LOADING

Type to search

ТҮҮХ

Баатар цагаан хааны тухай үнэн түүх

Share

Хорьдугаар зууны эхээр монголын ард түмэн оросын Николай хааныг “Баатар цагаан хаан” хэмээн хүндэтгэн ярьдаг байсан гэдэг. 1917 оны улаан хувьсгалын дараа орос зөвлөлтийн ард түмэн Николай хааныг “цуст хаан, муу хаан, харгис хаан” хэмээн эзэн хаанаа элдвээр гүтгэн хараан зүхдэг болсон. Монголчууд ч гэсэн улаан хувьсгалын дараа оросын хаан бүү хэл, монголын хаадаа муучилдаг болсон. Энэ бол улаантны худал  ухуулгын хорт уршиг юм. Үнэн түүхийг өгүүлье.

Монголын 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнд Оросын эзэнт улсын тусламж чухал үүрэг гүйцэтгэж байсныг эдүгээ хэн ч дурсахаа байжээ.Богд хаан Оросын эзэн хаан Николайд  зээл, тусламж хүссэн захидал удаа дараа илгээж Оросын эзэнт улсаас олгосон зээл тусламж, зэр зэвсэг, цэргийн зөвлөхийн тусламжаар монголын Богд хаант төрийн цэрэг   бага хугацаанд хүчирхэг болж хятадын гамин цэрэгтэй байлдах чадвартай болсон байдаг.Оросын эзэн хаан 1911-1916 оны хооронд монголын цэргийг хүчирхэг болоход их тусламж үзүүлж байжээ. Энэхүү өгөөмөр тусламжийг монголчууд бид мартах учиргүй. 

Оросын эзэнт улсын хаан, Польшийн хаан, Финландын их ноён Николай Александрович Романов 1868 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэндэлжээ.Николай бол Оросын эзэн хаан гуравдугаар Александрын ууган хөвгүүн юм. Ер нь оросын хаадуудын удам бол англи, германий хаадын удамтай ах дүүгийн холбоотой байдаг. Николайг бага насанд нь түүний нагац ах, англи үндэстэн Карл Хис, генерал Данилович нар гэрийн багш нь байжээ.Николай гимназийг төгсөөд 1885-1890 онд Их Сургуулийн эдийн засаг,хуулийн ангийг төгсчээ. Нийт 13 жил суралцжээ.

Гимназид сурч байхдаа улс төрийн түүх, оросын утга зохиол, англи,франц,немец хэл заалгаж дараагийн 5жилд хууль, эдийн засаг, цэргийн шинжлэх ухааныг заалгажээ.Дараа нь цэргийн их сургууль төгсөж хурандаа цол авав. Николайг төрийн албанд сургаж туршлагатай болгохын тулд 1882 онд 24 настайд нь Транссибирийн төмөр замыг байгуулах Хорооны даргаар томилж байв. Дараа нь Николай гадаадаар аялав.

Тэр бээр Австри,Унгар, Грек, Египет, Энэтхэг, Хятад, Японоор аялж Владивосток, Сибирээр дамжиж Санк Петербургт буцан ирж байв.Энэхүү аялалынхаа тухай сайхан тэмдэглэл бичсэн байдаг. Японд аялж байхад нь түүний амь насанд халджээ. Түүний тэр үеийн цусан толботой цамц одоо болтол Эрмитажийн музейд хадгалагдаж байдаг.

Залуу эзэн хаан Николай ямар зан ааштай хүн байсныг тэр үеийн хүмүүс дурссан байдаг. Барон авхай С.Буксгавдем дурдатгалдаа:” Николай хаан бол хүнтэй харьцахдаа их энгийн, нэр төрөө ихэд эрхэмлэдэг,  их хүнлэг, эелдэг зөөлөн зантай, үүргээ биелүүлэхдээ ихэд хичээнгүй, энгийн хүмүүс, ялангуяа тариачин хүмүүст их сайн ханддаг, луйвар, хууран мэхлэлтэнд их дургүй,  хуурамч аргаар мөнгө олох явдлыг үл тэвчдэг, шулуун шударга хүн байсан” хэмээн бичжээ.

Николай эцэг хаан нь нас барсны дараа 1894 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Оросын эзэнт улсын хаан ширээнд заларч тангарагаа өргөсөн ажээ.Николай хаан хэдхэн өдрийн дараа 11-р сарын 14-ний өдөр Александра Фёдоровнатай гэр бүл болж Өвлийн ордны сүмд ёслол хийжээ.

