LOADING

Type to search

Онцлох

“Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ 28 хоногт гаргаагүй бол тэтгэмж олгохгүй”

Share

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний гарын авлагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар иргэдээс ирдэг нийтлэг асуултын хариуг онцлон хүргэж байна.

Нийтлэг асуултад хариулах нь

– Эмнэлгийн хуудас болон лист ялгаатай юу?

– Ялгаагүй. Иргэдийн дунд эмнэлгийн хуудсыг лист гэж нэрлэж заншсан.

– Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн бол тэтгэмж авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах уу?

– Үгүй. Албан журмын буюу ажил эхэлдэг даатгуулагч жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаа цахимаар бичүүлсэн бол ажил олгогчоор дамжихгүйгээр тэтгэмж авах хүсэлтээ өөрөө e-mongolia.mn, e-mongolia аппликейшн эсвэл daatguulagch.ndaatgal.mn вебийн тусламжтайгаар өөрөө Нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргана.

– Эмнэлгийн хуудсыг цахимаар авсан боловч тэтгэмж авах хүсэлтээ 28 хоногт гаргаж чадаагүй тохиолдолд яах вэ?

– Тэтгэмж авах эрх үүсэхгүйг анхаарна уу. Харин хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд 6 сарын дотор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад гаргана. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

– Цэргийн алба хаагч эх жирэмсний, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

– Цэргийн алба хаагч эх жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тухайн эхийг ажиллуулж байгаа цэргийн анги, байгууллагад илгээнэ.

НДЕГ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний гарын авлагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэтгэмж авах эрх

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Албан журмын даатгуулагч эх хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг анхны нөхцөлөөр авах боломжтой.

Тэтгэмж авах хугацаа, хувь хэмжээ

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сар (эх ихэр хүүхэд төрүүлсэн бол 4 сар 20 хоног)-ын хугацаанд сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож олгоно.

Баримт, бичиг

Даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

• Эмнэлгийн хуудас;

• Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл.

Эмнэлгийн хуудас олголт

Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллагаас, амаржсаны дараа эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газраас тус бүр хуанлийн 60 хоногоор тооцон эмнэлгийн хуудсыг жирэмсний чөлөө эхэлсэн болон амаржсан өдрөөс хойш 30 хоног (гадаад оронд жирэмсний хяналтад байгаа бол 60 хоног)-ийн дотор олгоно.

Гадаад оронд жирэмсний хяналтад байгаа болон амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг даатгуулагчийн хүсэлт, цахим үнэмлэхийн хуулбар, түр оршин суугаа улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн даатгуулагчийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага олгоно.

Тэтгэмж авах хүсэлт гаргах

Нийгмийн даатгалд сайн дураар болон албан журмаар даатгуулагч тэтгэмж авах хүсэлтээ эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш хуанлийн 28 хоногийн дотор daatguulagch.ndaatgal.mn эсвэл e-mongolia.mn веб, e-mongolia аппликейшний тусламжтайгаар цахимаар эсвэл харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ гаргана.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!