LOADING

Type to search

Uncategorized

“Их хувь заяа”-ны эзэн Лхагвын Эрдэнэбулган

Share

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулганыд өнжлөө. Эл эрхмийг Монголын театр урлагийн нэртэй найруулагчаас гадна “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрээр ард түмэн сайн мэднэ. Хэлэх үгээ хэнбугайгаас ч айж эмээлгүй хэлж, шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй ясны чанар түүнээс мэдрэгддэг. Хатанбаатарынхаа дүрийг кино урлагт төдийгүй түмэн олны сэтгэлд мөнхөлж үлдээсэндээ сэтгэл дүүрэн амьдарч яваа нэгэн.

Өнгөрөгч амралтын өдрөөр “Танайд очиж өнжих гэсэн юм. Навчаа эгч та хоёртой жаахан хууч хөөрч сууя. Ажлаа зохицуулна уу” гэхүйд таатай хүлээж авсан. Дөрөвдүгээр хорооллын цэнхэр есөн давхрын хоёр өрөө байрандаа ханайгаад зогсож байна.

Сав л хийвэл “Их хувь заяа” гэж хэлэх дуртай эрхэм гавьяатын он жилүүдийнх нь алтан дурдатгалыг сөхөж, зочны өрөө гал тогоог нь дамжин эргэлдэж бүхэл өдрийн турш яриа дэлгэлээ. Эхлээд “Танайх чинь энэ байранд удаж байна уу” гэхэд “Манай Нацагдоржийн авч өгсөн байр шүү дээ. Ерээд оны эхээр орсон доо” гэв. “Үүлэн заяа” дууриас аваад олон сонгодог дуурь, симфони туурвисан хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн Дуурийн театрын дарга байхдаа хөөцөлдөн байж авч өгсөн байр юм гэнэ. Л.Эрдэнэбулган найруулагч “Танай дуурийн театрын ерөнхий найруулагч орох оронгүй” гэж Нацагдорждоо хэд хэдэн удаа агсам тавьж байж байртай болсон гэж байгаа. Тэрхүү үүх түүхээ хуваалцаад инээд алдаж сууна.

Уяа дүүрэн морьд багшраастай гэдэг шиг өнжиж буй айлын маань эзний туулж ирсэн зам мөр баялаг сайхан. Нэгээхэн дурсамжийг нь тэмдэглэхэд л сонины нэг нүүрийг эзэлчих жишээний. Тийм л багцаа анзаарагдаж байлаа. Далан есөн онд Далай лам Монголд анх ирэхэд мань хүн хүндэтгэлийн концертыг нь найруулж байжээ. Сүсэгтэн олон Далай багшийн гишгэсэн шороог нь хүүдийлж авах нь холгүй бужигнацгааж, давхар давхар хамгаалалт гарсан гэнэ. Яг ийм үед төрийн шагналт зохиолч Чойжилын Чимид гуай Эрдэнэбулган найруулагч руу ярьж “Өнөөдөр чамаас том хүн Монголд алга. Ахыгаа Далай ламаас адис авахуулаад өгөөч” гэж хэлжээ. Хамгаалалтынханд “Манай концертод орох зочин” гэж Чимид гуайг хэлээд Далай багштай уулзуулснаа дурсав. Тухайн мөчид Далай лам Бал даргатай уулзаж байсан гэдэг юм. Сүүлд, хоёр мянга зургаан онд Далай лам ирэхэд нь уулзаж, зургаа хамт авахуулснаа хоймортоо байрлуулсан харагдана. Тэр жил мань хүн “Үхэж үл болно Чингис хаан” кино хийхээр ааг амьсгаа дээр явсан үе. Далай багшийг анх ирэхэд нь дархан эрхтэй байсан хүн наян нэгэн онд Жүгдэрдэмидийн Гүррагчааг сансарт нисээд ирэхэд мөн л хүндэтгэлийн концертыг нь найруулах хүндтэй үүрэг хүлээжээ. “Зөөлөн цагаан цас малгайлан бударсан намуухан орой байлаа даа” гэж сансрын нисгэгч хүүгээ угтсан цаг мөчийг сэтгэлдээ эргэн санаснаа түс хийтэл инээд алдах нь тэр.

