LOADING

Type to search

ТҮҮХ

Тайж Нацагдоржийн банкет буюу шинэ жил тэмдэглэснээс болж шоронд хоригдсон түүх

Share

-Тайж Д.Нацагдоржийн банкет буюу 83 жилийн өмнөх шинэ жилийн тухай нэгэн гэрэл зургийн түүх-

Монголын эх оронч сэхээтэн, оюунлаг хүмүүсийг хэлмэгдүүлж, шорон гянданд хорьж байсан 1930-аад оны хар салхи их зохиолч Д.Нацагдоржийг тойроогүй юм. Түүнийг 1932 оны тавдугаар сард баривчилж хорьсон юм. Ийнхүү барьж хорих болсон шалтгаан нь тайж гаралтай, мөн Германд сурч байсан зэрэг аар саархан зүйлс байв. Харин баривчлах шалтаг нь “Тайж Нацагдоржийн банкет” нэртэй гэрэл зургаас болжээ.

Эдүгээгээс 83 жилийн тэртээ 1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэжээ. Энэ бол Д.Нацагдорж гэргий Нина Чистяковатайгаа суугаад удаагүй байсан үе ажээ. Тиймээс шинэ жилийн баярыг залуу хүмүүсийн хувьд хөгжилтэй сайхан угтах гэсэн бизээ. Ингээд Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Доржцэрэн, Батсүх, Г.Ирина, Хурлаат нарын хэсэг нөхдийн хамт оргилуун дарс буудуулж, ширээ засч шинэ жилийн баярыг тэмдэглэсэн байна. Үүнээсээ болж Дотоодыг хамгаалах газарт дуудагдаж байцаагдан улмаар шоронд хоригдох юм гэж Д.Нацагдорж зүүдлээ ч үгүй биз ээ.

1929 оноос хойш Д.Нацагдоржийг өөлж гоочлох явдал эхэлж, ажлаас нь халахыг хүртэл оролцдож байсан ч их зохиолч энэ мэт явуулгыг нэг их тоодоггүй байжээ. Тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн бичиг хэргийн эрхлэгч Лигцэгдоржоос нэг нөхөр нь “Чи Нацагдоржийг хавчин ажлаас нь гаргах гээд яаж байгаа юм бэ” гэж асуухад “Би ч яахав, тайж феодалуудыг цэвэрлэн зайлуулах заавартай тул зааврыг биелүүлэх ёстой” гэж хэлж байсан гэдэг.

Ийнхүү алдаа дутагдал гаргахыг нь анаж байсан хүмүүст их зохиолч Д.Нацагдорж орос эхнэрийнхээ хамт, Германд сурч байсан хүмүүстэй шинэ жилийг Европ маягаар тэмдэглэсэн нь сайхан завшаан, шалтаг болжээ. Тэрхүү шинэ жилийн баяр тэмдэглэхэд орос эхнэрийнхээ хамт оролцсон “Берлин” хочит Бат-Очир гэдэг хүн нэрт зохиолчийн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үеийн гэрэл зургийг авчээ. Тэрээр уг зургийнхаа ард “Тайж Нацагдоржийн банкет” гэж тодотгон бичээд Дотоодыг хамгаалахынханд өгснөөр Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан мөрдөн байцааж эхэлжээ.

Энэ талаар төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг сайн мэддэг байжээ. Тэрээр “Шинэ Монголын шинэ театр” номдоо Д.Нацагдоржтой хамт орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн фото зургийн мэргэжилтэн Гомбожав, Гадаад худалдааны мэргэжилтэн Намсрай, Комбинатын инженер Хурлаат, Галаан нар орос эхнэрүүдийнхээ хамт, Төмөрийн Д.Нацагдорж, Намнандорж, Гомбо, Д.Намдаг нар баригдсан тухай дурдсан байдаг.

Ийнхүү шинэ жилийн Европ маягаар тэмдэглэснээсээ болж их зохиолч Д.Нацагдорж буруутан дөрвөн сар гаруй шоронд хоригдож, есөн удаа байцаалт өгсний эцэст өөрийгөө гэм буруугүй гэдгийг хангалттай нотолж чадсан ч түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулан суллаж байсан ажээ.

Дашдоржийн Нацагдоржийн намтрын товчоон (1906-1937)

1906 оны 11 дүгээр сарын 17

Монголын шинэ үеиийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг  Гүнгалуутайн «Аяга» гэдэг газар хохь тайж Дашдоржийн гэр бүлд төржээ.

1911 онд

Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад насбаржээ.

1911 оны үеэр 

Д.Нацагдоржийн эцэг Дашдорж, Цэргийн Яаманд орж бичээчээр ажиллажээ.  

1913 онд

Д.Нацагдоржийн эх Ц.Пагма, түүнийг долоон настай байхад нь нас нөгчжээ.

1914 онд 

Ц.Дашдорж, хүү Нацагдоржийнхоо хамтаар Нийслэл хүрээнд ирж шилжин суурьшсан ажээ.

1915 онд

Эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг  болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран  зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэх билгийн нүдээ нээжээ.

1917 онд

Д.Нацагдорж Автономитын цэргийн яаманд эцэг Дашдоржийн дэргэд тал бичээчийн ажил хийж, төдөлгүй жинхэлжээ.

1918 онд  

Тэр үеийн Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд Ц.Дашдоржийн ам бүл бүртгэгдсэн байна. Хүн амын дансанд Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, үхэр 4, хонь 21  тэйгээр бүртгэгджээ.

1918 оны сүүлчээр

Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.

1919 оны өвлийн тэргүүн сар

Цэргийн яамнаас түүний (Дашдоржийн) хөвгүүн Нацагдоржийг харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн (эцгийн) гавьяаг шилжүүлэн хөхүүлэхийг эн тэргүүн зэрэгт шагнажээ.

1921 оны эхээр

Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны оролсон туслах түшмэл, Бүх цэргийн жанжин, Д.Сүхбаатарын гарын түшмэлээр дэвшин ажиллажээ.

1921 оны 8 дугаар сарын 20

Монгол улсын түүхэнд хобогдох Итали улсын жуулчин Марко Пологийн төв ази ба Дундад улсад аялан явсан хураангуй зохиолыг орчуулсан шагналыг Гэгээрүүлэх яамнаас тогтоосон ханшаар Д.Нацагдоржид олгохыг хүссэн соёл, боловсролын ангийн эрхлэгчийн бичиг гарчээ.

1921 оны 7 дугаар сар

Д.Нацагдорж, Ардын засгийн Цэргийн явдлын яаманд бичээч, Дайчлан бүртгэх хэлтэст туслах туслах түшмэлээр ажиллаж байв.

1922 оны эхэн үед

Монгол улсын бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд томилогдон  ажиллажээ. Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны дэргэдэх Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг бадруулагч» нарийн бичгийн даргаар сонгогджээ. Басхүү Д.Нацагдорж нь жүжгийн анхны дугуйлан байгуулахад идэвхийлэн оролцсон ажгуу. Тэрээр «Залуучуудын жүжиглэлийн тухай» гэсэн өгүүлэл бичсэн нь «Уриа» сонины арван тавдугаарт нийтлэгджээ.

1922 оны 3 дугаар сарын 28

“Монгол ший” гэдгийг анх удаа сонирхуулжээ. Энэ бол «Ойрхи цагийн товч түүх» гэдэг хувьсгалын анхны хувьсгалт жүжиг байсан бололтой. Түүнд Д.Нацагдорж оролцон тоглож байсан  төдийгүй уг жүжгийг зохион найруулалцаж явжээ.

1922 оны 4 дүгээр сарын 29-нөөс

Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн арван гуравдугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв  Хорооны Туслах түшмэл, зохион байгуулах хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд томилон  ажиллуулсан байна. 

1922 оны 4 дүгээр сарын үед

Д.Нацагдоржийг Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн боловч хожимдсон байна.

1922 оны 5 дугаар сарын 2

Намын Төв Хорооноос Цэргийн яаманд явуулсан 135 тоот бичигт Намын Төв Хорооны 13 дугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв Хороонд ажиллуулахаар болсныг мэдэгджээ.

1922 оны дунд үеэр

Монгол Ардын намд гишүүнээр элсчээ. МАХН-ын Төв хорооны хариуцлагатай ажлыг хавсрах  буюу дагнах замаар хийж  байв. 

