LOADING

Type to search

Uncategorized

Н.Сугармаа: Харшил эхэлсэн үед вакцин хийлгэх нь үр дүнгүй

Share

-300 ГАРУЙ ИРГЭНД УРГАМЛЫН ХАРШЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙСЭН-

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь ямар нэгэн төрлийн харшилтай гэх судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тэгвэл манай улсад сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлын өвчлөл ихсэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж анхааруулж байгаа юм. Тэр дундаа улирлын чанартай тоос, ургамлын харшил манайд элбэг байдаг. Тиймээс бид ургамлын харшлын талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга Н.СУГАРМААТАЙ ярилцлаа.

-Харшлын өвчлөл хэчнээн төрөл байдаг вэ?

-Харшил маш олон төрөл байна. Хоол хүнс, эм, ургамлын тоос тоосонцроос ч шалтгаалсан харшил гэж бий. Харшил нь хүн бүрд элбэг тохиолддог өвчин. Харшилтай хүний бие тавгүйтэж арьс загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь хүн бүрд өөр өөрөөр илэрдэг. Ханиалгах, хамар битүүрэх, толгой эргэх, өвдөх гээд бусад өвчний шинж тэмдэгтэй төстэйгөөр илэрдэг байна. Үүнийг иргэд өөр өвчинтэй андуурч дур мэдэн эмчилгээ хийснээс харшлыг хүндрүүлдэг. Монгол Улсын хэмжээнд арьс харшлын чиглэлээр ажилладаг төвлөрсөн ганц эмнэлэг нь манай Арьсны өвчин судлалын үндэсний төв юм.

-Ургамлын харшил нь хүний биед ихэвчлэн ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Ургамлын харшлын хувьд хамраас шингэн нус гарах, найтаах, ханиалгах, хоолой эрвэгнэх гэх зэрэг зовиур илэрдэг. Энэхүү шинж тэмдгийг зарим өвчнийхтэй андуурдаг. Ямар харшил үүсгэгч байгаагаас шалтгаалаад шинж тэмдэг илрэх сарууд нь өөр өөр байдаг. Ихэвчлэн тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарыг дуустал эдгээр шинж тэмдэг хүний биед илэрдэг.

-Ургамлын тоосонцрын харшлын сорилыг ямар үед тавьдаг вэ?

-Энэ төрлийн харшил ид хөдөлсөн, харшлын эм уусан үед тавьдаггүй. Харшил хөдлөөгүй байгаа үед тавиулах нь зүйтэй. Хэрэв шарилжны харшилтай нь тогтоогдвол зөвхөн шарилжны эмчилгээг хийдэг. Харшлын гаралтай эмчилгээ долоон сар хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн эмчилгээг эхлүүлэхээс өмнө сорил тавиулах шаардлагатай.

-Ургамлын харшлын эсрэг вакциныг хэдий үед хийдэг вэ?

-Арьсны өвчин судлалын үндэсний төв жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас харшлын аллерги эмчлэх вакцин хийдэг. Вакцинд хамрагдахын тулд тус төвийн харшлын эмчийн хяналтад орсон байх хэрэгтэй. Харшил эхэлсэн үед вакцин хийх нь үр дүнгүй. Харин ургамлын харшил сэдрэхээс өмнө буюу 4-7 сар хүртэл гурван сарын хугацаанд хамрын цацлага хэлбэрээр тухайн вакциныг хийдэг. Энэ эмчилгээнд хамрагдах ёстой хүмүүсийг хоёр болон гуравдугаар сард бүртгэдэг. Энэ нь схемийн дагуу хийгддэг эмчилгээ. Тухайн төрлийн вакциныг нэг удаа эмнэлэг дээр хийлгэчихээд үлдсэнийг нь гэртээ өөрөө хийх боломжтой. Гэхдээ нэг жил вакцин хийлгээд харшилгүй болчихно гэж байхгүй. Ийм эмчилгээг 2-3 жил давтан хийж байж үр дүнгээ өгнө. Харшлын эмчилгээг аль болох эртхэн хийлгэж байх нь зүйтэй. Тэгж байж тухайн хүнд харшлын үед илэрдэг шинж тэмдгүүд багасдаг. Энэ жилийн хувьд 330 иргэнд ургамлын тоосонцрын эсрэг харшлын вакцин хийсэн байна. Ургамлын болон тоосны харшилтай бол арьс хатгах сорилыг тавиулах хэрэгтэй, ямар нэгэн зүйлд хүрэлцсэний улмаас гар болон хуруугаар тууралт гарах, бодисын харшилтай хүмүүст арьс бигнэх сорил тавьж юунаас харшилсныг мэдэж болдог.

