LOADING

Type to search

Uncategorized

Мэргэжлээс шалтгаалсан өвчний 53.8 хувийг тоосны шалтгаант эмгэг эзэлж байна

Share

Өнөөдрийн манай зочиноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн (ХАБЭМТ) хөдөлмөрийн эрүүл ахуйч Х.Хэрлэн ажлын байран дахь тоос тоосонцор болон түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр оролцож байна.

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэеАжлын байран дахь сөрөг хүчин зүйл болоод тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйл гэдэгт ажлын байран дахь хими, физик, биологи, эргономик болон сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлүүдийг хамруулан ойлгож болно. Энэхүү сөрөг хүчин зүйлүүдийн нэг нь тоос, тоосонцор юм. Тоосонцор гэдэгт 0.001-100 мкм хэмжээтэй агаарт тархсан шингэн болон хатуу хэсгүүдийг нийтэд нь хамруулан ойлгодог бол тоос гэдэг нь бүхэл материалыг бутлах, үрэх, нунтаглах зэрэг механик хүчний үйлчлэлийн үр дүнд үүссэн 0.5 мкм-ээс том хэмжээтэй хатуу тоосонцоруудыг хэлдэг. 100 мкм гэдэг нь 0.1 мм-тэй тэнцдэг гэхээр бидний нүдэнд харагдахгүй маш жижиг хэмжээтэй тоосонцороор  амьсгалж, түүний нөлөөлөлд ажлын байранд өртөж байна гэсэн үг юм. Тоос тоосонцорыг хэлбэр хэмжээ, найрлага, шинж чанар, гарал үүслээс нь хамаарч хэд хэдэн төрөл болгон ангилдаг. Тухайлбал гарал үүслийн хувьд органик ба органик бус тоос гэж ангилдаг бол тоосны шинж чанар, хэмжээнээс хамаарч утаа, мананцар, утаслаг ширхэг, металлын уур, био-аерозол гэх мэтээр ангилж байна. Эдгээр шинж чанараас хамааран хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үүсгэх өвчин өөр байдаг.

Монгол улсад болоод дэлхий дахинаа тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлүүсгэж буй өвчний талаар хэр судлагдсан байдаг вэ

Энэ талын тоо баримтаас дурдвал?

Өнөөдөр дэлхий дахинаа ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогддог ба  уушги тоосжих өвчний улмаас  жилд 14000 уурхайн ажилчид нас барж байна гэсэн судалгаа байдаг. Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний  53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байна.  Мөн тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс уушги тоосжих өвчин зонхилон тохиолдож байна. Тухайлбал силикоз өвчний хувьд үйлдвэрлэлийн нөхцөлд цахиур агуулсан тоосоор  10-15 жил амьсгалахад уг өвчин үүсдэг гэж үзэж байсан боловч АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн төв (CDC)-өөс  залуу хүмүүс уг өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдэж байна гэж анхааруулсан. Америкийн нэгдсэн улсад ажил мэргэжилтэй холбоотойгоор 2.3 сая хүн цахиурын тоосонд өртсөн гэсэн судалгаа байгаа бол Монгол улсад 2019 оны байдлаар цахиурын тоосны шалтгаант уушги тоосжих өвчний 133 тохиолдол бүртгэгдсэн байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2030 он хүртэл силикоз өвчнийг дэлхий даяар устгах зорилт тавин, улс орнуудад зөвлөмж болгон ажиллаж байна. Үүнээс үзэхэд бид ажлын байран дахь тоосны өртөлтөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авах шаардлагатай  байна.

Монгол улсад ажлын байран дахь тоосны өртөлтөөс сэргийлэх ямар стандартдүрэм журам хэрэгжиж байна вэ?