Николай хаан удалгүй өрнөд европын улсуудаар айлчилж гадаад харилцааны ажлаа цэгцлэв.Дараа нь улсынхаа эдийн засгийн хүч чадлыг дээшлүүлэх бодлого явуулж эхлэв. Тэр үед 1897 оны хүн амын тооллогоор Оросын хүн ам 125 сая /одоо 118 жилийн дараа оросын хүн ам дөнгөж 140 сая байгаа нь хорьдугаар зуунд улаантнууд ямар олон орос хүнээ хөнөөсөн нь харагдаж байна, хэрэв улаантнууд аллага явуулаагүй бол,улаан хувьсгал оросод гараагүй бол хүн ам нь өдийд 360 сая байх байжээ/ үүнээс 84 сая нь орос хэлтэн, бичиг үсэгтэй нь 21 хувь, 10-19 настан 34 хувь байжээ.

Николай хаан удалгүй Орос оронд мөнгөний шинэчлэл хийж алтан рублийн стандарт тогтоов.Николай хаан улсынхаа үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг ихэд анхаарав. 1897 онд ажилчдын ажлын цагийг богиносгов.100 дээш ажилчидтай үйлдвэр дээр үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хааны зарлиг гаргав.

Энэ зарлигт тэр үеийн бүх үйлдвэрийн ажилчдын 70 хувь нь хамрагдав. 1903 онд үйлдвэр дээр үйлдвэрлэлийн осолд орсон ажилчдад нөхөн олговор олго журмыг гаргав.Ингэснээр оросын ажилчид үндсэн цалингийнхаа 66 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломжтой болов.Эзэн хаан Николай 1900 онд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг Сибирьт цөлдөг ял шийтгэлийг хүчингүй болгов.

Ийнхүү эзэн хаан Николай улс орондоо эдийн засгийн уян хатан зөв бодлого явуулсны үр дүнд Орос улсын эдийн засгийн өсөлт эрс нэмэгдэж 1885-1913 онуудад аж үйлдвэрийн өсөлт жил бүр 4.5-4.8 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт жил бүр 2 хувь өсөж байв. Донбассын нүүрс олборлолт 1894 онд 4.8 сая тонн байсан бол 1913 онд 24 сая тонн болж өсчээ.Баку, Грозный, Эмбед нефть олборлолт нэмэгдэв.Орос оронд төмөр замын бүтээн байгуулалт 1898 онд 44 000 км байсан бол 1913 онд 70 000 км урт төмөр замтай болов.Ийнхүү Орос улс 1913 онд европ тивд хамгийн урт төмөр замтай болов.

Николай хаан санаачилж Гаагийн олон улсын энхтайвны бага хурлыг анх удаа хуралдуулж улсууд зэвсэг хэрэглэхээс татгалзаж асуудлаа энхтайвны аргаар зохицуулах эхлэлийг тавив. Эдүгээ хүртэл энэ хурал үйл ажиллагаагаа явуулдаг.Гаагийн байнгын арбитрын шүүх байгуулагдаж одоо хүртэл ажиллаж байна.

Николай хаан 1900 онд бусад европын улсуудын хамт хятадын Иххэтуаны бослогыг даруулахаар цэрэг илгээв.Орос улс улам хүчирхэгчиж дорнод хятадын төмөр замыг байгуулж Порт Артурт тэнгисийн цэргийн бааз байгуулав.Оросын энэхүү дорнод хятад руу хийсэн түрэлт нь Японы Манжуур дахь эрх ашигтай зөрчилдаж эхлэв.

1904 онд Япон улс Орос улстай хийж байсан хэлэлцээрээ зогсоож, Петербург дахь Элчин сайдаа татав.1904 оны 1-р сарын 27-ны өдөр Японы тэнгисийн цэргийн флот Порт Артур дахь оросын тэнгийсийн цэргийн эскадроныг довтлов. Николай хаан тэр өдөр Японд дайн зарлав. Ийнхүү орос японы дайн эхэлж Ялу голын тулалдаан, Ляоны тулалдаан, Шахэ мөрний тулалдаанд оросын цэрэг ялагдаж,  1905 оны 3-р сард оросын цэрэг Мүгдэн хотоос ухарлаа.

