү зүйлийг шаардаж эхэлдэг.

– Бусдад хайрлуулаагүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж ярьдаг шүү дээ. Эрхлүүлж өсгөхийг л хайр гэж боддог юм.

-Эрхлүүлэх үе байлгүй яахав. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэт их энхрийлэн өсгөх нь хүүхдийг өөрийн гэсэн орон зайгүй болгодог. Тиймээс аливаа нэгэн зүйлийг хийх бүрдээ өөрийн гэсэн шийдвэр гаргах, амьдралд бие даах суурьгүй болдог. Заавал хэн нэгнээс асуудаг, шийдүүлдэг, туслуулдаг. Амьдрах ухаан, амьдрах чадвар нь хүн өөрийгөө таних, дотоод ухамсраа сэрээх, өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Өөрийгөө мэдсэн хүн бусдыг мэдэх амархан. Гэтэл өнөөдөр бид бүгд өөрийгөө мэдэхээ больчихсон. Өөрийгөө мэдэхгүй энэ байдал ертөнцийг таних нүдийг хааж байдаг. Нэг хүн нэг ертөнц. Энэ ертөнцийг таниагүй бол бусад ертөнцийг таних боломжгүй.

-Хардаж байгаагаа хайрлаж байна гэж ойлгодог хүмүүс байдаг шүү дээ.

-Хардана гэдэг бол өмчлөл. Өмчлөөд эхлэхээр нөгөө хүнийхээ орон зай руу халдаад эхэлж байгаа юм. Бага байхаас нь хяналттай өсгөсөн бол том болоод бусдыг хянах байдал үүснэ. Бид өөрсдийгөө “би чамд хайртай, чи надад хайргүй юм уу” зэрэг үгсээр далимдуулан материалын төвшинд юмыг өмчилдөгтэй адил өмчлөх гээд байдаг. Энэ нь өөрийгөө хайрладаггүйгээс л эхэлдэг. Өөрийгөө хайрлаад эхлэхээр хүн “би ямар агуу юм бэ, би ийм агуу юм чинь энэ хүн ч мөн ийм эрхэм шүү дээ” гэх гүн гүнзгий буюу болзолгүй их хайрыг өөрийн дотроос ундруулж чаддаг. Бидний яриад байдаг хайр бол дан болзол тавьдаг хайр. Ямар сайхан хүүхэн бэ, ямар гоё залуу вэ, ямар ажил хийдэг юм бол, мөнгөтэй болов уу? гэж бодож хайр дурлалын долгионыг үүсгэдэг. Гэтэл нөгөөх нь материалын төвшинд учир богинохон хугацаанд үргэлжилдэг. Салалтын хохирогч нь хүүхэд болоод л  үлддэг. Энэ бүгд хайр гэдгийг өнгөц олгосноос эхэлсэн.

Бясалгал хийдэг хүн дотоод мөн чанараа сэрээдэг тул бурханлаг их хайрын түвшинд хүрдэг. Тиймээс хэн нэгнийг хайрлахдаа огт болзол тавьдаггүй. Заавал тэдэн насанд хүрч байж өөрийгөө танина гэсэн зүйл байхгүй. 8-80 нас хүртэл өөрийгөө хайрлах эрхэм их хайрыг бүтээх боломж хүн бүрт байдаг. Тэр хайранд хүрсэн тохиолдолд хүн ядрахгүй.

Дотоод төв цөмрүүгээ холбогдоод эхэлвэл хүний өөрийн потенциал сэргээд ирдэг. Сэрж байгаа тохиолдолд хүн өөртөө маш их итгэлтэй болдог. Итгэлтэй болсон үед зорилгынхоо төлөө алхаж эхэлдэг. Бид цор ганц учир хэнтэй ч өөрийгөө бүү харьцуул, хэний ч амьдаралыг өөрийнхтэйгөө бүү дүйцүүл. Манай монголчуудын нэг араншин байдаг. “Хэн намайг юу гэж хэлэх бол” гэсэн. Гэтэл хэн ч, юу ч гэж хэлж байсан таны амьдрал бол таны л амьдрал. Амжилтанд хүрэхийн тулд зүгээр битгий суу, босоод яв. Үүний тулд өөрийнхөө итгэлийг нэм. Итгэлээ нэмэхийн тулд зүрхний хүрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээд дасгал хий. Ингэж чадвал өөрийгөө хайрлах хайр, өөрийгөө хүндлэх хүндлэл босоод ирнэ. Улмаар өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтайгаар хувьсгах боломжтой. Бид амьдралын түр зуурын үзэгдлүүдэд хууртсан байдаг. Бие биенээ хардана гэдэг бол нэгнээ эрх чөлөөгүй болгож байна гэсэн үг. Эрх чөлөөгүй болоод ирэхээр хүн мөн чанараа алддаг, хэн ч биш болдог. Хүнийг хайр гэдэг нэрийн доор битгий хорь. Хүн эрх чөлөөтэй байх тусмаа бусдыг хайрлах хайр нь илүү давамгай байдаг. Ямар нэгэн зүйлд хянагдах тусмаа зугтах хүсэл төрдөг.

