LOADING

Type to search

ТҮҮХ

“Сэрэлт”-ийн бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжавын хүү Б.Батцэвээн: Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг

Share

“Сэрэлт” киноны Бумаа нэрээр нь орчин үеийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монголын XX зууны манлай эмэгтэй жүжигчин, Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн ховорхон. Тэрээр нэгэнтээ “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Бумаагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөжээ. Түүний төрөлх авьяас, эл зарчим хосолж тайз, дэлгэцнээ давтагдашгүй дүрүүдээ мөнхөлсөн нь дамжиггүй. Ийнхүү Монголын тайз, дэлгэцийн урлагт 1950-1960-аад оны үед од болон гялалзаж байсан тэрээр эдүгээгээс 100 жилийн тэртээ мэндэлжээ. Ингээд түүний хүү Батзундуйн Батцэвээнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Энэ жил Т.Цэвээнжав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохиосон бэ?

-УДЭТ-аас тэгш ой нь тохиож буй тайз, дэлгэцийн алдартнуудаа хүндэтгэн, уран бүтээлийн дээжээс нь үзэгч олондоо хүргэх “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа зохиодог. Үүнтэй холбоотойгоор ээжийн минь мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хүндэтгэлийн тоглолт болсон. Мөн “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ жил олон ч сайхан уран бүтээлчийн тэгш ой давхцаж байгаа юм билээ.

-Ээж тань аль нутгийн хүн бэ. Эхээс хэдүүлээ вэ?

-Миний ээж 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар энгийн малчин айлд төрсөн. Ээж минь эхээс долуулаа. Айлын ууган охин. Дүү нарынх нь үр удам нутагтаа аж төрөн амьдарч байгаа. Харин хамгийн бага дүү нь хотод ажиллаж, амьдарч байсан.

-Таны ээж урлагт анх хэрхэн хөл тавьж байсан юм бол?

-Ээж минь 20 нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаад аавтай гэр бүл болсон юм билээ. Миний аавыг Батсундуй гэдэг. Унаган хотын хүн. Матад суманд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаж л дээ. Аав Матадын наймдугаар Хуягт дивизийн Улс төрийн удирдагч албан тушаалтай офицер явсан хүн. Харин 1936 онд хот руу явахдаа ээжийг аваад хамт ирсэн юм билээ. Хотод ирээд шаазан ваарны үйлдвэр, гар оёдлын артельд ажил хийж байсан. Ээж дуу, хуур бүжиг наадамд дуртай хүн байсан учраас сайн дурын уран сайханчдын дугуйланд явдаг байж. Харин дараа нь Хөгжим бүжгийн сургуульд орж суралцсанаар жүжигчин болох эхлэл нь тавигдсан. Сургуулиа төгсөөд л 1944 онд театрт жүжигчнээр орсон юм билээ.

-Г.Цэвээнжав гуай тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Тиймээс ч найруулагч, театр судлаачид их үнэлдэг…

-Театрт жүжигчнээр орсноос хойш ээж минь тайз, дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн байдаг. 1947 онд А.Корнeйчүкийн “Платон Крeчeт” жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол, 1948 онд Д.Намдаг, Ш.Нацагдорж нарын “Залуу үe” жүжгийн багш Оюуны дүрд тоглож, сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай, шийдэмгий чанарыг сайн үзүүлж чадсан байдаг юм.

Харин 1951 онд Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан, шунахай авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг. Мөн 1954 онд А.Островскийн “Аянга” жүжгийн гол баатар харгис Кабаниха авгай, мөн Дэн И Хэгийн “Буурал бүсгүй” жүжгийн Хуан Муд тоглохдоо харгис, дотуур тамиртай эмэгтэйн дүрийг бүтээсэн бол 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” инээдмийн жүжигт мөн л чадварлаг тоглосон байдаг. Театрын жүжигчин байсан учраас төдийлөн олон кинонд тоглож чадаагүй болов уу.

Хэдий цөөн кинонд тоглосон ч ээж минь Монголын кино урлагт цайлган цагаан сэтгэлтэй шударга, наргианч зантай эмэгтэйн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүний нэг нь 1957 онд хийгдсэн “Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүр яах аргагүй мөн. Энэхүү кинонд орос эмчийг угтаж, дэлгүүрээс юм худалдан авч, шал угааж, бичиг заалгаж байгаа болон лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татдаг. Энэ бүхэн нь кино урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлдэг юм билээ.

Мөн 1970 онд “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээсэн. Найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдэг гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг юм. Р.Доржпалам гуайн 1959 онд хийсэн “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд, 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг кинонуудад тоглосныг ард түмэн мэдэх байх.

Мөн театр судлаач С.Дашдондог “Театрын урлагийн зарим зүтгэлтэн” номдоо “Т.Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, инээдмийн дүрийг бүтээх ур, чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан” хэмээсэн байдаг. Ээжийн минь авьяас билгийг үнэлж 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан. Ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг, байгалиас заяасан авьяас билигтэй хүн байж дээ, ээж минь. Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг даа.