Порт  Артур  Японд бууж өгөв. 1905 оны 5-р сард Цусимын далайн тулалдаанд японы тэнгисийн цэргийн флот оросын усан флотыг бутцохиж  ялалт байгуулав. Ялагдсан Орос орон энэ дайны дараа Солонгос дахь Японы нөлөөг зөвшөөрч, Өмнөд Сахалин, Ляодуны хойг, Порт Артур, Дальный хотуудыг Японд өгөхөөр болж гэрээнд гарын үсэг зурав.1905 оны 1-р сарын 9-ний өдөр Петербург хотод саваартан Георгий Гапоны санаачлагаар ажилчдын жагсаал болж 150 000 хүн цугларчээ.Жагсагчид Өвлийн ордон руу явж ажилчдын зарим гачигдлыг шийдвэрлэх, түшмэдийн засаглалыг устгах, ардын төлөөлөгчдийг зохион байгуулах хурилдайд оруулах гэсэн хэд хэдэн шаардлага тавьжээ.

Николай хаан жагсагчдыг буудах тушаал огт өгөөгүй байжээ.Гэтэл Дотоод хэргийн сайд П.Святополк-Мирский буудах тушаал өгсөн нь маш том алдаа байв.Цэргүүд жагсагчдын зүг гал нээснээс болж 130 хүн үхэж, 300 хүн шархаджээ.Энэ харамсалтай явдал тэр үеийн оросын улс төрийн бүх хүчнүүд хааны эсрэг уур амьсгалтай болох гол шалтгаан болов.Үймээн тарьсан санваартан Гапон энэ явдлын дараа ”Цуст Ням гаригт алагдсан ахан дүүс нарынхаа өшөөг хараалт хаан, түүний хорлолт удам, сайдууд, оросын дээрэмчдээс авцгаая.

Тэдэнд үхэл” хэмээн хэвлэлд бичиж байв.Орос оронд терроризм-алан хядлага ийнхүү эхэллээ.1904 онд Дотоод Хэргийн сайд В.Плеве  эсерчүүдийн халдлаганд өртөж амь насаа алдлаа.1905 оны 2-р сард их ноён Сергей Александрович Москвагийн Кремльд тавьсан бөмбөгөнд өртөж амь насаа алдлаа.Улс даяар үймээн самуун,зэвсэгт бослого, аллага гарч байв.

Англи,Японоос оросын хувьсгалчид их хэмжээний зэвсэг,мөнгө авч хааны эсрэг тэмцэж эхлэв.1905 онд английн “Жон Графтон” усан онгоцноос оросын хувьсгалчдад зориулсан их хэмжээний олон мянган винтов буу, сум  олджээ. Хэдхэн жилийн дотор хувьсгалчид олон мянган төрийн албан хаагчдыг хөнөөв. 1906 онд 768 түшмэл алагдаж, 820 төрийн албан хаагчид шархдав. Николай хаан 1906 оны 8-р сард Төрийн Дума байгуулах зарлиг гаргаж сонгуулийн тухай хууль гаргалаа.Орос орон ийнхүү парламенттай болов.

1905 оны сүүлд оросын 2.0 сая ажилчин ажил хаяжээ. Николай энэ үед тунхаглал гаргаж түүнд оросын иргэн бүр халдашгүй өмчтэй байх, үг хэлэх,цуглаан жагсаал хий, холбоо байгуулах эрхтэй, Төрийн Дума хууль гаргах эрхтэй хэмээн тунхаглав. Оросын иргэд ардчиллын эрхийг эдлэх эрхтэй болов.1907 онд Орос улс Их Британи болон Францтай Антантын гэрээ байгуулав. Оросын эзэнт улс Перс, Финландад нөлөөгөө улам бэхжүүлэв.1912 онд Оросын нөлөөнд Монгол улс оров./

Оросын түүхчид энэ үеэс  Монгол улсыг Оросын эзэнт улсын  харьяанд орж эхэлсэн гэж үздэг юм билээ/.1912-1913 онуудад Монголын Урианхай хязгаарын амбан ноён Гомбодорж, Хамба лам Чанзаа, хошуу ноён Буянбадрах нар Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орохыг гуйчилж эзэн хаанд захидал ирүүлж байв хэмээн оросын түүхийн архивт бичигджээ.

