LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Буд: Сөөргөө өвчний хамгийн нийтлэг шинж нь цээж хорсох

Share

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа ТТАХНЭ-ийн дотрын II тасгийн эмч Б.Будтай ярилцлаа.

– Ходоод, улаан хоолойн сөргөө гэж  ямар өвчнийг хэлэх вэ. Юунаас  болж  үүсдэг вэ?

– Улаан хоолойн доод хуниасны булчин суларснаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун улаан хоолойд сөргөж орохыг хэлнэ. Үүний улмаас цээж хорсох, гашуун амтагдах зовиур илэрдэг бөгөөд улаан хоолойн үйл ажиллагаа болон бүтцийн өөрчлөлт бүхий эмгэгийг ходоод, улаан хоолойн сөргөө өвчин гэж тодорхойлдог.

Энэ өвчнийг үүсгэдэг олон эрсдэлт хүчин зүйл бий. Тухайлбал сэтгэл санааны ба бие махбодын хэт ачаалал авах, бие байнгын хэвтээ байдалд байх, таргалалт, хорт зуршил, өрцний ивэрхий, улаан хоолойн хөдөлгөөн удаашруулагч эмийн бэлдмэлүүд, жирэмслэлт зэрэг багтана.

Түүнчлэн улаан хоолойн доод хуниасны хүчдэлийг бууруулж, сөргөө үүсгэхэд зарим төрлийн эм дааврууд ч нөлөөлдөг. Мөн өөх тос, шоколад, өтгөн кофе, цитрусийн төрлийн жимс, хийжүүлсэн ус, өнгөт ундаа, гаа, улаан лоолийн сүмс, халуун ногооны амтлагчууд ч нөлөөлдөг гэж үздэг.

– Сөргөө өвчний үед цээж  хорсохоос өөр ямар шинж тэмдэг илрэх вэ. Талх, гурилан бүтээгдэхүүн идэхээр цээж  хорслоо гэх хүмүүс байдаг. Энэ нь сөргөө өвчинтэй хамааралтай юу?

– Хамгийн нийтлэг шинж нь цээж хорсох юм л даа. Үүнээс гадна гулгиж, шүлс хэт их ялгардаг. Түүнчлэн өвөрмөц бусаар илрэх шинж тэмдэг бий. Тухайлбал дотор муухайрах, хэхрэх, хоолны шингэц удаашрах, эрт цадах, аюулхайд хөндүүрлэх, гэдэс дүүрэх, бөөлжих, өвчүүний ард өвдөх шинж илэрч болно. Мөн амьсгалын замын шинж тэмдэг ажиглагдана. Ханиалгах, шуугиантай амьсгалж, хоолой сөөж, залгиурын өвдөлт өгч, дуу авиа гарахгүй болж, шөнө сэрж, хар дарж болно. Талх, гурилан бүтээгдэхүүн идэхээр цээж  хорсож байвал сөргөө өвчний гол шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.

– Ходоод улаан  хоолойн сөргөө  өвчний үед ямар хоолны дэглэм  барих ёстой вэ?

– Бий. Хамгийн түрүүнд өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр, сайтар зажилж удаан тайван идэх хэрэгтэй. Хэт хүйтэн эсвэл хэт халуун хоол, ундаа хэрэглэхгүй.  Архи, пиво, тамхи, шоколад, улаан лоолийн шүүс, цитрус агуулсан шүүс, сонгино, халуун ногоо, гаа, илчлэг ихтэй мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

– Сэтгэл санааны байдал сөөргөөд нөлөөлдөг талаар ярилцлагын эхэнд дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

– Сэтгэл санааны хэт ачаалал нь сөргөө өвчинд нөлөөлдөг. Тодруулбал, улаан хоолойн доод  хунигч нь булчин бөгөөд тархи өөрөө булчингийн үйл ажиллагааг давхар хариуцдаг гэсэн үг. Тиймээс стрессээ хуримтлуулалгүй тэр дотор аль болох зөв аргаар тайлж байх хэрэгтэй.

– Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  юуг анхаарах хэрэгтэй вэ?

– Амьдралын буруу хэвшил, түүнийг өөрчлөх нь тус өвчнөөс сэргийлэх энгийн арга юм. Архи, тамхи, пиво зэрэг хорт зуршлууд, шоколад, улаан лоолийн шүүс, сүмс, цитрус агуулсан жимс, шүүс, сонгино, халуун ногоо, гаа, илчлэг ихтэй мах, махан бүтээгдэхүүн зэрэг нь энэ өвчний зовиур, шинж тэмдгийг нэмэгдүүлнэ.

Мөн таргалалт бол сөөргөө үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл юм. Тиймээс биеийн хэвийн жингээ барих, хөдөлгөөний идэвхтэй байдал нь сөөргөө өвчнөөс сэргийлнэ. Олон улсад хийсэн судалгаагаар, хэвийн жинтэй хүнтэй харьцуулахад таргалалттай хүний биеийн жингийн индекс ихсэх тутам сөргөө үүсэх эрсдэл нь нэмэгддэг гэдгийг баталсан байдаг.

Бас нэгэн чухал сэргийлэлт нь унтах үеийн байрлал юм. Орны толгой хэсгийн хөлийг 45 хэмийн байрлалд өндөрлөн, цээжийг хагас босоо байрлалд эсвэл зүүн хажуугаар хэвтэх хэрэгтэй. Мөн унтахаас хамгийн багадаа гурван цагийн өмнө хооллох, хоолыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөнө

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!