1922 оны 5 дугаар сарын 27

Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамнаас Монгол Ардын Намын Төв Хороонд шилжин, зохион байгуулах хэлтэст туслах түшмэлээр ажиллах болов.

1922 оны 5 дугаар сард

Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»  аар томилогдов.

1922 оны 7 дугаар сар

Д.Нацагдорж МАХН-ын Төв Хорооны даалгавар ёсоор Төв хорооны тэргүүн дарга Ц.Дамбадоржийн хамт тэр үеийн Түшээт ханы хошуунд» одоогийн Өвөрхангай аймгийн Баян- Өндөр суманд  «байгуулагдсан  ардын  намын болон  эвлэлийн үүрийн  ажлыг шалгах Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

1922 оны 8 дугаар сарын 7

Д.Нацагдорж, Монгол Ардын Намын Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон Засгийн газрын дэргэд намын 8 дугаар үүрийг байгуулжээ.

1922 оны 8 дугаар сард

Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхэлжээ.

Д.Нацагдорж, Ц.Дамбадоржийн хамт Түшээт хан, Далай гүн, Сэцэнвангийн хошуунд байгуулагдсан намын 1,2 дугаар үүрийн будлиантсан хэргийг арван зургаахан настайдаа таслан шийтгэх Намын Төв Хорооны Төлөөлөгчөөр томлигджээ.

1922 оны 10 дугаар сараас

Цэргийн улс төрийн хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсран ажиллаж байв. МАХН-ын Төв Хорооноос Коминтерний 9 дүгээр их хуралд явуулсан илтгэлийг бэлтгэж  боловсруулахад Д.Нацагдорж оролцжээ.  

1922 оны 12 дугаар сарын 20

Д.Нацагдорж МАН  ын 11 дүгээр үүрийн бүх гишүүдийн хурлаас Ниислэл хүрээний хог буртгийг цэвэрлэх төлөвлөгөө боловсруулах комиссын гишүүнд томилогджээ. Энэ үед Нацагдоржийн эцэг Дашдорж Цэргийн явдлын яамны дайчлан бүртгэх хэлтсийн туслах түшмэлээр ажиллаж байв.

1922 оны 12 дугаар сарын 31

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэн орж, 12117 тоот бат илэрхийлэлт авчээ.

1922 онд 

Манай орноос Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль «КУТВ»-д явуулж суралцуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр орж батлагдсан байна.   Д.Нацагдорж «Монгол улсын нутгийн захиргааны дүрэм», «Их шавийн захиргааны дүрэм» зэрэг ардын засгийн газрын анхны хуульчилсан баримт бичгүүдийг боловсруулах комиссын гишүүнээр  томилогдон ажилласан төдийгүй уг баримт бичгийн үзэл санааг жинхэнэ амьдралд  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад хүчин зүтгэж байв.

1922-1925 онд

Намын Төв Хорооны туслах түшмэл, зохиолын хэлтсийн эрхлэгч, Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1922 оны эцэст

Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны Зохиолын хэлтсийн даргаар дэвшин ажиллажээ.

1923 оны 2 дугаар сарын 16

Монголын анхны Ерөнхий боловсролын дунд сургуулийг нийслэл хүрээнд байгуулав.

1923 оны эхээр

Д.Нацагдорж, Нийслэл хүрээний «Залуучуудын ший наадмыг залган гаргах комисс»  ын гишүүнээр сонгогдов. Д.Нацагдорж тэргүүтэй хэсэг залуучууд жүжгийн зохиолыг хүч хамтран зохиож ший тавьж   тоглож байсан байна. Энэ үед «Цэнхэрлэн харагдах» гэдэг дуугаа зохиожээ. «Ушаандар»  гэдэг жүжгийн дотор энэ дууг дуулдаг байна.

1923 оны 3 дугаар сарын 17 Намын Төв Хороо, «Аймгийн захиргааны дүрэм», «Их шавийн нутгийн захиргааны дүрэм» боловсруулах комисс томилоход түүний бүрэлдэхүүнд Д.Нацагдоржийг оруулан ажиллуулжээ.  Д.Нацагдоржийг Намын Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 202 тоот албан бичгээр  сургуульд явах болсон тул Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас  чөлөөлжээ. 

1923 оны 3 дугаар сарын 31

Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүнээр согогджээ.

1923 оны 6 дугаар сарын 25

Намын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар батлан  ажиллуулжээ. Дээрх хугацаанд Д.Нацагдоржийг Намын Төв Хорооны зохион байгуулах  хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан удаатай. Д.Нацагдорж, Ж.Цэвээний хамт Бүх Цэргийн зөвлөлийн дүрмийн төслийг хянах комист тоилогджээ.

1923 оны 6 дугаар сарын 30

Д.Нацагдорж, МАН-ын Төв Хорооны орлогч гишүүнээс чөлөөлөгджээ.

1923 оны 7 дугаар сарын 15

Судар бичгийн хүрээлэнгийн 5 дугаар хуралдааны 3 дугаар зүйлээр Сэцэн хан аймгийн Ахай  бээсийн хошууны нутагт бүсийн чулуу хэмээх газар бүхий хэсэг байшин хэмээх эвдэрхий  балгасны бичгийг орос оюутан Казакевичийн хамт Төв Хорооны нарийн бичгийн дарга  Нацагдоржийг илгээж хэвлүүлэн авсугай гэжээ. Д.Нацагдорж их хурлын дундуур энэ  ажлыг  гүйцэтгэхээр томилогджээ.

1923 оны 7 дугаар сарын 18-аас 8 дугаар сарын 10 хүртэл

Энэ сард хуралдсан МАН-ын 2 дугаар их хуралд намын 11 дүгээр үүрээс Дашдоржийн  Нацагдорж нарын гурван хүн төлөөлөгчөөр оролцож, намын Төв Хорооны гишүүнээр    сонгосон бөгөөд мөн бүгд хурлаас түүнийг Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгожээ.

1923 оны 8 дугаар сарын 2-ноос 8 хүртэл

Судар бичгийн хүрээлэнгээс «Хэсэг байшин судлах шинжилгээний ангид» Д.Нацагдорж,  шинжилгээний ангийн гишүүн хожим нь монголч эрдэмтэн болсон В.В.Казакевич нар нийслэл  хүрээнээс гарч улаа хэрэглэн гурван хоног явж «Хэсэг байшнд» хүрчээ. «Хэсэг байшин» гэдэг  бол Хэнтий, Дорноговь аймгийн зааг дээр Бүсийн чулууны  өвөрт оршдог балгас юм. Тэгээд 8 дугаар  сарын 8-ны 4 цагт нийслэл хүрээнд иржээ.

1923 оны 8 дугаар сарын 17

Д.Нацагдоржоос Намын Төв Хороонд Оросын Петроград хотноо удаан хугацаагаар явж эрдэм  сурах болсон тул оноосон албанаас чөлөөлөхийг хүссэн тул Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөл мөн өдөр 202 тоот бичгээр хариу явуулжээ. Д.Нацагдорж, МАН  ын хоёрдугаар их хурлаас Намын Төв Хорооны жинхэнэ гишүүн бөгөөд тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.

1923 оны намар

Намын Төв Хороо, Засгийн газраас залуу Нацагдоржийг Хуучны сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтын хошуу «одоогийн Архангай аймгийн Их тамир сум» мөн аймгийн Шива  ширээт хутагтын шавьд ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ үед Д.Нацагдорж 17 настай хөвгүүн байлаа.

1923 оны 3 дугаар улиралд

Д.Нацагдорж, Зөвлөлт орос улсад сууж байсан Монгол улсын Элчин сайдын нарийн бичгийн даргаар томилогдон Москва орохоор мордсон боловч, замдаа өвчилсөн учир цааш явж чадалгүй Хиагтаас буцсан байна.

1923 оны 12 сард

Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагамдулам, Монгол Ардын Намд орлогч гишүүнээр элсэв.    

1923(?) онд Энэ үед батлагдан гарсан Монгол улсын Бүх цэргийн жанжны дүрэм, Монгол Ардын засгийн цэргийн явдлын яамны сайдын дүрэм, бүх цэргийн штабын даргын дүрэм зэрэг хууль тогтоомжийн  баримт бичгүүдийг боловсруулахад Д.Нацагдорж үлэмжийн их нэмэр оруулсан нь эргэлзээгүй. Нацагдоржийг Бүх цэргийн зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн даргын тушаалд дэвшүүлж,цэргийн зөвлөлийн гишүүн Хатанбаатар Магсаржав,Х.Чойбалсан нартай хамт ажиллажээ. 