Оросын эзэн хаан болон Оросын Засгийн газар тэр үед Монголд хэрхэн тусалж байсныг товч дурдая. Монголчууд тэр үед Манж Чин улсын нөлөөн дор 300 жил шахам оршиж байхдаа төрийн бүх ажлаа манж нарт даатгачихаад Их эзэн  Чингис хааны цогцлоосон цэргийн эрдмээ мартчихсан, нум сумаараа ч бараг байлдаж  чадахаа байчихсан хүмүүс байсан аж. Богд хааны удирдсан тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн 1911 оны 12-р сард амжилтанд хүрч Богд хаант төрийн өмнө цэрэг армиа бэхжүүлэх  зорилго тулгарсан.

Богд хаан Оросын эзэн хаан Николайд удаа дараа албан захидал бичиж төлөөлөгчөө илгээж байв.1912 оны 4 дүгээр сард монголын хүсэлтийн дагуу Оросын Засгийн газар монголын армийг байгуулахад нь зориулж 100 000 рублийн зээлийг 10 жилийн хугацаатай олгов.Энэхүү зээлийн ачаар 1912 онд монголын нийслэлд Хужирбуланд монгол цэргийн бага дарга нарыг бэлтгэх цэргийн сургууль нээж орос сургагч нар монголчуудад орчин үеийн цэргийн эрдэм заав. Энэхүү Хужирбуланд Сэцэн хан аймгаас цэрэгт татагдсан Сүх, Тогтох мэтийн залуус  хаант орос цэргийн сургагч нараар цэргийн эрдэм заалган боловсорч Богд хаант төрийн монгол цэргийн бага дарга болцгоож байв.

1912 оны 12-р сард Богд хаант Монгол улсын Гадаад  Явдлын сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Петербург хотод очиж Оросын эзэн хаан Николайд бараалхаж цэрэг зэвсгийн тусламж олгох хүсэлт тавьжээ. Оросын эзэн хаан Николай монголчуудын хүсэлтийг ёсоор болгож Монгол улсад 2 000 000 целковын зээл олгов.Тэр үед 1 целков 7.2 цэнтэй тэнцэж байв. Мөн  монгол цэргийг сургахад зориулж орос цэргийн 17 офицер, 42 бага даргыг томилж монголын шинэ цэргийн корпус байгуулахад 35 түмэн целков олгов.

1913 оны 1дүгээр сард Монгол улсад 200 түмэн целковыг 20 жилийн хугацаатай олгож 5 их буу, 10 пулемёт, олон зуун бусад зэвсэг өгчээ.  Монгол цэргийг орчин үеийн цэргийн эрдэмд сургахад хаант Орос улсын офицер Шушминович, Е.Лопаткин, П.Толпыгин, И.Валов нар их хувь нэмэр оруулав. Монгол улсын сайд Т.Намнасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 1913 оны өвөл Орос улсад хүсэлт тавьж 3.0 сая рублийг  30 жилийн хугацаатай авчээ. Оросын эзэн хаант  улсаас өгсөн энэ  бүх зээл тусламж Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо бэхжүүлэх, монгол цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд үлэмж тус болсон доо. 

Даанч монголчууд эдгээр зээл тусламжийг үр дүнд хүргэж чадаагүй.1919 онд Хятадын гоминданы цэргүүд нийслэл Хүрээнд орж Богд хааныг гэрийн хорионд хийж монгол цэргүүд оросуудын өгсөн хамаг буу, зэр зэвсэгээ гамингуудад гутамшигтайгаар хураалгаж гар мухар болцгоосон. 1919 онд зэвсгээ хураалгасан гар мухар монголчуудад нэг удаа азын тэнгэр ивээсэн. Барон Унгерн фон Штернберг мянга шахам цэргээ дагуулан ирж Богд хаант төрийг эргүүлэн тогтоох зорилгоор 1921 оны 2-р сараас 5-р сар хүртэл монголын бүх нутгийг хятадын гаминдоны цэргээс бүрэн чөлөөлөөд хүлээлгэж өгсөн. Гэтэл Сүх, Чойбалсан хоёр гуравхан сарын дараа олон арван мянган улаан оросын  цэргүүдийг дагуулан Монгол нутгийг түрэмгийлэн  эзэлж, Богд хааны цэрэг болон Барон жанжны цэргийг хөнөөж, Богд хаант төрийг устгаад оронд нь улаан оросын загвараар хувьсгалт харгис засаг тогтоож, улс орноо  цусан далайд живүүлсэн дээ. Хайран эх орон.