-Энэ төрлийн харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Нэгдүгээрт, харшил үүсгэгчээс зайлсхийх, хоёрдугаарт зовуурийг ихсэхээс нь өмнө эмчид хандах хэрэгтэй. Тоос шороо болон ургамлын харшлаас ангид байя гэвэл ургамал тоосоо гөвдөг цаг буюу 04.00-10.00, 17.00-20.00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй.Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх хэрэгтэй. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байхад анхаарвал зохино. Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй.

-Хүүхдэд энэ төрлийн вакцин хийдэг үү?

-12-оос дээш насны хүүхдэд хийх заалттай. Харшлын өвчин хүнс болон арьсны харшлаар эхэлдэг. Ингээд харшил нь эдгэхгүй явсаар 6-7 насандаа хамар, нүдний харшилд өртөмтгий болно. Цаашлаад астма өвчнөөр хүндэрч болно. Харшилтай хүүхдүүдэд дур мэдэн эмчилгээ хийх нь буруу. Заавал эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Харшил бол удамшлын өвчин биш ч удамших хандлагатай гэж үздэг. Тиймээс ээж аавын аль нэг нь харшлын өвчтэй байвал хүүхэд нь харшилтай байх магадлал 50, ээж аав нь хоёулаа харшилтай бол харшилтай төрөх магадлал 70-80 хувьтай гэсэн судалгааны дүн бий.

-Танай эмнэлгээр үйлчлүүлэгчид хэр олон байна вэ?

-Өнгөрсөн сард гэхэд есөн мянга гаруй хүн амбулаториор үзүүлсэн байна. Үүнээс 311 хүнд харшлын сорил тавьж оношилгоо хийсэн. Ер нь бол жил ирэх тусам манай амбулаториор үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

-Ургамлын болон тоосны харшлыг эмчлүүлэхгүй удвал хүний биед ямар сөрөг үр дагавартай вэ?

-Харшил байнга даамжирч байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт үзүүлэхээр ирж буй зарим хүн эхэндээ долоодугаар сараас хойш зовуурилдаг байсан. Энэ жил хавар зовуурьтай байх боллоо” гэж хэлдэг. Харшил жил ирэх тусам даамжирч нэмэгдэж болно. Хүний биеийн онцлогоос хамаараад янз бүр л дээ. Жил ирэх тусам харшлын зовууриуд нь нэмэгддэг. Тиймээс эрт үзүүлж, эмчлүүлэх ёстой. “Зөвхөн ургамалд харшилтай байсан чинь энэ жил тоор идсэнээс болоод нүүр ам хавдаад амьсгал бачуураад түргэнээр эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх хүн ч байна. Харшлын хамгийн хүнд урвалыг анафилаксын шок гэдэг. Анафилаксын шокны үед олон эрхтэн тогтолцооны талаас огцом хариу урвал гардаг. Тухайн хүний амьсгал боогдож, 1-3 минутын дотор ч амиа алдах аюултай. Ингэж харшлаа хүндрүүлэхгүйгээр өвчний эрт үед эмчид үзүүлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Анафилаксын шок ургамал, хүнс, эмийн гэх мэт шалтгаантайгаар хамгийн их үүсдэг.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: Үнэн сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!