“Филатова авгайд ч би алуулах дээрээ тулсан шүү. Дандар ах, Дорж хоёроос нэг болж билээ” гэв. Юүв гээд сонирхтол сансрын нисгэгчийн хүндэтгэлийн концертод манай хүн Монгол Улсын баатар Лодонгийн Дандар, төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж нарыг оролцуулсан байна. Дандар баатар гурван минут үг хэлэх, Дорж найрагч мөн гурван минут шүлэг унших сценаритай байж. Тэгтэл баатар 16 минут үг хэлж зочдыг чилээсэн байна. За яадаг билээ гээд айдастай байтал залгуулаад Зундуйн Дорж бүтэн 20 минутын турш урт найраглал уншжээ. Ингээд өөрийнх нь хэлснээр өнөө концерт будаа. Маргааш нь Филатова дуудсан байна. Өрөөндөө их л ууртай “Чи яаж байгаа юм” гээд цамнаад унаж. Хэлэх ч үггүй зогсч байтал Баатарцогт сайд “Дандар баатар, Гүррагчаа, Дорж найрагч, Эрдэнэбулган энэ дөрөв нэг довны хүмүүс. Аргагүй сэтгэл нь хөдөлсөн байлгүй” дээ гэж хэлээд амь аварч байсан түүхтэй.

“Та чинь Дагвын Лувсаншарав гуай, Чадраабалын Лодойдамба гуай хоёрыг ихэд хүндэтгэдэг юм билээ. Сургууль соёлын бараа харж, найруулагчийн мэргэжил эзэмшихэд тэр хоёр лут багана түшиг болсон нь мэдээж” хэмээн асууж орхив. Тийн хэлэхтэй зэрэгцээд хоёр нүдээ сүрхий гэгч нь гурвалжилж ирснээ “Ачит хоёр багш минь” гэж амандаа тарни мэт хэлээд энэхэн амьдралын босгоор хэрхэн алхсанаа дурссан билээ. “Намайг төрөөд арван гуравхан хонож байхад айлд өргүүлсэн байдаг. Нутгийн лам багш ижий, аав хоёрт минь тэгж хэлж л дээ. Хоёр хүүхэд дагаар тогтоогүй учир айлд өргүүлэхээс аргагүй болсон байна. Би чинь Толя гэдэг орос нэртэй байлаа шүү дээ. Орос хүн эх барьж авсан учир тийм нэр өгсөн юм билээ” гэв. Өргөж авсан аав Дашдаваа нь урлаг, уран сайханд авьяастай хүн байжээ. Гучин долоон онд Монголын жүжигчид Москвад очиж тоглоход бүрэлдэхүүнд нь багтан явсан түүх ч бий гэнэ. Аав нь хүүгээ хөтлөөд аймгийн клубийг зорьдог, “Сандо амбан” зэрэг жүжигт тоглож явсныг дурсаад “Би төрсөн удмаасаа биш тэлсэн удмаасаа дөрөө өлгөсөн юм болов уу даа” хэмээлээ.

Түүний Лууяа багштай нь учран золгуулах замыг зөөллөж өгсөн ач буянтай хүмүүс бол алдарт дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, хожим нь бүх цэргийн чуулгын “ногоон” гэж олноо танигдсан Очирбат нар юм билээ. Монголын залуучууд оюутнуудын анхдугаар их наадмын давалгаа орон даяар өрнөсөн цаг буюу тавин есөн онд дээрх эрхмүүд Булган аймагт очиж ардын авьяастныг шалгаруулахад ирээдүйн Баатар ван нүдэнд нь өртсөн удаатай. Хотод ирээд байх үед нь Улсын төв театрын боловсон хүчний дарга Лувсанцэнд гэдэг хүн “Булганы сохор Толя гэж чи юу” гэж сүрдмээр асуугаад “Лувсаншарав багш дуудаж байна” гэжээ. Юун хүн яах гэж дуудаж байгааг нь мэдэлгүй дэгдэж явахдаа Толя хүү театрын өндөр довжоон дээр таварцаглаж нүүрээрээ газар харуулдан улаан халзан амьтан Лувсаншарав гэх өндөр нуруутай дэгжин цагаан залуутай уулзаж байсан гэдэг.