1910- аад оны үед Оросын эзэнт улс Балканд нөлөөгөө бэхжүүлж Болгар зэрэг улсуудад Туркийн эсрэг тэмцэхэд нь тусалж байв. Энэ үед Туркэд Герман улс тусалж байв.Ийнхүү орос германий дайн эхлэх нөхцөл бүрдэв. 1913 онд Романовын удмын хаанчлалын 300 жилийн ой болов. Эзэн хаан 1902-1905 онуудад газрын шинэчлэл хийв. 1907 оноос Столипыний газрын шинэчлэл хийгдэв. Оросын төрөөс тариачид газартай болох, газар түрээслэхийг дэмжлээ.Тариаланчдын банк тариачдад зээл олгож эхлэв.

Ийнхүү оросын нийтийн газрын 20.0 хувийг тариачдад олгожээ. Оросод хөдөө аж ахуй газар тариалан хурдан хөгжиж овьёос тариалалтаар дэлхийд 1 дүгээр байр, үр тариагаар 3-р байрт, төмс тариалалтаар 4 дүгээр байрт орж байв. Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн гол экспортлогч орон болж дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тавны хоёрыг гаргаж байв.1905-1908 онуудад цэргийн шинэчлэл хийж цэргийн хүнс, хувцасны хангалт сайжрав.1909-1912 онуудад армийн корпусыг 37 болгож, тагнуул, артиллери, инженер, төмөр замын цэрэгтэй болж, холбоо, пулемёт, агаарын отрядыг байгуулав. 1914 оны 8-р сард Герман Орост дайн зарлав.

Орос улс Герман, Австри,У нгар  улсад дайн зарлав.1914 оны 10-р сард Орос улс Туркэд дайн зарлав. Энэ дайн эцсийн эцэст Орос орныг сүйрүүлэв.Николай хаан оросын армийн дээд удирдагчаар их ноён Николай Николаевичийг томилов. 1915 оны 6-р сараас оросын фронтын байдал хүндэрч Перемышийг алдаж, 6-р сарын сүүлчээр Льюовыг алдлаа, 7-р сард Варшав хот, улмаар бүх Польшийг алдав, дараа нь Литваг алдав.1915 оны эхээр фронтод байлдааны зэвсэг сум дутагдаж эхлэв.

Николай хаан энэ байдалд дүгнэлт хийж цэргийн үйлдвэржилтийг эрчимжүүлэв.Эзэн хаан дахин цэргийн дайчилгаа явуулав.Фронтын байдал дахин хүндэрлээ.Германий арми Варшавыг эзлээд Брестийг дэлбэлээд баруун Двинд хүрч ирэв.Энэ хүнд үед эзэн хаан их ноёныг огцруулж өөрөө цэргийн дээд удирдлагыг гартаа авлаа.1915 оны 8-р сарын 23 ны өдөр эзэн хаан Николай цэргийн дээд удирдагч болов.Эзэн хаан хэд хэдэн чухад шийдвэр гаргаж фронтод амжилт олов.

9-р сарын 8-ны өдөр германхий армийг бутцохиж германий цэргийн довтолгоог зогсоов. Оросын арми сөрөг довтолгоо хийлээ.Орос улсын цэргийн үйлдвэрүүд сайн ажиллаж 1917 оны хавар гэхэд оросын шинэ армиуд байгуулагдаж оросын цэргүүд байлдааны шинэ зэвсэг, буу сумаар бүрэн хангагдав. 1916 оны намар Орос улс дахин цэрэг татлага явуулж 13 сая цэргийг бүрэн зэвсэглэв.

Орос улс дэлхийн нэгдүгээр дайнд 2 сая цэргээ алджээ. Дайнаас болж оросын эдийн засаг улам доройтов. Хүмүүс дайнаас залхаж эхлэв. Дайны үед эсрэг талууд болох Герман, Япон улсын тагнуулууд оросын ард түмнийг эзэн  хааных нь эсрэг үймээн самуунд турхирч, Орос орны төр засгийг сулруулж байв. 1917 оны 2-р сард Петроградад ажил хаялт болж Петроградын цэргийн гарнизон бослого гаргав.