Монгол улсад тоосны өртөлтийг зохицуулах үндэсний багц стандартыг 2017 оноос хойш мөрдөж байна. Ажлын байрны агаараас цулцанд нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга MNS 6657:2017,  Ажлын байрны агаараас нийт тоосны сорьц цуглуулах, шинжлэх арга MNS 6656:2017, Ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага MNS 6658:2017, Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага MNS 6654:2017 стандартуудыг мөрдөж байна. Ялангуяа тоос ихээр үүсгэдэг үйлдвэрлэлийн процесстой аж ахуй нэгж байгууллагууд Ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага MNS 6658:2017 стандартыг заавал хэрэгжүүлэн, мөрдөн ажиллах шаардлагатай.

Тоос тоосонцорын зөвшөөрөгдөх дээд хэмжээг Монгол улсын стандартад хэрхэн тогтоож өгсөн байдаг  вэ?

Хөдөлмөрийн эрүүл ахуй, Ажлын байрны орчин, Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартад тухайн ажлын орчин дахь нийт тоосны хэмжээг 10 мг/м3 ,          5% хүртэл цахиурын давхар исэл агуулсан нүүрсний тоос 10 мг/м3, 5-10% хүртэл цахиурын давхар исэл агуулсан нүүрсний тоос 4 мг/м3 байна гэх зэргээр тоосны төрөл, шинж чанар, найрлагаас хамааран тогтоосон байдаг. Энгийнээр тайлбарлавал нийт тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10 мг/м3 гэдэг нь тухайн ажлын байрны 1 метр куб агаарт агуулагдах тоосны нийт хэмжээ 10 мг-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн үг юм.

Тэгэхээр ажлын байран дахь тоосны өртөлтөөс  хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

Тоосны өртөлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь арилгах болон орлуулах арга байдаг. Тухайн тоос үүсгэж буй эх үүсвэрийг арилгах эсвэл тоос бага үүсгэх технологиор орлуулж болно. Хэрвээ энэхүү тоос бага үүсгэх технологийг нэвтрүүлэх боломжгүй бол инженерийн хяналтын аргыг ашиглах хэрэгтэй. Тухайлбал тухайн тоос ихээр үүсгэж буй ажлын орчинд агааржуулалтын систем байрлуулах, битүүмжлэл тусгаарлалт хийх, зам талбайг норгох, чийгшүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.  Инженерийн хяналтын үр дүн хангалттай биш тохиолдолд зохион байгуулалтын аргыг хэрэгжүүлнэ. Зохион байгуулалтын арга гэдэгт тоосны өртөлтийг бууруулахын тулд ажил гүйцэтгэх арга барилыг өөрчлөх үйл ажиллагааг хэлнэ. Жишээ нь тоос үүсгэдэг шаардлагагүй ажлын процессыг хязгаарлах, тоослог шинж чанар багатай түүхий эд ашиглах гэх мэт орно. Тоосны өртөлтийг бууруулах хамгийн үр дүн багатай аргад хувийн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх ордог. Тоостой орчинд ажилладаг ажилтнуудад амьсгал хамгаалах хэрэгслийг зөв сонгож, зохистой хэрэглүүлэх шаардлагатай. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавигдах шаардлагыг MNS 6654:2017 стандартад тодорхой заасан байдаг.

Танай байгууллагаас тоосны өртөлтөөс ажилчдыг хамгаалахурьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Манай байгууллагын хувьд Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 тушаал /Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам/-ын хүрээнд ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж, өртөлтийн түвшинийг тодорхойлон, тоосны өртөлтийг бууруулах, тоосноос шалтгаалсан мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн аж ахуй нэгж байгууллагуудад  сургалт сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Одоо “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян“-ны хүрээнд тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, зурагт хуудас зэргийг гарган, цахим орчинд байршуулж, олон нийтэд энэ талын ойлголт мэдээллийг өгч ажиллаж байна.

Тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлтүүнээс урьдчилан сэргийлэх аргын  талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Ажлын байран дахь тоосны өртөлтийг бууруулах, тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогч болон ажилтнуудын хамтын ажиллагаа чухал юм. Бид өнөөдөр урьдчилан сэргийлж чадвал, маргааш эрүүл байх болно.  

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!