Д.Нацагдорж, Д.Пагамдуламтай ханилан суужээ

1923 (?) оны 9 дүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар.

Дотоодыг хамгаалах газрын коммиссарын ажлыг хавсран хийж байв.

1924 оны 1 дүгээр сарын 1

Судар бичгийн хүрээлэнгийн хурлаар «Шинэ ном, судар ба жүжиг, бүжгийн зэргийн бичиг» зохиосон Буяннэмэх, Насанбат, Нацагдорж, бага Гомбожав, Ишдорж нарын зэрэг оюутныг  хөхүүлэхээр шийдэж Д.Нацагдоржийг 50 лангаар шагнасан байна.

1924 оны 1 дүгээр сард

Улсын номын сан байгуулагдав. (Одоогийн Монгол улсын үндэсний төв номын сан болой.)  «Монголын доторх явдлыг шүүмжлэн зохиож, цэнгэлдэх жүжигт гаргах болсон нь» ард нийтээр гэгээрэн боловсроход нэн дөхөмтэй зүйл болох тул «онц шагарч буй» дөрвөн зохиолчийг урамшуулсны дотор «Монголын үгээгүй айлын хөвгүүн», «Чингис хааны түүхээс» жүжиг бичсэн Д.Нацагдорж, найруулагч Гомбожав нарт 50 лан шагнал олгосныг  тэр үеийн сонин хэвлэлээр мэдээлж байв.

1924 оны 2 дугаар сарын 5

Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдав. Монгол улсад, «Ардын цэрэг» сонин анх буй болов. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сурган хүмүүжүүлэхэд бэеэ даасан тогтмол хэвлэл чухал болохыг харгалзан үзэж, МАХН  ын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр Бүх цэргийн зөвлөлөөс эрхлэн «Ардын цэрэг» сонинг энэ өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа хэвлэн гаргахаар тогтсон байна. Сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ. Д.Нацагдорж, «Ардын цэрэг» сонины нэгэн эрхлэгч болж ажилласан нь энэ буюу. Мөнхүү Д.Нацагдоржийн сэтгүүлчийн үйл ажиллагаа ийнхүү цэргийн анхны төв хэвлэлтэй хамт эхэлсэн гэж хэлж болно. Тус сонин 1924.2.5  1925.6.3 хүртэл нэг эрхлэгчтэйгээр ажилласан нь Д.Нацагдоржийн идэвх санаачилга бүтээлч хөдөлмөр зохих үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ сонин 1927 оны 6 дугаар сараас «Хувьсгалын улаан цэргийн соёлын зам», 1930 оны 8 дугаар сараас «Улаан од», «99О оны 2 дугаар сараас «Тусгаар тогтнол» нэртэйгээр тус тус гарсан юм. Мөн өдөр Монгол Ардын Намын Төв Хороо, Засгийн газрын хэвлэл «Ардын эрх» сонины анхны дугаар хэвэгдэн гарч улмаар 1925 оны 4 дүгээр сарын 23  ныг хүртэлх хаагдах хугацаандаа 51 дугаар гарсан ажээ.

1924 оны 2 дугаарсарын 5-наас 1925 оны 1 дүгээрсарын 15 хүртэл 

Д.Нацагдорж Бүх цэргийн зөвлөлийн сурган боловсруулах хэлтсээс эрхлэн гаргаж байсан  ардын цэрэг» сонины анхны эрхлэгчийн нэг байж уг сонины дугаарыг боловсруулж, үг найруулгыг  нягтлан хяналцаж байсан бөгөөд зохиол нийтлэлийнхээ ажлыг улам өргөтгөж, уг сонинд жилийн турш улс төр, иргэний хэд хэдэн нийтлэл, зарим шүлгийг цохож заасан зохиолчийн нэргүйгээр нийтлэсэн нь Д.Нацагдоржийн бүтээл байсанбайж болох юм.

1924 оны 2 дугаар сарын 14

«Ургинская газета» сониныдугаарт Судар бичгийн хүрээлэнгээс монголын залуу бичигчдийн уран бүтээллийг дэмжин урамшуулах зорилгоор дор дурдсан хүмүүст шагнал олгохоор тогтжээ.Үүнд: 1.жүжгийн зохиолуудыг бичсэний учир Буяннэмэхэд 45 лан, 2. Мөн Нацагдорж, Гомбожав нарт 50 лан, 3. Түүхэн жүжиг зохиосон учирНасанбатад 35 лан олгож байсаныг мэдээлжээ.

1924 оны 3 дугаарсарын 19

МАХН-ын Төв Хорооны Сурталын хэлтсийн дэргэд «Бүсгүйчүүд тасаг» анхлан байгуулахад эрхлэгчээр нь Д.Нацагдоржийн гэргий Д.Пагамдулам сонгогджээ.

1924 оны 4 дүгээр сарын 30

Бүх Цэргийн зөвлөлийн Дотоодыг хамгаалах комиссарын орон тоог хассан тул уг албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан Д.Нацагдоржийг чөлөөлжээ.

1924 оны 5 дугаар сар

Д.Пагмадулам, С.Янжмаагийн хамт Москва хотноо хуралдах, Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн хуралд оролцох төлөөлөгчөөр томилогдсон боловч уг хуралд оролцож чадаагүй байна.

1924 оны 7 дугаар сар Д.Нацагдорж хуучин сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу «одоогийн Булган аймгийн Хутаг сум»-д ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр нэг нөхрийн хамт томилогдон ажиллажээ. Д.Нацагдорж тус хошууны Наймаа сумын ардыг тус бүрт нь хуралдуулан,сумаас тав таван  төлөөлөгч сонгуулж тэдгээр төлөөлөгчдийг нийлүүлэн дахин хуралдуулж, нууц санал хураан, хошууны шинэ даргыг сонгож батлуулах ажлыг гүйцэтгэжээ. Мөн Намнан уулын хошуу байгуулжээ. Бас 1924 оны намар Улсын анхдугаар хурал хуралдах байсан учир Д.Нацагдорж хурлын  бэлтгэл, зохион байгуулалтыг ханган мөн хошууны бүх ардын хурлыг хийлгэн аймгийн хуралд очих төлөөлөгчийг сонгуулах ажил хийжээ. Энэхүү төрийн алба гүйцэтгэх хариуцлагатай ажлыг  Нацагдорж 18 насандаа хийж байжээ.

1924 оны 8 дугаар сарын 4-нөөс 9 дүгээр сарын 1

Д.Нацагдорж нийслэл хүрээнд хуралдсан МАН-ын 3 дугаар их хуралд МАН-ын Төв  Хорооны гишүүний хувьд төлөөлөгчөөр оролцож улмаар Намын Төв Хорооны орлогч гишүүнээр  сонгогджээ. 

Энэ үеэс эхлэн засгийн газрын нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж  байжээ.

1924 оны 8 дугаар сарын 27

Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Нацагдоржийг Засгийн газрын нарийн бичгийн даргаар сонгож, хавсран ажиллуулжээ. Тэргүүлэгчдийн хурлаар  батлахад уг комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж орж сургуульд явах хүртлээ намын шалгалт цэвэрлэгээний ажилд идэвхтэй ажиллаж байсан байна.

1924 оны 9 дүгээр сарын 19

Д.Пагмадулам МХЗЭ-ийн гуравдугаар их хурлаас эвлэлийн аливаа орлого зарлагыг хянан байцаах комиссын гишүүнд сонгогдов.

1924 оны намар

Д.Нацагдорж МАХН-ын Төв Хорооноос Монголын Пионерийн байгууллагыг үүсгэн байгуулах бэлтгэл ажил хийх даалгавар авчээ.

1924 оны 10 дугаар сарын 1

Д.Нацагдорж МХЗЭ-ийн гуравдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргын орлогчоор сонгогджээ. Д.Нацагдорж, Ө.Бадрахын хамт МХЗЭ-ийн Төв Хорооны ший жүжгийн эрхлэгчид сонгогджээ. Д.Пагамдулам МХЗЭ-ийн гуравдугаар их хуралд үг хэлж, эвлэлийн гишүүн эмэгтэйчүүдийг хэрхэн боловсруулах талаар санал дэвшүүлжээ.

