LOADING

Type to search

Uncategorized

Г.Мягмарнаран:Улс ичихгүй байхад би яасан гэж ичих юм

Share

Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран хэмээх энэ эрхмийг “Уран бүтээлч” буландаа урьж ярилцлаа. 

-Авьяас тэтгэвэрт гар­даггүй гэдэг үнэн юм аа. Мийгаа ах маань сайхан өвөө, сайн аавын дүр бүтэагээд л гялалзаад байх юм. Шинэ уран бүтээл, дүрийн саналууд их ирж байна уу?

-Яг одоохондоо бол ийм тийм гэсэн юм алга. Гэхдээ бодол санаа байлгүй яах вэ. Бусдыг хараад зүгээр суух­гүй. Бидний 30 жилийн өмнө тоглож байсан “Нора” жүжгийг өнөөдөр залуучууд дахин сэргээн тоглож байна. Энэ жүжгийг үзлээ, харлаа. Залуучуудаа хараад их бахархлаа. 

Сонгодог бүтээл бол үе үеийн жүжигчдийн эр бярыг шалгаж байдаг. Ма­най залуу жүжигчид маш сайхан тоглож. Залуучуудад их авьяас байна, даанч…

Театр маань ямар байдалд орсныг төр засаг, салбар яам маань үзээсэй, дуулаасай гэж бодож байна. 

-Г.Доржсамбуу агсныг амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл зөвхөн уран бү­­тээлдээ л өөрийгөө зо­риулж байсан гэж нэг бус удаа сонсож байлаа. Бас та хоёрыг гайгүй дотно най­зууд байсан гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Амьд­ралынхаа сүүлийн арван хэдэн жилийг уран бүтээлдээ л зориулсан хүн. 
Би маш олон бүтээлд нь тоглож байлаа. Бид хоёр чинь 16 настайгаасаа эхэлж үерхсэн. Маш богино хугацаанд их өндөрлөгт хүрсэн байна гэдгийг нь дахин дахин бодож, найзаараа бахархаж явдаг. Би найзынхаа хүчээр өдий зэрэгтэй явна. Найз маань намайг нээж, олон сайхан дүр өгч байсан. Тэр хүний ач буянаар өнөөдөр таны өмнө ардын жүжигчин Гомбын Мягмарнаран гэдэг хүн сууж байна шүү дээ. 

-Би дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Найрын ширээний ууц” жүжгийг телевизээр анх үзээд таныг жаахан мэдрэл муутай хүн байх. Эрүүл хүн бол ингэж тоглож чадахгүй дээ гээд бат итгэчихсэн байж билээ. 

-“Найрын ширээний ууц” бол миний тоглосон анхны инээдмийн жүжиг. Өөрийгөө инээдмийн жүжигт тоглож чадах юм байна гэдгийг энэ жүжигт тоглоод мэдсэн л дээ. Өөрөөр хэлбэл найруулагч Г.Доржсамбуу агсан энэ жүжгээр намайг нээж өгсөн гэж ойлгож болно. Тэр үед би инээдмийн жүжиг надаас хол, хөндий “Би чадахгүй” гэж бодож явдаг байсан. Гэтэл тийм биш гэдгийг энэ жүжиг надад ойлгуулсан. 

-Г.Доржсамбуу агсан дүрүүд шигээ тийм л хүн байсан уу?

-Хачин зарчимч. Би сур­гуулилтаас нэг минут хо­жигдож ирээд загнууллаа гэхэд дараа нь “За Мяг­мар­наран чи бол миний найз. Чамд би хамгийн их шаардлага тавина. Яагаад гэвэл чи бусдад үлгэр жишээ болох ёстой. Найзаа гэж уучлахгүй, өршөөхгүй шүү дээ” гэдэг байж билээ.

-Сүүлийн үед телевиз болгон л кино хийж байна. Киноны санал хэр их ирж байна уу?