“Жаран он гэдэг чинь Монголд сонгодог урлаг дөнгөж бүрэлдэн тогтож нүүдэлчин ахуйгаас өрнийн соёл руу орох гэж хичээж зүтгэж байсан цаг. Агуу их Билгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж, Самбын Гончигсумлаа, Ламзавын Ванган, Сангийн Гэндэн нарын билиг авьяас эрдэм чадал нь ид жагсаж явсан үе дээ. Нэр нь хүртэл домог мэт санагдах энэ хүмүүстэй ажиллаж амьдарна гэдэг ховорхон хувь тавилан юм шүү. Хорь дөнгөж хүрсэн хөдөөгийн бор хүү театрын босгоор алхан ороход алдарт Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, “Нүгэл буян” киноны Тоохуар буюу Д.Ичинхорлоо гуай, “Сэрэлт”-ийн Бумаа буюу Түдэвийн Цэвээнжав, Хөдөлмөрийн баатар алдарт Гомбосүрэн гуай гээд үлгэр домог шиг яригддаг хүмүүс өөдөөс минь угтаж авсан. Манай найрал дууны ангид дөчөөд хүнтэй байлаа. “Ардын элч”-ийн Дарьбазар буюу Ж.Занабазар, Дүлзэн буюу Бавуугийн Готов, Ариунаа буюу Цэвэлсүрэн гээд тухайн үеийн шилдгүүд чихэлдэн зогсож байв гэнэ.

Эрдэнэбулган гавьяат олон зүйл дээр өөрийгөө “Их хувь заяаны эзэн” гэж тодорхойлох нь бий. Түүний нэгэн бол хорьдугаар зууны манлай дуу, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд төрийн дуулал шиг нь хоногшсон алдарт “Халуун элгэн нутаг”-ийг анх дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн гавьяа юм. “Нэг өдөр хичээлийн дараа Лууяа багш өрөөндөө дуудаад “Яг одоо Намсрайжав дээр яваад очоотох” гэв. Би тэр хүнийг нь таних ч үгүй, хаана суудгийг нь ч мэдэхгүй. Хүнээр заалгаж аваад гарлаа даа. Одоогийн Гадаад яамны баруун талын саарал байшин. Хуучнаар бол хөгжмийн зохиолчдын хорооны байр. Нэг өрөөнд яваад ортол хоёр хүн уриалгахан угтаж авлаа. Тэр нь алдарт Цэгмидийн Намсрайжав, Жамцын Бадраа гуай нар байжээ. Ингээд надад “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг өгч, аль газар нь, ямар нотон дээр эгшгийг яаж дуудах, гийгүүлэгчийг хэрхэн хэлбэл чихэнд сонсголонтой байх талаар нэг бүрчлэн зааж өглөө. Хоёр, гурван цаг хэртэй ноцолдоод ерөнхийдөө сурчихлаа. Маргааш өглөө арван цагт ирээрэй гэхэд нь гуяа алгадах нь холгүй гарч гүйсэн дээ. Тэр үед Улсын баатар Данзанваанчигийн хүү одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн Ухнаа, уурхайчин Сандагдорж гуайн хүү Самбуу бид гурав театрт амьдарна. Одоо гутлын өрөө болчихоод байгаа нэг ч цонхгүй жижигхэн өрөөнд гурвуулаа орж унтаад өглөө нь ус ууж, боорцгоо идээд л гардагсан” гэв. “Түмний нэг” кинонд Чимид багш “Халуун элгэн нутаг” дууг дуулаад хээр талаар морьтой галигуулж явдаг хэсэг гардаг. Энэ нь алдарт Эрдэнэбулганы дуу хоолой уг кинонд мөнхрөөд зогсохгүй ард түмний сэтгэлд мөнхөрсөн нь тэр. Мөн жилийн жилд Монголын тал нутагт алтан намар ирснийг зарлан тунхаглаж “Ургацын далай” эгшиглэдгийг бид мэднэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддоржийн хөгжим энэ дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн хүн бас л өнжиж буй алын маань эзэн.

“Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн тэрээр хэлж байна. Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын наймдугаар их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Толя хүүг Лууяа багш нь оруулж Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. Гадаад явах болж паспорт авахаар хөл хөөр болтол орос нэртэй хүнд өгөхгүй гэсэн асуудал босчээ. Аргаа барахдаа Даваадорж ах дээрээ гүйж очин нэр асуухад “Хол явах хүнд нутгийн чинь уулс хань болно. Эрдэнэт, Булган хоёр уулынхаа нэрийг нийлүүлээд Эрдэнэбулган” гээд бичүүлчих гэсэн гэдэг. Бас л уярам сайхан түүх. Баатар вантай хуучилж суухуйд гэрт нь нэг бүсгүй охиноо дагуулан ирж, гал тогооны өрөөнд гэргийтэй нь сүрхий хуучилсан нь Даваадорж ахынх нь охин гэнэ. Эгэл жирийн сайхан ах нь дүүгийнхээ алтан харгуйг төрсөн нутгийнх нь уулсын нэрээр адислажээ гэж эрхгүй бодогдсон юм.

“Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл Элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хязгааргүй ихээр баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж Эрдэнэбулган ах нүдэндээ нулимс цэлэлзүүлж ирээд хэлж байна. “Софи хотод би яг таван жил найман сар болоод улаан диплом өвөртлөн нутагтаа ирсэн юм. Энэ хугацаанд эх орондоо нэг ч удаа ирээгүй дээ” хэмээн урлагийн дээд сургуулийнхаа таван жилийн түүхийг баяр баясгалантайгаар өгүүлэв.

Зочны өрөөнд ийн хуучилснаа үргэлжлүүлэн гал тогооны өрөө рүү шилжлээ. Навчаа эгч сайхан гэгч бууз хийчихэж. Баатар вангийн гэргий бол Ташкентад сургууль дүүргэж ирсэн Монголын анхны балетчдын нэг юм. Нэгэн цагт дуурийн театрын тайзыг эзэгнэж явсан түүний “Испани бүжгийн цомирлог”-ийг үзэх гэж театр руу олон хүн хошуурч байсан дуулддаг. Аав нь Даш гэж Эрхүүгийн буриад байжээ. Аав нь болоод өвөө нь хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан байна. Аавыгаа шоронд эмээтэйгээ очиж эргэж байснаа Навчаа гавьяат дурссан. Тэрээр Аюур гэж өвөөгийнхөө нэрээр овоглосон юм билээ. Далан гурван онд гавьяат цолыг циркийн жүжигчин, Монголын домогт аваргуудын нэг Дарийн Дамдинтай хамт хүртэж байснаа мөн л ярианы завсар хэлээд авсан. Ташкентад сургууль дүүргэсэн балетчид гэвэл ардын жүжигчин Ганбаатар, гавьяат Туул, ардын жүжигчин Зангадын гэргий Нина гээд олон хүний нэр бичигдэнэ. Нина тэр хоёр дотнын найзууд. Зангад дуучны Эрдэнэбулган гавьяатын ээжийнтэй гэр ойр байсан зэрэг нь хоёр гавьяатыг учруулахад дөхөм болсон нь мэдээж. Зангад дуучныд Навчаа гэж балетын гоё охин үе үе ирдгийг гадарласан Эрдэнэбулган араас нь хөөцөлдсөөр өөрийн болгож авчээ. “Хөгшинтэйгөө жаран есөнд онд нэг гэрт орсон. Тавь шахам жил ханилж байна. Би чинь Навчаагийн хүчинд өдий зэрэгтэй яваа хүн” гэж Баатар ван хоолны ширээ хавьд үнэнээ хэлээд авна лээ.

Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, хөдөлмөрийн баатар Б.Зангад тэд гэр бүлийн найзууд гэнэ. Жийгээ Зангад хоёр нь сайхан гэргий нараа дагуулаад Дуурийн театрт болсон Эрдэнэбулганыхаа “Их хувь заяа” номын баярт оролцож, халуун бүлээрээ уулзалджээ. Бидний ярианд үе үе оролцож, тэгэхдээ Эрдэнэбулган гавьяат он сар, хүний нэр ус, бүтээлийн нэр зэргийг сүрхий тайлбарлан өгч байсан хүн охин Болормаа нь юм. Театр судлаач мэргэжилтэй тэрээр хойно хоёр ч дээд сургууль төгссөн байна. “Доржсамбуугийн үед театрт овоо юм хийдэг сайн ч бичдэг байсан. Хүмүүс ч тэр хэрээр тоож, өсөх ирээдүйтэй гэж үнэлдэг байв. Гэвч тэр авьяас нь Доржсамбуутай хамт алга болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ганц ч үзэг цаас нийлүүлсэнгүй дээ” гэж Эрдэнэбулган гуай дурамжхан хэлсэн юм.

Лхагвын Эрдэнэбулган гэж эл эрхмийг “Учиртай гурван толгой” дуурийн халхын сайхан Юндэнгийн дүрээр үзэгч олон мөн л мэднэ. “Аргил хоолойтой эрэгтэй дуучин бүхний хүсэл мөрөөдлийн дүр болох Юндэнд 320 удаа тоглож дуурийн театрын тайзнаа “Эрдэнэбулганы” гэх тодотголтой Юндэнг амилуулж чадсанаараа гавьяатай” гэж Сономдэлэгийн Сумъяа “Их хувь заяа” номондоо онцолсон нь бий. “Би чинь “Учиртай гурван толгой”-д тоглож байхдаа нийтдээ арван гурван Нансалмаатай суусан хүн шүү дээ” гэж хөөрхөн хөгжөөгөөд авлаа. Мань Юндэнгийн анхны “ханилсан” Нансалмаа нь “Ардын элч”-ийн Ариунаа буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Цэвэлсүрэн гуай ажээ. Тэрээр хагас зуун жил шахам дуурийн театраар овоглохдоо Лууяа багшийнхаа “Хан бүргэд” дуурийн Дэмчигбалын дүрээс аваад Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”-ын Галдан түшмэл, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Сүхбаатар, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ш.Гуно “Фауст”-ын Валентин зэрэг Монголын болоод дэлхийн сонгодог дуурийн дүрийг бүтээсэн нэгэн. Театр урлагийг эзэгнэж, дээрээс нь кинонд тоглож, олон сайхан дууг мөнхөлсөн энэ ханагар эр дэндүү олон нөхөдтэй хүн. Ардын зураач Чойжилын Гунгаасүх, урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт удирдаач Чойжилсүрэнгийн Жамсранжав тэр гурвыг нэгэн цагт театрын шадар гурав хэмээн нэрийдэж байсан удаатай.