1924 оны 11 дүгээр сарын 8-наас 30

Д.Нацагдорж нийслэл хүрээнд хуралдсан БНМАУ  ын анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцож Хувьсгалт залуучуудын нэрийн өмнөөс үг хэлжээ. Д.Нацагдорж Улсын анхдугаар хурлыг хуралдуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд идэвхийлэн оролцжээ.

1924 оны 11 дүгээр сарын 6

Д.Нацагдорж «Дөрвөн цаг 14 минут» шүлэг бичжээ.

1924 оны үеэс

Д.Нацагдорж МХЗЭ  ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.

1924  өөс 1925 онд

Д.Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгчээр ажиллаж байв.

1924  өөс 1929 он хүртэл

Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнгийн сул цалинт оюутан байжээ.

1925 оны 1 дүгээр сарын 5

МАХН-ын Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 1 тоот бичигт Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Нацагдоржоор Сурган хүмүүжүүлэх хэлтсийн даргыг түр хавсруулахад татгалзах зүйлүй гэсэн хариу явуулжээ.

1925 оны 1 дүгээр сарын 12

МАН-ын 3 дугаар их хурлын шийдвэрийн дагуу тус намын хэмжээгээр явагдсан анхдугаар шалгалт цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж явуулах төв комиссыг Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар батлахад уг комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж орж,сургуульд явах хүртлээ намын шалгалт цэвэрлэгээний ажилд идэвхтэй ажиллаж байсан байна.

1925 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл

Д.Нацагдорж Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байв.

1925 оны  5 дугаар сарын эхээр

Д.Нацагдорж Пионерийн товчооны даргаар хавсран ажиллажээ. Д.Нацагдорж пионерийн дуу «Залгамжлагчийг залгамжлах пионер багачуудын дуу»  хэмээх алдарт зохиолоо туурвижээ.

1925 оны 5 дугаар  сарын 21

Үйлдвэрчний эвлэлийг байгуулах комисс хуралдаж байгуулагдсанаасаа хойш хийсэн ажил  үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэрхэн бий болж байгаа байдлыг хэлэлцээд үйлдвэрчний  эвлэлийн 4 салбар эвлэл бүхий дөрвөн товчоог байгуулахад Д.Нацагдорж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.

1925 оны 6 дугаар сарын 23

Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар МАХН-ын 4 дүгээр их хурлын баримт бичиг боловсруулах комисс томилжээ. Энэ комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж ажилласнаараа нам улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг тодорхойлон заасан шинэ программ, намын үзэл суртал зохион байгуулалтын цаашдын бэхжилтэд нэн ач холбогдолтой дүрэм  баталсан тус их хурлын ажилд өөрийн хувь нэмрийг оруулжээ.  

1925 оны 7 дугаар сард

Намын Төв Хороо, Д.Нацагдоржийн сургуульд явах болсныг харгалзан үзэж сарын чөлөө олгожээ.

1925 оны 8 дугаар сарын 14

Намын Төв Хорооны зохион байгуулах зөвлөлийн 5 дугаар хурлаар Д.Нацагдоржийг сургуульд явах өргөдлийг сайшаан дэмжиж, Төв Хорооны орлогч гишүүн, намын шалган  цэвэрлэх комисс, үйлдвэрчний эвлэлийн комиссын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

1925 оны намраас 1926 онд

Д.Нацагдорж Ленинград цэргийн улс төрийн академид суралцахаар оджээ.

1925 онд

Д.Нацагдорж жүжгийн зохиол бичиж байсан учир судар бичгийн хүрээлэнгийн шагнал хүртэж байжээ.

1925 оны 10 дугаар сарын 28

Налайх дахь Тоньюкукийн гэрэлт хөшөөнд хамгаалалтын барилга барих тухай харъяат шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчид түүхийн тасгийн эрхлэгч Д.Нацагдорж санал оруулжээ.

1926 оны зун

Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид суралцаж байсан Д.Нацагдорж сургуулийн чөлөөгөөр орон нутагтаа иржээ.

1926 оны 6 дугаар сарын 17

БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлын тогтоолоор  улсын 15 жилийн ойн баярын үеэр Монголын хувьсгалын тухай лекцийг уншуулахаар Д.Нацагдоржийг томилсон бичиг гаргажээ.

1926 оны 8 дугаар сарын 4

Д.Нацагдорж «Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн таван жилийн ой» хэмээх өгүүллээ бичжээ.

1926 оны 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 23

Д.Нацагдорж Бүх цэргийн зөвлөлийн туслах түшмэлээр ажиллажээ.

1926 оны 8 дугаар сарын 17

Д.Нацагдорж «Улаанбаатараас Берлин хүртэл» хэмээх шүлэглэсэн замын тэмдэглэл найраглалаа бичжээ.

1926 оны 9 дүгээр сарын 14

Энэ өдөр хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны зохион байгуулах  зөвлөлийн 24 дүгээр хурлаар гадаадын сургуульд суралцахыг хүсэгчдийн асуудлыг авч хэлэлцээд  Япон улсын сургуульд Монгол сурагчдыг түдгэлзэж, уг явуулахаар төлөвлөсөн Д.Нацагдорж,  Пагамдулам нарын 6 хүнийг Герман улсын сургуульд нэмэн илгээж, улс орондоо чухал хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж ирэх итгэл хариуцлага ногдуулжээ. 

1926 оны 10 дугаар сарын 14

Д.Нацагдорж тэргүүтэй сурагчид Улаанбаатараас өртөөгөөр мордон Алтанбулаг хүрч Зөвлөлт орос улсын нутгаар дамжин явсаар Герман улсад хүрчээ.

1926 оны намраас 1929 оны хавар хүртэл

Д.Нацагдорж Улаанбаатар хотоос Герман улсын нийслэл Берлин хотод очиж хэлний  бэлтгэл хийгээд төдөлгүй Лейпциг хотын сэтгүүлчийн сургуульд суралцаж иржээ.

1927 оны 6 дугаар сарын эхээр

Д.Нацагдорж Берлиний хэлний институтийн 1 дүгээр курсыг дүүргээд 2 дугаар курсыг дүүргэж амжаагүйгээр Пагамдуламын хамт Лейпциг хотноо шилжжээ. Лейпцигт байхдаа  Бозештрассе гудамжны 4 тоот хаалганд Бек гэдэг айлд сууж байжээ.

1927оны 8,9 дүгээр дүгээр сард

Германы Ванзес нуур, Шилдхори  гэдэг амралтын газар болон Мюнхен, Райхалле, Вердер зэрэг газруудаар Нацагдорж Пагамдуламын хамт жуулчлан амарчээ. Д.Нацагдорж «Алс газар сурахаар явагч», «Бидний сурагчид» шүлгээ бичжээ.

1927оны 12дугаар сарын 6

Ардыг Гэгээрүүлэх Явдлын яамны сайд Эрдэнэбатхаанд «Сурагчийн сэтгүүл» гаргах  тухай зөвшөөрөл ирүүлэхийг хүссэн бичиг явуулжээ. Уг бичгийг Д.Нацагдорж хариуцан боловсруулж  сэтгүүлийн зорилгыг тодорхойлон бичсэн байна.

1927  онд  

Гадаадад суралцагчдыг бүртгэсэн дансанд Д.Нацагдоржийн Берлинд хэлбичгийн сургуульд сайн суралцаж байсан тухай тэмдэглэсэн нь бий.

1928 оны 9 дүгээр сар

Д.Нацагдорж «Манай үе ба манай үүрэг» , «Цаг, цаг,цаг» гэсэн хоёр нийтлэл Герман Берлин хотноо гаргасан монгол оюутны «Сурагчдын бичмэл» сэтгүүлийн 1 дүгээр дэвтэрт  нийтлэгдсэн байна. «Майн нэгнийг хөрөнгөтний газар үзжээ»  өгүүллэгээ бичжээ.

1929 оны 1 дүгээр сарын 9

МАХН-ын Төв Хорооны  суртлын хэлтсээс эрхэлж Монголын хувьсгалт зохиолчдын бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Энэ байгууллагын гишүүнд Д.Нацагдорж элсэж идэвхийлэн  ажилласан байна.