-Өөртөө итгэлгүй байх тусам хүн ямар нэг зүйлийг хянах гэж оролддог гэж сонссон

-“Гэнэн хүн гэгээрдэг” гэж ярьдаг. Гэнэн хүн амархан итгэдэг байх нь л дээ. Хүмүүс гэнэн гэхээр  л тэнэг гээд ойлгочихдог. Гэтэл муу санаатай хүн хичнээн бясалгал хийлээ ч гэгээрэлд хүрэх нь удаан байдаг. Тэгэхээр гэнэн гэдэг бол тэнэг гэсэн үг биш юм. Хорвоо дээр муу гэхээсээ илүү мунхаг хүмүүс ихэссэн. Дотоод хөгжлийн хувьд хэн ч биш хэрнээ өөрийгөө хамгийн агуу хүн гэж боддог хүмүүс олширсон байна.

Хүн болзолгүй их хайранд хүрэхэд итгэл үнэмшил зэрэгцэн оршиж байдаг.

Бид өнөөдөр дандаа доод түвшний карьер хөөж байна. Идэж уух, өмсөж зүүх, бие мах бодийн таашаалд хэт их автсан. Хүний амьдралд хэрэглээ байлгүй яахав. Гэхдээ бид үүнээс дээшээ бүтээгчийн түвшинд очих ёстой шүү дээ. Үр хүүхдээ тэнцвэртэй, ганхахгүй, амьдралд байр суурьтай, угаас байгаа зөв чанарыг нь илүү хүмүүнлэг, хүнд тустай, өөртөө тустай болгож чадах юм бол тэр аав, ээж бүтээгч юм. Уран бүтээлчид өөрсдийн дээд хүсэл, дээд бүтээлийг урлаж байхад бид нөгөө л нэг идэж уух, өмсөж зүүхээсээ давж сэтгэж чадахгүй байна. Үүнээс цааш ямар нэгэн зүйл байхгүй мэт сэтгэдэг. Маш сайхан уран зургийг бид л бүтээдэг шүү дээ. Үүнийг хараад хайр энэрэл, уярал буцална энэ бол бүтээгчийн чанар. Цалингаас цалингийн хооронд, идэж уух, өмсөж зүүхтэйгээ л байвал сайхан амьдарч байна гэж бодож байгаа ч нэг л зүйл болохгүй, нэг л зүйл дутуу санагддаг. Энэ нь дотоодод байгаа хүчээ зөв зарцуулж, зөв голдрилд нь оруулаагүй зүгээр л өдөр хоногийг аргацааж, цаг нөхцөөж байгаагийн шинж. Тиймээс бид “амьдрах” хэрэгтэй.

– Хайрыг далд ухамсартай холбож байна тиймээ. Өөрийгөө танина гэдэг нь ийм зүйлд дуртай, дургүй, ийм зүйл чадна чадахгүй гэдгийг мэдэхийг хэлээд байна уу эсвэл үүнээс гүн гүнзгий зүйл үү?

-Далд буй ухамсарлахуйн түвшин. Таны асууж байгаа ийм зүйлд дуртай, дургүй гэдэг бол тархины үйл ажиллагаа. Далд ухамсрын гэдэг бол зүрх сэтгэлийн үйл ажиллагаа. Далд ухамсраа сэрээснээр би хэн бэ, амьдралын утга учир юу вэ, юуны төлөө энэ хорвоод ирсэн бэ гэдэг тухай асуудал. Энэ бол гүн гүнзгий асуудал. Зүрхнээс гарч байгаа хүсэл тэрэнд дуртай, үүнд дуртай гэхээс илүү мэдрэмж дээр тулгуурладаг. Тйимээс бусдын төлөө гэсэн сэтгэл ундардаг. Тархнины үйл ажиллагаа бол ямар нэгэн зүйлийг өөртөө хэрхэн зарцуулах вэ гэсэн өөрийгөө тойрсон асуудал. Бидний дотор бусдын төлөө гэсэн сэтгэл ундарч байдаг. Бусдын төлөө ажиллаж, амьдарч байж баяр баясал, тааламж, таашаал хайр, энэрэхүйн мэдрэмж өсч байдаг. Тиймээс бурханлаг, жинхэнэ мөн чанар руугаа ойртож байдаг юм.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!