-Таны бага нас театртай салшгүй холбоотой байх. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Ээжийгээ дагаад театрт их ирдэг байлаа. Ээжийг тайзан дээр гарсан үед хөшигний ард л сууж байдаг байв. Нэг удаа ээж тайзан дээр жүжиглэж байгаад буцаж орохдоо миний байгаагийн эсрэг тал руу яваад хөшигний ар руу орчихож л дээ. Тэгсэн би араас нь дагаад алхаж байсан гэдэг. Тухайн үед Б.Жигмиддорж, Е.Гомбодорж, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн гээд алтан үеийн сайхан жүжигчид их байсан даа. Хүүхэд цөөн байсан болоод ч тэр үү, томчууд намайг их цаашлуулдаг байж билээ.

-Ганц хүүгээ их эрхлүүлдэг байсан биз?

-Ээж, аав хоёр минь намайг их эрхлүүлнэ. Гэхдээ буруу эрхлээгүй гэж боддог юм. Миний ээж шулуун шударга зантай, ухаалаг мөртлөө хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан. Хамт ажилладаг байсан хүмүүс нь ч тэр тэгж дурссан байдаг юм. Хэдий урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулж зав, зай муутай байдаг байсан ч хань ижил, үр хүүхдэдээ их халамжтай, сайхан хүн байсан даа. Амралтын өдрүүдээр янз бүрийн сайхан хоол хийнэ. Бас их цэвэрлэгээ ч гэсэн хийдэг байв. Маш цэвэрч, нямбай хүн байлаа шүү дээ.

-Ээжтэйгээ хамт тайз, дэлгэцнээ гарч байсан үе байдаг уу?

-Ганц нэг бий шүү. Театрт 1957 онд “Страконицын хөөрөгт цоорч” гэж жүжиг тавигдаж байсан. Тэр жүжигт ээж минь олон хүүхэдтэй, цагаан цайлган сэтгэлтэй эхийн дүрд тоглодог байв. Тэр олон хүүхдүүдийнх нь нэгэнд нь би тоглодог байсан юм. Гэхдээ юм ярихгүй л дээ. Тайзан дээр гарч ээждээ тэврүүлдэг хэсэгт ордог байсан. Намайг байхгүй үед театрын комендантын хүү тоглодог байсан юм билээ. Мөн “Сэрэлт” киноны зураг авалтад явж байсан. Гэхдээ бас л жаахан байсан болохоор тэр бүр сайн мэддэггүй юм. Ямартай ч майханд унтаад үлддэг байлаа. Харин кинонд хэдэн лам хүүхэд бөмбөг хөөгөөд гүйж явдаг хэсэг гардаг даа. Тэр хэдэн хүүхэд дунд би орж байсан юм.

-Танайхаар урлагийнхан их зочилно биз?

-Манайхаар урлагийнхан их ирдэг байсан. Ээж минь найрсаг, зочломтгой хүн байсан болоод ч тэр үү, хөл тасардаггүй байлаа. Ичинхорлоо, Хандсүрэн гуайтай их үерхдэг байсансан. Манайд ирж их хуучилцгаадаг байж билээ. Мөн Лха.Долгор эгчийнхтэй зусланд хамт гардаг байлаа.

-“Арын албаныхан” киног ээжид тань зориулж хийсэн гэдэг?

– Тийм шүү. 1971 онд Чимид гуайн “Арын албаныхан” гэж жүжгийг тавих боллоо. “Хүүгээ дайнд алдсан эхийн дүрийг надад зориулж бичсэн гэнэ” гэж байсныг санадаг юм.

-Ээж тань их сайхан дуулдаг хүн байсан гэл үү?

-Ээж их сайхан дуулдаг хүн байсан. Шүлэг ч сайхан уншдаг байсан даа. “Цуурай” өгүүллэг, “Платон Кречет” жүжгийн К.Рахиповнагийн монолог зэргийг их уран уншдаг байсан. Бас их уран хүн байлаа. Монгол дээлийг их гоё оёно. Би ээжийнхээ хийж өгсөн хувцаснуудаар их гангардаг байсан даа. Пальто, өмд цамц, малгай гээд урлахгүй юм үгүй.

-Т.Цэвээнжав гуайн хөшөө төрсөн нутагт нь бий. 2014 онд босгосон байх аа?

-Тийм шүү. Матад сумын 90 жилийн ойгоор ээжийн минь хөшөөг босгох санаачилга гаргасан юм. Бид ч дэмжиж, сайхан хөшөөг нь босгосон. Ээжийнхээ нутгаар жил бүр очно гэсэн бодолтой л байдаг юм.

-Таныг урлагийн хүн болгоно гэдэг байв уу?

-Би арван жилээ төгсчихөөд ээждээ шалгуулж үзсэн юм. Харин шалгалтад нь тэнцээгүй шүү. Аав минь урлагийн авьяасгүй хүн байсан. Би аавыгаа дуурайсан юм шиг байгаа юм. Тиймдээ ч би хуульч мэргэжил эзэмшсэн. Энэ чиглэлээрээ ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Ер нь ээжийн минь авьяасыг өвлөсөн хүн ач, зээ нарт нь байхгүй дээ. Бүгд л өөр, өөр чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.

О.Ариунцэцэг

Эх сурвалж ӨДРИЙН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!