1929 оны эхэн үеэс

Төмөрийн заводад орчулагчаар ажиллаж улмаар Шинжлэх ухааны хүрээлэн (Одоогийн шинжлэх ухааны академид)  орчууалгч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан  байна.

1929 оны 8 дугаар сарын 10

Москва хотод болсон Бүх холбоотын өсвөрийн чуулга уулзалтад оролцох БНМАУ  ын өсвөрийн пионер сурагчдын төлөөлөгчдийг их зохиолч Д.Нацагдорж удирдаж явсан.  

1929 оны 8 дугаар сарын сүүлчээр

Намын Төв хороо, Ардыг гэгээрүүлэх яаманд хувийн өргөдөл бичиж,Ардыг гэгээрүүлэх яам буюу Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтнийг бэлтгэх орон тоон дээр Герман улсад  үргэлжлүүлэн  суралцуулах тусгай зааврын дагуу тэндэх сурагчдын дунд улс төрийн бодлогыг нэвтрүүлэх,  сурагчдын бичмэл сэтгүүл гаргах. Жич сонины сурвалжлагчийн үүргийг даалган  гүйцэтгүүлэхийг  хүсэн мэдүүлжээ.

1929 оны 12 дугаар сард

Монголын уран зохиолч нарын бүлгэмээс эрхлэн «Уран үгсийн чуулган» хэмээх 285 хуудас бүхий цоморлигийг 5000 дэвтрээр гаргажээ. Уг номд 15 зохиолчийн 36 бүтээл орсоны дотор Д.Нацагдоржийн «Пионерийн дуу» хэвлэгдсэн байна.

1929 онд

Герман, Францад суралцаж байсан зарим монгол сурагчдыг феодал, тайж гаралтай хэмээн  гэдрэг татахад тэдний дунд Д.Нацагдорж байжээ.

1930 оны 2 дугаар сарын 21

МХЗЭ-ийн Төв хорооны  сонин «Залуучуудын үнэн»- д Д.Нацагдорж, «Эдүүгээ цагт хүн төрөлхтний гаргасан кино хэмээх сүүдрийн…», «Цахилгааны…», «Шашин ба төр хэмээх хоёр…» өгүүлэл бичиж, (үзэг) хэмээх нууц нэрээр гаргасныг эрдэмтэн А.Очир, «Д.Нацагдоржийн уран бүтээлийн нууц нэр хийгээд шинээр олдсон бүтээлийн тухай» өгүүлэлдээ нийтлүүлсэн билээ.

1930 оны 7 дугаар сарын 25

«56 жилийн өмнө» хэмээх шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллийг «Үзэг» гэдэг нууц нэрээр Д.Нацагдорж хэвлэн нийтлүүлжээ.

1930 оны 8 дугаар сарын 8

Монголын уран зохиол оролдогч залуусын анхдугаар хурлаар уран зохиолчдын төв товчоог сонгон байгуулж товчооны бүрэлдэхүүнд Ядамсүрэн,Булыщев,Дугаржав,Гонгор, Нацагдорж нарыг сонгожээ.

1930 оны 9 дүгээр сарын 9

МАРЗ «Моньгольская ассоциация революционных зохиолчид»-ын Төв товчооны тэргүүлэгчдийн хурал болж, товчооны даргаар Ядамсүрэн, нарийн бичгийн даргаар Нацагдорж нарыг сонгож МАРЗ-ыг нээсэн тухай мэдээг ВАПП (Все союзная ассециация пролетарских  писателей)- д явуулахаар тогтоожээ.

1930 оны 9 дүгээр сарын 25 МАРЗ-ын Төв товчооны тэргүүлэгчдийн хоёрдугаар ба бүх гишүүдийн хоёрдугаар хурлаар МАРЗ-ын талаар монголын хувьсгалт зохиолчдын эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг хэлэлцэж сайшаагаад МАРЗ-ын төв товчоог шинэчлэн сонгосон байна. Үүнд Жинхэнэ тэргүүлэгчдэд Нацагдорж, Банзрагч, Цэндсүрэн, орлогчдод Дугаржав, Ядамсүрэн нарыг сонгожээ. Тус хурлаас МАРЗ-д эрх биш тусгай нарийн бичгийн даргатай байваас хэрэг явдлыг эрхлэн явуулах ба хөгжүүлэхэд тустай болох учир энэ 10 дугаар сарын 1-нээс эхлэн нөхөр  Нацагдоржид 50 төгрөгийн цалин олгож нарийн бичгийн даргын хэргийг эрхлүүлэх…»-ээр   шийдвэрлэсэн байна.

1930 оны 9 дүгээр сарын 30

Д.Нацагдорж, «Залуучуудын үнэн» сонины энэ өдрийн дугаарт «Балар хуучны бүдүүлэг цагт…» гэдэг өгүүлэл нийтлүүлжээ.  Мөн энэхүү дугаарт «Үүний урьд…» гэдэг өгүүлэл нь бий.

1930 оны 12 дугаар сарын 3

Д.Нацагдорж, Зөвлөлтийн зохиолч М.Булышевтай хамтран хөдөлмөрлөж МАРЗ-ын дүрмийг бүх зохиолчдын хурлаар оруулж хэлэлцжээ. Мөн МАРЗ-ын зохиолчдын 5 дугаар хурлаар зохиолч нарын дунд уран зохиолын онолын хичээл явуулах, зохиолчдоос эрхлэн уран уран сайхны үдэшлэг зохиох тухай хэлэлцэж  үдэшлэгийг зохион явуулах коммист Буяннэмэх, Булышев, Нацагдорж, Ефремов, Батсүх   нарыг    сонгон баталжээ.

1930 оны 11 дүгээр сарын 4

МАРЗ-ын Төв товчооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ. Уг тогтоолд «МАРЗ-ыг  байгуулсан тухай ухуулахын эх (бичиг) ба МАРЗ-ын дүрмийг хэлэлцээд ухуулгыг дэлгэрүүлэх,   тодорхой яруу болгон эрхэмлэх тунхаг болгох ба мөн дүрмийг дэлгэрүүлж гишүүдийг хэрхэн элсүүлэх, аймаг хөдөөгийн салбарыг хэрхэн байгулах зэргийг тодорхойлж басхүү МАРЗ-ын  зорилгоос эхэнд дурдваас зохих учир Нацагдорж нарт даалгаж засуулаад дэлгэрүүлж ирүүлэхээр  тогтов» гэжээ. Д.Нацагдорж Монголын зохиолчдын эвлэлийг анх байгуулсан тухай тунхаг, мөн эвлэлийн дүрэм, эрх хэмжээний дүрмийг тус тус боловсруулахад оролцжээ. 

1930 оны 11 дүгээр сарын 28

Монголын хувьсгалт уран зохиолчдын эвлэл байгуулагдав.

1930 оны үед

Д.Нацагдорж Зөвлөлтийн түүхч Г.Е.Грумм Гржимайлогийн бичсэн «Баруун монгол ба урианхайн хязгаар» гэдэг зохиолын хоёрдугаар ботийг орчуулж, монголын түүхтэй холбогдсон бас бус  нэлээд орчуулга хийсэн байна.

1930 оны намар

Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Цэвээнтэй хамтарч Карл Марксын «Капитал»-ын нэгдүгээр ботийн эхний хэсгийг орчуулж эхэлжээ.

1931 оны 1 дүгээр сарын 6

Нэгэн албан бичигт Д.Нацагдорж, Монголын зохиолчдын холбооны номын санг  байгуулахаар санаачилснаа уг холбооны нэрийн өмнөөс бичиж байв. 

1931 оны 1 дүгээр сарын 15

Зохиолчдын «Эрх хэмжээний дүрмийг» хэлэлцжээ. Зохиолчдын эрх хэмжээг төлөвлөснийг  хэлэлцээд хараахан үл нийцсэн тул нөхөр Ядамсүрэн, Буяннэмэх, Нацагдорж нарыг томилж  залруулан ирүүлж зохих газар явуулаад гүйцэтгүүлэхээр тогтжээ. МАРЗ-ын бүх гишүүдийн хурлын тогтоол ёсоор… МАРЗ-ын хэвлэлийн харилцааны  эрхлэгчээр сонгогджээ. Д.Нацагдорж Монголын уран зохиолчдын байгууллагын анхны сэтгүүлийг  санаачлан хэвлэлд бэлтгэгчийн нэгэн мөн байв.Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар орж ажиллажээ.

