LOADING

Type to search

Мэдээ

Т.Ням-Очир: Нэг хаягт 3-4 айл бүртгүүлсэн нь сургуулийн ажилтнуудад, бусад эцэг эхчүүдэд ихээхэн төвөг учруулж байна

Share

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлж байна.

-И-Монголиа системээр 111542 мянган эцэг эх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт явуулсан. Тэднээс 1932 хүүхэд уламжлалт элсэлтэд хамрагдав. Эдгээр нь байгууллагын цэцэрлэгт хамрагдсан, ээж аав нь цэцэрлэгт ажилладаг хүүхдүүд юм.

Зарим хороонд хэт өндөр ачаалал үүссэн нь асуудал үүсгэж байна. Төвийн дүүргийн зарим хороонд хүүхдийн суудлын тоо хэтэрсэн. 130 цэцэрлэгийн байрыг түрээслэн, 130 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн ч зарим түрээслэгч замын дундаас шийдвэрээ өөрчилсөн.

Зарим цэцэрлэгийн засвар ирэх сард дуусна. Хамгийн сүүлд аравдугаар сарын 1 гэхэд засвар дуусна. Иймд тухай бүрд нь ээж аавуудад хэзээ цэцэрлэгтээ явж эхлэхийг мэдээлнэ. Иргэд хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Эцэг эхчүүд оршин суух хаягаа өөрчилж байгаа нь маш их хүндрэл учрууллаа. 21, 18, 3, 84-р сургуулийн бага ангийн сурагчид хэдхэн өдөрт гэнэт олноор нэмэгдсэн. Гэрт нь очоод шалгахаар хаалгаа тайлдаггүй. Нэг хаягт 3-4 айл бүртгүүлсэн нь сургуулийн ажилтнуудад, бусад эцэг эхчүүдэд ихээхэн төвөг учруулж байна. Хуурамч бүртгэл их байгаа тул хянахаас өөр аргагүй. Ээж, аав, хүүхэд гурван өөр хаягтай тохиолдол ч байна. Ийм иргэдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна.             

Нэг айлын хүүхдүүдийг өөр цэцэрлэгүүдэд бүртгэснийг элсэлтийн комисс засна. Бид бүх дүүргийн хувийн цэцэрлэгээс судалгаа авч, цэцэрлэг бүр хэдэн хүүхэд авах вэ гэсний дагуу хүүхдүүдийг хуваарилсан. Хувийн цэцэрлэгүүдэд хоолны мөнгө, хувьсах зардал олгоно. Инфляцын улмаас зарим хувийн цэцэрлэг төлбөрөө нэмсэн. Энэ асуудлыг тухайн цэцэрлэг эцэг эхчүүдтэй тохиролцоно. Зөрүү төлбөрийг эцэг эх төлж чадахгүй гэвэл бид тухайн газарт түрээсийн цэцэрлэг нэмж байгуулах ажлыг үргэлжлүүлнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж байна. Тухайн хүүхдийн бэрхшээлээс хамаарч тусгай цэцэрлэгт хуваарилах боломж бий.

Нэг ангид 40-өөс олон хүүхэд сурахгүй. Хариу мессеж ирээгүй бол та 11-11 дугаарын утсаар болон Боловсролын мэдээллийн төвийн утсаар лавлаарай. Ямар шалтгаанаар хариу ирээгүйг хэлнэ. Мөн parent.edu.mn цахим хуудаснаас шалгаж болно. Эцэг эхчүүд хүүхдээ биеэр буюу цэцэрлэгт өөрөө очиж бүртгүүлсэн бол мессеж ирэхгүй. Мөн хүсэлтээ олон удаа илээсэн, регистрийн дугаар зөрсөн бол мессеж очоогүй.      

2-5 насны 150 мянган хүүхэд бий. Аль болох бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах бодлого баримтална. Өмнө нь цэцэрлэгийн хүртээмждээ тааруулан, сугалаа явуулдаг байсан бол цаашид түрээсийн цэцэрлэгүүд бий болно.  

Хан-Уул дүүргийн 130-р бага сургуулийг цэцэрлэг болгон тохижуулж байна. Өмнө нь нэг талд нь бага сургууль, нөгөө талд нь цэцэрлэг ажиллаж байв. 218-р цэцэрлэгийн дэргэд гурван салбар ажиллахаар төлөвлөсөн ч нэг цэцэрлэг байраа түрээслүүлэхгүй гэсэн. Иймд нэмэлт тохируулга хийж байна. Ирэх сарын 10-нд нийт хэдэн хувь нь суудлаа баталгаажуулсан нь тодорхой болно. Энэ үед аль байршилд сул зай байгаа нь ил болж, хүүхдүүдийг хуваарилна. Сул зай руу хүүхдийг хуваарилах ажил аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!