1917 оны 2-р сард орост хувьсгал гарч 200 000 ажилчин ажил хаяв.1917 оны 2-р сарын 26- нд эзэн хаанд цахилгаан ирж “Нийслэлд эмх замбараагүй байдал үүслээ.Гудамжинд буудалцаан болж байна.Цэргийн ангиуд бие биентэйгээ буудалцаж байна. Иймд итгэл хүлээж чадах хүнээр нэн яаралтай шинэ засгийн газар байгуулах хэрэгтэй байна” гэжээ. Эзэн хаан Николай энэхүү цахилгааныг үл ойшоож “Дэмий зүйл бичсэн байна.Би хариу өгөхгүй” хэмээн маш том алдаа гаргажээ.

Хэрэв эзэн хаан улс орныхоо бодит байдлыг зөв үнэлж чадсан бол нэн даруй онц байдал тогтоож улаан хувьсгал гарахаас урьдчилан сэргийлж болох байлаа. Эзэн хааныг эргэлзэж байх зуур 1917 оны  2-р сарын 27-ны өдөр Петроградын гарнизон эзэн хаанаас урваж хувьсгалчдын талд оржээ. 2-р сарын 28-ны өдөр гэхэд Петроградын бараг бүх цэргийн анги нэгтгэлүүд эзэн хаанаас урваж хувьсгалчдын талд оржээ. 3-р сарын 2-нд оросын цэргийн бүх генералууд Николай хааныг хаан ширээнээсээ буухыг ятгажээ. Өөрийнх нь генералууд урваж эхлэхэд эзэн хаан ямар ч хариу арга хэмжээ авч чадсангүй. Николай хаан 1917 оны 3-р сарын 2-нд хаан ширээнээсээ буухыг зөвшөөрөв.

Энэ бол том алдаа байв. Николай хаан  Петр хаан шиг улс орон нь хүнд үед санаачлагыг гартаа авч, төр улсаасаа урвасан  урвагчдыг цаазалж, хуулийг чангатгаж, дэг журмыг улс даяар тогтоох хэрэгтэй байлаа. Үүний дараа  Үндсэн хуульт хаант засаглалыг Орост  тогтоож чадсан бол онох байлаа.Гэвч түүхийн хүрд өөрөөр эргэв.

1917 оны 3-р сарын 9 –ны өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдөр  хүртэл Оросын Түр засгийн газар эзэн хаан Николайг гэр бүлийнх нь хамт баривчилж хааны тосгонд Александрын ордонд гэрийн хорионд хорьж байв.Энэ бол тун мулгуу тэнэг хэрэг байлаа.Түр засгийн газар цаг үеэ зөв үнэлж, зөв шийдвэр гаргаж чадахгүй байлаа.Түр засгийн газрын дайсан бол эзэн хаан биш, харин большевикууд байсан юм. Түр засгийн газрын тэргүүн Керенский эзэн хаантай хамтран ажиллаж улс орондоо хууль ёс, дэг журам тогтоох ёстой байлаа.

Гэвч Керенский юу ч хийж чадсангүй. Тэр үеийн Оросын түр Засгийн газрын сайд  П.Милюков эзэн хаан болон түүний гэр бүлийг Британи улсад явуулж Английн хаан Георгийн халамжинд өгье гэсэн зөв шийдвэр гаргасан боловч ах дүүгээ ад үзсэн английн хаан Георг  энэ саналыг огт зөвшөөрөөгүй аж. Удалгүй эзэн хааны гэр бүлийг Тобольск хотод шилжүүлэв. 

Дараа нь 1918 оны 4-р сард Эзэн хааны гэр бүлийг Екатеринбург хотод большевикуудын гарт шилжүүлэв. Энэ бол  эзэн хаанаа үхэл рүү түлхсэн буруу шийдвэр байлаа. Оросын олон нийт энэ хүнд үед оросын бүх ялагдал доройтол бүхнийг зөвхөн ганц эзэн хаанд тохож  түүнийг буруутгаж байв.1918 оны 7-р сард Екатеринбург хотод Уралын ажилчин тариачны зөвлөлийн большевикууд хуралдаж эзэн хааныг хөнөөх харгис шийдвэр гаргав.

1918 оны 7-р сарын 16-наас 17 нд шилжих шөнийн 01 цагт Уралын большевик комиссар Я.Юровскийн ахалсан арваад зэвсэглэсэн улаан цэргүүд ачааны машинтай ирж Эзэн хаан Николай,түүний гэргий  Александра Федоровна, тэдний дөнгөж насанд хүрсэн охин Ольга,Татьяана, Мария, насанд хүрээгүй  охин Анастасия, арав гаруйхан настай бие нь хүнд өвчтэй байсан  хөвгүүн Алексей нарыг байшингийн дорхи хонгилд аваачиж зогсоогоод Я.Юровский эзэн хаан Николай руу хандаж “Таны нөхөд Екатеринбург хот руу давшиж байна. Иймд бид таныг цаазаар авах болно” гээд шууд буудаж эхэлжээ.Улаан цэргүүд бүгд гал нээж буудлаа.

