LOADING

Type to search

ТҮҮХ

Монгол киноны, сэтгэлд хоногшсон сайхан залуусын дүр

Share

Бид “Хүмүүс” буландаа үе үеийн эрхэм уран бүтээлчдийг онцолсоор ирсэн билээ. Энэ удаад сэтгэлд хоногшсон сайхан Монгол залуусын дүрүүд, залуу, халуун насаа дэлгэцэнд мөнхөлсөн эрхмүүдийг онцолж байна.  

Лувсангийн НЯМСҮРЭН

Хүний төлөө хүн буюу Дарьсүрэн

Удам залгасан авьяасын эзэн Нямсүрэнг “Ирж яваа цаг” киноны Багаяа өвгөний дүр болон олон сайхан жүжиг, кинонд дүрээ мөнхөлж, үзэгчдийг сэтгэлд мөнхөрсөн Л.Лувсангийн үр удам гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.

Түүний гэргий Я.Оюунцэцэг мөн л жүжигчин. “Говийн зэрэглээ”-ийн Номин, “Гарын таван хуруу”-ийн Сүрэн зэрэг олон сайхан дүрийг бүтээсэн. Монголын кино урлагийн түүхэнд үлдсэн сайхан хосууд зүйрлэшгүй их хайраар бие биеэ хайрласан гэдэг.

Чойн ХҮРЭЛ

“Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүх

“Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүхийн дүр бол яах аргагүй сайхан монгол залуугийн төлөөлөл билээ. Киног үзсэн хэн бүхэн Монгол эрийн шулуун шударга бахдам шинжийг эргэцүүлэх буй.

Ч.Хүрэл 1981 онд үзэгчдийн хүртээл болсон “Гэрлэж амжаагүй явна” кинонд уурхайн инженер Гансүхийн дүрийг бүтээсэн билээ. Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” кинондоо их сайхан биетэй, хаанаасаа ч сайхан харагддаг болохоор нь яам руу орж байгаа, хонгилоор явж байгаа дүрсүүдийг биеийг нь бүтнээр нь оруулж авсан гэлцдэг. Жүжигчин Ч.Хүрэл их өндөр, том биетэй хүн байж. Тэрбээр өөрийнхөө хуучны жүжигчидтэй хамтарч ажилласан Монгол кинонуудаа үздэггүй байсан тухай дурсамж бий.

Тус кинонд хамтран тоглосон МУГЖ Н.Батцэцэг “Гэрлэж амжаагүй явна” киноны төгсгөлийн хэсгийн зургийг хамгийн эхэнд нь авахуулсан юм. Нэлээн тоглолттой тийм хэсэг байсан. Тэгэхэд Хүрлээ ахын одоо өөдөөс нь хараад тоглолтыг хийхэд их балмагтаж байлаа. Уг хүн бол их сайхан зантай, хүнд их түшигтэй, өөрийнхөө хийж байгаа юмыг жин тан хийчихдэг жүжигчин байсан юм шүү дээ. Сэтгэл догдлом, хамгийн бэрх тоглолтуудыг үзүүлж чадсан жүжигчин. Ер нь дэлгэцэд энэ байна аа гээд үзүүлээд, харуулахаар биш, хүнд харагддаггүй хэрнээ харуулах ёстой тийм тоглолтууд гэж байдаг. Үүнийг их сайхан үзүүлж, Монголын киноны баялаг санг чимж чадсан хүн дээ” гэсэн байдаг.

Гүррагчаагийн  ЭРДЭНЭТОГТОХ

“Говийн зэрэглээ”-ийн Хашхүү

“Говийн зэрэглээ” кино эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулсан.

1980-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон жүжигчин Эрдэнэтогтох олон арван жүжиг, теле жүжигт тоглосон бөгөөд кино урлагтай холбогдсон түүхээс нь гэвэл:

1979 он “Газрын үнэр” Банди

1980 он “Говийн зэрэглээ” Хашхүү

1989 он “Сэрүүн дуганы мөхөл” Гүр

1993 он “Хойлогийн мөрөөр” Болд

1994 он “Гэнэн сэтгэл” Гунгаа зэрэг дүрүүдийг кино хальсанд бүтээжээ.

Улмаар 1995 онд Улаанбаатар ТВ-ийн бүтээсэн монголын анхны олон ангит кино “Эзэнгүй айл”-ын Гонгорын дүрийг бүтээсэн байдаг. Түүний эхнэр Доржийн Долгорсүрэн ч мөн 1980 онд УБДС-ийг хамт төгссөн жүжигчин хүн билээ.

Бямбажавын БАЗАРРАГЧАА

Эх орныхоо төлөө Аюуш баатар болон халуун хайраасаа урваагүй Готов

“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Б.Базаррагчааг онцлохгүй байхын аргагүй.

Түүний хамгийн анхны дүр нь Чөлөөлөх дайнд БНМАУ-ын анги нэгтгэлүүд болон ЗХУ-ын Улаан армитай хамтран дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахаар тулалдаж буй тухай өгүүлэх “Бид мартахгүй” уран сайхны киноны Аюуш баатрын дүр байлаа. Анхных гэдэг утгаараа энэ дүрдээ ихэд хайртай нэгэн.