1929-1931 оны 1 дүгээр сарын 15 хүртэл

Д.Нацагдорж Төмөрийн заводад орчуулагч,«Залуучуудын үнэн»  сонины ажилтнаар ажиллаж байжээ.

1930-1931 онд

Д.Нацагдорж «Залуучуудын үнэн» сонинд утга зохиолын ажилтан байжээ.

1931 оны 1 дүгээр сараас 1937 оны 3 дугаар сарын сүүүлч хүртэл

Д.Нацагдорж шинжлэх ухааны хүрээлэнд оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ба, дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

1931 оны 2 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 22 хүртэл 

Д.Нацагдорж Ерөөгийн газар тусгай албанаа 3 сар 10 хоног томилогдон явжээ. Шинжлэх  ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Цэвээнтэй хамтран К.Марксын «Капиталын»-ын тэргүүн  ботийн эхний хэсгийг орчуулсан ажээ. 

1931 оны 7 дугаар сарын 21 

Хувьсгалын уран зохиолчдын бүтээлээр «Залуучууын үнэн» сонинд тусгай нүүр гаргажээ. Эл нүүрт Д.Нацагдоржийн«Хавар»,«Хуучин хүү» зохиолууд хэвлэгджээ. 

1931 оны 11 дүгээр сарын 2

Энэ өдөр хуралдсан Монголын уран зохиолчдын хурлын тогтоолд Д.Нацагдорж бас зохиочдыг хэвлэл радиотой холбох талаар үүрэг аван ажиллаж байсыг түүнчлэн ший жүжгийн болон дууны зохиолыг хариуцан хэрэгжүүлж байсныг заажээ.

1931 оны 12 дугаар сарын 31

Д.Нацагдорж нь хэсэг нөхдийн хамт шинэ жилийг угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намннандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнрийнхээ хамт… Т.Нацагдорж, гомбо, бас Намдаг нарыг баривчилсан юм билээ. 

 Д.Нацагдорж нарыг баривчилсан нь хоёр шалтгаантай юм. Нэгд, Дотоодыг хамгаалахынханэдгээр хүмүүс шинэ жилийг угтсан биш, зүүн зүгт манж гоо хэмээх улс бий босны нэг жилийн ойг тэмдэглэв гэж хардахад хүргэсэн… Хоёрт, Шинэ жилийг угтахад орос эхнэрийнхээ хамт оролцсон, Берлинхочит Бат-Очир гэрэл зураг татаж авсан зургийнхаа нэг хувийг дотоодыг хамгаалахад шилжүүлэхдээ ард нь «Тайж Нацагдоржийн банкет» гэж бичсэнийг шалтаг болгон баривчилсан гэдэг.

1931 онд           

Д.Нацагдорж «Анхны цас», «Мөрөөдөл», «Нойрын дунд», «Од», «Октябрь», «Өвлийн хүйнтэн янагийн хаалуун янагий янагийн халуун», «Уриал», «Үүрийн жаваруурын чимээ», «Феодалын янаглал», «Хавар», «Халаг «Хөдөө талын үзэсгэлэн», «Хөх тэнгэр цэлийнэ», «Хүргэн хүү», «Шинжлэх ухаан» зэрэг шүлэг, өгүүллэгүүдээ туурвин бүтээжээ.

1932 оны эхээр

Д.Нацагдорж голлон санаачилж МАРЗ ын Төв товчооноос байгуулан хэлэлээд «Хувьсгалын уран зохиол» гэдэг сэтгүүлийг хэвлэн гаргажээ. Энэ сэтгүүлд Д.Нацагдоржийн уран 
бүтээл хэвлэгдсэн байна.

1932 оны 5 дугаар сарын 18

Д.Нацагдоржийг баривчлан хорьж,мөрдөн байцааж эхэлжээ. (Бүтэн 6 сар гянданд хоригдсон байна.)

1932 оны 8 дугаар сарын дунд үед 

Шорон гянданд сууж бие тэсэхүй бэрх болсны учрыг гаргаад хийсэн хэрэггүй «Хилсээр хоригдож буй болох тул даруй хэргийг цагаатган өршөөлийг үзүүлнэ үү» гэсэн өргөдлийг гаргажээ. 

1932 оны 10дугаар сарын 29

Д.Нацагдоржийн нэгэн жилээр тэнсэн харгалзаж суллах шийдвэр гаргажээ. Тийнхүү хилс хэргээр Д.Нацагдорж 170 хоног гянданд хоригдохдоо эрүүлмэнд үлэмж муудахын зэрэгцээ бас нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсжээ. 

1932 оны 11 дүгээр сар

Д.Нацагдорж «Октябрийн хувьсгалын 15 жилийн ойд зориулсан илтгэл»  бичжээ. 

1932 онд

Д.Нацагдорж «Цагаан сар ба хар нулимс» гэдэг алдарт өгүүллэгээ болон «Ааш зан хувирахуй», «Аугаа  хүчтэн», «Би хэн бэ,чихэн бэ», «Залуу бие ганихрахуй»,«Залуу бүсгүй»,«Зургийн аппрат»,«Орчлонгийн жамыг танихуй», «Со-ё чамайг хайрлана» ,«Тэргэл сарыг үзэхүй», «Уйтгар зовлонг санагдуулахуй», «Эрүүл явбал улсын наадам үзнэ» ,«Ургамал бодисыг мөрөөдөхүй»,«Хан ертөнцийн сар», «Хувьсгалын үр»,«Эсэргүүг сонсвол», «Эрх чөлөөг хүсэхүй», Янаг амрагаа мөрөөдөхүй» зэрэг шүлэг зохиолуудаа бичсэн ажээ. 
Д.Нацагдорж латин үсгийн дүрэм зохиосон байна.

Д.Нацагдорж энэ онд хилс хэрэгт гүтгэгдэж байхдаа шоронд чихрийн цаасан дээр 10 гаруй шүлэг бичсэн байна.

1933 оны 1 дүгээр сарын 11

Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлаар монгол хэлний тайлбар толь зохиох комисст Ринчен, Шагж, Гомбожав, Дорж, Цэвэл, Дамдинсүрэн, Нацагдорж нарыг томилжээ. Энэ комиссын гишүүд 1933-1935 онд «Монгол хэлний тайлбар толь» ийн тэргүүн, дэд дэвтрийг  зохион төгсгөж, эцсийн хяналтад оруулсан байна. Д.Нацагдорж удирдан зохион байгуулж   гуравдугаар дэвтрийг 1936 онд зохиолгосон гэдэг.

1933 оны 3 дугаар сарын 15

Тайлбар толийн товчооны гишүүдийн анхдугаар хурлаар бүх хуулах, сийрүүлэх ажлыг  Дамдинсүрэн, Нацагдорж нарт хариуцуулжээ.

1933 оны 3 дугаар сарын 21

Д.Нацагдорж шинжлэх ухааны хүрээлэнгийн орчуулагчийн албан тушаалд дэвшин жил гаруй ажиллахдаа)  ШУХ-ийн ажилтнуудын цалингийн цэсээс үзэхэд) Д.Нацагдорж тэргүүн  зэргийн  орчуулагчийн зэрэгтэй байжээ.

1933 он

Д.Нацагдорж «Учиртай гурван толгой» хэмээх алдарт дууриа бичив.  Мөн уран зохиолчдын холбооноос радио уран зохиол нэвтрүүлгийг эрчимтэй явуулж  эхэлжээ. Энэхүү анх удаагийн радио уран сайхны үдшид хүрэлцэн ирсэн зохиолчдыг нэрлэвээс: Нацагдорж, Содном, Даваа, Цэрэн-очир, Ломбодорж, Сэнгээ, Доржсүрэн, Наваан-Юндэн болон алдарт дуучид оролцсон байна. Д.Нацагдорж  «Миний нутаг»” гэдэг алдарт найраглалаа бичиж анх Шинжлэх ухааны  хүрээлэнгийн ханын сонинд гарчээ. Энэ онд «Хэнз хурга»,«Хоёр ишиг»,«Мөнгө»,«Анчны дуу»,«Идэр хоёр»,«Үзэгдээгүй  юм», «Нар аа»,«Сараа»,«Шог шүлэг»,«Хүн хэдэн удаа үхэж болох вэ»,«Эгшиг» зэрэг шүлэг, найраглал, үргэлжилсэн үгийн зохиолуудаа бичжээ.