“Говийн зэрэглээ”-ийн Арслан буюу нэртэй найруулагч Гүрсэдийн Доржсамбуутай Киевийн кино драмын ангид хамт сурч байснаа Эрдэнэбулган найруулагч ярих дуртай юм билээ. Энэ нь Арсландаа жигтэйхэн хайртайн илрэл. “Киевт нэг жил хамт сураад Ленинград руу явах болоход Доржсамбуу маань вокзал дээр гаргаж өгөхдөө уйлаад үлдсэнсэн. Тийм л уян зөөлөн хүн байсан. Гаднаас нь харахад улсын заанаас нэг их дутахааргүй бие хаатай. Харин ойртож нөхөрлөөд элгэмсэж ханьсаад ирэхээр тэнтэр тунтар алхаж яваа хүүхэд шиг тийм хүн байж билээ. Миний бие “Учиртай гурван толгой” хэмээх Монголын анхны хөгжмийн уран сайхны киног хийсэн юм. Уг киноны зураг авалтыг хийгээд Тэрэлжийн аманд зусаж байхад Доржсамбуу маань бас л нэг инээдмийн кинотой ноцолдоод мөн л Тэрэлжийн нэг амыг эзэгнэж байж билээ. Ерэн дөрвөн оны наадмын урд өдөр буюу долоон сарын арванд театр дээр Эрдэнэ дайчин ван Ханддоржийн тухай гурван ангит кино хийхээр сэтгэл шулуудан байхад Доржсамбуу хүрээд ирлээ. Ойрд уулзсангүй гээд сүйд болцгоов. Өнөөх маань “Эрдэнэбулган чи надад нэг стакан архи өгөөч” гэнэ. Миний шүүгээнд ганц юм байнга байдгийг мань хүн мэднэ л дээ. Бүр болохоо байсан үедээ надад загнуулж байгаад түүнийг гаргуулж санаа нь амардаг хүн. Тэр удаад ч би хатуурхаад байж чадалгүй нэг юм задлаад стаканы талаар хийгээд өгтөл “үгүй ээ, би чамаас бүтнийг л уумаар байна” гэнэ. Би бас дуугүй байж чадалгүй ганц хоёр юм хэлж байгаад дүүргээд өглөө. Өгснийг маань үг дуугүй татчихаад нэмж уусан ч үгүй. Тэгээд өнөөхөө гаргаж өгөх санаатай доошоо буутал үүдэн дээр төрийн гурван өндөрлөгтэй таарав. Наадмын хүндэтгэлийн концерт эхлэх гээд бужигнаж байсан үе л дээ. Ерөнхийлөгч П.Очирбат “Пөөх, Монголын хоёр лут амьтан гараад ирлээ” гээд сүйд боллоо. Бид хоёр ч мэнд ус мэдэлцэж баяр хүргэлээ. Мань хүн яг хаалгаар гарахдаа чи миний духан дээр ганц үнсчих гээд өнөө том халзан духаа өгдөг юм байна. Энэ бол Доржсамбуу бид хоёрын сүүлчийн уулзалт байсан. Маргааш өглөө нь наадам эхэлж байхад Доржсамбуу харвачихжээ гэж цочир мэдээ дуулдсан. Тэгээд ухаан оролгүй хорин нэг хоноод өнгөрсөн шүү дээ. Инээгээд л ороод ирэх юм шиг санагдаад нэг хэсэгтээ л сэтгэл хоосроод хэцүү байж билээ… Арслангаа ийн дурсаад арайтай л мэлмэрүүлсэнгүй.

