LOADING

Type to search

ТҮҮХ

Физикийн багшаас Улсын баатар болсон Э.Бат-Үүл

Share

Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн талаарх мэдээллийг хүргэе.

1957-1981 он. Түүнийг Ардын Уран Зохиолч С.Эрдэнийн хүү гэдгийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1957 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, хотын унаган хүү ажээ. Э.Бат-үүл 1975 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийг, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг физикч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрбээр их сургуулийн физикийн ангид Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай хамт суралцаж байжээ.

1981-1989 он. Тэрбээр 1981-1982 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байгаад, 1982-1985 онд өөрийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд багшаар томилогджээ. Учир нь тэрбээр гэр бүлтэй болоод удаагүй байхдаа мөрийтэй тоглоомд нэг хэсэг донтжээ. Харин энэ үед эхнэр нь Хөвсгөлийн хамгийн хойд талын дархадын Ренчинлхүмбэ суманд очиж багшлах санал гаргасан гэдэг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Тоглоомчид хүртэл надад чи боль, луйвар мэдэхгүй байж тоглоно гэж юу байх вэ гэж хэлдэг байсан” хэмээжээ. Харин үүний дараа буюу 1985 онд Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар орж 1989 он хүртэл ажилласан байна.

Э.Бат-Үүл гурван хүүхэдтэй. Түүний гэргий Ч.Дэлгэртуяа “Үүл бид хоёр” нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн нь бест селлер болж байжээ. Мөн Монголд дөнгөж дуу бичлэгийн студи байгуулагдах үед анхлан “Сонор рекордс” студийг байгуулж байсан гэдэг.

1990 он. Э.Бат-Үүл 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажилласан. 1990 оны Ардын хувьсгалыг дурсахуйд Эрдэнийн Бат-Үүлийн нэр яах аргагүй холбогддог. Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ.

1996-2000 он. Э.Бат-Үүл 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Энэ үед буюу 1998 онд Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, түүнийг хэрэгт сэжиглэж байв. Учир нь Э.Бат-Үүл хэргийн газар малгайгаа орхиж явсан байдаг. Харин тэрбээр “1998 оны намар С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөсөн тэр өдөр намайг гэртээ байхад нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Ганболд ирээд намайг хамгаалалтад авч байна гэж хэлээд хэргийн газар аваачсан. Тэр үед хэргийн газрыг ямарч хамгаалалтад аваагүй, маш олон хүн бужигнаж байсан. Би айж цочирдоод Ц.Элбэгдоржтой хамт хэргийн газраас гарахдаа цагаан цэнхэр өнгийн малгайгаа орхиод гарсан байсан. Намайг тухайн хэрэгт гэрчээр татаж анх удаа гэрчийн мэдүүлэг аваад малгайгаа мартаад гарсан гэдгийг прокуророос тогтоосон” хэмээн тайлбарласан байдаг.

2000-2008 он. Тэрбээр 2000-2004 онд “Чугу” ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ. “Чугу” хэмээх компани нь түүний хүү Б.Чулуундайнх юм.

2009 он. Э.Бат-Үүл 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч /тухайн үед/ Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын баатар цолоор Эрдэнийн Бат-Үүлийг шагнах зарлигтаа “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэжээ.

2012 он. Тэрбээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан. Мөн 2012 оны 8 сарын 7-ноос 31 дэх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашив.

2016 он. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татав. Тэрбээр энэ үед “С.Зориг агсныг бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа. Энэ бол маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Намайг шалгах ёстой бол шалгаж болно. Гэхдээ хуулийн дагуу шалга. Би түүнд нь хэзээ ч саад болохгүй” хэмээж байжээ. 2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр түүнийг энэ хэргийн захиалагчаар татжээ. “Нотлогдож байгаа тул” гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул хэмээн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байна.

Хожим тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Тэнгэрийн оронд ахуй” Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлгээр “цовдолсоор” буйг хараад ямар их шаналж байгаа бол? Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн!” хэмээн бичсэн байдаг.

2020 он. Э.Бат-Үүл 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн болов ч парламентад сонгогдоогүй юм.Мөн тэрбээр дараа нь Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдсөн ч сонгогдоогүй.

2021 он.  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг энэ сарын 7-16-нд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан. Харин түүний хүү Б.Чулуудайд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан юм. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!