-Ирж байна. Одоо нэг киноны зураг авалт дуу­саагүй байна. 

-Сайхан аавын дүрд тоглох нь танд нэг их ажил биш биз?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой хүсч явдаг. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг сургаж чаддаг ийм сайхан аав, өвөөгийн дүр бүтээх юмсан гэж мө­рөөдөж явсан. Манай УГЗ найруулагч Б.Баатар бид хоёр хамтарч маш сайхан аавын тухай жүжиг хийсэн. Цаашдаа ч хийнэ. Ёстой л өвөө, аавын дүрийг л үйлд­вэрлэж байна даа. /Инээв/

-Таныг дурлалдаа ша­таад л жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Наргиа юу бодит уу?

-Би өөрөө их дуртай байсан юм. Миний урлаг, тайзанд дурлах тэр сэдлийг 1960-аад оны гайхамшигтай жүжигчид өдөөсөн. Тэдний бүтээлийг үзээд би жү­жигчин болохыг мөрөөд­дөг байсан. Дүүгийн асуус­наар жүжигчин болох шалт­гаан маань жүжигчид л байсан байхгүй юу. /Инээв/ 

-Гэхдээ сургууль төгсөө­гүй жаахан хүү хэний нү­дэнд өртсөнөөр театрын босгыг алхсан юм бол?

-Би их сургууль төгсөл­гүй аравдугаар ангиа төгсөөд л орж ирсэн. Оюун гэдэг хүн 200 гаруй хүүхдийн дундаас шалгаж аваад л дагалдан жүжигчнээр авсан. Бидэнд хамгийн анхны А үсгийг заасан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Чимэддорж, ардын жү­жигчин Цэрэндулам эгч нар. Энэ хүмүүсээр тайзны яриа, ур чадварын хичээлээ заал­гасан. Харин ерөнхий ур чадварыг Оюун багш гардаж зааж өгсөн. Намайг театрт ороход бүх алтан үеийн мун­даг мундаг жүжиг­чид бүгд байлаа шүү дээ. Уран бүтээлч хамт олон гэдэг үнэхээр агуу зүйл шүү. 

-Та ярилцлагын эхэнд “Манай залуу жүжигчдэд маш их авьяас байна, даанч…” гэж жаахан харуус­сан маягтай дуугарч байсан. Сэтгэлийг тань чилээж буй тэр асуудлаа жаахан ч гэсэн дэлгэхгүй юу?

-Тийм ээ. Манай залууст их авьяас байна, даанч ца­лин мөнгө нь үнэхээр хэрэг алга. Уран бүтээл туур­вихад хүнд байна. Бараг бид өөрсдөө халааснаасаа гаргах нь холгүй л байдаг шүү дээ. Харин сүүлийн нэг жилийн хувьд театр мөнгө гаргаж байна. Бусад уран бүтээлийг хувь хүн, албан байгууллагаас гуйлга гуйсан маягаар л явдаг. Ийм байж болохгүй. Манай улс хоёрхон эрдмийн театртай. Хэрэгтэй юм бол энэ театрыг харсан шиг харж үзэх хэрэгтэй. Зах зээлд оруулсан юм бол оруулсан шиг оруулах хэрэгтэй. Түүнээс биш үхсэн ч юм шиг, амьд ч юм шиг байлгаж болохгүй. Цалин мөнгийг нь олигтой өгөх хэрэгтэй. 

-Нууц биш бол ардын жүжигчин Мягмарнаран хэч­нээн төгрөгиййн цалин­тай бол?

-Уран бүтээлчдийн дун­­­даж цалин 500, залуу уран бүтээлчид 400, ардын жүжиг­чин би 600 мянган төгрөгийн л цалин авч байна. 

-Та ичиж байна уу?