Бидний яриа хөвөрсөөр “Их хувь заяа” буюу “Хатанбаатар” руу алгуурхан урсан орлоо. Номыг нь туурвисан Сумъяа гэж алаг нүдэн бүсгүй хэдийнэ ирчихсэн, найруулагчийг “аав” хэмээн хүндэтгэн дуудах ажээ. “Далан онд Орост сурч байгаад амралтаараа ирэх үед нь Г.Жигжидсүрэн найруулагч таараад би ардын Хатанбаатар Магсаржавын тухай кино хийх гэж байгаа юм. Өөрийг чинь Хатанбаатарт тоглуулна гэв. Урьд нь Лодойдамба гуай намайг “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэд зүтгүүлсэн боловч Р.Доржпалам гуайд гологдсон юм. Тиймээс кинонд жаахан сүжиг муутай байв. Ингээд дахиж уулзсангүй. Хоёр жил шахам таг чиг. Больсон юм байлгүй дээ гэж бодож явлаа. Тэгтэл гэнэт нэг өдөр кино үйлдвэр дээр дуудлаа. Яваад очтол С.Гэндэн гуай, Д.Чимид-Осор гуай гээд мундгууд бүгд л байна. П.Цэрэндагва гэж өргөн шанаатай ширүүн харцтай нөхөр манлай баатар Дамдинсүрэнгийн дүрд тоглоно гэнэ. Жигжидсүрэн найруулагч гэдэг чинь тэнд хаан шиг ханхалзсан амьтан. Орсон гарсан бүхэн толгой бөхөлзөнө. Би ч мэдэхгүй юм руугаа нүд аниад давхиад орчихлоо. Хуруу зузаан зохиол өгөөд уншиж судал гэв. Хий дэмий эргүүлж тойруулж хэд уншихаас хэтэрсэнгүй. Нямын Цэгмид багш намайг дасгалжуулахаар боллоо. Тэрээр надад “Энэ Удвал авгай их сонин юм бодоод байх шиг байна. Чи тэрэнд нь хүрэхгүй бол нэг бүдэрнэ. Дараа нь олон түмэн үзээд алга ташихгүй бол хоёр дахиа бүдэрнэ гэж мэд” хэмээн айлгах нь бүр ч хэцүү. Харин Удвал гуай “Хатанбаатар” киноны ажлаар надтай уулзсан мөчөөсөө эхлээд нэг ч удаа нэрээр минь дуудаагүй. Бүр бурхан болтлоо “Баатар ван” гэж дууддаг байж билээ. Нэг удаа “Манай баатар ван чинь цэргийн өндөр боловсролтой хүн байж. Оросын армийн генералыг буу дуугаралгүйгээр буулгаж авсан нь үүний нотолгоо. Тиймээс би баатар вангаа их л ухаалаг хүн байгаасай гэж бодоод байгаа юм” гээд хэлж билээ. Энэ үг надад ихийг бодогдуулж хэрэндээ л хичээсэн дээ. Хичээсний хүчинд Удвал гуайн санаа сэтгэлд жаахан ч гэсэн дөхсөн болов уу гэж боддог” гээд найруулагчийн бүдүүн хадуун хоолойн цаанаас түүхийн шаргал хуудас асгараад л байна. Намрын шар нар ч хэдийнэ хэвийжээ. “Мөнхбат, Баянмөнх бид хэд чинь үе тэнгийнхэн. Софид намайг сурч байхад энэ хэд тэмцээнээр очдог байлаа. Ямар сайндаа Мөөеө “Энэ хүүхнийг чамтай суулгана” гэж хар арьст хүнийг заагаад Цэрэн аваргыг айлгаж байсан удаа ч бий. Тэр жил Намхай аваргын тухай кино хийхээр Сайханы Жаран Цөнгөрөгийн голд Бат-Эрдэнэ аваргаас аваад бүхий л бөхчүүдийг урихад Баягаа золиг ирээгүй. Сүүлд мэдэх нь ээ, Намхай аварга “хаях би яараагүй байхад…” гэх домогт үгээ хэлээд унагасан бөх нь баруун аймгийн хүн юм билээ” гэх яриа мөн л өрнөлөө.

Сайнбуянгийн Уламбаяр гэж халуун сэтгэлт дүүгээрээ дамжуулж Холливуудын нэрт жүжигчин Стивен Сигалтай ойр дотно танилцсан түүхээсээ сонирхуулсан юм. Сиглийн хувийн онгоцоор Америк дахь эдлэн газарт очиж, Польшид киноных нь зураг авалтын талбай очиж байсан зэрэг олон дурсамжийг хөндөж ярьсан. Гончигсумлаа гуайгаас уйгаржин монгол бичгээр “Том найруулагчид шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ жилийн жилд авдаг байснаа, хорьдугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасанд зориулж “Тоска” дуурийг тавьж байснаа гээд мөн ч олон хүний тухай, Монголын дуурийн урлагийн хичнээн ч үеийн тухай дурсав даа. “Агданбуугийн Амар гуайнхаа тухай нэг сайхан бүтээл хийж байж л нүд аних юм шүү” хэмээн тэрээр шүд зууж байгаад эрсхэн хэлсэн. Бидний яриа ч тэгсгээд өндөрлөсөн юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!