LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Энхсайхан: Сорил тавиад бүх харшлыг оношилдог гэдэг ташаа ойлголт

Share

Харшил гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч Б.Энхсайхантай ярилцлаа.

-Харшил гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Харшил гэдэг нь дархлааны хэвийн бус байдлын үр дүнд үүсдэг өвчин. Хувь хүний дархлааны тогтолцоо, удамшил, ажлын онцлог зэргээс шалтгаалан харшилтай болох нь харилцан адилгүй байдаг.

-Ер нь хүн харшилтай болсноо яаж мэдэх вэ?

-Харшилж буй зүйлд тухайн хүн ойртохоор бие махбод хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь ургамлын харшилтай хүн өвлийн улиралд ямар нэг шинж тэмдэггүй байснаа зун ургамал ургаад ирэхээр хамар битүүрч найтаах, нүд загатнах шинж тэмдэг илэрдэг. Төмрийн харшилтай хүн төмөр ээмэг зүүхээр тухайн газар загатнаж, тууралт гарна.

Харшлын шалтгаан юу вэ?

-Тухайн хүний удамшил, эцэг эх нь харшилтай байсан эсэх, мөн биеийн эрүүл мэндийн байдал, агаарын бохирдол, нийгмийн нөлөө, идэж ууж буй зүйл, ажлын нөхцөл байдал гээд олон янзын шалтгаанаас үүддэг.

Харшлын хамгийн түгээмэл хэлбэр аль нь бол. Шинж тэмдэг нь?

-Хамгийн түгээмэл нь ургамлын харшил. Энэ нь хамар битүүрч шингэн нус гарах, найтаах, нүд загатнах, нулимс гоожих, тагнай, чих загатнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

-Ирэх сард харшлын ээлжит улирал эхэлнэ гэсэн. Үүнээс сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь бол тавдугаар сараас ургамлын харшлын улирал эхэлдэг л дээ. Тэр нь дөрөвдүгээр сарын сүүлээс модлог ургамал тоосоо цацаж эхэлдэгтэй холбоотой . Харин одоо шарилж буюу хогийн ургамлын харшил их байгаа. Амны хаалт тогтмол зүүж, оройн цагаар цонхоо хааж гэртээ байх, жимс, жимсний найрлагатай зүйл идэхгүй байх хэрэгтэй. Зовуурь их байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

-Харшлыг Ковидоос яаж ялгах вэ. Илрэх шинж тэмдэг нь төстэй мэт?

-Ковид бол халдварт цочмог өвчин, халуурах, ханиах, бие сулрах, цээжээр өвдөх шинж тэмдэг зонхилно. Ургамлын харшлын хувьд дээр дурдсан шинж тэмдэг ч ялгаагүй илэрдэг. Бүр ялгаж чадахгүй байгаа бол Ковидын тест өгөх хэрэгтэй.

-Харшил эдгэрдэг өвчин үү. Хоол, хүнс дээр анхаарах зүйлс бий юу?

-Зуун хувь эдгэрдэг өвчин биш. Иймд харшилж буй зүйлээсээ аль болох хол байхыг л хичээх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд зовуурь багатай яваад байх бүрэн боломжтой.

-Нэгэнт харшилтай болсон бол ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ?

-Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Учир нь эмч тохирсон эмчилгээ зөвлөгөөг өгнө. Харшлын өвчинд тохирсон дэглэм барих нь эмчилгээний томоохон хэсэг болдог.

-Харшил сэдэрвэл яах ёстой вэ. Харшлыг эмчлэхгүй удвал хүндрэл нь яаж илрэх вэ?

-Эмчид хандах хэрэгтэй. Ургамлын харшилтай үед дэглэм бариагүйгээс хоолой бачуурах, ухаан алдах эрсдэл зуны улиралд их тохиолддог. Мөн гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг нэлээд хэдэн хүндрэл үүсдэг юм.

-Харшил үүсгэдэг бодис юу вэ. Арьсны сорил тавьдаг гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Хүмүүс сорил тавиад бүх харшлыг оношилдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Харшил гэдэг бол тухайн хүний дархлалын тогтолцооны өвчин. Хүний эргэн тойронд байгаа бүхий л зүйл харшил үүсгэж болно. Жишээ нь, ажлын ширээн дээр нь үнэртүүлэгч байлаа гэж бодоход тухайн хүн ажил дээрээ ирэхэд хамар битүүрдэг, гэртээ харихаар зүгээр болчихдог. Харшлын сорилын хувьд тоотой, нийтлэг зүйлээр сорил тавигддаг. Түүнээс биш тухайн хүний ажлын ширээн дээр байгаа үнэртүүлэгчээс харшилж байна гэдгийг тогтоох сорил хаана ч байхгүй. Тиймээс эмчдээ үзүүлж ярилцаж байж харшлаа тодруулах нь чухал. Товчдоо бол харшлын сорилоор бүх харшлыг илрүүлж болно гэж ойлгож болохгүй.

-Хүн ямар харшилтайгаа заавал тодорхойлуулах нь олон эрсдлээс хамгаалдаг гэсэн. Иргэд ийм шинжилгээнд хэр хамрагддаг бол?

-Мэргэжлийн эмчид хандаарай гэж дахин зөвлөмөөр байна. Хүмүүсийн шинжилгээнд хамрагдах нь сайн болсон нь анзаарагдаж байгаа. Мөн дур мэдэн харшлын тариа авч гэрийн нөхцөлд хэрэглэхгүй байх нь цаашдын олон эрсдлээс таныг хамгаалах болно шүү гэж хэлье.

Эх сурвалж: Үнэн сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!