Хамгийн бага охин Анастасия, хүү Алексей нь буудуулсан ч үхээгүй байсан тул харгис улаан цэргүүд  амьд байсан хоёр хүүхдийг бууны жадаар сүлбэж хөнөөжээ.Хааны гэрийн хоёр жижиг нохой эзнээ  өмөөрч хуцаад байсан тул хоёр нохойг ч улаан цэргүүд буудан хөнөөв. Энд мөн хааны гэр бүлийн эмч доктор Боткин, зарц Трупп, туслах бүсгүй Демидова,тогооч Харитонов нарыг улаан цэргүүд буудан хороожээ.

Дараа нь улаан цэргүүд хааны болон түүний гэр бүлийн цогцсыг  ачааны машин дээр ачиж хотоос холгүй орших уурхайн нүхэнд шиджээ. Уралын большевик дарга нар дахин хуралдаж “Хааны гэр бүлийн цогцсыг бүрмөсөн устгаагүй байна. Дахин явж бүрмөсөн устга” гэсэн үүрэг өгөв. Улаантнууд дахин эргэн ирж цогцосуудыг нүхнээс гаргаж бүгдийг нь шатааж,  дараа нь хүчтэй кислота цацаж нүх ухаж булав. Хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч гарч байгаагүй энэхүү аймшигт гэмт хэрэг ингэж төгсөв.

Эзэн хааныг аврах ёстой байсан цагаантны арми болон чехословакийн корпус 8 өдрийн дараа 1918 оны 7-р сарын 25-ны өдөр Екатеринбург хотыг улаантан большевикуудаас чөлөөлжээ. Тэд эзэн хааныг чөлөөлөх тусгай отряд байгуулж эртнээс эзэн  хаанаа аврах нууц шуурхай ажиллагааг явуулж чадсангүй.  Тэд хожимдсон байлаа.

Большевикууд Орос оронд засгийн эрхийг хууль бусаар зэвсгийн хүчээр авсны дараа Эзэн хааны ураг төрлийг хайр найргүй хөнөөж  байлаа. Их ноён Михайл Александровичийг Пермид 1918 оны 6-р сарын 12 -ны шөнө большевикууд буудан хөнөөв. Алапаевск хотод большевикууд Их ноён Сергей Михайловичийг сүхээр толгой руу нь чавчиж хөнөөв. Их ноён Игорь Константинович болон  Полейг уурхайн гүн нүх рүү амьдаар нь шидэж тэд агааргүй, усгүйгээс болж хэдэн өдрийн дараа үхэцгээв.

Вологда хотод их ноён Николай Михайлович, Георгий Михайлович, Дмитрий Константинович, Павел Александрович, Гаврийл Константинович нарыг 1919 оны 1-р сарын 24-ний өдөр большевикууд ямар ч шүүхгүйгээр шууд буудан хөнөөв. Ийнхүү большевикуудын эхлүүлсэн 1917-1922 оны иргэний дайнд Орос оронд 13 сая хүн амь үрэгдэж,  7 сая золбин хүүхэдтэй болов. 2 сая хүн улаантны харгислалаас зугтаж гадаадад дүрвэв. Улаантны аллага эхлэхээс 7 жилийн өмнө 1910 онд Распутины хаанд бичсэн  “Эзэн хаан таны ойр дотны албатууд урваж эхэлвэл оросын ард түмэн таныг эргээд нохой мэт хэмлэх болно”хэмээсэн анхааруулга захидал биелэлээ ийнхүү олжээ.

Эзэн хаанаа энхрий бяцхан үрсийх нь хамт харгисаар хөнөөсөн улаантан большевикуудын хар балгаар Орос орон үйлийн үр, нүглийн  хүлээсэнд шигдэж, зовлонгийн далайд умбав. Хааны  болон Үнэн алдартны шашны эсрэг улаантны үзэл нь бүр солиорлын түвшинд хүрч байлаа.Хааны удмыг устгавал хачин сайхан амьдрах юм гэнэ.Шашнаа устгавал гэгээрч ёс зүйтэй болох  юм гэнэ. 