1986 онд алдарт кино найруулагч Ж.Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрийг бүтээсэн.

Удалгүй “Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Ингэхдээ огт дүрийн судалгаа хийлгүйгээр өөрийнхөө өнцгөөс дүрийг бүтээх томоохон даалгавар авсан гэдэг. 1985-1995 он хүртэл тасралтгүй 20 гаруй бүтээлд тоглосон байдаг. Үүнээс 15 орчим нь гол, туслах дүр.

Украйны Харьковт сургууль төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан С.Сарангэрэл гэдэг бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон тэрээр 1997 онд эхнэр­тэйгээ хамт “Хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье” гэсэн зорилготой хилийн дээс алхан БНСУ-ыг зорьсон ч “Хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ” хэмээн дурссан байдаг.

Т.Эрдэнэ-Очир

Ард түмний хайртай Цэнд

Дэлгэцнээ залуу насаа мөнхөлж, тэр л дүрээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол “Суварган цэнхэр уулс” киноны Цэндийг дүрийг бүтээсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир билээ.

Тэрээр кинонд тоглсон тухайгаа дурсахдаа “Дэслэгч Цэндийн дүр хэдийгээр уран сайхных боловч Монгол Улсын баатар П.Чогдонгийн түүх намтраас ургасан дүр л дээ. Халхын голын Бойтогт манхан, Элст манханд болсон үйл явдлыг гаргасан байдаг. Манай кинонд Чогдон гуай зөвлөхөөр ажилласан. Халхын голын шумуулын хазаж хатгах гэдэг үйлийн үргүй хэцүү. Тэгэхэд Чогдон баатар ердөө ч тоохгүй шүү дээ. “Олон сайхан анд нөхдөө алдсан Халхын голд хонож, кинонд ажиллах хоногийн тоо гүйцээгүй байжээ” гэж санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна” гэсэн байдаг.

Совдын ДАМДИН

“Хөх чоно” Дамдин

Улсын драмын эрдмийн театрт 50 шахам жил ажилласан тэрбээр дэлгэцийн урлагийн нэрт мастер билээ. Б.Сумхүүгийн “Их замын эхэнд” киноны Хөх чоно, Г.Жигжидсүрэнгийн “Их хааны удам” киноны Дагвадоной, Р.Доржпаламын “Өндөр ээж” киноны Гомбожав, Х.Дамдины “Улаан дарцаг” киноны Жамхүү, Б.Чимэддоржийн “Хүлээх газар” киноны Цог, Ч.Гомбын “Хэцүү ван Тогтохтөр” киноны То ван, Л.Эрдэнэбулганы “Чин ван Ханддорж” киноны Хайсан гүн зэрэг дүрүүдээрээ үзэгч түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм.

Тэр “Ардын элч” киноны Дарьбазар буюу Занабазарыг их шүтдэг байсан бөгөөд Дарьбазар шиг болохын тулд жүжигчний ангид орсон юм гэдэг.

“Хөх чоно”-оор овоглох болсон талаараа ““Их замын эхэнд”кинонд тоглуулах гэж их олон хүн пробод оруулсан гэдэг. Харин намайг пробод оруулалгүй шууд л “за Дамдин, бид чамаас өөр хүн зөндөө хайж байсан ч дотроо чамайг товлочихсон байлаа. Чамаас өөр хэн ч энэ дүрд тохирохгүй юм байна” гээд найруулагч Сумхүү гуай энэ дүрийг надад өгсөн. Энэ кинонд тоглосны дүнд Монголын ард түмэн, үзэгчид намайг нэрээр минь биш Хөх чоно гээд дуудаад сурчихаж. Гудамжинд явж байсан ч “хөөе Хөх чоно” гэж дуудахаас биш Дамдин гэж дуудах хүн цөөхөн.

Зарим нь бүр “Хөх чоно гуай Таны нэр чинь хэн билээ” гэж асуудаг. Хөдөөний амьдрал мэддэг, морь унахдаа сайн, ан гөрөө хийж уул хадаар явдаг байсан нь Хөх чонын дүрийг бүтээхэд ойр байсан байх. Сумхүү гуай надад “Чи өөрийнхөөрөө л бай” гэж хэлснээр нь бараг жүжиглэлгүйгээр тэр дүрийг бүтээсэн. Хөдөө явж байгаад айлд хонолоо гэхэд Дамдинд нэг аяга хоол өгөх бол, Хөх чононд цадталаа ид гэж хэлтэл миний нэр хүндийг өсгөж өгсөн дүр бол яах аргагүй энэ дүр. Энэ киноноос гадна нэлээн хэдэн кинонд тоглосон байдаг. “Хүлээх газар” кинонд бүтээсэн дүрийг маань хүмүүс нэг их тоодоггүй. Хөх чоно л сайн дүр болсон гэцгээдэг юм” хэмээж байжээ.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!