1934 оны 1 дүгээр сар

Д.Нацагдоржийн «Миний нутаг» хэмээх 12 бадаг алдарт найраглал хэвлэгджээ. Мөн Д.Нацагдоржийн «Үзэгдээгүй юм» өгүүллэг, «Үндэсний соёлын зам» сэтгүүлийн гурван дугаарыг дамжин хэвлэгдсэн байна.

1934 оны 3 дугаар сарын 21

Д.Нацагдорж тэргүүн зэргийн орчуулагчийн албан тушаалд дэвшин ажиллажээ.  Д.Нацагдорж, Д.Намдаг нарын зохиол «Би биш» (5 үзэгдэлт жүжиг) хэвлэгджээ. Энэ жүжгийг ардыг гэгээрүүлэх яамнаас 500 хувь дэвтэрлэн гаргасан байна.

1934 оны 3 дугаар сарын 22

Д.Нацагдоржийн охин Н.Ананда Улаанбаатар хотноо мэндэлсэн өдөр юм..

1934 оны 10 дугаар сарын 12

Монголын уран зохиолчдын холбооны хуучин шинэ гишүүдийн хурал болж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Т.Нацагдорж, Өлзий очир, Пүрэв, О.Чимид, Цэндийн Чимид, Доржсүрэн, Ламжав, Наваанюндэн, Намдаг, багшийн сургуулийн Хасдорж, Мижээ, Намжилдорж, Жамц нар оролцжээ.

1934 оны 12 дугаар сар

Д.Нацгдоржийн «Учиртай гурван толгой» дуурийн жүжгийг урлагийн тайзнаа анх тогложээ.

1934 онд

Д.Нацагдорж, Д.Намдаг нарын зохиол «Би биш» жүжиг,«Адуу манаанд»,«Ажилчны  бие»,«Гуанзны  хүүхэн»,«Дөрвөн цаг»,«Монголын үрс маш олон болтугай»,«Өвлийн нэгэн үдэш», «Өвлийн шөнө»,«Сэхээтэн»,«Соронзон»,«Учиртай гурван толгой»,«Хувьсгалын өмнөх үеийн эрүүл  энхийн байдал»,«Хувьсгалын үед»,«Хэлхээгүй сувд»,«Цуст байлдаан»,«Шинэ эмнэлэг»,«Эзгүй хээр»,«Янаг»,«Яр янхны шуудан» зэрэг зохиолуудаа бичжээ.

1935 оны 1 дүгээр сарын 23

Шинжлэх ухааны тэргүүлэгчидэд Д.Нацагдорж өөрийнхөө биеийг сүүлийн үед сульдаж зүрх судас,мэдрэлийн өвчтэй болсныг уламжлаад энэ өвчнийг эдгэрүүлэх талаар  СССР улсад 3 сарын хугацаатай явуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ.

1935 оны.3 дугаар сар

Уран сайхны улс төрийн зөвлөлөөс эрхлэн «Дөрвөн цагийн эргэлт ба хүмүүний аж төрөл хийгээд хөгшин залуугийн хувирал» зэргээр  дуу шүлгийн уралдаан зарласанд 27 яруу найрагчид оролцож Буяннэмэх их Нацагдорж бага Нацагдорж нарын шүлгүүд хоёрдугаар байранд,Наваан-Юндэн,Дүгэржав, Санжид нарын зохиол 3 дугаар байранд,Цэвэгмид,Цэрэночир,Чимид,Бүтэд нарын зохиол дөрөвдүгээр  байранд тус тус шалгарчээ.

1935 оны 5 дугаар сарын 22

Шинжлэх ухааны тэргүүлэгчдийн хурлаар шинэ байгуулагдсан түүхийн тасгийн эрхлэгчид Д.Нацагдоржийг томилж, сар бүр 300 төгрөгийн цалин олгохоор тогтсон  байна.  

1935 оны 10 дугаар сарын 11   

Уран сайхны улс төрийн зөвлөлийн уран зохиолчдын товчооны гишүүдийн хурал болжээ. Тус хуралд Санжид, Ринчен, Сэнгээ, Чимид, Цэн-очир, Содном, Нацагдорж, Намдаг нарын 22 зохиолч оролцжээ.

1935.оны 11 дүгээр сарын 15

Д.Нацагдоржийн эрүүл энхийн сэдэвт шүлгүүдийг Ардын эрүүлийг хамгаалах яамнаас  өөрийн 4 жилийн ойд зориулан нэгэн дэвтэр болгон хэвлүүлжээ. Энэхүү дэвтэрт Д.Нацагдоржийн  63 шүлэг (85 хуудастайгаар) гарч,1500 хувь хэвлэжээ. 

1935 оны 12 дугаар сар

Д.Нацагдоржийн эхнэрийг охин Ананда – Ширийн  хамт Ленинградад явуулжээ.

1935 онд

«Арван дөрвөн жилийн өмнө», «Архи», «Аугаа хүчтэн», «Аюулт байлдаан»,«Биеийнтамир», «Боловсон ёс», «Галзуу өвчин», «Ганган хүүхэн», «Гүндэг чавганц гүрмийн хэнгэрэг», «Гэргий хүүхдээсээ хагацахуй», «Далайн давалгаа хөөрч…», «Далдыг үзэгч», «Дүлий өвгөн», «Дэгжин банди», «Ертөнцийн гурван гайхамшиг», «Залуу хүү», «Их авхай», «Манийг хэн ална», «Миний ээж», «Монгол ардын суут», «Мэс заслын тасаг», «Нүд», «Нэгэн дусал цусанд тавин сая», «Нэгэн дусал шүлс», «Нялхас», «Нянг хорив», «Нянгийн яриа», «Өвчин», «Өвчтөний ёолох дуу», «Өлзийт өвчин», «Өнгөний өвчин», «Рашаан», «Сайн малчны баясгалан», «Таван минут», «Уяан дээр», «Үзэсгэлэнт охин сон», «Хайран охин», «Хайран хайран, тоогүй тоогүй», «Хайран хамар», «Халаг», «Халдварт өвчин», «Халуун хижиг», «Хожимдсон гэмшил», «Хөгшин хүний өгүүлэл», «Эндүү хүн», «Эрүүл ба жаргал», «Эрүүл явбал улсын наадам үзнэ», «Эрүүлийг хамгаалах газар», «Эрүүлийн баярын дуу», «Эрүүлээр хүмүүжих нь», «Эцэст нохой тэжээнэ» зэрэг зохиолуудаа бичжээ.

1936 оны 4 дүгээр сарын 9

Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлын гуравдугаар хурлын тогтоол ёсоор «Монголын Хувьсгалт улс байгуулагдсанаас эхлэн гарсан олон зүйлийн хэвлэлийн ном бичгүүдийн товч гарчгийг бүртгэн зохион нийтлүүлэх нь чухал тул эл ажлыг нөхөр Тубянский, Цэвэл, Нацагдорж нарт эрхлүүлэн гүйцэтгүүлсүгэй гэжээ. Нэн баримтаас үзэхэд Д.Нацагдорж нь ном зүйн зохих мэдлэгтэй, ном зүйч байсан нь харагдаж байна. Я.Цэвэл, Д.Нацагдорж нар уг ажлыг гүйцэтгэн «Монгол улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртлэх хэвлэмэл зүйлүүдийн бүртгэл» (900 гаруй ном товхимолын нэрийг багтаасан)   ийг хийж байснаар давхар гэрчлэгдэж байгаа билээ.

1936 оны 5 дугаар сарын 23

Энэ өдрөөс эхлэн Д.Нацагдоржийг Дуун ухааны тасгийн эрхлэгчээр томилж, түүхийн  тасгийн үүрэгт ажлыг давхар хавсруулсан байна.