Орос эх орноо хорьдугаар зууны зааг дээр хөгжүүлж, хүн амыг нь 125 саяд хүргэж, аж үйлдвэрийн өсөлтийг жил бүр 5.0 шахам хувьд хүргэж, төмөр замыг 70 000 км –т хүргэж, цэргийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн хүчирхэг армитай болгож, газар нутгаа тэлж, орос тариачдыг газартай болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дэлхийн тавны хоёр хувийг хангаж,  улсынхаа төлөө бүх насаараа зүтгэсэн эзэн хаан Николайн гавьяа зүтгэлийг оросын ард түмэн шударгаар үнэлэх цаг болжээ.

Оросын эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн, хаант төр засгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцсэн  оросын эрэлхэг офицер, цэргүүдийг  оросын ард түмэн уг нь мартах ёсгүй сэн. Тэдгээр офицер, цэргүүд  “За Веру, за Царя, за Отечеству”-“Эх орон,Эзэн хаан, Итгэл сүсгийнхээ төлөө” гэсэн өргөсөн тангарагтаа эцсээ хүртэл үнэнч зүтгэсэн байдаг.Харамсалтай нь оросын шинэ үе өдгөө хүртэл тэрхүү уламжлалт хаант ёсны агуу түүхээ үгүйсгэсээр байна. 

Улаан хувьсгалчдын хорт мунхруулганд автсан оросын ард түмэн эзэн хаанаа гүтгэн доромжилж, хамаг бурууг хаандаа тохож үзэн ядаж байлаа.Николай  хааныхаа үхлийн эмгэнэлт мэдээг сонсоод оросын ард түмэн ихэнхи нь баярлаж байсан гэдэг. Эзэн хаанаа хөнөөсөн ард түмэн эргээд өөрсдийгөө хэмлэдэг ажээ. Хорьдугаар зуунд  улаантан хувьсгалчдын  харгис дэглэмд дарангуйлагдсан оросын ард түмэн  хэдэн саяараа хайр найргүй хөнөөгдөж, олон сая хүн шоронд тарчлан зовж байлаа.

117 жилийн өмнө оросын хүн ам 125 сая байсан бол  эдүгээ  хориннэгдүгээр зуунд хүн ам нь 146 сая байгаа нь Орост ямар олон сая хүн  өнгөрсөн зуунд үхэж үрэгдснийг харуулж байна. Орос орон дэлхийн хоёрдугаар дайнд 50 сая хүнээ алджээ. Улаантны хэлмэгдүүлэлт аллагад  24 сая хүнээ алджээ. Эдүгээ энхийн цагт Орост нэг жилд гэмт хэргийн халдлагаас болж 40.0 гаруй мянган хүн амь насаа алдаж, 50.0 шахам мянган хүн хүнд гэмтдэг ажээ. 

Хорьдугаар зуунд Оросын ард түмэнд өндөр хөгжилтэй ардчилсан улс болох боломж байсан. Орос орон Их Британи мэт  Үндсэн хуульт хаант засаглалтай  өрнөдийн өндөр хөгжилтэй ардчилсан улс болох боломж байсан. Гэвч оросын ард түмэн  улаантан большевикуудын хувьсгал, иргэний дайн, эх орны дайн, афган чечений дайн, украины дайн гэмт хэрэг,мафи, эцэс төгсгөлгүй зэвсэгт мөргөлдөөн, улс төр,эдийн засгийн хямрал гээд өүүхэн төдий ч амар заяа үзсэнгүй,бие биенээн хэмлэж хөнөөсөөр өдий хүрэв.  Хаанаа хөнөөсөн ард түмэн юутай шившиг, хамгийг сүйтгэгч хувьсгалчид юутай гутамшиг. Хайран ард түмэн. Хайран цаг. Эдүгээ Орос орон хориннэгдүгээр зуунд хамгийн том газар нутагтай,байгалийн их баялагтай, цэргийн хүчирхэг гүрэн хэвээр орж байна. Орос орон хөгжиж байна.

Орос орон эзэн хаадынхаа ухаан, зүтгэлээр хүчирхэг том эзэнт улс болсон юм шүү. Хэзээ нэгэн цагт оросын ард түмэн Эзэн хаадынхаа үнэн түүхийг тогтоож өнгөрсөн түүх,  уламжлалаараа бахархах цаг ирэх буй за. 

Доржийн Сүхбаатар   

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!