LOADING

Type to search

Эрүүл мэнд

Амь баригч хий хямарсан үед толгой эргэх, нүд эрээлжлэх, мартамхай болох шинж илэрнэ

Share

Монгол уламжлалт анагаах ухааны 3 махбодийн онолоор бол хүний биед хий шар бадгана 3 махбодь харилцан тэнцвэртэй бие биентэйгээ шүтэлцэн оршин байж хүний бие эрүүл хэвийн ажиллана гэж үздэг.

Үүнээс тэгш чанартай хий махбод нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд, 6 сав эрхтнээс гол судал, олгойд, 7 тамираас ясанд, 5 эрхтнээс чихэнд голлон оршино гэж үздэг.

Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд

1. Амь баригч хий толгой болон төв судсанд

2.дээш гүйгч хий өвчүү болон түүний ар талд

3. түгэн гүйгч хий зүрхэнд

4.гал тэгшитгэгч хий ходоодонд

5.уруу арилгагч хий хошногонд тус тус оршино.

Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан:

-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа, газтай ундаа, хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын. Өвөл, хавар эрт , намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах

-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,гэнэт айж цочих,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,тамирдаж ядрах,удаан хугацаагаар өвдөж тамир доройтох

-Этгээд нөхцөлийн .Цус алдах гэх мэт

Хий өвчний үед ямар шинж илрэх вэ?

Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх, арьс нь хуурайших, ширүүн болох, нойр муудах, элдэв зүүд зүүдлэх, сэтгэл тогтворгүй амархан уурлах, баярлах, уйлах зэрэг шинж илэрнэ.

Амь баригч хий хямарсан үед толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, татаж унах , ухаан санаа орж гарах, мартамхай болох шинж илэрнэ

Дээш гүйгч хий хямарсан үед хий огих,хөөсөөр бөөлжих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед зүрх дэлсэх ,амархан айж цочих,түгших,зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ.Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх,огцом багасах байдал ажиглагдана.Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах,амь тэмцэх шинж илэрнэ.

Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайаар цанхайх,ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах,хэхэрвэл бие амрах ,хоолны шингээлт муудах шинж илэрнэ.

Уруу арилгагч хий хямарсан үед гэдэс дүүрэх,хуржигнаж дуугарах,даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх,өтгөн хатах,биений юм хоригдох,эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.

Танд эдгээр шинж тэмдгүүдээс нэлээн хэд нь илэрч байвал уламжлалтын эмчид хандан судас барьж оношлуулаарай.Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан,зүү,төөнүүр,халуун тосон бариа,бүх биеийн зөөлөн тосон бариа,халуун бүлээн жин засал,халуун рашаан,халуун шавар эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй.

Хий өвчний үед даарах жиндэх,ямаа тэмээний мах,цагаан будаа идэх,сэтгэл зовох,цус хануулах хориотой.

Уламжлалт анагаахын их эмч, АУ магистр Н.Алтанхундага

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!