1936 оны  6 дугаар сараас 10дугаар сар хүртэл

 Архивын бүрэн бус мэдээгээр үзвэл эрүүлийг хамгаалах яамнаас рашаан усны тухай ном, эмнэлгийн зарим нэр томъёо, яр өвчний тухай номын орчуулгыг хянуулах, Улсын хэвлэлийн  газраас цаг тооны бичгийг хянан сайжруулах, Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлүүлэх зүйлийн нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ирүүлэх, хэвлэлийн нэр томъёог тогтоолгох, хэвлэлд олонтоо хэвлэгддэг үгийг монголчлуулах, Сайд нарын зөвлөлөөс шинэ машины үсгийн тэмдэгтийг боловсруулж ирүүлэх,гадаад явдлын яамнаас монголын сүлд тэмдгийн утгыг тайлбарлуулах,  хүсэлт, даалгавар, дуун ухааны тасгийн эрхлэгч Д.Нацагдоржийн нэр дээр ирсэнд энэ бүхэнд зохих  зөвлөгөө хариуг өгч байна.

1936 оны 8 дугаар сарын дундуур

Д.Нацагдоржийн орчуулгаар Оросын их зохиолч А.С.Пушкиний «Анчар», «Хоригдол» зэрэг шүлгийг орчуулсан нь «Шинэ толь» сэтгүүлийн 3,4 дүгээрт хэвлэгджээ. Мөн Д.Нацагдоржийн «Монголын түүхийн товч» өгүүлэл нийтлэгдсэн ажээ.

1936 оны 8 дугаар сарын 29

Гадаад улсад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар Д.Нацагдорж санал боловсруулан бичжээ. Гадаад улсад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар Д.Нацагдорж санал боловсруулан бичжээ.

1936 оны 7 дугаар сард 

Монголын Ардын Хувьсгалын 15 жилийн ойд зориулан «Монголын түүхийн товч» гэдэг өгүүллийг «Шинэ толь» сэтгүүлийн 3, 4 дүгээрт хэвлүүлж, «монголын угсаатны эрт балар цагаас  эхлэн эдүгээг хүртэл хэрхэн улс төр байгуулж, уламжилж ирсэний түүхийн зурагийг» хийгээд Улсын нэрийг Монгол, Хятад, латин үсгээр хадаж бичсэн нь,«Д.Нацагдоржийн музей»-д хадгалагдаж байна.

1936 оны 10 дугаар сарын 13

Уран сайхны улс төрийн зөвлөл, Улсын төв театраас хамтран хувьсгалын уран зохиолчдын холбоог ойртуулах уран зохиол зохиох арга маяг,цаашид хийж гүйцэтгэвэл зохих  ажлын талаар зөвлөгөөн хийжээ. Энэ зөвлөлгөөнд Аюуш, Буяннэмэх, Санжид, Ичинхорлоо, Цэндочир,Намдаг, Тэрбиш, Д.Нацагдорж, Т.Нацагдорж зэрэг зохиолч нөхөд оролцон бичих жүжиг , зохиолынхоо товчийг дараагийн цуглаан дээр бэлтгэн ирэхийг даалгажээ.

1936 оны 11 дүгээр сарын 7

Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа  баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ.

1936 оны 11 дүгээр сард

Д.Нацагдоржийн охин Н.Анада, хоёр жил найман сар гаруйтайдаа ээжийнхээ хамт Ленинград (одоогийн Санкт  Петербург хотод очсон ажээ.

1936оны 12 дугаар сарын 8

    Д.Нацагдоржийн хэргийг тасалж таван сар албадан ажил хийлгэж, бас дутагдсан 860 төгрөгийн зүйлийг Нацагдоржоор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ үед тэрбээр 120 хоног мөрдөгдөн, түүнээс 40 – өөд хоногт нь хоригдон эрхэлсэн ажлаасаа халагдаж хоёр дахь удаагаа хилс яллагдаж Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт жирийн ажилчнаар ажиллажээ.

1936 оны 12 дугаар сарын 17

    Шинжлэх ухааны хүрээлэн Д.Нацагдоржийг дөнгөж баригдаж, мөрдөн байцаагдмагц л Дуун ухааны болон түүхийн тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халжээ. Энэ үед Нацагдоржийг дөч орчим хоног гянданд хорьж байцааж байжээ.

1936 оны сүүлчээр

    Д.Нацагдорж «Шувуун саарал», «Хөдөөний залуусын бахтай явдлаас өчүүхэн өгүүллэг» 
    хэвлэгсэн нь мөнөөх «Шинэ толь» хэмээх сэтгүүлд гарчихуй.

1936 онд

Д. Нацагдоржийн зохиол «Миний нутаг» хэмээх алдарт найраглал анх удаа хэвлэгдэхэд хавсралт зурагтай гарчээ. Д.Нацагдорж эх орны түүх судлалыг удирдаж байхдаа монголын археологийн дурсгалуудыг 
    бүртгэж карт хийх ажлыг мөн эхлүүлсэн байна.  Улсын музейг шинэ үзмэрээр баяжуулахад бас оролцжээ. «Монголын түүхийн товч» хэмээх бэсрэг зохиол бичиж хэвлэн нийтлүүлсэн байна. Д.Нацагдорж «Аюулт байлдаан сүрт тулалдаан»,«Хожимдсон гэмшил»,«Далдыг үзэгч», «Түүхийн шүлэг», «Холбоо шүлэг» зэрэг өгүүллэг,шүлэглэсэн зохиол болон «Их авхай»,«Монгол ардын суут» жүжгүүд, «Буудалцсан нь»,«Газар далай хоёр», «Сэрхүй», «Хоригдол», «Хэрээ хэрээний зүг ниснэ», «Анчар» гэх мэт орчуулгын зохиолуудаа туурвижээ.Эдгээр нь суут зохиолчийн  сүүлчийн бүтээл байсан бололтой. Д.Нацагдорж, «Бичиг үсэг хэрхэн дэлгэрсний түүх», «Радио» хэмээх хоёр өгүүлэл нь хэвлэгджээ.

1937 оны 1 дүгээр сарын 23

Монголын зохиолчид оросын их зохиолч А.С.Пушкиний нас нөгчсөний 100 жилийн ойд  бэлтгэж А.С.Пушкиний зохиолуудаас Д.Нацагдорж «Анчар»,«Хэрээ хэрээний зүг ниснэ», «Газар далай хоёр»,«Хоригдол»,«Сэрэхүй»,«Гилбэрийн хатан»,«Буудалцсан нь» зэрэг зохиолыг орчуулж  улмаар тусгай ном болгон монгол үсгээр 1500 хувь хэвлэжээ. Мөн Нацагдорж оросын алдарт  зохиолч А.П.Чеховын«Эх орноо хайрлагч», Ги Де Мопассаны «Аглагч» өгүүллэгийг орчуулжээ. Энэхүү орчуулгын бүтээлүүд нь «Шинэ толь» сэтгүүлийн 1936, 1937 оны дугааруудад болон тэр үеийн гурав ба дөрөвдүгээр ангийн сурах бичиг, «А.С.Пушкин» хэмээх 1937 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн товхимолуудад тус тус нийтлэгдсэн байна. 

1937 оны 3 дугаар сараас

    Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллажээ.

1937оны 4 дүгээр сард 

    Зохих дээд байгууллага, түүний хүсэлтийг хүлээн авч ЗХУ-д суралцахын зэрэгцээ 
эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр  гаргажээ.

1937 оны 4 дүгээр сарын 28

    Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдэд Д.Нацагдоржоос Ленинград хотноо явж суралцах замын зардал, хувцас 6,7 дугаар сарын цалинг тавин олгох өргөдөл хүсэлт гаргасны  учир Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Банзрагч,Нацагдоржийн биеийг нэгэнт явуулахаар тогтсон тул замын зардал ба 5 сарын цалинг олгож  хойшдын цалинг  жич тухай бүр гуйвуулж байсугай гэж цохсоны дээр «Үүнд сарын цалин 300 төгрөг болно» гэж тусгайлан цохолт хийжээ. 

1937 оны 4 ба 5 дугаар сарын орчимд 

Д.Нацагдорж Ленинградад очих гэж байгаа тухай Н.Н.Чистяковад цахилгаан явуулсан ажээ. 

1937 оны 5 дугаар сарын 1

Д.Нацагдорж И.Я.Кротовицийн зохиолын герман үсгийн түүхийн дэвтрийг могол үсгээр,мөн түүний «Чингис хаанаас Зөвлөлт бүгд найрамдах улс хүртэл» хэмээх номыг герман хэлнээс орчуулахаар Шинжлэх ухааны хүрээлэнтэй гэрээ байгуулжээ.

1937 оны 7 дугаар сарын 13

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид  цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд мэдээлсэн нь бий.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!