-Цол гуншинг нь авчи­хаад дуугүй байсан нь дээр гэж боддог байлаа. Одоо надад ичээд байх юм алга. Улс ичихгүй байхад би яасан гэж ичих юм. Би 50 жил урлагт зүтгэлээ. Надад мөнгө хэрэгтэй юу, хэрэгтэй. Тэгэхэд улс яагаад хоёрхон театраа нуруун дээрээ аваад явж чаддаггүй юм бэ. Миний хүү сурдаг болохоор би Оросын театрын менежментийг маш сайн судалдаг юм. Өнөөдөр Оро­сын театр 5000 еврогийн цалинтай. Манайхаар бол 10-аад сая төгрөг. Гэтэл үүнийгээ ч голдог жүжигчин байна. Орост юмны үнэ өндөр л дөө. 

-Таны энэ шүүмжлэл “Ард иргэд оюуны талхаар өлсөж байна” гэж хэлээд байна л даа? 

-Энэ урлаг чинь бид­ний хойч үед хэрэгтэй уч­раас дэлхийн сонгодог бүтээ­лүүдээр оюуны талхыг нь өгөх хэрэгтэй. Монгол эр зан заншлаа мартаж уламж­лалаа мэдэхгүй, оюуны сүйрэл явагдаж байна. Тэгэхээр бид хаачих юм бэ. Хөгжингүй буурай орнуудыг дуурайж амьдрах юм уу. Аль нэг улсын түүх соёлыг дагаж дуурайх хэрэг үү. Даяаршсан дэлхийд амьдарч байгаа ч гэсэн монгол хэлийг хэл шигээ байхад нь театр их үүрэг гүйцэтгэдэг. Зан заншил, ёс зүй, түүх соёлыг хэн үзүүлдэг юм. Театр л үзүүлдэг. Тиймээс улс теат­рыг харвал харсан шиг ха­раад харахгүй бол бүр хаах хэрэгтэй. 

-Гэтэл “Азийн цаган да­гина” гэх хогны ногоон уутанд 4.5 тэрбум төгрөг зарцуулах гээд одоо олон нийтийн дунд санал асуулт явуулж байгаа шүү дээ. Тэг­вэл сайн уран бүтээл туур­­­вихын тулд танай театрт жилдээ хэчнээн төг­рөг шаар­дагдах бол?

-Цалин нэмэхээ байг. Бид талхны булангаараа амь­дарч байя. Харин дэмий шахам зарж байгаа тэр мөн­гөнөөсөө театрт 200 сая төгрөг өгчихөөч. Тэгвэл бид гайхалтай уран бүтээл хийнэ дээ. 

Сүүлийн үед монголчууд булчингаа их шүтдэг болж. Бөх, морь гэж байхаар оюу­ны бүтээл туурвидаг зохиолч, эрдэмтэн, уран бүтээлч­дийнхээ бүтээлийг дэмжээд тэтгээд өгөөч. Тэгвэл бид амархан хөгжих гээд байна. Монгол Улсын нэрийг урлаг бол аваад л явчихна. Ганцхан циркээ хувьчилчихаад одоо юу болж байна. 

Үнэнийг хэлэхэд ах нь нэр төр байр сууриа бодоод их олон жил дуугүй байлаа. Одоо бол үгүй ээ. Яагаад гэхээр залуучуудынхаа, урлаг соёлынхоо төлөө дуу­ гарч байна. 50 жил урлагт хашгирчихаад үүнийхээ төлөө дуугарч уйлахгүй юм бол хэн хашгирах юм бэ. Одоо бидний дуугарах ээлж. Тиймээс миний энэ үг төрд хүрээсэй гэж бодож байна. Театр маань ямар байдалд орсныг төр засаг, салбар яам маань үзээсэй, дуулаасай гэж бодож байна. Энэ асуудлыг хөндөж байгаа танай сонины уран бүтээлчдэд өндөр амжилт хүсье. Бүгдээрээ дуугарна шүү хө. Бид адилхан л уран бүтээлчид. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!