LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

О.Алимаа: Цусны даралт ихсэх өвчин тархи, нүд, зүрх, бөөр гэх мэт чухал эрхтнүүдийг гэмтээдэг

Share

Эрүүл мэндийн салбарт 45 дахь жилдээ ажиллаж буй “Баянгол эмнэлэг”-ийн Зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны профессор О.Алимаа эмчтэй уулзаж, зүрх судасны өвчлөл болон эрүүл мэндийн салбарын талаар яриа өрнүүллээ.

Алимаа эмч одоо 67 настай. Хэдийнэ тэтгэвэрт гарсан ч тэрбээр мэргэжлийнхээ дагуу ажиллаж, сурсан мэдсэнээ олон түмний тусын тулд зориулсаар яваа нь үнэхээр бахархууштай. “Хүний тархи хэзээ ч хөгширдөггүй” хэмээх багшийнхаа сургаалийг дагасан тэрбээр 42 настайдаа англи хэлийг бие даан сурчээ. Үүнийхээ ачаар зүрх судасны өвчтэй холбоотой анагаах ухааны гаднын ном товхимлыг уншиж судлан, ямар ч залуу эмчээс дутахгүйгээр англиар оношоо бичих чадвар эзэмшсэн нэгэн. Ийнхүү мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон чадварлаг эмчтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед Монгол Улсад зүрх, судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо нэлээд дээгүүрт бичигдэх боллоо. Тэр дундаа залуужиж байгаа гэсэн судалгаа байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Зүрх, судасны өвчлөл дундаа хамгийн их тохиолдож байгаа нь цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал. Энэ хоёр бол нэг өвчний хоёр тал юм. Тодруулбал, бие биенээ дагалддаг өвчин гэж болно. Эдгээр өвчин үүсэх хамгийн гол шалтгаан нь уур бухимдал, сэтгэл гутрал. Мөн удамшил нөлөөлдөг. Сүүлийн үед залуус байнга хэт бухимдах болсноор зүрхний өвчтэй болох эрсдэл нэмэгдэж буй. Стресс бол хамгийн хөнөөлтэй.

Цусны даралт ихсэх өвчин тархи, нүд, зүрх, бөөр гэх мэт чухал эрхтнүүдийг гэмтээдэг

Стресс нь хүний тархинд сэрлийн голомт үүсгэж, байнга ажилласнаар хүн ялимгүй цочролыг хүчтэй хүлээн авдаг болдог. Ингэснээр судсыг агшааж, нарийсгаж, хатууруулдаг. Судас нарийсахаар судасны хана хөөж, хавагнана. Үүний улмаас цусан доторх кальци, натри судсанд хуралдаж, судасны нүх нарийсаж, жижиг ялтас хуралдаж, бөглөө, нөж үүсэх эрсдэл бий болдог. Цаашлаад эрхтэн системийн цусан хангамжийн тогтолцоо алдагдаж, аюултай байдал үүснэ. Цусны даралт ихсэх өвчин тархи, нүд, зүрх, бөөр гэх мэт чухал эрхтнүүдийг гэмтээдэг. Тархины судсыг гэмтээснээр тархинд цус харвах эрсдэл үүсдэг.

-Зүрх, судасны өвчнөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Нэн түрүүнд стрессээс аль болох зайлсхийж, ангижирч сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөлгөөн маш чухал бөгөөд өөрөө өөртөө тохирсон хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Гуравдугаарт, хооллолт маш чухал. Давстай, өөх тостой хоол хэрэглэж болохгүй. Аль болох давсгүй цай ууж, давс багатай хоол хүнс хэрэглэж хэвшээрэй. Насанд хүрсэн хүний хоногт авах давсны хэмжээ таван граммаас илүүгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөх тосыг хэтрүүлж биш, зохих хэмжээнд нь авч байх нь чухал. Ялангуяа, холестрин өндөртэй, амьтны гаралтай өөх тос бага хэрэглэх шаардлагатай. Зүрх судасны өвчинд агаарын бохирдол, чихрийн шижин өвчин бас нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.

-Залуу эмч нарыг мэдлэггүй, чадваргүй гэж шүүмжилдэг. Ахмад эмчийн хувьд үүний шалтгааныг та юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?

-Гаднын томоохон орны анагаах ухааны салбарын шинжлэх ухааны үндэслэлтэй олон судалгаа амьдрал дээр туршигдаж, төдийгөөс өдий хүртэл уламжилж ирсэн. Хамгийн түрүүнд хүний биеийг яаж үзэх ёстой байдаг вэ, уушги гэхэд хаана нь тогшвол зөв байх вэ гэх мэтчилэн толгой дараалан заасан байдаг. Үүний дараа шинжилгээний хариуг уншиж, онош тавьдаг. Бидний үед оношилгооны аппарат байгаагүй. Багш нарынхаа зааснаар явж ирсэн. Тиймдээ ч одоо хэр нь хүнийг үзэхдээ чагнаж, тэмтэрч, тогшиж үздэг зуршилтай.

Гэтэл сүүлийн үеийн залуу эмч нарын хамгийн учир дутагдалтай зүйл нь хүнээ үзэх арга техникт суралцахаас илүүтэй шуудхан л томоохон тоног төхөөрөмжөөр оношлох сонирхолтой болсон. Үүгээрээ л учир дутагдалтай санагддаг.

-Өвчин эмгэгийн тухай яриагаа ингээд орхиё. Таныг “Баянзүрх эмнэлэг”-т олон жил ажилласан гэж дуулсан. Анх эмч болж байсан үеэсээ хуваалцахгүй юу?

-Анагаах ухааны дээд сургуулиа 1972 онд төгсөөд л хөдөө орон нутгийн томилолт авч, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлэгт салбарын эрхлэгчээр ажилд орсон. Тэр үед ээж маань бага охиноо хөдөө явуулахгүй гэж зүтгэсэн ч аав “Нам, засгийн буянаар сурсан хүн хөдөө явж ажиллах ёстой” гэж уурлаад явуулсан даа. Миний аав гавьяат багш хүн байсан.

Ингээд дөрвөн жил хөдөө ажиллаад хотод ирж, Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ өдгөө 40 жил ажиллачихжээ. Эмчлэгч эмчээс эхлээд зөвлөх эмч хүртлээ явжээ. 12 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан ч өнөөг хүртэл эмнэлэгтээ ажиллаж байгаа. Угаас эмч нарыг ажиллуулахад шалгалт авдаг юм. Оюун ухаан болон эрүүл мэндийн хувьд тэнцэх, эсэхийг нь харгалздаг. Миний хувьд ажлын шаардлага хангасан болохоор хэдий тэтгэвэрт гарсан ч ажиллаад л байна. Цаашид ч чадах чинээгээрээ олон жил ажиллаж, ард олондоо тус болно гэж бодож байгаа.

Б.Бямбасүрэн

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!